Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
Хэргийн индекс | 101/2023/05299/И |
Дугаар | 101/ШШ2024/02643 |
Огноо | 2024-05-14 |
Маргааны төрөл | Даалгавар, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 101/ШШ2024/02643
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ***** хаягт оршин суух Б******* овогт Ж*******гийн Б******* /Регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ***** хаягт байрлах Т******* групп ХК /Регистрийн дугаар *******/-д холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19 хаягт байрлах Х******* х******* б******* ХК /Регистрийн дугаар /,
Баянзүрх дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт байрлах ***** дугаартай 6.25 м.кв, 3- талбайн дугаартай 7.20 м.кв талбай, нийт 13.45 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тус тус тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой баримт бичгийг гаргаж өгөхийг даалгуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т,
бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Ж.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Т******* групп ХК болон Ж.Б******* нар нь 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн НХТ3/24, дугаартай Үйлчилгээний талбай захиалгын гэрээг байгуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу Ж.Б*******гийн захиалгаар Баянзүрх дүүргийн **** дугаартай 6.25 м.кв талбай, ***** дугаартай 7.20 м.кв талбай, нийт 13.45 м.кв талбайг тус бүрийн үнийг тогтоож, үйлчилгээний талбай захиалгын гэрээг байгуулсан. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу Үйлчилгээний төлбөр бүрэн төлөгдөх хүртэл үйлчилгээний хууль ёсны өмчлөгч нь Т******* групп ХХК байна гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Ж.Б******* нь гэрээний 2 дугаар зүйлд заасны дагуу нийт 67,250,000 төгрөгийг Т******* групп ХК-ийн өмчлөлд шилжүүлэн, гэрээнд заасны дагуу нэхэмжпэгч тал төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн. Талуудын хооронд байгуулсан , дугаартай гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-д "Захиалагч үйлчилгээний төлбөрийг бүрэн төлснөөр үйлчилгээний талбайг эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхтэй холбогдох баримт бичгийг гүйцэтгэгч тал нь захиалагч талд гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан бөгөөд өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардагдах баримт бичгийг нэхэмжпэгч талд хүлээлгэн өгөх үүргийг хариуцагч Т******* групп ХК нь биелүүлээгүй байна. Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн ***** дугаартай 6.25 м.кв талбай,****** дугаартай 7.20 м.кв талбай нийт 13.45 м.кв талбай тус бүрийн ашиглалтын зардлыг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Павилион хүлээлцэх акт үйлдсэнээр нэхэмжпэгч тал хариуцан өнөөдрийг хүртэл төлж, эзэмшиж байна. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ, 106 дугаар зүйлийн 106.1 Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. гэж хуульчилсан тул үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой баримт бичгийг гаргаж өгөхийг даалгуулах хууль зүйн үндэслэлтэй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Гэвч энийг хариуцагч нь нэхэмжлэгчид мэдэгдэлгүй Х******* х******* б*******анд барьцаанд тавьсны үр дагавар үүсээд байна. Анх нэхэмжлэлийг 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр өгөөд 10 дугаар сарын хурлаар хариуцагч өөрөө тайлбараа хэлсэн. Нэхэмжлэгч төлбөрийг бүрэн төлсөн, гэрээ байгуулсан дээр маргаагүй. Үл хөдлөх хөрөнгийг гаргаж болно гэхдээ хугацаа хэлж чадахгүй байна гэсэн, нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг хариуцагч бүрэн хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-д заасны дагуу Баянзүрх дүүргийн **** дугаартай 6.25 м.кв, ***** дугаартай 7.20 м.кв талбай нийт 13.45 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн тус тус өмчлөгчөөр нэхэмжпэгч Ж.Б*******г тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах холбоотой баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.
2. Хариуцагч тал нь 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайхан 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Төлбөр төлөгдсөн, гэрээ хийгдсэн. Т******* групп ХК-аас хамаарахгүй асуудал гараад байгаа. Барилга бүхэлдээ б*******ны зээлийн барьцаанд байдаг. Зээл төлөгдөж дуустал үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хэсэгчилсэн байдлаар гарахгүй байгаа. Барьцаанд байгаа учраас эвлэрэх боломжгүй, хугацааг нь тодорхойлох боломжгүй болчхоод байна. Гэрчилгээг гаргаж өгөхөд татгалзах зүйл байхгүй, Т******* групп ХК хүлээлгэж өгөх үүрэгтэй, үүргийнхээ дагуу төлбөрөө авчихсан. Ж.Б*******тэй ярилцаж зөвшилцсөн юм билээ. Боззоло дэлгүүрт түрээслээд түрээсийн мөнгийг танайд өгье, үүнээс ашиглалтын зардлыг аваад холбогдох байгууллагад өгнө гэж зөвшилцөөд явсан. Ж.Б*******д б*******ны зээлийг төлчих юм бол гаргаад өгчихье гэж хэлсэн. Энэ хэрэг дээр зайлшгүй гуравдагч этгээдээр б*******ийг татан оролцуулах шаардлагатай байна гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлага болох Баянзүрх дүүргийн **** дугаартай 6.25 метр квадрат, **** дугаартай 7.20 метр квадрат талбай нийт 13.45 метр квадрат талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь Х******* х******* б******* ХК болон Т******* групп ХК-ийн хоорондын 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ, мөн тухайн өдрийн үл хөдлөх эд хөрөнгө болох барьцааны гэрээнд бүртгэлтэй байдаг. Баянзүрх дүүрэг, ****** 1425,027 метр квадрат талбайтай Улсын бүртгэлд зохих журмын дагуу бүртгүүлсэн барьцаа хөрөнгийн нэг хэсэг юм. Т******* групп ХК нь Х******* х******* б*******ны өмнө зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд тус тус заасны дагуу б*******ны барьцааны эрх дуусгавар болох буюу барьцаа хөрөнгө чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангасан хүчин т гэрээ бөгөөд барьцааны гэрээний дагуу барьцааны зүйлээс тэргүүн ээлжид зээлийн гэрээний шаардлага хангуулах этгээд нь Х******* х******* б******* юм. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай тухайн 13.45 метр квадрат талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь барьцааны гэрээний дагуу манай б*******ны барьцаанд байгаа болохоор үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой баримт бичгийг гаргаж өгөхийг даалгаж өгөх тухайн шаардлага байгаа. Үүн дээр манай Х******* х******* б******* Т******* к ХК-тай 2023 оны 1 сарын 09-ний өдрөөс шүүхийн маргаантай байгаа. Хариуцагчийн зүгээс 14 удаа шүүх хуралдаан хойшлуулсан маргаантай байгаа учраас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа. Хэрэгт барьцааны гэрээ авагдсан байгаа, тухайн гэрээ хүчин т бус эсэх дээр талууд маргалдаагүй, үүнийг харгалзан үзээд тухайн барьцааны гэрээ нь хууль ёсны дагуу байгуулагдсан гэрээ тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай байна гэв.
4. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:
4.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, 2023.08.09-ний итгэмжлэл /хх-5/, 2019.01.23-ны өдрийн , дугаартай Үйлчилгээний талбай захиалгын гэрээ, 3 дугаар давхрын талбайн схем зураг /хх-7-9/, 2019.01.23, 2019.03.22, 2019.04.25, 2019.05.06, 2019.08.14, 2019.08.19-ний өдрийн кассын орлогын ордер /хх-10-15/, 2022.01.03-ны өдөр Павилион хүлээлцсэн акт /хх-16/, зөвшилцөх бичиг /хх-17/, 2023.07.17-ны өдрийн шаардлага хүргүүлэх тухай албан бичиг /хх-18-19/, Голомт б*******ны дугаартай дансны хуулга /хх-56-70/,
4.2. Хариуцагч талаас ирүүлсэн: Т******* групп ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-40/, 2023.09.15-ны өдрийн итгэмжлэл /хх-41/, 2023.10.02-ны өдрийн итгэмжлэл /хх-71/, итгэмжлэл олгохоос татгалзах тухай албан бичиг /хх-79/, 2019.06.28-ны өдрийн ЗБ/ дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой барьцааны гэрээ /хх-82-83/, дугаар Зээлийн гэрээ /хх-84-86/, 2023.01.24-ний өдрийн 01/23 дугаартай Нийслэл х*******, үйлчилгээний төвд талбай түрээсийн гэрээ /хх-91-99/,
4.3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс ирүүлсэн: Х******* х******* б******* ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-104/, итгэмжлэл /хх-105, 106/.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Ж.Б******* нь хариуцагч Т******* групп ХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэл х*******ны төвийн 3 дугаар давхрын 3-24 талбайн дугаартай 6.25 м.кв, 3- талбайн дугаартай 7.20 м.кв талбай, нийт 13.45 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн тус тус өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах холбоотой баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
3. Хариуцагч Т******* групп ХК нь нэхэмжлэгч гэрээний төлбөрийг бүрэн төлснийг хүлээн зөвшөөрч байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагад дурдсан талбай байрлаж буй үл хөдлөх эд хөрөнгө бүхэлдээ б*******ны зээлийн барьцаанд байгаа, зээлийн төлбөр төлөгдөж дуусаагүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэх тайлбарыг гаргасан.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х******* х******* б******* ХК нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь барьцааны гэрээнд бүртгэлтэй байгаа, Т******* групп ХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд тус тус заасны дагуу б*******ны барьцааны эрх дуусгавар болох буюу барьцаа хөрөнгө чөлөөлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарыг гаргасан.
5. Т******* групп ХК болон Ж.Б******* нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр , дугаартай Үйлчилгээний талбай захиалгын гэрээ байгуулагдаж, захиалагч Ж.Б******* нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Нийслэл х*******ны төвийн 3 дугаар давхрын 3-24 дугаартай 6,25 м.кв үйлчилгээний талбайг 31,250,000 төгрөгөөр, 3- дугаартай 7,20 м.кв талбайг 36,000,000 төгрөгөөр худалдан авах, гүйцэтгэгч Т******* групп ХК нь үйлчилгээний талбайг 2019 оны 2 дугаар улиралд захиалагчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 7-9/
6. Зохигчдын хооронд байгуулсан гэрээний агуулга, тохиролцооноос үзэхэд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
7. Нэхэмжлэгч Ж.Б******* нь гэрээгээр тохирсны дагуу 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 30,000,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 10,000,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 4,140,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 17,310,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 4,800,000 төгрөг, нийт 67,250,000 төгрөгийг төлж, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн байна. /хх-ийн 10-15/
8. 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Павилион хүлээлцэх актыг үйлдэж, Ж.Б******* нь , дугаартай гэрээний дагуу Нийслэл х*******ны төвийн 3 дугаар давхарт 336, 347 тоот дугаартай 13,45 м.кв талбайг хүлээн авч, цаашид ашиглалтын зардлыг хариуцахаар болжээ. /хх-ийн 16/
Мөн Ж.Б******* нь 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Т******* групп ХК-тай Зөвшилцөх бичиг гэсэн баримтыг үйлдэж, түүний эзэмшлийн 336, 347 дугаартай нийт 13,45 м.кв талбайтай лангууг Bozzolo дэлгүүрт түрээслүүлж, түрээсийн төлбөрөөс ашиглалтын зардлыг суутган авах саналыг хүлээн зөвшөөрсөн байх ба нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн талбайг эзэмшилдээ хүлээн авч бусдад түрээсэлж байгаа үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 17/
9. Зохигчид нь тэдний хооронд үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, захиалагч Ж.Б******* нь гэрээний төлбөрт 67,250,000 төгрөгийг төлсөн, гүйцэтгэгч Т******* групп ХК нь үйлчилгээний талбайг ашиглалтад оруулан захиалагчид хүлээлгэн өгч, Ж.Б******* нь захиалсан үйлчилгээний талбайг эзэмшилдээ авч бусдад түрээсэлж байгаа талаар маргаагүй боловч хариуцагч Т******* групп ХК үйлчилгээний талбайн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөөгүй асуудалтай холбогдуулан маргаан үүссэн байна.
10. Хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
10.а. Т******* групп ХК нь Х******* х******* б*******тай 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ЗГ/СС190628006-2 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 4,500,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ЗБ/ дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намьяанжугийн гудамж, ***** 1425.027 м.кв талбайтай үйлчилгээ, оффисын зориулалттай 91,05 хувийн гүйцэтгэлтэй талбай, мөн уг хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн *** 1429.92 м.кв талбайтай үйлчилгээ, оффисын зориулалттай 91,05 хувийн гүйцэтгэлтэй талбайг барьцаалж, тус барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх-ийн 84-86, 82-83/
10б. Дээр дурдсан барьцааны зүйл болох үйлчилгээний талбайд нэхэмжлэгч Ж.Б*******гийн худалдан авсан 13.45 м.кв талбай хамаарч байгаа.
10в. Т******* групп ХК нь Х******* х******* б*******тай байгуулсан зээлийн гэрээний төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байгаа тул барьцаа хөрөнгийг чөлөөлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.
11. Иргэн, хуулийн этгээд нь хуульд зааснаар хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах эрхтэй ба өөрийн өмчийн зүйлээ бусдын эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор чөлөөтэй эзэмших, ашиглах, үр шимийг хүртэх, захиран зарцуулах эрхтэйгээс гадна бусдын хууль бус эзэмшлээс буцаан шаардах, өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан гэрээнд зааснаар үйлчилгээний талбайн төлбөрийг бүрэн төлж гэрээний үүргээ биелүүлсэн байх тул Баянзүрх дүүргийн ***** дугаартай 6.25 м.кв, 3- талбайн дугаартай 7.20 м.кв талбай, нийт 13.45 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ж.Б*******г тогтоох үндэслэлтэй.
12. Хариуцагч Т******* групп ХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээний худалдагч талын хувьд биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагч талын өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээх ба хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар уг үүргээ гүйцэтгээгүй болох нь тогтоогдож байна.
12а. Маргаан бүхий 13,45 м.кв үйлчилгээний талбайг б*******ны зээлийн барьцаанд тавьсан гэсэн шалтгаан нь хариуцагчийг эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй ба энэ талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй юм.
12б. Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөх эрхийг баталгаажуулахаар хариуцагчаас гэрээний үүргийг шаардах эрхтэй ба Ж.Б*******г 13,45 м.кв үйлчилгээний талбайн өмчлөгчөөр тогтоосонтой холбогдуулан тухайн хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.
13. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнээд Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн ***** дугаартай 6.25 м.кв, ****** дугаартай 7.20 м.кв талбай нийт 13.45 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгчөөр Ж.Б*******г тогтоож, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч Т******* групп ХК-д даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
14. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 494,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 494,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
15. Хариуцагч Т******* групп ХК-ийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Я.Баярсайхан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 13 цаг 30 минутад хуралдахаар товлосон шүүх хуралдааны товыг түүнд 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр мэдэгдсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг эмнэлгийн магадлагааны хамт ирүүлсэн байх боловч баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, мөн эмнэлгийн магадлагааг 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл олгосон байх тул түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзэх үндэслэлтэй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн ***** дугаартай 6.25 м.кв, ***** дугаартай 7.20 м.кв талбай, нийт 13.45 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Б******* овогт Ж*******гийн Б******* /Регистрийн дугаар *******/-г тогтоож, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч Т******* групп ХК-д даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 494,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т******* групп ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 494,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Б*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР