Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 141

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон                                         ,                                                                               

Улсын яллагч Ц.Роза

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эд холбогдох эрүүгийн 1730001500106 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдрах, Б.Э.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч Б.Э нь Сүхбаатар аймгийн Наран сумын нутаг Наранбулаг гэх газраас 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Б.Шын 17  бог мал хулгайлж 475.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 -Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 09 сарын 15-ны өдөр хонио услах гээд явж байхад голын урд дээр ямаа ихтэй хонь бэлчиж байсан. Тэр хониноос 17 бог мал тасдаж өөрийн хониндоо нийлүүлсэн. Маргааш нь 3 хонь зарсан. Хохирлыг бүрэн  барагдуулсан  гэв. 

 

-Хохирогч Б.Шын мөрдөн байцаалтанд өгсөн:  “...Би 2017 оны 09-р  сарын 15-ны  орчим хүний ажил явдалтай явж байхад манай хониноос хонь, ямаа нийлсэн 17  мал дутсан юм. Тэгээд салаад явсан байх гээд эрж хайгаад олоогүй. Манай дүү Ш  мал авч байгаа хүнд таны алдсан малнаас 3 ямаа Э гэдэг залуу өгсөн байхаар нь би таниад авчихлаа гэж хэлсэн. Тэгээд би Э гэдэг залуутай уулзаж би үлдсэн малаа авсан тул гомдолгүй” гэх мэдүүлэг  /хх-ийн 04-р хуудас/

 

-Гэрч Б.Шийн мөрдөн байцаалтанд өгсөн:  “...Манайх сумын зүүн дээр нутаглаж байхдаа 2017 оны 09 сарын дундуур хониноосоо хонь, ямаа нийлсэн 10 гаруй  мал алдаад эрээд олоогүй юм. Тэгээд би малаа хайж яваад сумын ард Хавцал гэх газарт Л ахын дээр мал авч байгаа хүн байгаа гэхээр нь очиж үзэхэд манай имтэй 3 ямаа ачигдсан байсан.  Би мал авч байсан хүнтэй  уулзаж асуухад Э гэдэг хүнээс авсан гэж хэлээд 3 ямааг надад өгсөн. Энэ талаар  би ахдаа хэлсэн.  Манай ах Этай уулзаж үлдсэн малаа авсан” гэх мэдүүлэг  /хх-ийн 08-р хуудас/

 

-Сүхбаатар аймгийн Наран сумын 2017 оны 09 сарын байдлаар малын үнэлгээ / хх-ийн 09-р хуудас/

 

-Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 10/460 дугаартай  тодорхойлолт /хх-ийн 15-р хуудас/

 

-Б.Эгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 19-р хуудас/

 

- Хохирогч Б.Шын  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 20-р хуудас/

 

-Б.Эгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 17-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Шүүгдэгч Б.Э нь  2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Наран сумын нутаг Наранбулаг гэх газраас  хохирогч Б.Шын 17  бог малыг  хулгайлж 475.000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Эгийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Б.Ш, гэрч Б.Ш нарын  мэдүүлэг, Сүхбаатар аймгийн Наран сумын 2017 оны 09-р  сарын байдлаар малын үнэлгээ, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч Б.Эд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон тул Б.Эг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Эгийн  үйлдсэн хэрэг нотлогдсон,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон тул прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

   Шүүгдэгч Б.Э нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй,  битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Б.Ш гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус  дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Шүүгдэгч Зээрднүүд овогт  Баяраагийн Эг  мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Эг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

 

3. Шүүгдэгч   Б.Э нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт,  эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Б.Ш гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА