Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2022/ДШМ/469  

 

 

 

 

 

 

 

С.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ууганбаатар,  

шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч Ш.Төгсгэрэл, Г.Оюунцэцэг,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,  

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/120 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч Ш.Төгсгэрэл, Г.Оюунцэцэг нарын давж заалдах гомдлуудыг үндэслэн С.Мд холбогдох 2102003270270 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй; 

Шүүгдэгч С.М нь Америкийн Нэгдсэн Улсаас шуудан илгээмж ашиглан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан, хориглосон дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай 6 см урттай, 1 см өргөнтэй хоёр талдаа төмөртэй, тосорхог шаргал өнгийн 6 ширхэг хуванцар сав бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг илгээж, Монгол Улсын хилээр нэвтрүүлэн 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бид Монгол” ХХК-аас хүлээн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: С.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч С.Мыг Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар ононгдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч С.Мыг  цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 6 см урттай, 1 см өргөнтэй хоёр талдаа төмөртэй шаргал өнгийн шингэн зүйлтэй сав 5 ширхгийг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд дээж болгон ашигласан хоосон сав 1 ширхгийг зохих журмын дагуу тэмдэглэл үйлдэж устган тус тэмдэглэл, баримтыг шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, 1 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэсэн байна.    

Шүүгдэгч С.М гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэр бүлдээ авсан бэлгийг “Бид Монгол” ачаа тээшийн компаниар явуулахаар явж байх замд найз Tommy надад хандан “гэнэт явахыг чинь мэдсэн учраас өөрийнхөө цамцыг дурсгал болгож өгье” гээд өмсөж явсан цамцаа тайлж өгсөнийг ачаандаа хийгээд Монгол Улс руу явуулсан. ...2021 оны 8 дугаар сарын 9-ний өдөр АНУ-аас явуулсан ачаагаа авахдаа тухайн ачаан дотор АНУ-д зөвшөөрөгдсөн, Монгол Улсад зөвшөөрөгдөөгүй электрон тамхины шингэн найз Tommy-н дурсгасан цамцнаас гарч ирсэнийг мэдсэн. Миний бие бага насны хүүхэдтэй, эхнэр гадаад улсад суралцдаг учир хүүхдийг маань харах хүн байхгүй. Би эх орон, ар гэрээ гэж ирсэн болохоос биш гэмт хэрэг үйлдэх гэж ирээгүй. Иймд миний хувийн байдлыг харгалзан үзэж, надад холбогдох хэргийг хуулийн дагуу, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.

...Миний бие 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Монголд ирсэн бөгөөд 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдөр каргоны газраас ачаагаа авах үед цагдаа нар намайг Хар тамхитай тэмцэх газарт хүргэсэн. Ингэж би хэрэгт холбогдож байгаа талаар мөрдөгчөөс мэдсэн. Би мөрдөгчид тухайн үед энэ хэрэгт холбогдуулж байгаа зүйлийг мэдэхгүй болохоо хэлэхэд “мэдэхгүй байсан ч нэгэнт хилээр ороод ирсэн учраас чиний буруу” гэж намайг ялласан. Миний бие дээрх зүйлийн талаар анхнаасаа мэдэхгүй гэдгээ хэлсээр байхад миний мэдүүлгийг шалгаагүй, шууд буруутгаж байгаад би гомдолтой байна. Миний бие хэргийг шалгах явцад өөрийн мэдүүлгийг нотлох баримтуудыг гаргаж өгсөн боловч энэ баримтуудыг хэрхэх талаар шийтгэх тогтоолд дурдаагүй. Мөн надад холбогдох хэргийг цагаатгах байр суурьтай оролцсон өмгөөлөгчийг мэтгэлцэх боломжоор хангаагүйд гомдолтой байна. Миний бие хэргийн талаар анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлж ирсэн боловч тухайн үйл баримтыг огт мэдэхгүй “Бид Монгол” каргоны захирал Батцэнгэл гэх хүнээр гэрчлүүлж, намайг яллаж байгаад гомдолтой байна. Уг байгууллагаас болсон явдлын камерын бичлэгийг авч хэрэгт хавсаргах байтал зөвхөн намайг яллах баримтуудыг бүрдүүлж, миний гэм буруугүй байдлыг тогтоолгүйгээр яллаж байгаад гомдолтой байна. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Төгсгэрэл гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Шүүгдэгч С.Мын холбогдсон гэмт хэргийн хувьд хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал” гэсний 1.3 дахь ...гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэргийг нотлох баримтанд үндэслэн тогтоож чадаагүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Үүнд:

Шүүгдэгч С.Мыг ...Монгол буцлаа гэхэд нь найз Tommy Back Jr нь түүнд өөрийн өмсөж явсан цамцаа тайлж бэлэг болгон өгснийг Монгол руу явуулах каргонд өгсөн ачаандаа хийж, 2021 оны 3 дугаар сарын 13-ны орой 22 цаг 19 минутанд АНУ-ын Калифорниа мужид үйл ажиллагаа явуулдаг каргоны газарт нэг хайрцаг ачаа өгсөн болох нь гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдсон.

Ингээд түүний каргонд өгсөн ачаа нь 2021 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Монгол улсад ирсэнийг С.М 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдөр очиж авсан бөгөөд ачаагаа аваад гарч ирэх үед нь Цагдаагийн ажилтнууд тосож үзлэг нэгжлэг хийсэн байна. Энэ нэгжлэгээр тэр бэлэг гэж өгсөн цамцны халааснаас мансууруулах төрлийн бодис бүхий 6 ширхэг /АНУ-д зөвшөөрөгдсөн утаат тамхины оронд хэрэглэдэг хар тамхины төрлийн/ зүйл байсныг илрүүлж С.М анх мэдсэн байгаа юм. Мөн түүний бие болон шээсэнд хийсэн шинжээчийн дүгнэлтээр С.М өөрөө мансууруулах төрлийн бодис хэрэглэдэггүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон. Энэ байдлаас дүгнэхэд, С.М ямар нэг санаа зорилгогүйгээр /өөрөө ч мэдээгүйгээр/ хар тамхины төрлийн бодис бүхий зүйлийг Монгол Улсын хилээр оруулж ирсэн үйлдлийнх нь санаа зорилго нь нотлогдон тогтоогдохгүй байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйл “Гэмт хэргийн ойлголт, шинж” гэсэн заалтын 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэсэн хуулийн заалтыг шүүгч огт анхаарч үзэлгүй хэт нэг талыг буюу яллах талыг баримтлан хэргийг шийдвэрлэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, зөрүүтэй хэрэглэсэн. С.Мын үйлдэлд гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй, хэн нэгэнд ямар ч хор хохирол учруулаагүй, хувийн байдлын хувьд өөрөө энэ төрлийн бодис хэрэглэж байгаагүй, өмнө нь ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдож байгаагүй зэрэг байдлыг анхаарч үзэлгүй хүнд ял шийтгэл оногдуулсан.

3. Шүүх С.Мд ял шийтгэл оногдуулах шаардлагатай гэж үзсэн бол заавал 5 жил 6 сарын хугацаагаар хорих гэсэн санал хэлсэн улсын яллагчийн өгсөн ялыг оногдуулах биш өөрийн дотоод итгэл үнэмшилдээ тулгуурлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал” гэсэн заалтын 1.1 тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 учруулсан хохирол байхгүй, ийм хэрэгт холбогдсондоо чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, ар гэрийн нөхцөл байдал болох 3 нас хүрээгүй бага насны хүүхэд түүний асрамжинд байдаг, ганц бие эцэг зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг шүүх огт анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Мөн С.Мын холбогдсон гэмт хэрэгт дээр дурьдсан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх гэсэн заалтад хамааруулан түүнд оногдуулах хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй хугацаагаар хорих ял оногдуулж болох гэсэн заалтыг анхаарч үзнэ үү гэсэн өмгөөлөгчийн саналыг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийтгэх тогтоолдоо тусгаагүй байгаа нь мэтгэлцэх зарчмаар явагдаж байгаа шүүх хуралдаанд шүүгч яллах талыг баримталж (улсын яллагчийн хэлсэн) ялыг оноож байгаа нь шүүгчийн хувьд өөрийн гэсэн дотоод итгэл үнэмшил байхгүй байгааг нотлон харуулж байна гэж дүгнэхэд хүргэлээ. Шүүхээс оноож байгаа ял нь хэрэгт холбогдсон хүний хувьд хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, үйл баримтад хууль зүйн дагуу зохих ёсоор дүгнэлт хийж үнэн зөв, шударгаар хандах ёстой гэж үзэж байна.

4. Хавтаст хэргийн 102-103 талд байгаа албан бичгээр бол Монгол Улсад орж ирээд ашиглаж байгаа хүнсний нэмэлт бүтээгдэхүүний орцонд байгаа СВD-ийн хэмжээ 5 хувь байгаа бөгөөд энэ тамхины орцонд байгаа СВD-ийн хэмжээ ямар байгааг нотлох баримтаар тогтоож чадаагүй байгаа нь учир дутагдалтай байна гэж үзэж байна. Жишээ нь: Морфин гэдэг тарианд хэдэн хувь байдаг энэ электрон тамхинд хэдэн хувь байгааг нотлох баримтаар тогтоох шаардлагатай юм. Учир нь АНУ-д 3 хувиас доош хэмжээг зөвшөөрдөг гэж энэ бичгэнд дурьдсан байна.

5. Шүүгдэгч С.Мд холбогдох хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл “Шударга ёсны зарчим” гэсний 1-д Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн заалт, мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 2-т Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй, 3-т Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ гэсэн зарчмын заалтыг шүүх огт анхаарч үзээгүйд гомдолтой байна.

6. С.М 2014 онд 19 настай байхдаа АНУ-руу явсан бөгөөд эрх чөлөөний гэх тодотголтой улсад 7 жил амьдраад эцэг, эх, элгэн саднаа, эхнэр хүүхдээ, эх орноо гэж Монголдоо буцаж ирсэн болохоос гэмт хэрэгтэн болж шоронд орно гэж бодож ирээгүй шүү дээ. Эх орноо гэсэн сэтгэлтэй энэ залууд Монгол Улсын хууль арай дэндүү хүйтэн цэвдэг байдлаар энэрэнгүй бусаар хандаж байна. Эрүүгийн хуульд баримталдаг “Энэрэнгүй ёсны” зарчим яагаад үйлчлэхгүй байгаа нь ойлгомжгүй байна

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээр дурьдсан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэргийн нөхцөл байдал, С.Мын хувийн байдал, хэргийн хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч С Мандахнарын хувьд ямар нэгэн гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй зэрэг байдлуудыг онцгойлон анхаарч үзэн түүнд холбогдох гэмт хэргийг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслэн үнэн зөв, бодитой байдлаар хандаж, шударгаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж давж заалдах гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ гэдэгт гүнээ итгэж байна. ...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн тогтоогоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан шүүх хэргийн үйл баримтыг нотлох боломжгүй, энэ талаар талууд маргасан байр суурьтай буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 16.2-1.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна.

С.М нь АНУ-д 6 жил сурч, ажиллаж байгаад 2021 оны 3 дугаар сард эх орондоо ирсэн. Энэ хугацаандаа АНУ-н иргэн Tommy Mack JR Perry гэх залуутай найз нөхдийн харьцаатай байсан байна. Гэтэл дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахал гарч Монгол Улсын иргэд эх орондоо ирэх шаардлага гарч С.М нь 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх эрх олдож, онгоцны буудал явах замдаа найз Томмитой уулзаж явах болсон талаараа хэлэхэд найздаа гэнэт явах болсон тул бэлэг бэлдэж чадахгүй гэж өмсөж явсан цамцаа тайлж бэлгэлсэн. С.М тухайн бэлгийг авч өөрийн гэр рүүгээ каргогоор явуулах ачаа руугаа хийгээд каргонд өгсөн талаараа хэрэгт анхны мэдүүлгээрээ мэдүүлдэг. Ингээд С.М нь 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдөр явуулсан каргогоо хүлээж авах явцдаа Хар тамхитай тэмцэх газрын ажилтнуудад шалгагдсан байдаг. Ингэхдээ С.М найзынх нь бэлгэлсэн цамцны халаасанд юу байгааг мэдээгүй, тухайн карго хүлээж авах өдрөө цагдаа шалгахад цамцны халаасанд болохгүй зүйл байсныг сая л мэдлээ гэж мөн мэдүүлсэн байдаг. Гэтэл прокурорын зүгээс С.Мыг яллагдагчаар татахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-т зааснаар мэдүүлгийнхээ эх сурвалжийг заагаагүй гэж ялласныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь буруу.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго нь гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлэх, гэм буруутай этгээдийг олж тогтоон, ял, хариуцлага оногдуулахаас гадна “хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог. Гэтэл С.Мд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоохдоо 1. “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2. “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй зөвхөн яллах талыг баримталж мөрдөн шалгах ажиллагаа явуулсанд гомдолтой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 4-т “шүүх, прокурор, мөрдөгч нь сэжигтэн яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглоно” гэж заасан хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар С.Мын мэдүүлгийн эх сурвалжийг шалган тогтоогоогүй бөгөөд түүний гэм бурууг зөвхөн “Бид Монгол” ХХК-ийн захирал Б.Батцэнгэлийн мэдүүлэг (тухайн үйл баримтын шууд харсан, үзсэн гэрч биш), карго явуулсан баримт, шинжээчийн дүгнэлт, шинжээч Б.Цогбаярын гэрчээр өгсөн мэдүүлэг зэрэг явцуу байдлаар тогтоож байгаад гомдолтой байна. Эдгээр баримтууд нь тодорхой үйл баримтыг гэрчилж, тогтоож байгаа болохоос хүний гэм бурууг бүрэн нотлоход хүрэлцэхүйц баримт биш гэж үзэж байна.

Хэдийгээр С.М нь өөрийн мэдүүлгийн эх сурвалжийг өөрөө нотлох үүрэггүй боловч өөрийн гэм буруугүйг өөрөө нотлохын тулд өөрт байгаа боломжоор хэрэгт өөрийн мэдүүлгийн эх сурвалж болох баримтыг гаргаж өгсөн юм.

Хэрэгт авагдсан баримтуудад эргэлзээ төрүүлэх нотлох баримтуудын талаар прокурорын зүгээс үгүйсгэсэн ямар ч тайлбар, дүгнэлт гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар нотлох баримт шинжлэн судлахад судлуулсан атлаа шүүхээс дээрх эргэлзээ бүхий баримтуудын талаар шийтгэх тогтоолд ямар ч дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь хэсэгт заасныг зөрсөн гэж үзэж байна.

Учир нь, С.Мын мэдүүлгийн эх сурвалж болох тухайн ТНС агууламж бүхий зүйлийг каргонд ирсныг мэдээгүй байсан талаар түүний Америк найз Tommy Mack JR Perry нь өөрийн дүрсээр бичлэг хийж, ямар учраас дээрх зүйл цамцны халаасанд байсныг хэлсэн байдаг (уг бичлэгийг албан ёсны орчуулгаар орчуулуулж хэрэгт хавсаргасан). Мөн тухайн улсын иргэн нь дээрх үйл баримтын талаар өөрийн тайлбар, мэдүүлгийг хуулийн дагуу өгөхөд бэлэн байгаагаа илэрхийлж, өөрийн оршин амьдардаг хаяг байршил бүхий иргэний үнэмлэхнийхээ зургийг дарж явуулсан байдаг. Энэ нь С.М нь найзынхаа бэлгэлсэн цамцны халаасанд түүний хэрэглэж байсан зүйлүүд үлдсэн байсныг мэдээгүй талаар мэдүүлсэн мэдүүлгийн эх сурвалж болох ач холбогдолтой байхад энэ баримтуудын талаар прокурор, шүүхээс ямар ч тайлбар няцаалт хийгээгүй байна.

НҮБ-ын Хүний эрхийн хорооноос гаргасан эрүүгийн нийтлэг процесст хамаарах эрх зүйн бичиг баримтуудад гэм буруугүйн зарчмыг тодорхойлохдоо “гэм бурууг яллах тал нотлох үүрэгтэй бөгөөд шүүгдэгч няцаахын тулд өөрийгөө буруугуй болохыг бүрэн нотлох үүрэг хүлээхгүй, зөвхөн эргэлзээ үүсгэхэд хангалттай, шүүгдэгчийн гэм буруу шүүхээр хөдөлбөргүй нотлогдох хүртэл түүнийг гэм буруугүй гэж үзнэ” гэж заасан байна.

Миний үйлчлүүлэгчийг гэм буруугүй гэдгээ өөрөө нотлохыг үүрэг болгох замаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийг явцуу хүрээнд шалгаж шийдвэрлэсэн нь нэг талаас хүнийг өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг зөрчиж байна. Мөн гэмт хэрэгт холбогдсон хүний гаргасан тайлбарыг няцаан үгүйсгэх эсхүл түүний тайлбар үндэслэлтэй болохыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж тогтоох нь прокурорын үүрэг бөгөөд улмаар энэ нь шүүхийн шатанд яллах өмгөөлөх талууд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эрх тэгш мэтгэлцэх, баримт мэдээ шинээр гаргах, нотлох баримтыг шинжлэн судлах, мөрдөн шалгах ажиллагааны талаар санал, хүсэлт гаргах зэрэг хуулиар олгогдсон эрхийг хангах замаар хэргийг хянан шийдвэрлэх нь Олон Улсын нийтээр хүлээн хүлээн зөвшөөрсөн гэм буруугийн зарчим болон нотолгооны стандартад нийцэх учиртай. Гэтэл С.Мын энэ хэргийн талаар гаргасан тайлбар болон түүнтэй холбогдуулан гаргасан баримтыг няцаан үгүйсгээгүй атлаа “мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй” гэж хуулийн заалтыг илтэд буруу тайлбарласан яллах дүгнэлтэд үндэслэн миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцож, ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөөхгүй.

Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйл нь бүхэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд хуульд энэ гэмт хэргийн диспозицийг тодорхойлж өгсөн байдаг. Энэ нь уг гэмт хэргийг үйлдэхдээ “...худалдан борлуулах зорилгоор, эсхүл худалдан борлуулах зорилгогүйгээр...” гэж тодорхойлсон. Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэг нь “Энэ гэмт хэргийг улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол...” гэж заасан нь дээрх хуульд заасан ердийн болон хүндрүүлэх бүрэлдэхүүний санаа зорилгоор үйлдэгдэхийг тодорхойлж өгсөн атал С.Мын хувьд дээрх санаа зорилгын яг алинаар нь гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мөрдөн шалгах ажиллагаагаар тодорхойлоогүй байхад шүүх гэм буруутайд тооцож байгаа нь шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-д заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэж байна.

Өмгөөлөгч миний бие мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд хэрэгт ач холбогдолтой байж болох баримтуудыг гарган өгч шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар оролцогчдын мэтгэлцэх тайлбар гаргах хугацааг тогтоохдоо шүүгч оролцогч нараас санал авч өмгөөлөгч миний зүгээс 20 минутын хугацааг хүссэн боловч өмгөөлөгч миний санал болгосон хугацаанд тайлбар хэлэлгүй шүүхийн хэлэлцүүлгийг эхлэж улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг сонссоны дараа өмгөөлөгч миний өмгөөллийн тайлбар, нотлох баримтаа ярьж байхад таслан зогсоож “хугацааг тогтоохоо мартсан байна. Өмгөөлөгч нар дундаа 10 минутын хугацаанд тайлбар гаргана. Өмгөөлөгч та өмгөөллийн үгээ хурдан дуусга” гэж өмгөөлөгч миний мэтгэлцэх боломжийг хязгаарласанд гомдолтой байна. Шүүх хуралдааны бичлэгийг хавсаргаж хянан өгнө үү.

Мөн өмгөөлөгч миний шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шинжлэн судалсан баримтуудад шүүхийн шийтгэх тогтоолоор огт няцаалт, дүгнэлт хийгээгүй байна. Үүнд:

“...СВD ба ТНС нэгдлийн гол ялгааг анхаарч үзсэнгүй. СВD нь Сэтгэцэд нөлөөлөхгүй, ихэвчлэн олсны ургамлаас гаргаж авдаг нэгдэл болох нь тогтоогдсон. СВD бүтээгдэхүүнүүд нь 0,3 хүртэлх хувьтай ТНС агуулсан байж болдог. Ийм бага хэмжээ нь сэтгэцэд нөлөөлөх гаж нөлөөг үүсгэхэд хэзээ ч хүрэлцэхгүй...” гэх зэргээр СВD нэгдлийн талаар тайлбарлаж, миний үйлчлүүлэгчийг буруутгаад байгаа СВD нэгдэлтэй бүтээгдэхүүнд бүхэлдээ ТНС нэгдэл агуулаагүй, сэтгэцэд нөлөөт бодис гэдэгт хамаарахгүй СВD нэгдэл нь ямар ч хараат байдлыг үүсгэхгүй, донтуулах чадваргүй. Шинээр өгсөн баримтад дээрх зүйлд ТНС 3,6%-г эзлэж байна гэжээ. Энэ нь 100%-д харьцуулахад маш бага орц тул донтуулах болон өөр хор аюултай эсэхийг шалгах хэрэгтэй. Шинжээч Б.Цогбаярын мэдүүлэгт: “манай улсад ашиглаж байгаа багаж нь 106 зэрэг буюу хамгийн бага орц найрлагыг тогтоож чадна, харин доторх агууламж, хувь хэмжээг тогтоож чадахгүй” гэж мэдүүлсэнд дахин шинжээч томилохгүй гэж байгаа бол дээрх найрлага нь маш бага буюу энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4-т заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй,” гэсэн хуулийн шалгуурт нийцэж байгаа эсэхийг хянаж өгөхийг хүссэн.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт Олон Улсын эрх зүйн баримт бичиг буюу Монгол Улсын нэгдэн орж, соёрхон баталсан 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай коньвөнцийн 3 дугаар зүйлийн 2, 1988 оны Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг нэгдсэн үндэсний байгууллагын коньвенцын 7 дугаар зүйлийн 2а-д заасан ажиллагааг хийж боломжтой тухай саналыг хэлсэн. Гэтэл энэ талаар огтхон ч тайлбар, дүгнэлт өгсөнгүй.

Шийтгэх тогтоолд хохирол, хор уршигийн талаар дүгнэжээ. Гэтэл энэ гэмт хэрэгт холбогдсон хүний гэм буруугийн санаа зорилгыг тогтоогоогүй байхад хохирол, хор уршигийг тодорхойлох боломжгүй гэж үзэж байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт шалгавал зохих мөрдөн шалгах ажиллагааг хийлгэж өгнө үү. ...” гэв.      

Прокурор Г.Ууганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөвөөр үнэлж, хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байгаа. Шүүгдэгч С.М 2022 оны 3 дугаар сарын 13-ний өдөр Америкийн Нэгдсэн Улсад байхдаа “Бид Монгол” ХХК-ийн ачаа тээврийн үйлчилгээгээр Монгол улс руу нэг хайрцаг ачаа илгээхдээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан, хориглосон дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай 6 см урттай, 1 см өргөнтэй хоёр талдаа төмөртэй, тосорхог шаргал өнгийн, 6 ширхэг хуванцар сав бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг илгээж, Монгол Улсын хилээр нэвтрүүлэн 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бид Монгол” ХХК-аас хүлээн авсан нь тогтоогдсон. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Уг хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал” гэснийг хангалттай нотолж тогтоосон. Мөн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй. Шүүгдэгчийн давж заалдах гомдолд “миний өмгөөлөгчийг мэтгэлцэх боломжоор хангаагүй” гэсэн байна. Өмнө шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан, шүүх хуралдаанд шүүгдэгчийн хоёр өмгөөлөгчийг мэтгэлцэх боломжоор хангасан нь шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүх хуралдааныг хойшлуулсан шүүхийн тогтоол зэргээр нотлогдоно. Шүүгдэгчийн өмгөөлөгчдөөс хэрэгт нэмж хийлгэх ажиллагаа байна гэж үзэж байна. Америк улсын иргэнээр хэрэгт авагдсан дүрс бичлэгийг хийлгээд ирүүлэх боломжтой. Энэ нөхцөл байдал хэргийн бодит байдал болон хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагад нөлөөлөхгүй. Хэрэгт шалгагдаж тогтоогдвол зохих бүхий нөхцөл байдлууд тогтоогдсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч С.Мд холбогдох 2102003270270 эрүүгийн дугаартай хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцжээ.

Шүүгдэгч С.М нь Америкийн Нэгдсэн Улсаас шуудан илгээмж ашиглан Монгол Улсад хориглосон сэтгэцэт нөлөөт “дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/” -ын агууламжтай, тосорхог шаргал өнгийн шингэн бүхий бодисыг 6 см урттай, 1 см өргөнтэй хоёр талдаа төмөртэй, хуванцар савлагаатайгаар /нийт 6 ширхэг/  Монгол Улсын хилээр нэвтрүүлэн 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бид Монгол” ХХК-аас өөрөө хүлээн авсан болох нь:

С.Мын шүүгдэгчээр мэдүүлсэн: “...найз маань тухайн цамцыг надад бэлэглэсэн. Хар арьстай хүн учраас халаасандаа үлдээгээд явуулснаа сүүлд надад баримт болгож илгээсэн. ...илгээмжээр явах гэж байгаа ачааг би бэлдсэн. ...Тухайн цамцыг би хайрцагт хийсэн. ...Ачаагаа 8 дугаар сарын 9-нд хүлээж авсан. ” /хх  202-203/,

гэрч Б.Батцэнгэлийн: “...2021 оны 8 дугаар сарын 7-ны өдөр АНУ-аас С.М гэх хүний нэр дээр нэг хайрцаг ачаа ирсэн. Тухайн ачааг 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдөр С.М  гэх хүн 16 цаг 25 минутад илгээмжээ авах гэж ирсэн. Тухайн илгээмжийг хүлээн аваад гарын үсэг зураад ачаагаа аваад гараад явсан. ...Манай гадаад салбар нь ганцхан АНУ-д байдаг. ...АНУ-ын Калифорниа мужид үйл ажиллагаа явуулдаг салбарт 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 22 цаг 19 минутад Монгол Улсын иргэн Сэвжидмаагийн Мандахнар гэх хүн 1 хайрцаг ачааг Монгол Улс руу ачуулахаар өгсөн. Тухайн үед ачааны мэдүүлэгт хувцас болон чихэр байгаа гэж мэдүүлсэн байсан. Манай байгууллагын зүгээс үйлчилгээний нөхцөлөө танилцуулаад ачилтын төлбөр 45 доллар аваад нэмэлт ажлын хөлс 10 доллар аваад тухайн ачааг хүлээн авч ачилт хийхэд бэлэн болгосон. Мөн бараа илгээсэн С.Маас таны ачаан дотор хууль бус болон улсын хилээр хориглосон бараа бүтээгдэхүүн байгаа эсэхийг асууж үйлчилгээний нөхцөлийг танилцуулаад тухайн хүнээр цахим буюу электрон гарын үсэг зуруулж баталгаажуулсан байна. Тухайн үед С.М нь үйлчилгээний нөхцөлтэй танилцаад гарын үсэг зурахдаа хууль бус зүйл байхгүй гэж зурсан. Карго илгээгчийн ачаа барааг нээж харах эрх бидэнд байхгүй. Тухайн улсын хууль дүрмээр явагддаг. Гол ачаа бараа илгээгч нь үйлчилгээний нөхцөлтэй бүрэн танилцаж ачаа барааны мэдүүлэг дээр явуулж байгаа зүйлсээ нэг бүрчлэн мэдүүлж Монгол Улс руу явуулдаг юм. Монгол Улсын хилээр хууль бус хориглосон бараа бүтээгдэхүүнийг явуулах юм бол илгээгч болон хүлээн авагч тал бүрэн хариуцна гэсэн үйлчилгээний нөхцөлтэй. Манай байгууллага нь Калифорниа мужаас усан онгоцоор Хятад улс руу тээвэрлэж, Хятадаас Монгол руу газрын тээврээр орж ирдэг...” гэх мэдүүлгүүд /хх 35-36, 87/,

2021 оны 8 дугаар сарын 9-ний өдөр С.Мын илгээмжээр хүлээн авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл: “...хайрцгийг нээхэд ...хар өнгийн цамц зүүн талдаа сармагчин болон далдуу модны зурагтай,...хар өнгийн малгайтай цамцны зүүн халааснаас бор өнгийн цаас гарч ирсэн ба дотор байгаа зүйлийг гаргаж ирэхэд 6 см урттай, өргөн нь 1 см өргөнтэй шилэн сав бүхий дотор нь шаргал өнгийн шингэн зүйлтэй 6 ширхэг гарч ирсэн шинжилгээнд хүргүүлэх зорилгоор түр хураан авав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-14/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 3642 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн зүйлийн агууламжтай, 2 талдаа төмөртэй хуванцар сав мэт зүйл дотор байсан шаргал өнгөтэй өтгөн тосорхог зүйл нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгөтэй өтгөн тосорхог зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг болно. Шаргал өнгийн шингэнтэй 2 талдаа төмөртэй хуванцар сав мэт зүйлийн нийт жин нь 9.8509 грамм байв. Шаргал өнгийн өтгөн тосорхог зүйлийн цэвэр жинг тодорхойлох боломжгүй байна...” гэсэн химийн шинжээчийн дүгнэлт  /хх 54-55/,    

 шинжээч Б.Цогбаярын: “...шинжилгээнд ирүүлсэн савтай шингэн зүйл нь стандарчлалын дагуу, шинжилгээ хийхэд Дельта-9 Тетрагидроканнабинолын агууламж илэрсэн. Өөр төрлийн агууламж ирүүлээгүй. Дээрх шинжилгээнд ирүүлсэн зүйл тосорхог шингэн учир манай стандарт тоног төхөөрөмж болох Agilent 7820 A GC/5977EMSD иромотографийн спеотролотр багаж ашиглан шинжилгээ явуулсан. Дээрх тосорхог шингэн зүйлийн дээж шалгасан...” гэх мэдүүлэг /хх 72/,

“...Ачаа илгээгч нь холбогдох хууль журмуудын дагуу Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарласан эд зүйл нэвтрүүлэхгүй байх үүрэгтэй бөгөөд илгээснээс үүдэн гарах хохирлыг Илгээгч тал хариуцна. ...Илгээгчийн электрон гарын үсэг: Mandakhnar Sevjidmaa” гэсэн бичиглэл бүхий “Бид Монгол” ХХК-ийн илгээмжийн баримт /хх 90-93/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

Монгол Улсын Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисод хяналт тавих тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “...”мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис" гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, "Мансууруулах эмийн тухай" 1961 оны НҮБ-ын Конвенци, "Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай" 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг;...” ойлгодог ба тус хуульд зааснаас өөрөөр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг үйлдвэрлэх, ашиглах, хэрэглэх, Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглодог.

Шүүгдэгч С.Мын Америкийн Нэгдсэн Улсаас шуудан илгээмжээр Монгол Улс руу илгээсэн 6 см урттай, 1 см өргөнтэй хоёр талдаа төмөртэй, хуванцар савлагаатайгаар /нийт 6 ширхэг/ илгээсэн  тосорхог шаргал өнгийн шингэн бүхий бодисоос

Монгол Улсын нэгдэн орсон Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “...дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис...” илэрсэн байна.

            Иймд шүүгдэгч С.Мын “...Америкийн Нэгдсэн Улсаас шуудан илгээмж ашиглан Монгол Улсад хориглосон “дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/” -ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг илгээж, Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн...” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “...Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис Улсын хилээр нэвтрүүлсэн...” гэсэн шинжтэй гэж үзнэ.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад тус гэмт хэрэгт “...таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж зааснаас С.Мд 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь С.Мын үйлдсэн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахгэмт хэргийн нийгмийн аюулын хор хөнөөлтэй, хүмүүсийг сэтгэцийн хувьд гэмтээж, энэ төрлийн бодисоос хараат болгож донтуулдаг, улмаар хүн амын эрүүл мэнд болон удмын аюулгүй байдал, Үндэсний аюулгүй байдалд хор уршигтай байдаг шинж чанар, үйлдсэн гэмт хэргийх нь хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч Ш.Төгсгэрэл нарын тус тус гаргасан “...хавтаст хэрэгт авагдсан баримтаар гэм буруутай болох нь хангалттай тогтоогддоггүй...”, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Оюунцэцэгийн “...хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.   

Шүүгдэгч С.М нь шийтгэх тогтоол гарсан 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс давж заалдах шатын шүүхийн магадлал гарсан 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл 71 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/120 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч Ш.Төгсгэрэл, Г.Оюунцэцэг нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 71 /далан нэг/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                               ШҮҮГЧ                                                           Ш.БАТ-ЭРДЭНЭ

                               ШҮҮГЧ                                                          Д.ОЧМАНДАХ