Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 130

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон                                         ,                                                                               

Улсын яллагч С.Сугар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн

Хохирогч А.Т

Хохирогчийн өмгөөлөгч Т.Хүдэр

Шинжээч А.Б

Шүүгдэгч Ш.Т  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Тд холбогдох эрүүгийн 1730000770053 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1974 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, Эрдэнэцагаан сумын Хадын булан мал эмнэлэгт эрхлэгч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7 дугаар багт оршин суух, Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 06-р сарын 04-ны өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2, 175 дугаар зүйлийн 175.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар  2 жилийн  хорих ял оногдуулж  тэнсэн хянан харгалзсан, Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 07-р сарын 30-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн  216.2-д зааснаар  3 сар 10 хоногийн баривчлах ялаар тус тус  шийтгэгдэж байсан,  Ш.Т гэв.  

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч Ш.Т нь 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр  17 цагийн орчим Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвөөс хойш 1 км орчим газарт А.Ттэй маргалдаж, улмаар түүний хэл рүү нь хатуу мохоо зүйлээр, зүүн талын шанаа руу гараараа нэг удаа цохисноос эрүүл мэндэд нь  “тархи доргилт, зүүн шанаа хэсгийн зөөлөн эдийн няцралт, хэлний гүн урагдсан шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн  хэлэлцүүлэгт дараах  нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  - Шүүгдэгч Ш.Т шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: Би Эрдэнэцагаан сумын 7 дугаар багийн ИТХ-ын төлөөлөгч юм. Ард иргэд суманд хууль бус хадлан гараад байна гэсэн. Би  2017 оны 11 дүгээр сарын 15-нд тамгын газарт энэ гомдол хүсэлтийг танилцуулаад сууж байхад гаднаас Т орж ирсэн. Би Тт ард иргэдээс ийм санал ирээд байна гэж хэлсэнээс болж бид маргалдсан. Тт гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Би тамгын газраас гараад цагдаа руу явахад цагдаа байгаагүй. Т машинд  орж ирээд миний араас үзүүртэй зүйлээр хатгаад байсан. Тэгээд би машинаа асаагаад наадмын талбайн хойд талд гарахад  намайг үзүүртэй зүйлээр  хатгаад, намайг боогоод байхаар нь би гараараа ёворч цохиход Т хэлээ хазсан. Би айгаад машинаа асаагаад явсан гэв.

 

-Хохирогч А.Т шүүхийн хэлэлцүүлэгт  гаргасан мэдүүлэгтээ: 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цагийн орчим сумын тамгын газар руу ороход Т нь Аыг чи муу 3 500 000 төгрөг идсэн гэж хэрэлдээд зогсож байсан. Намайг ороход  харангуутаа л  энэ муу бол Бы гар хөл, ОНӨГазраар дамжуулж мөнгө угаадаг гэж элдвээр хэлсэн. Гэрч нар байгаа. Би уурласан, чи яагаад хүнийг хятадын гар хөл гэж хэлж байгаа юм, надад хадлан хадах зөвшөөрөл байхгүй байхад хадлан хадах гэлээ гэж элдэв үгээр хэлж дайрсан. Бид хоёр гадаа гарсан. Намайг гарахад цагдаагийн газрын араар яваад машиндаа суугаад намайг машиндаа суу гэсэн. Надтай нэг ч үг дуугараагүй. Би энэ хүн намайг яах гэж авч явж байна уу гэж бодоод өөрийгөө хамгаалах гэж бичлэг хийсэн. Машинтай нүхэн дээгүүр гарахад би утсаа алдсан.  Машин зогсоход би буух гэхэд хаалга дотроосоо нээгдэхгүй байсан. Би буух гээд машинаас нэг хөлөө гаргатал Т шууд миний ам руу нэг зүйлээр цохисон. Би юм ярьж чадахгүй, ам цусаар дүүрээд байсан. Т сандраад надад салфетка өгсөн. Т намайг суу гээд татахаар нь би суухгүй гэхэд Т машинтайгаа явсан. Миний утас дуугарахад Э ах ярихаар нь намайг ирээд авчих гэж хэлсэн. Э ах ирж авсан бөгөөд  би сумын тамгын газрын Б дарга руу ороод данс юмаа шалгуулаарай, бид нарыг мөнгө угаасан, идсэн  гээд байна гэж хэлээд эмнэлэг рүү явсан. Эмнэлэгт очиход эмч аймаг руу яв, эмчлүүл гэсэн. Тэгээд эхнэрээ дуудаад цагдаа руу очоод цагдааг энэ хүн гэмт хэрэг үйлдчихээд байхад зүгээр явууллаа гэж  хэлсэн. Т зүүн талаас алхаж ирээд намайг гар зүслээ гэж хэлсэн. Би эмнэлэг явахгүй бол болохгүй байна, Тгийн биеийг бүрэн бүтэн байна уу шалгаарай гэж хэлээд ахаараа машинаа бариулаад аймгийн эмнэлэгт ирээд хэвтсэн. Миний толгой тархи доргисон, хэл гэмтсэн, хоол унд идэж чадахгүй учраас эмнэлэгт хэвтсэн. Эмнэлэгт намайг 10 хоног хэвт гэсэн. Би аймагт таньж мэдэх хүн байхгүй, ах дүү нар байхгүй, сум руугаа явмаар байна гэж хэлээд гарын үсэг зураад сум руугаа явсан. Би эрүүл мэндээрээ хохирсон, гомдолтой байна. Би 1 сар гаруй хугацаанд өвчтэй явсан. Т шалгагдаж байх хугацаандаа гэмшээгүй. Фэйсбүүкээр миний эхнэр хүүхэд рүү дайрсан. Намайг хүн хутгалсан гэж олон нийтэд тараасан. Намайг Хтэй холбоотой гэж зар тараасан. Миний машин бензингүй болсон учраас Хтэй явсан.Т  худал мэдүүлэг өгч байна. Шүүгдэгч яллагдагч юу ч ярьж болно гэдгийг сайн мэдэж байгаа учраас худал мэдүүлэг өгч байна. Т надтай нэг ч удаа ирж уулзаагүй. Телевиз, радио фэйсбүүкээр худал мэдүүлэг тараасан. Өнөөдөр надад шүүх дээр ирэх шаардлага байхгүй, би эрүүлжүүлэхэд орж байгаагүй. Би эмчилгээний зардлаа бүгдийг өөрөө гаргаад явсан. Нийт 696.000 төгрөгийн зардал гарсан. Би өөрийнхөө машинаар аймгийн эмнэлэгт хүргүүлсэн зардал ороогүй. Торгуулийн арга хэмжээг хүмүүс төлчихөөд зүгээр л явдаг. Би энэ хүнээс торгууль авахгүй. Эмчилгээний зардлаа гаргуулна. Энэ хүнд нийтэд тустай ажил хийлгэх хүсэлтэй байна. Би ирээд л мөрдөн байцаагчид хэлсэн. Т  манай гэр бүл рүү хичнээн мессеж бичсэн. Манай эхнэрийг архичин гэж хэлсэн. Энэ асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлнэ. Би хүн рүү хутга гаргах хүмүүжил байхгүй, би хутга гаргаагүй гэв. 

 

-Шинжээч эмч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: Миний бие 2017 оны 09-р  сарын 13-ны өдөр шинжээчийн дүгнэлт гаргасан. Дүгнэлт гаргахдаа Эрдэнэцагаан сумын их эмчийн тодорхойлолт, аймгийн эмнэлгийн яаралтай тусламжийн төвийн  тодорхойлолт болон   Тийн биед үзлэг хийж  дүгнэлт гаргасан. Тийн  биед  тархи доргилт, хэл гүн урагдсан гэмтэл учирсан. Энэ гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Онолын хувьд хэлний гүн урагдсан шарх нь өөрөө мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гүн урагдсан шарх их хавтгай гадаргуутай, өнцөг тэгш бус байсан. Тийн хэлний гэмтэл мохоо, өнцөг хурц гадаргатай зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шарх байсан. Гэмтлийн зэргийг тогтоохдоо 4 шалгуур үзүүлэлтийг харгалзан гаргадаг. Тухайн үед хохирогчийн хэл өнгөртэй, шарх ихтэй байсан. Бид гэмтэл учрах үедээ амь насанд аюултай байсан эсэх, эрүүл мэндийг сарниулсан хугацаа, үлдэц уршиг  зэргийг харгалзан дүгнэлтээ гаргадаг. Энэ хүний гэмтэл хөнгөн гэмтэл байсан.Т өөрөө хэлээ хазсанаас уг гэмтэл үүсэх боломжгүй  гэв. 

 

-Гэрч У.Мийн:....”2017 оны 09 дүгээр сарын 12-ний  орой 17 цагийн үед ажлаасаа тараад нөхөр Т рүү утсаар яриад хаана байна хүрээд ирэх үү гэхэд эмнэлэг дээр байна гэж хэлсэн. Тэр үед Тамгын газрын гадна Т гэдэг залуу юу ч болоогүй юм шиг хүмүүстэй юм яриад инээгээд сууж байгаад удалгүй яваад өгсөн юм.  Т гэдэг залуу тухайн өдөр манай нөхөртэй маргаж муудалцаж байснаа машиндаа суулгаж хөдөө авч яваад хэл рүү нь мэсээр хатгаж гэмтээгээд тархи, толгой руу нь цохиж зодчихоод тэнд нь орхиод явсан гэдгийг мэдсэн. Эрдэнэцагаан сумын эмнэлэгт үзүүлэхэд аймаг руу яаралтай явж мэс засалд үзүүл гэсний дагуу аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж хэлээ оёулсан. Тэр үед хэлнийхээ гол хэсэгт сэтэрч урагдсан байсан. Эмч нар оёж мэс засал хийхдээ үхэжсэн хэсгийг нь тайрч аваад 8 оёдол тавьсан байсан. Толгой тархи руугаа цохиулснаас болоод тархиных нь зүүн тал хавдаж, хүзүү хэсгээрээ улайсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/,  

 

-Гэрч Ч.Бийн:....”2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 16 цагийн үед Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгын газрын Мал эмнэлэг үржлийн тасаг руу ороход  малчин Х, малын эмч Т, Т, Засаг даргын тамгын газрын жолооч Л.С нар байсан. Харин Ш.Т, Т хоёр нь ороход маргалдаж байсан бөгөөд юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна.  Хадлангийн асуудлаас болж маргалдаж,  хэрэлдэж байснаа Ш.Т, Т хоёр нь хоёулаа гараад зодолдъё гээд  мөн чамаас айхгүй гэх зэргээр бие биендээ хэлж байсан. Тэгээд тэр хоёр барьцалдахаар нь би “та хоёр энд зодолдож болохгүй шүү, үг хэлээрээ учраа ол” гэж хэлэхэд Сайнзаяа салгасан. Тэгээд гараад хаашаа явсан болон юу болсныг мэдэхгүй байна...Тухайн үед А.Т, Ш.Т хоёрыг маргалдаад өрөөнөөс гарч байх үед хэн хэнийх нь биед гэмтэл шарх байгаагүй....А.Тийн биед юу байсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/, 

-Гэрч Л.Сгийн:....”Би 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 16 цагийн үед Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгын газрын Мал эмнэлэг үржлийн тасагт байж байхад 7 дугаар багийн малчин Х, Засаг даргын тамгын газрын дарга Б, 7 дугаар багийн малын эмч Т, 2 дугаар багийн иргэн Т бид 5 хадлангийн асуудлаар ярилцаад сууж байхад Ш.Т нь Тийг “Х, том Хятадын гар хөл” гэж хэлснээс болж тэр хоёр маргалдаж байгаад барьцалдахаар нь би салгатал тэр хоёр гараад зодолдъё, тэгье гээд гараад явсан. Тэгээд гараад хаашаа явсан болон юу болсныг мэдэхгүй байна...Тухайн үед А.Т, Ш.Т хоёр нь хоорондоо маргалдаж байгаад гарах үед хэн хэнийх нь биед ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/

 

-Гэрч Г.Эы:....”Би 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гадуур явж байхдаа 17 цагийн орчимд А.Ттэй зам засварын ажлын талаар ярилцах гээд залгахад А.Т нь наадмын талбайн хойно байна, хүрээд ирээд намайг авчих гэхээр нь би очиж явахад Ш.Т нь Соната маркийн машинтайгаа миний хажуугаар зөрөөд өнгөрсөн. Тэгээд би А.Т дээр очоод та нар чинь яаж байгаа юм бэ? гэж асуухад А.Т нь “Ш.Ттэй маргалдаад сая зодолдоод байж байна, Тд дээрэлхүүлээд байж чадахгүй” гэж ярьж байсан. Тухайн үед Т нь шууд миний машины арын суудал дээр орж суусан болохоор нүүр царайг нь анзаарч хараагүй. Ер нь бол зодолдсон байдалтай амьсгаадаад амьсгаа өндөртэй байсан. Би Тийг машинд суулгаад шууд захиргааны хажууд буулгасан. Уулзаад 5 минут ч болоогүй. Харин орой нь Ттэй ярихад хэл маань болохгүй байна гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

       

-Гэрч Ө.Б:..Намайг 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 17 цагийн үед ажлын өрөөндөө байж байхад А.Т  өрөөнд орж ирээд “ Таныг Ш.Т нь Хятадын гар хөл болсон гэж ярьж байна, мөн намайг хэл рүү минь үзүүртэй юмаар хатгаад  ураад хаячихлаа” гэж хэлээд хэлээ харуулахад хэл нь урагдсан, ам нь дүүрэн цус байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/

Шинжээч А.Б: ”....Хэлний гүн урагдсан шарх өөрийн хазалтаар огт үүсэх боломжгүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  340 дугаартай  дүгнэлтэнд:            

1.А.Тийн биед тархи доргилт, зүүн шанаа хэсгийн зөөлөн эдийн няцралт, хэлний гүн урагдсан шарх бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 21-р хуудас/

 

-Хохирогч А.Тийн хэлэнд учирсан гэмтлийн талаархи гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 52-57-р хуудас/

 

-Хохирогч А.Тийн 343614 төгрөгийн хохирлын баримт /хх-ийн 60-62/

-Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7 дугаар багийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 07/69 дугаартай тодорхойлолт /хх-ийн 40-р хуудас/

 

-Ш.Тгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Шүүгдэгч Ш.Т  2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр  17 цагийн орчим Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвөөс хойш 1 км орчим газарт хохирогч А.Ттэй маргалдаж түүний эрүүл мэндэд тархи доргилт зүүн шанаа хэсгийн зөөлөн эдийн няцралт, хэлний гүн урагдсан шарх бүхий  хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ш.Тгийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч А.Тийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч У.М, Ч.Б, Л.С,  Г.Э нарын мэдүүлэг Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 340 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч Ш.Тд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон тул Ш.Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ш.Т нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж,  хохирогч А.Т 696 000 төгрөг нэхэмжилснээс хавтас хэрэгт авагдсан эмчилгээний зардлын  230000 төгрөгийг төлсөн,  113614 төгрөгийг Ш.Т төлөхөө илэрхийлсэн,  352386 төгрөгийн эмчилгээний зардлын  баримтыг хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн боловч   нотлох баримтын шаардлага хангаагүй тул  шүүх хүлээн авах боломжгүй иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус  дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Шүүгдэгч Ш.Тг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Тг 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялтан Ш.Тд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4-өөс дээшгүй цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар    нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Ш.Тд мэдэгдсүгэй.  

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Тд авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан ялтан Ш.Тгээс 113614 төгрөгийг гаргуулан хохирогч Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2-р багт оршин суух Онход овогт Амгалангийн Тт олгосугай.

 

          7.Хохирогч А.Т нь гэмт хэргийн улмаас бие махбодид учирсан гэмтлээ эмчлүүлэхтэй холбогдуулан гарсан зардлаа нотлох баримтын шаардлагыг ханган  бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Ш.Тгээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай. 

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д  зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг компакт дискийг  хэрэгт хавсаргасугай.

 

9. Ялтан Ш.Т  нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч А.Тт эмчилгээний зардал 230 000 төгрөг төлсөн  болохыг   тус тус  дурдсугай. 

 

         10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА