Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 125

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон                                                                                                                        

Улсын яллагч Н.Эрдэмбилэг

Шүүгдэгч Г.А  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Аод холбогдох эрүүгийн 1730001240089 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл 5, 2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан,  Г.А.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч Г.А  нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны шөнө 01 цагийн үед Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багаас иргэн Т.Өын эзэмшлийн Супер Даюун маркийн мотоциклийг хулгайлж 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ. 

                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт дараах  нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

  - Шүүгдэгч Г.А   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 10 дугаар сарын 05-ны шөнө 24 цагийн үед согтуу явж байгаад айлын гаднаас мотоцикль аваад явж байсан чинь бензингүй болчихоод колонкоос бензин аваад цааш хөдлөхөд гинж нь мултраад явахгүй байсан. Тэгээд хөдөө дэрсэнд орхиод сум руу явсан. Маргааш нь цагдаад мотоциклийг буцааж өгсөн гэв. 

 

 -Хохирогч Т.Өын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгээд би С ахынх руу 02 цагийн үед очсон чинь миний мотоцикль гадаа нь байхгүй байсан. Сүрхий ахаас асуутал түрүүнд намайг 01 цагийн үед бие засахаар гарахад байсан гэсэн. Тэгээд би хулгайд алдсанаа мэдээд гадагшаа гарч ул мөр байгаа эсэхийг харсан. Тухайн үед миний мотоцикль бензингүй байсан болохоор зүүн тийшээ түрж явсан мөр байсан... жоохон явж байгаад мөрөө алдчихсан. Би хүн нь олдчих байх гээд хэд хоног сураг тавиад чимээгүй болохоор нь цагдаад хандсан. Миний мотоциклийг А гэх хүн хулгайлсан байсныг цагдаа олж өгсөн. Тухайн хүнээс мотоциклио буцаагаад авсан. Одоо ямар нэг гомдол, саналгүй гэх мэдүүлэг /хх-ийн 08-р хуудас/

 

-Гэрч О.Мын  мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 05-ны шөнө 02 цагийн үед Истана маркийн машин намайг гэртээ амарч байхад бензин авах гээд ирсэн. Тухайн машинд бензин өгөөд дуусч байтал А гэх хүн “хөгшөөн бензин авъя” гээд наранцэцэгийн тосны сав барьчихсан ирсэн юм. Тэгээд надаас 3 литр бензин аваад хойшоо явсан гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/

 

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-05-р хуудас/

 

-Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 22-р хуудас/

 

-Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийн 142 дугаар тодорхойлолт /хх-ийн 18-р хуудас/

 

-Г.А хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 23-р хуудас/

 

-Хохирогч Т.Өын Цагдаагийн газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 24-р хуудас/

 

-Г.Аыг ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 19-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Шүүгдэгч Г.А  нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны шөнө 01 цагийн үед  Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг Довын 2-1 тоотын гэрийн гадна байсан  хохирогч  Т.Өын эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн хул өнгийн  Супер Даюун маркийн мотоциклийг хулгайлж 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Аын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Т.Ө, гэрч О.М нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч Г.Аод холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон тул Г.Аыг хууль бусаар хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Аын үйлдсэн хэрэг нотлогдсон,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон тул прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

   Шүүгдэгч Г.А  нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй,  хохирогч Т.Ө гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус  дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Шүүгдэгч Г. Аыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Аыг 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Аод оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4-өөс дээшгүй цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  ялтан Г.А нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

5. Ялтан  Г.А  нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Т.Ө гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Аод авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА