| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2208000280321 |
| Дугаар | 2022/ДШМ/419 |
| Огноо | 2022-04-20 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхтүвшин |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 2022/ДШМ/419
А.Зд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Мөнхтүвшин,
нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/329 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Мөнхтүвшин 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 14 дугаартай прокурорын эсэргүүцэл бичсэнийг үндэслэн А.Зд холбогдох 2208000280321 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
....тоотод оршин суух бүртгэлтэй,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1997 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 235 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 199 дүгээр зүйлд зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1998 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 247 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт 2 жил 3 сарын хорих ял шийтгүүлж, 1999 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр эдлээгүй үлдсэн 8 сар 5 хоногийн хорих ялаас тэнсэн суллагдсан,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 104 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 85 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, 2003 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;
Шүүгдэгч А.3 согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 000 тоотын хаалганы цоожийг хөшин хууль бусаар нэвтэрч хохирогч А.А-ы эзэмшлийн Самсунг маркын 32 инчийн зурагтыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хулгайлан авч 250,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: А.Згийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч А.Зг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч А.З-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч А.Зг 360 /гурван зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.З нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.З цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Г.Мөнхтүвшин эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.З нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн .......тоотод байрлах нийтийн байрны 6 тоотод оршин суух А.А-ы гэрийн цоожийг хөшиж хууль бусаар нэвтэрч Самсунг маркийн 32 инчийн зурагтыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “..хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ..”, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна.” гэж тус тус заажээ. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “нийтэд тустай ажил хийлгэх ял”-ын төрлийг хуульчлаагүй байхад шүүгдэгч А.Зг 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 329 дугаар шийтгэх шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас А.Зг “...согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 000 тоотын хаалганы цоожийг хөшин хууль бусаар нэвтэрч хохирогч А.А-ы эзэмшлийн Самсунг маркын 32 инчийн зурагтыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хулгайлан авч 250,000 төгрөгийн хохирол учруулсан...” үйлдлийг үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэрэгт яллагдагчаар татаж шүүхэд ирүүлснийг анхан шатны шүүх хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг “Гэмт хэрэг үйлдэхээр завдах” журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхийг завдсан...” гэм буруутайд тооцож шийдвэрлэжээ.
Ингэж шийдвэрлэхдээ анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн этгээдэд “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан ялаас өөр төрлийн ял буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт байхгүй “...нийтэд тустай ажил хийлгэх ял...”-ыг А.Зд оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.
Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна. ...” гэж тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан төрлийн ялыг оногдуулахаар заажээ.
Иймд анхан шатны шүүхийн тусгай ангид заасан ялаас өөр төрлийн ял оногдуулсанд эсэргүүцэл бичсэн прокурорын эсэргүүцлийн хууль зүйн үндэслэлтэй.
Мөн анхан шатны шүүх А.Згийн бусдын гэрт цоожийг нь эвдлэн нэвтрэн орж, зурагтыг нь хөнжилд ороон тухайн айлаас авч гарсан үйлдлийг “...шүүгдэгч тухайн эд хөрөнгийн хадгалан хамгаалагдаж байсан орон зайнаас авч гарсан боловч өөрийн болгон хэрэглэх боломж бүрдээгүй байснаас хулгайлах гэмт хэргийг төгссөнд тооцох хууль зүйн үндэслэлгүй...” гэж дүгнэж, А.Згийн үйлдсэн “Хулгайлах” гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэж зүйлчилсэн байх ба анхан шатны шүүхийн энэхүү дүгнэлтийг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт байна гэж үзлээ.
Хэрэгт гэрч О.Цолмон “өөрийн гэртээ байж байхад манай нийтийн байрнаас үл таних хөгшин эрэгтэй хүн бор эрээн өнгийн даавуунд зурагт боочихсон гарч явахаар нь очоод шалгасан. ...Тухайн хүнээс асуухад ...би угаасаа тэврээд явж байсан юм, танай аль нэг өрөөнөөс аваагүй гээд байсан. 2 давхар руу гараад харсан чинь 6 тоотын хаалга онгорхой,цоож нь эвдэрсэн байхаар нь шагайгаад харсан зурагт нь байхгүй болсон байхаар нь ...цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” /хх 20/, А.А-ы гэрчээр “...амьдардаг өрөөний цоож солигдсон байхар нь гайхаад байрны эзэн залуугаас асуух гээд гэрт нь ороход миний зурагт болон нимгэн хөнжил тухайн айлд байсан ...” /хх 22/ гэж А.Згийн “...6 тоотод орших айлын гэрийн цоожийг эвдлэн нэвтрэн орж, зурагтыг нь авч гарсан...” үйл баримтын талаар буюу “Бусдын эд хөрөнгийг /зурагтыг/ хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар /эзэнгүй үед нь/ авсан гэмт хэргийг “...хүн байнга амьдрах зориулалттай орон байранд /А.А-ы гэрт/ нэвтэрч үйлдсэн...” гэмт хэргийн үйл баримтын талаар мэдүүлжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч А.Зд холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүгдэгч А.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг анхан шатны шүүхэд хэрэг очих хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/329 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч А.Зд холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүхэд очих хүртэл шүүгдэгч А.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ