Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар  2022/ДШМ/470 

 

 

 

 

 

 

 

-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Отгонбаатар,

шүүгдэгч Х.Тийн өмгөөлөгч Ц.Цэрэнням,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,  

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/214 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнням давж заалдах гомдол гаргасныг үндэслэн Х.Тид холбогдох 2105021260018 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй; 

Шүүгдэгч Х.Т нь 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Залуучуудын ордны гаднах хашаан дотор эхнэр Х.Аг “Эрэгтэй хүн удаан харлаа” гэх зүйлээр шалтаглан зодож, түүний эрүүл мэндэд тархи доргилт, хамар ясны далд хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн эхнэр Х.Аг 2021 оны 5 дугаар сарын 23-ны өдөр, 10 дугаар сарын 01, 13-ны өдрүүд, 11 дүгээр сарын 22-ны өдрүүдэд хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх хийхгүй байхыг албадах болон зодох үйлдэл хийж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

Х.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  

Шүүгдэгч Х.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 / нэг мянга / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар дээрх хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ял болон зорчих эрхийг хязгаарлах ялуудыг тус тусад нь эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, 5.5 дугаар зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 4, 5-д тус тус зааснаар шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих, зорчих эрхийг хязгаарлах ял болон хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус анхааруулж шийдвэрлэжээ.

    

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнням гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Шүүхээс Х.Тид ял оногдуулахдаа түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7-д заасан ял хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх хууль зүйн боломжийг хэрэглээгүйн улмаас түүний үйлдсэн хэрэгт тохирсон ял оногдуулаагүй буюу ял хүндэдсэн гэж үзэж байна.

2. Х.Тийн ар гэрийн байдал, онцлогийг харгалзан үзэж гэр бүлээрээ хамтран бизнес эрхэлдэг бөгөөд гадаад улсад зорчих шаардлагатай байдлыг ял оногдуулахдаа анхаарч үзээгүй гэж үзэж байна.

Иймд Эрүүгий хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулах хууль зүйн хувьд бүрэн боломжтой байна.

Давж заалдах гомдлыг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор М.Отгонбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/214 дугаартай шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч Х.Т нь 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Залуучуудын ордны гаднах хашаан дотор эхнэр Х.Аг “эрэгтэй хүн удаан харлаа” гэх зүйлээр шалтаглан зодож, түүний эрүүл мэндэд тархи доргилт, хамар ясны далд хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн эхнэр Х.Аг 2021 оны 5 дугаар сарын 23-ны өдөр, 10 дугаар сарын 01, 13-ны өдрүүд, 11 дүгээр сарын 22-ны өдрүүдэд хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадах болон зодох үйлдэл хийж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Өмгөөлөгчийн гаргасан гомдолд тусгайлан гаргах санал байхгүй...” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шүүгдэгч Х.Тид холбогдох 2105021260018 эрүүгийн дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүхийн  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-д заасан “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэснээр хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Т нь 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Залуучуудын ордны гаднах хашаан дотор эхнэр Х.Аг “эрэгтэй хүн удаан харлаа” гэх зүйлээр шалтаглан зодож, түүний эрүүл мэндэд тархи доргилт, хамар ясны далд хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн эхнэр Х.Аг 2021 оны 5 дугаар сарын 23-ны өдөр, 10 дугаар сарын 01, 13-ны өдрүүд, 11 дүгээр сарын 22-ны өдрүүдэд хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадах болон зодох үйлдэл хийж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Х.Агийн “...Би 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Нандир” ХХК-д хэвлэлийн ажлаар нөхөр Х.Тийн хамт ороод үл таних эрэгтэй хүнтэй хэвлүүлэх зүйлийнхээ талаар ярилцаад үнэ хөлсийг нь тохиролцож суусан. Ярилцаж дуусаад нөхрийн хамт гараад явж байтал манай нөхөр над руу хараад “гичий минь чи намайг доромжилж байна. Чи тэр захирал руу ямар удаан хардаг юм. Яагаад нүдээ салгахгүй хараад байгаа юм” гээд машин дотор байсан болохоор миний цээж хэсэг рүү 5-6 удаа цохиж байснаа гэнэт миний хамар руу атгасан гараараа нэг удаа хүчтэй цохисон. ...Манай нөхөр ...намайг байнга хараалын үгээр доромжилж, ямар нэгэн байдлаар тааралдаж харилцаа үүсгэж байгаа эрэгтэй хүнтэй хардаж, их бага хэмжээгээр гэмтэл учруулахгүйгээр цохиж зоддог нь үнэн. Тэр болгоныг тэсэж ирсэн. Бид дундаасаа 3 хүүхэдтэй. Албан ёсны гэрлэлтийн баталгаатай. Урьд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өгч байсан.

...2021 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагийн үед өөрийн гар утасны дэлгүүрт ажлаа хийгээд байж байтал нөхөр Х.Т хүнээс мөнгө авсангүй гэх шалтгаанаар маргалдаж, намайг түлхсэнээс болж миний цээж хэсэгт жаахан улайсан бөгөөд цагдаад дуудлага өгөхөд Зөрчлийн тухай хуулиар 100.000 төгрөгөөр торгуулсан. 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэр бүлээрээ Сэлхэд байрлах лагер дээр байхад би машины гэрлээ асаалтай орхисноос болж манай машины аккумулятор суусан байсан. Тэгэхэд нөхөр одоо холбож асаах машин байхгүй гээд бид хоёр маргалдаж байхад миний толгойн ард талаас гараараа түлхсэн бөгөөд би машины хаалга мөргөсөн. 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 21 цагийн үед ажлаасаа тараад гэртээ ...зурагт үзээд сууж байхад нөхөр унтлагын өрөөнөөс гарч ирээд намайг дуудаад унтлагын өрөө рүү ор гэсэн. Тэгэхээр нь “үгүй, би зурагт үзэж байна” гэхэд миний гарнаас татаад өрөө рүү авч орохдоо нуруун дээрээс гараараа чимхсэн. Тэгсэн манай хадам дүү манай гэрт хамт амьдардаг байсан ба дүүгийн хөлөн дээр хөлөө давуулж суулаа гэж нөхөр уурлаж хардсан. Би том өрөө рүү орж дүү Кадирбекээс “би чиний хөл дээр хөлөө давуулж суусан юм уу” гэхэд үгүй гэж хэлсэн. ...” /хх 14, 25-26/,

 гэрч З.Серикгүлийн “...шөнийн 03 цагийн үед Х.Аг хувцас угаа, индүүд, заавал угааж дуусаад унтана шүү гэх зэргээр дарамталдаг бөгөөд амжихгүй болохоор нь би угааж цэвэрлэдэг байсан. Х.Т 2014 оны 02 дугаар сарын 31-ний шөнө Х.Агийн нуруу хэсэг рүү гараа атгаж байгаад 2-3 удаа цохиж байсныг охиноосоо дараа нь сонссон. 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн үед ...үснээс нь зулгааж гэрээсээ чирж гаргаад биеийн бүх хэсэгт нь цохисон. Мөн 2018 оны 02 дугаар сард ...Х.Т нь Х.Аг ариун цэврийн өрөө ороход араас нь дагаж ороод үснээс нь зулгааж, хана мөргүүлээд хөл хэсэг рүү нь өшиглөж эхэлсэн. Би энэ үйл явдлыг харсан. 2021 оны 5 дугаар сард Х.Т Сансар худалдааны төвийн 2 давхарт хувийн бизнес эрхэлдэг бөгөөд ажлын байран дээрээ мөн Х.Аг зодсон гэж хэлсэн. 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зуслангийн байшин руугаа Х.А нөхрийн хамт гэр бүлээрээ очсон. Тэр үед Х.Аг машины аккумулятор өргөж гэр рүү оруулсангүй гэж толгойноос нь үсдээд машин мөргүүлж байсан гэдгийг сонссон...” /хх 29-30/,

 гэрч М.Айсагүлийн “...Би 2021 оны 6 дугаар сараас эхлэн Х.Т, Х.А нарын 3 хүүхдийг асардаг байсан. 2021 оны 10 дугаар сарын эхээр ...Х.Т ах “машин асахгүй байна” гээд уурлаад Х.А эгчийн толгойны ард хэсэг рүү нь гараараа хүрээд зүүн нүд, хөмсөгний хэсгээр нь жолоочийн онгойсон хаалганы багана хэсэгт 1 удаа мөргүүлсэн. Хөлний гуя хэсэг рүү нь гуталтай хөлөөрөө 1 удаа өшиглөсөн.

2021 оны 11 дүгээр сарын дундуур байх ...эгчийг түлхээд хүчээр унтлагын өрөө рүү оруулсан. Хэсэг хугацааны дараа Х.А эгч гарч ирээд ахын дүүгээс “Би чиний хөл дээр хөлөө тавьсан уу” гэхэд үгүй гэж хэлсэн. Тэгээд ах эгчийг лалар, янхан гэх зэргээр хэл амаар доромжилсон. Эгч бичлэг хийх гэтэл утсыг нь булааж аваад эгчийг ширээний буланг хэвлий хэсгээр нь мөргүүлсэн...” /хх 33-34/ гэх мэдүүлгүүд,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 9885 дугаартай: “1. Х.Агийн биед тархи доргилт, хамар ясны далд хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. ...” /хх 42-43/ гэх дүгнэлт зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Х.Тийн:

2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр эхнэр Х.Аг “эрэгтэй хүн удаан харлаа” гэх зүйлээр шалтаглан зодож, түүний эрүүл мэндэд тархи доргилт, хамар ясны далд хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэсэн шинжийг,  

2021 оны 5 дугаар сарын 23-ны өдөр, 10 дугаар сарын 01, 13-ны өдрүүд, 11 дүгээр сарын 22-ны өдрүүдэд мөн эхнэр Х.Аг хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхийг албадах, цохих болон өшиглөх зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “...Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон...” гэсэн шинжийг тус тус агуулсан байна. 

Шүүх Х.Тийн анх удаа Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал болон түүний үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, шинж чанар, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан, нөхцөл зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын төрлөөс торгох ялыг сонгож, 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял...”-аас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар дээрх хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээг тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” заалт нь  “...шүүх ...хэрэглэж болно...” гэсэн шүүхээс заавал хэрэглэх шинжийг агуулдаггүй зохицуулалт юм.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэннямын “...шүүх Эрүүгийн хуулийн 6.7-д заасан ял хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх хууль зүйн боломжийг хэрэглээгүй, Темирбекийн ар гэрийн байдал, гэр бүлээрээ хамтран бизнес эрхэлдэг бөгөөд гадаад улсад зорчих шаардлагатай байдлыг харгалзан үзээгүй...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/214 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэннямын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

              ШҮҮГЧ                                                         Ш.БАТ-ЭРДЭНЭ

              ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ