Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 126

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон                                         ,                                                                               

Улсын яллагч Н.Эрдэмбилэг

Шүүгдэгч Т.И  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ид холбогдох эрүүгийн 1730001340097 дугаартай хавтаст хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1975 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл 4,  ял шийтгэлгүй, Т.И.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч Т.И  нь 2017 оны 07 дугаар сарын 05-ны  өдөр  Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг дэвсгэр Галтүшиг дэлгүүрээс иргэн М.Бгийн IPhone-6S маркийн гар утсыг хулгайлж 800 000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах  нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  - Шүүгдэгч Т.И  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 07 сарын 05-ны өдөр би гар утсыг нь аваад эргүүлээд утсыг нь аваачиж өгөх гэтэл дэлгүүр цоожтой байсан. Тэгээд 2 цагийн дараа утсыг нь өгсөн. Тэр хүүхэд  хот явах гэж байхад ажил алдууллаа   20000 төгрөг өгөөрэй гэж хэлсэн. Би хэрэг шийдсэний дараа болъё гэж хэлсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

-Хохирогч М.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн:  “...Би Мөнххаан сумын Гал түшиг дэлгүүрт худалдагч хийдэг юм. 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр дэлгүүрээс өөрийн цагаан өнгийн IPhone-S6 маркийн гар утсаа хулгайд алдсан юм. Тэр өдөр манай дэлгүүрт Т.И гэж хүн ороод гарсан хойгуур гар утас алга болсон байсан. Тэгээд очиж уулзахад миний гар утсыг аваагүй гэж байгаад дараа нь өөрөө авсан гэдгээ хүлээгээд гаргаж өгсөн. Одоо ямар нэг гомдол, саналгүй гэх мэдүүлэг /хх-ийн 09-р хуудас/

 

-Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 17-р хуудас/

 

-Сүхбаатар аймгийн Мөнхаан сумын 3 дугаар багийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 160 дугаар тодорхойлолт /хх-ийн 20-р хуудас/

 

-Т.И хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 26-р хуудас/

 

-Хохирогч М.Бгийн Цагдаагийн газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 25-р хуудас/

 

-Т.Игийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Шүүгдэгч Т.И  нь 2017 оны 07 дугаар сарын 05-ны  өдөр  Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4-р багийн нутаг дэвсгэрт байрлах  Галтүшиг дэлгүүрээс хохирогч  М.Бгийн IPhone-6S маркийн гар утсыг хулгайлж 800 000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Т.Игийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч М.Бгийн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч Т.Ид холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон тул Т.Иг хууль бусаар хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Игийн үйлдсэн хэрэг нотлогдсон,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан түүний мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон тул прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

Шүүгдэгч Т.И  нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй,  хохирогч М.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус  дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Шүүгдэгч Т.Иг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Иг 240 /хоёр зуун дөчин/ цагийн  нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Ид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4-өөс дээшгүй цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  ялтан Т.И нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

5. Ялтан  Т.И  нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч М.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ид авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА