| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2017/0136/э |
| Дугаар | 127 |
| Огноо | 2017-11-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Эрдэмбилэг |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 127
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон ,
Улсын яллагч Н.Эрдэмбилэг
Шүүгдэгч А.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Мт холбогдох эрүүгийн 1730001450090 дугаартай хавтаст хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1964 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг, ял шийтгэлгүй, А.М.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч А.М нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Долоон худгийн 1-6 тоотод иргэн Ж.Бын эрүүл мэндэд тархи доргилт, 2 нүдний зовхины цус хуралт, дээд эрүүний үүдэн нэг булгаралт, нүүрний зулгаралт бүхий хөнгөн хохирол, мөн өдөр иргэн Ц.Дгийн эрүүл мэндэд тархи доргилт, духны хэсгийн зөөлөн эдийн цус хуралт бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч А.М шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр манай найзууд Долоон худаг явъя гээд аймгаас дөрвүүлээ явсан. Аймгаас Бынд очоод архи уусан. Би айл руу ороод ирэхэд Б манай эхнэртэй муудалцаж түүн рүү аяга шидсэн. Үүнээс болоод би Быг цохиод гарахдаа эхнэрийг нь бас цохисон. Урьд нь би Бт 1 000 000 төгрөг өгсөн. Манай эхнэр тэр мөнгөө нэхээд муудсан юм байна лээ. Би Быг хотод аваачиж шүдийг нь эмчлүүлсэн. Бас 2 100 000 төгрөгийг Бт өгч шүд хамрыг нь эмчлүүлсэн. Бын толгойг эмнэлэгт 97000 төгрөгөөр үзүүлсэн. Одоо толгой нь зүгээр болсон гэв.
-Хохирогч Ж.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 27-ны орой гэртээ байхад М нь эхнэр Х, Н, Э нарын хамт ирсэн юм. Ингээд бид нар нийлж архи уусан бөгөөд Мын эхнэр Хтэй мөнгөний асуудлаас болж маргасан. Тэгтэл гаднаас М орж ирээд үгийн зөрөөгүй чи эхнэртэй маргалаа гээд намайг цохиж унагаагаад дээрээс нүүр рүү гараараа барагцаагаар 5-6 удаа цохисон. Энэ үед хүмүүс салгасан. Миний үүдэн 2 шүд хугарч унасан гэх /хх-ийн 5-р хуудас/
-Хохирогч Ц.Дгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 27-ны орой М нь эхнэр Х, Н, Э нарын хамт манайд ирсэн юм. Ингээд бид нар нийлж архи уусан бөгөөд Мын эхнэр Хтэй мөнгөний асуудлаас болж маргаад байж байтал гаднаас М орж ирээд үгийн зөрөөгүй чи эхнэртэй маргалаа гээд намайг цохиж унагаагаад дээрээс нүүр рүү гараараа барагцаагаар 5-6 удаа цохисон. Энэ үед хүмүүс салгасан. Миний үүдэн 2 шүд хугарч унасан гэх /хх-ийн 6-р хуудас/
-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 399 дугаартай дүгнэлтэнд: 1. Ж.Бын биед тархи доргилт, 2 нүдний зовхины цус хуралт, дээд эрүүний үүдэн нэг шүдний булгаралт, нүүрний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрхи гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 11-р хуудас/
-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 400 дугаартай дүгнэлтэнд: 1.Ц.Дгийн биед тархи доргилт, духны хэсгийн зөөлөн эдийн цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрхи гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сариулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 14-р хуудас/
-Ж.Б, Ц.Д нар шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Ж.Б, Ц.Д нар нь Мт гаргах гомдолгүй, учирсан хохирол бүрэн төлөгдсөн. Нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 20-р хуудас/
-А.Мын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 28-р хуудас/
-А.Мыг ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч А.М нь согтуугаар 2017 оны 10 дугаар сарын 27-ны орой Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Долоон худгийн 1-6 тоотод оршин суух хохирогч Ж.Б, Ц.Д нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч А.Мын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Ж.Б, Ц.Д нарын мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 399, 400 дугаартай дүгнэлтүүд, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Мт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон тул А.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч А.Мын үйлдсэн хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан түүний мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон тул прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч А.М нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Ж.Б, Ц.Д нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Мыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Мт оногдуулсан торгох ялыг 1 сарын дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан А.М торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Ялтан А.М нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Ж.Б, Ц.Д нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА