Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2022/ДШМ/595

 

 

 

 

 

 

      2022          06            07                                          2022/ДШМ/595

      

Б.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаан:

прокурор Д.Туяа,

шүүгдэгч Б.Б,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/281 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 22 дугаартай эсэргүүцлээр Б.Б-т холбогдох 2210000000305 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

А овогт Б.Б, 1989 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, уяач ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт .................. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ....................../;

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.С-ын эзэмшлийн “сөнтэй цэцэг” тамгатай бор зүсмийн шүдлэн үрээг хариулж байхдаа бусдад 4.000.000 төгрөгөөр худалдаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж хохирогч С.С-т 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А овогт Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн 2210000000305 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй хохирогч С.С, иргэний нэхэмжлэгч Ц.Г нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор О.Алтангэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “Б.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 22-ны Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.С-ын эзэмшлийн “сөнтэй цэцэг” тамгатай бор зүсмийн шүдлэн үрээг хариулж байхдаа бусдад 4.000.000 төгрөгөөр худалдаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдэж, хохирогч С.С-т 900,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг тус прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлсэн. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Б.Б-т холбогдох 2210000000305 дугаартай хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, 281 дугаар шийтгэх тогтоолоор “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж...” шийдвэрлэжээ. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хуулийн хууль ёсны зарчимд нийцээгүй байна.

1. Шийтгэх тогтоолын “ТОДОРХОЙЛОХ нь” хэсэгт “...шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөлийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв...” гэж хуульд заасан хэмжээнээс доогуур торгуулийн ял оногдуулж, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2022 /ШЦТ/281 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн” гэжээ.

Прокурор Д.Туяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эсэргүүцлийг дэмжиж байна. Нэмж хэлэхэд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Прокурор яллагдагчид 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулахаар тохиролцож шүүхэд хэргийг шилжүүлсэн. Прокурор хуулийг буруу хэрэглэсэн. Гэтэл анхан шатны шүүх прокуророос гаргасан саналын хүрээнд шийдвэрлэсэн. Мөн хуулийг буруу хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв. 

Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбар байхгүй” гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.С-ын эзэмшлийн “сөнтэй цэцэг” тамгатай бор зүсмийн шүдлэн үрээг хариулж байхдаа бусдад 4.000.000 төгрөгөөр худалдаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж хохирогч С.С-т 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Б.Б 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн Прокурорын газарт өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байна.

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Төгсжаргал нь яллагдагч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хянаад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нөхцөл хангагдсан гэж үзэж, торгох ял оногдуулахаар санал гаргасныг яллагдагч Б.Б танилцаж, хүлээн зөвшөөрсөн тул хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  “...хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэгэж хуульчилжээ.

Харин Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь яллагдагч  Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хуульчлаагүй 450.000 төгрөгийн торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал танилцуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Анхан шатын шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасан байхад прокуророос яллагдагч Б.Б-т ямар ялын санал танилцуулсан байдлыг хянахгүйгээр мөн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт байхгүй ял оногдуулсан алдаа гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх ажиллагаанд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зөрчил прокурорын шатанд гарсан бөгөөд шүүх хуралдаанд оролцсон прокурор хэргийг прокурорт буцаах  дүгнэлт гаргасан тул  шүүгдэгч Б.Бын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр ял тохиролцож шийдвэрлүүлэх боломж нь прокурорын шатанд байгаа учир хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж үзэв.

Иймд дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 22 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Б.Б-т холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/281 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б-т холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт очих хүртэл шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                                 ШҮҮГЧ                                                              Б.АРИУНХИШИГ

                                 ШҮҮГЧ                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ