Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/418

 

 

 

 

Э.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Солонго,  

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,  

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/147 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурорын 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 06 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Э.Бд холбогдох 2211000400066 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

.....тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй;

Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Element” бааранд үйлчлүүлж байхдаа хохирогч Д.Бгийн хариуцуулж өгсөн “Хаан банкны картаар 00000000000 дугаарын данснаас 1,800,000 төгрөгийг авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Э.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч .....Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж шийдвэрлэжээ.    

Прокурор Б.Чинбат эсэргүүцэлдээ: “...1. Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Element" бааранд үйлчлүүлж байхдаа хохирогч Д.Бгийн хариуцуулж өгсөн “Хаан банкны картаар 00000000000 дугаарын данснаас 1,800,000 төгрөгийг авч завшсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсаныг яллагдагч сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргажээ.

Прокуророос Э.Бд холбогдох хэргийг хянаад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар тогтоогдсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан яллагдагч Э.Бг “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх саналыг Э.Бд танилцуулж хүлээн зөвшөөрсөн тул яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзэн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Э.Бд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан хэлэлцэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг зөрчиж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хуулийн зүйл, хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэн мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн байна.

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хэргийн зүйлчлэл, ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал гаргаж шүүхэд хүргүүлсэн хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж зөвтгүүлэх нь зүйтэй байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/138 дугаартай шийтгэх тогтоолд шүүгдэгч Э.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж гэж өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор С.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байгаа...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Э.Бд холбогдох 2211000400066 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророоос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэж заасан ба анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Э.Бгийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Element” бааранд үйлчлүүлж байхдаа хохирогч Д.Бгийн хариуцуулж өгсөн “Хаан банкны картаар 00000000000 дугаарын данснаас 1,800,000 төгрөгийг авч завшсан болох нь:

хохирогч Д.Бгийн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 23-ны шөнө 01 цагаас 02 цагийн үед Тэнгис кино театрын баруун талд байх Element нэртэй бааранд найзтайгаа уулзахаар болоод ирсэн бөгөөд найз дээрээ ирээд тухайн бааранд бүжиглэсэн, нэг шил виски ууж ширээнд ганцаараа сууж байсан. Удалгүй манай найз Болортуяа ирсэн бөгөөд 3-4 найзуудтайгаа ирсэн. Тухайн үед би өөрөө өөр газар архи уусан байсан болохоор согтолттой байсан. Тэгээд бид тэндээ ууж сууж байгаад Болороо найзуудын хамт байгаад байхаар нь би явахаар болж ганцаараа баарнаас гараад явсан. ...Өглөө буюу 2021 оны 11 дүгээр сарын 23-ны 10 цагийн үед гэртээ сэрсэн бөгөөд картаа хайгаад олоогүй, гар утасны зарлагын мессеж харсан чинь миний данснаас 700.000 төгрөг 2 удаа 400.000 төгрөг 1 удаа, нийт 1,800.000 төгрөгийн зарлага гарсан байсан. Бусад тооцоо мөнгийг нь би өөрөө санаж байна. ...Э.Б нь миний хохирол болох 1,800.000 төгрөгийг хоёр хувааж буюу 900.000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тус тус төлж барагдуулсан...” /хх 7, 31/,

хохирогч Д.Бгийн эзэмшлийн Хаан банкан дахь 5622221508 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх 12/,

камерын бичлэгт үэлэг хийсэн “...бичлэгийг эхлүүлэхэд хар өнгийн гадуур хувцастай эмэгтэй хүн АТМ-д орж ирэн цэнхэр өнгийн карт гарган АТМ-д уншуулж мөнгө авч байгаа дүрс харагдаж байна. ...Тус эмэгтэй 3 удаа АТМ-с мөнгө авч байх бөгөөд АТМ-с авсан мөнгөө өөрийн халаасандаа хийгээд гараад явж байгаа дүрс бичлэг харагдаж байна...” гэсэн тэмдэглэл /хх 15-17/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Э.Бгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан...” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүх шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан ялын төрлүүдээс сонгон оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдолгүй болсон зэрэг болон түүнийн  хувийн байдал, гэмт хэргийн хэр хэмжээд тохирчээ.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.

Харин анхан шатны шүүх хялбаршуулсан журмаар шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч Э.Бд “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн хэргийн шүүгдэгчид “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ хэрэглэх хуулийн зохицуулалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан хэлэлцэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ...6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана...” гэж тусгайлан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн  зохих хэсгийг хэрэглэх талаар заажээ.

 

Иймд прокурор Б.Чинбатын бичсэн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулж, бусад заалтыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/147 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж...” гэснийг “...Э.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж...” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.     

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БАТСАЙХАН

              ШҮҮГЧ                                                         Ш.БАТ-ЭРДЭНЭ

              ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ