Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2024/01763

 

 

2024 оны 04 сарын 22 өдөр

 

 

 

Дугаар 183/ШШ2024/01763

 

 

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ........ тоот хаягт оршин суух,  овогт Ч-нгийн Б  /РД:..... /-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ....... хаягт оршин суух, Д  овогт Ш-ын Ж  /РД: ......0/-д холбогдох

 

Зээлийн төлбөр 14.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д, гэрч О.О, Б.Ц, нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ш.Ж нь би ногоо тарьдаг гэсний дагуу бэрийнхээ бизнесийг нь дэмжихийн тулд 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 14.500.000 төгрөгийг түүний Хаан банкны ........ тоот дансаар шилжүүлсэн. Ш.Ж нь өгнө өнөө маргааш гэж гэр бүлийн гишүүн шиг санаж өнөөдрийг хүртэл тэвчээртэй хүлээсэн, өгнө гэж хэлдэг боловч хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, утсаа авахгүй, элдэв шалтаг хэлж, аргацаасаар өнөөдрийг хүрлээ. Бид Иргэний хуульд заасны дагуу харилцан эрх, үүрэг хүлээж, гэрээний эрх зүйн харилцаанд орсон тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд зээлдэгч Ш.Ж-агаас зээлийн 14.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2016 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр 2022 оныг хүртэл нэг ч удаа энэ хүний талаар хандаж ярьж байгаагүй. Нотлох баримт байхгүй байх гэж бодож байна. Ногоо ялзарсныг мэдэж байгаа Ч.Ц гэдэг хүн орж ирээд мэдүүлэг өгнө. Ногоо зооринд хадгалж Дэльта ХХК-ийн зооринд 10.000.000 төгрөг хойд талын Тахилт дахь зооринд 20.000.000 төгрөгийг Ш.Ж төлсөн байдаг.Уг ногоо хадгалалтын норм алдагдсанаас ялзарч муудаад хаягдсан. Эндээс Ш.Ж нэг ч төгрөгийн ашиг олоогүй. Энэ хүний өөрийн санаачилгаар ногоо авна дарна гэж хэлсэн байдаг. Хууль шүүхийн өмнө худал мэдүүлэг өгч байгаа асуудлыг хөндөж ярих нь зөв гэж бодож байна. Ш.Ж-ад энэ хүн 14.500.000 төгрөгийг шилжүүлээгүй. Тийм учраас Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Мөнгө зээлж аваагүй болно гэв.

 

3. Гэрч Б.Ц х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2016 оны 9 сарын 14-ний өдөр 14.500.000 төгрөгийг Ч.Б лууван бөөндөж аваад зооринд хадгалаад хавар зарна гэж авсан. Тэр мөнгөөр нь лууван аваад зооринд хадгалах зорилготой авсан. Бид хоёр ах дүү тул би анх энэ саналыг тавьж байсан. Тухайн луувангаа Орбитын ногоон зооринд 10 дугаар сараас 4 дүгээр сар хүртэл хадгалсан. 4 дүгээр сараас гадаа температур халаад лууван хадгалах боломжгүй болсон учраас буцаагаад Д ХХК-ийн автомат хөргүүртэй зооринд 4 дүгээр сараас 8 сар хүртэл хадгалсан. Ч.Б2017 хавар зооринд очоод лууван ялзарсан байсныг харж байсан. Орбитын зооринд бас очиж харсан. Түүнээс Ч.Б-гаас мөнгө зээлсэн хөрөнгө оруулсан асуудал байхгүй. 14.500.000 төгрөгийг луувангаа зараад ашгаа олбол буцаад өгөх байсан. Бид хоёр ах дүү учраас газар өгнө гэж ярьж байсан. Шатсан байсан ч өөрт нь хэрэгтэй юм болов уу гэж бодож л ийм асуудал яригдаж байсан гэв.

 

4. Гэрч О.О  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2016 оны 9 сарын 14-ний манай нөхөр өөрийнхөө Хаан банкны данснаас бэлэн мөнгө аваад Голомт банкны дансаар Ш.Жаргалмаа руу шилжүүлсэн. Тухайн үед Ш.Ж  Ч.Ц нар мөнгийг нь зээлж авна гэж хэлж байсан. 14.500.000 төгрөгийн оронд газар өгнө гэж хэлж байсан. Тэрэлжид 2023 оны 5 дугаар сард хавар Ш.Ж би манай өмнөх өмгөөлөгч бид 4 уулзаад хоорондоо маргалдаад адаг сүүлд нь газар өгөхөөр болоод 7 хоногийн дараа газраа үзэхээр болоод өмгөөлөгчтэй цаг тохироод яг газраа үзэх гэсэн чинь болчихлоо манайд асуудал гарчихлаа гэж хэлж байсан гэв.

 

Нэхэмжлэгчээс талаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2022.11.22-ны өдрийн итгэмжлэл, 2016.09.14-ний өдрийн шилжүүлгийн баримт, Ш.Ж-агийн иргэний үнэмлэхний хуулбар, Ц.-агийн иргэний үнэмлэхний хуулбар, 2023.04.18-ны өдрийн итгэмжлэл зэрэг баримтуудыг хуулийн шаардлага хангуулан гаргаж өгсөн байна.

Хариуцагч талаас: Хариу тайлбар, 2023.04.17-ны өдрийн итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн байна.

Шүүх журмаар зохигчдын хүсэлтээр О.О Ч.Ц нарыг гэрчээр асуусан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Б хариуцагч Ш.Ж-ад холбогдуулан зээлийн төлбөр 14.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Ш.Ж  Ч.Б-аас 14.500.000 төгрөг зээлж аваагүй, өөрөө лууван худалдан авахын тулд шилжүүлсэн мөнгө, түүний манай зооринд хийсэн ногоо цаг агаарын нөхцөлөөс болоод муудаж, илчирсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Ч.Б 2016 оны 9 сарын 14-ний өдөр Хаан банкны орлогын мэдүүлгээр 14.500.000 төгрөгийг Ш.Ж-ад шилжүүлсэн баримтаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан харилцаа үүсчээ. /хх-ийн 7 дугаар тал/

 

Хариуцагч нь 14.500.000 төгрөгийг зээл биш гэж маргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа үндэслэлээ баримтаар нотлож чадаагүй. Хэдийгээр шүүх хуралдаанд Б.Цо-хаас гэрчийн мэдүүлэг авахуулсан боловч Иргэний хуульд зааснаар түүний мэдүүлэг нь нотолгооны бусад хэрэгслээр нотлогдож чадаагүй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбар гаргасан, шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж үзэв. Учир нь шүүх хуралдааны явцад гэрч Б.Ц..луувангаа зараад ашгаа олбол буцаад өгөх байсан, ... бид хоёр ах дүү учраас газар өгнө гэж ярьж байсан гэх мэдүүлэг зэргээс нэхэмжлэгч нь 14.500.000 төгрөгийг шаардаж байсан байна.

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-т Шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно гэж заасан бөгөөд Ч.Бямбаа энэ хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлж байжээ.

 

Шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн бөгөөд хариуцагч Ш.Ж  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ч.Б-тай эвлэрэх хүсэлт гаргаж байсан, түүний мөнгөний оронд газар шилжүүлж өгөх талаар удаа дараа ярилцаж байсан зэргээс үзэхэд Ш.Ж-гийн Ч.Б  ногоон худалдан авахаар мөнгө шилжүүлсэн гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

 

Эдгээр үндэслэлээр хариуцагч Ш.Ж-агаас 14.500.000 төгрөг гаргуулж, Ч.Б-ад олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Б-гаас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн 230.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Ж-гаас 230.450 төгрөг гаргуулж, Ч.Б-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасны хэсэгт заасныг баримтлан 14.500.000 төгрөгийг хариуцагч Ш.Ж-гаас гаргуулж, нэхэмжлэгч Ц.Б-ад олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 230.450 төгрөгийг ,хариуцагч Ш.Ж-агаас 230.450 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ц.Б-ад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО