Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 183/шш2024/02517

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2024/02517

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ганцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хороолол, 1028 байр, 23 тоотод оршин суух, Боржигин овогтой Дагвын Н /РД:000000/-ийн

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н, гэрч Х.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхамбаасан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Давга овогтой Н миний бие 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Улаанбаатар хотын ахуйн үйлчилгээний удирдах газрын харьяа хувцас захиалга засварын 4 дүгээр тасагт оёдолчноор томилогдон ажилласан. 1988 оны 12 дугаар сарын 31-нд АҮУТ-ын тушаалаар зохион байгуулалтын өөрчлөлт орж тус тасаг нь ажилчны районы оёдолчноор ажилласан. 1992 оны 2 дугаар сарын 10-нд өмч хувьчлалаар тус АҮ комбинат нь шүр компани болж би үргэлжлүлэн ажиллаж байгаад 1994 оны 6 дугаар сарын 01-нд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Хөдөлмөрийн дэвтэр дээр байгаа боловч Улсын болон Нийслэлийн архивын газраас тушаалын хуулбарыг шүүлгэн үзэхэд огт гарч ирэхгүй байна. Одоо би тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүй болоод байна. Иймд миний 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ахуйн үйлчилгээний хувцас захиалга засварын үйлдвэрт оёдолчноор ажилласныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2024.04.23-ны өдрийн 732 дугаар Үндэсний архивын тодорхойлолт, 2024.03.11-ний өдрийн 229 дугаар Архивын газрын тодорхойлолт, 1987.06.30-ны өдрийн 232981 дугаар Нт олгосон хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, иргэн Х.Оюунгэрэлийн иргэний үнэмлэх, 1987.06.30-ны өдрийн 232984 дугаар Хөдөлмөрийн дэвтэр, өргөдөл, гэрчийн мэдүүлэгийн хуулбар, 2 ширхэг фото зураг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

Шүүхээс Х.Оюунгэрэлийг гэрчээр дуудан мэдүүлэг авах ажиллагааг хийсэн.

 

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт Н нь 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Ахуй үйлчилгээний хувцас захиалга, засварын үйлдвэрт оёдолчноор, 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс Ажилчдын районы ахуй үйлчилгээний комбинатад оёдолчноор, 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Шүр компанид оёдолчноор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

 

2. Шүүхээс хүсэлтийг хангаж, ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ мөн хуулийн 135.2.6-д эрх зүйн ач холбогдол бүхий хүний ажиллаж байсан байдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж заасан байна.

 

4. Хүсэлт гаргагч нь ажиллаж байсан жилээ тогтоолгох зорилгоо тэтгэврээ нэмэгдүүлэн тогтоолгох боломжтой гэх байдлаар тодорхойлж байна.

 

5. Боржигин овогтой Дагвын Н 1987.06.30-ны өдрийн 232981 дугаар хөдөлмөрийн дэвтрийн 1-т Хувцас захиалга, засварын үйлдвэрийн даргын 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 151 тоот тушаалаар IV тасгийн оёдолчноор томилон ажиллуулав, 2-т Хувцас захиалга, засварын үйлдвэрийн даргын 1989 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 тоот тушаалаар зохион байгуулалтын өөрчлөлтөөр шилжиж ирсэн тул оёдолчноор авч ажиллуулав, 3-т Нийтийн үйлчилгээний комбинатын даргын 1992.02.10-ны өдрийн 9 дүгээр тушаалаар Ажилчны дүүргийн аж ахуйн үйлчилгээний өмч хувьчлалын компанийн 1992.01.28-ны өдрийн хурлын шийдвэрээр ажлаас нь чөлөөлж шилжүүлэв, 4-т Шүр компанийн ерөнхий захирлын тоот тушаалаар Шүр компанийн Хослол оёдлын цехед оёдолчноор авч ажлуулав, 5-т Шүр компанийн ерөнхий захирлын тушаалаар Шүр компанийн Хослол цехийн оёдлын хэсгээс ганга компанийн мэдэлд шилжүүлэв гэх Хөдөлмөрийн дэвтэрийн бичилтээр 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс, 1992 оны 02 дугаар сарын 15-ний өдөр хүртэл Ахуй үйлчилгээний удирдах газрын харьяа хувцас захиалга, засварын үйлдвэрт (1988 оны 12 сарын 31-ний өдөр тус тасагт өөрчлөлт орж Ажилчдын районы Ахуйн Үйлчилгээний Комбинат болж өөрчлөгдсөн болохыг дурдав)-т оёдолчноор, 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Шүр компанид оёдолчноор ажиллаж байсан нь нотлогдож байна.

 

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр дуудагдсан А.Оюунгэрэл /РД:ШБ69080363/-ын Н бид 2 1985 оноос 1987 онд Нийтийн ахуйн үйлчилгээний техник мэргэжлийн сургуульд оёдолчны мэргэжлээр хамт суралцаж байсан. 1987 онд сургуулиа төгсөөд Улаанбаатар хотын нийтийн ахуйн үйлчилгээний удирдах газрын харьяа хувцас захиалга, засварын үйлдвэрийн 4-р тасагт оёдолчноор томилогдон ажиллаж байсан. 1988 оны 12 дугаар сарын 30-ны үед Нийтийн ахуй үйлчилгээний удирдах газар Ажилчдын районы ахуй үйлчилгээний комбинат болж өөрчлөгдсөн. Тэнд хамт шилжин оёдолчноор ажиллаж байгаад 1992 онд өмч хувьчлалаар Шүр компанийн мэдэлд оёдолчноор хамт ажиллаж байгаад, би 1993 оны 06 дугаар сард өөрийн хүсэлтээр Шүр компаниас ажлаас чөлөөлөгдсөн. Н цааш үргэлжлүүлээд ажилласан байх. Бид 2 оёдолчин мэргэжлээр ажилладаг байсан. Хувцас захиалга засварын үйлдвэрийн оёдолчноор ажиллаж байсан. Дунд хувцас захиалга засварын үйлдвэр Ажилчдын районы ахуй үйлчилгээний комбинат болж өөрчлөгдсөн. Тухайн үеийн дүүрэг дүүрэг дээрээ ахуйн үйлчилгээний комбинат болж хуваагдсан. Уг нь хотын нийтийн ахуйн үйлчилгээний удирдах газар гэж байсан. Дүүрэг рүү нь шилжүүлсэн. гэх мэдүүлгээр тус тус Н нь 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Ахуй үйлчилгээний удирдах газрын харьяа хувцас захиалга, засварын үйлдвэрт оёдолчноор, 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Шүр компанид оёдолчноор ажиллаж байсан байсан нь нотлогдож байна.

 

7. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигин овогтой Дагвын Н /РД:000000/-ийг 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Ахуй үйлчилгээний удирдах газрын харьяа хувцас захиалга, засварын үйлдвэрт оёдолчноор, 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Шүр компанид оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

 

8. Шүүхээс нэхэмжлэлийг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигин овогтой Дагвын Н /РД:000000/-ийг 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Ахуй үйлчилгээний удирдах газрын харьяа хувцас захиалга, засварын үйлдвэрт оёдолчноор, 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.ГАНЦЭЦЭГ