Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2024/01682

 

 

2024 оны 04 сарын 17 өдөр

 

 

 

Дугаар 183/ШШ2024/01682

 

 

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ..... тоотод оршин суух, Б овогт Ш-ын С  /РД:..../,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ..... тоотод оршин суух,   овогт Б-йн С  /РД:...../,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ...... тоотод оршин суух, Б  овогт Б-йн Номинзаяа,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,...тоотод оршин суух, мэргэн овогт Б-ын А  /РД:...../-д холбогдох

 

69.400.550 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.С, Б.Н, Б.С, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ш.С, Б.Н, Б.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Шаравын С миний бие Б.А-дтой 1999 оноос хойш гэр бүл болж хамт амьдарч байгаад 200 онд охин Б.Номинзаяаг 2003 онд охин С-аг төрүүлсэн юм. Ийнхүү хамт амьдарч байгаад хувийн таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарч байгаад дараа нь Завхан аймгийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр000  Шийдвэрээр гэрлэлтээ албан ёсоор цуцлуулж охин Н, С нарыг миний асрамжинд үлдээж, Б.А-доос охидуудад хуулийн дагуу тэтгэлэг тогтоолгож байсан юм. Үүнээс хойш Б.А нь охидууддаа тэтгэлэгийг нь огт төлж байгаагүй явсаар одоо охидууд маань насанд хүрсэн ч их сургуульд сурсан төлбөр болон цаашдаа гадаадад сурах зардал зэргийг би дангаараа төлж явсаар өнөөдрийг хүргэж байна. Охин Номинзаяа, Сайнзаяа нарын овгийг 2016 онд би сүүлд гэр бүл болсон нөхөр Батмөнхөөр овоглох болсон юм. Хэдийгээр овгийг нь өөрчилсөн ч гэсэн эцэг хүн, өөрийн үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж үзэж байна. Тийм ч учраас төлөгдөөгүй тэтгэлэгийг нөхөн гаргуулах мөн өнөөдрийг хүртэл төлсөн их сургуулийн төлбөрийн тал хувийг Б.А-доос гаргуулахаар нэхэмжилж байна. Гэрлэлтээ албан ёсоор цуцлуулсанаас хойш охин Номинзаяагийн тэтгэлэгийн хэмжээ нь 2007 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 16.424.342 төгрөг болж байна. Охин Сайнзаяагийн хуримтлагдсан тэтгэлэг 2007 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр хүртэл 24.096.225 төгрөг болж байна. Нийт 40.520.550 төгрөг болж байгаа юм. Мөн дээр нь Их сургуулийн төлбөрийн хувьд охин Н Санхүү эдийн засгийн дээд сургуульд суралцсан нийт төлбөр 22.610.000 төгрөг болж байна. Охин Сайнзаяа Хүмүүнлэгийн Ухааны их сургуульд одоо төлсөн байгаа төлбөр нь 6.270.000 төгрөг болж байна. Иймд Б.А-оос охин Номинзаяа, С нарын хуримтлагдсан хүүхдийн тэтгэлэг 40.520.550 төгрөг, охидуудын их сургуулийн төлбөр 28.880.000 төгрөг нийт 69.400.55, төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Охин Б.Н Б.С нар нь Б.А-ын төрсөн охид мөн. 2007 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 01-ийг өдөр хүртэлх хугацааны тэтгэлэг 16.424.342 төгрөгийг Б.Сайнзаяагийн 2007 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх тэтгэлэг гэж 24.096.225 төгрөгийг Б.Н-гийн Дээд сургуулийн төлбөр 22.610.000 төгрөг, Б. Сайнзаяагийн Их сургуулийн төлбөр 6.278.000 төгрөг нийт 69.400.550 төгрөг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь 2007 онд Завхан аймгийн сум дундын шүүхээс тухайн гэр бүлийг цуцалж, хүүхдийн тэтгэлгийг тухайн бүс нутгийн амьжиргааны түвшиний 50 хувиар 16 нас хүртэлх, хэрвээ сурч байгаа бол 18 нас хүртэл 100 хувиар тогтоож эцэг Б.А-доос охин Б.Са-д тэтгэлэг гаргуулаар шийдвэрлэсэн байдаг. Энэ шийдвэрийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2018 онд Б.А-ын эд хөрөнгийг битүүмжлээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Нэхэмжлэгч Ш.С ирж тодорхой мөнгийг Б.А-доос бэлнээр авч тэтгэлгийн асуудлыг нэг бүр шийдүүлэхээр хүсэлтийг өөрөө гаргаж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт өргөдлийг өгч байсан. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Цаашид ямар нэгэн эд хөрөнгө нэхэмжлэхгүй гэсэн өргөдөл өгсөн байдаг. 2007 оны хүүхдийн тэтгэлгийн асуудал ийнхүү шийдэгдсэн. 2000 онд төрсөн Б.Номинзаяа 2003 онд төрсөн Б.С   нар 2007 оноос хойш тэтгэлэг аваагүй гэж тэтгэлэг нэхсэн. 2013 онд Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдахад Б.С нь 10 настай байсан. Б.Н14 настай байсан. Энэ үйлдлүүдийг зөвшөөрсөн субъект нь Ш.Сарангэрэл гэж ойлгож байна. 2018 онд Б.Сайнзаяа нь 18 нас хүрсэн байсан. 18 нас хүрснээс хойш эрх зүйн бүрэн чадамжтай болсон гэсэн үг. Тиймээс шүүхээс тэтгэлэг тогтоолгох нас нь дуусгавар болж байгаа учраас үүнээс хойш гарсан сургуулийн зардал мөнгийг эцэг Б.А төлөх үүрэг нь байхгүй байна. 2003 онд төрсөн Б.С нь 2021 онд 18 нас хүрсэн байдаг. 2013 оноос хойш тэтгэлэг өгөөгүй гэж яриад байгаа бол яагаад одоог болтол тэр талаараа шүүхэд нэхэмжлэл гаргаагүй вэ? Хөөн хэлэлцэх хугацааны хувьд нэхэмжлэгч нь үүргээ биелүүлээгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан өөрөө хүлээн зөвшөөрөөд нотариатаар батлуулаад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байдаг. 2016 онд хүүхдийнхээ овгийг үнэхээр солино гэж яриад байсан учраас хүүхдүүдийнхээ хувь заяаг бодоод овгийг сольсон. Түүнээс хойш сэтгэл дундуур овгоо солиод өөр хүнээр овоглоод явсан учраас намайг эцгээ гэж бодох бодол нь байхгүй болсон гэж Б.А-ын зүгээс үзсэн. 2007 оны Шүүхийн шийдвэртэй холбоотой хүүхдийн тэтгэлгийг нөхөж гаргуулах хууль зүйн үндэслэл байхгүй. 18 насанд хүрснээс хойш сургуульд сурах асуудлыг эрх зүйн бүрэн чадамжтай субъект байдаг. Төлбөрийг заавал эцэг нь төлнө гэсэн хуулийн заалт байхгүй. Тийм учраас сургалтын төлбөрийг төлөх хууль зүйн үндэслэлгүй байна. Б.А нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс талаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2007.11.30-ны өдрийн 662 дугаар шийдвэр, Б.Н, Б.С нарын иргэний үнэмлэхний хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, овог, эцэг, эхийн нэр, өөрийн нэр өөрчилсний лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягиын бүртгэлийн лавлагаа, овог, эцэг, эхийн нэр, өөрийн нэр өөрчилсний лавлагаа, Ш.С-йн иргэний үнэмлэхний хуулбар, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн тодорхойлолт, сургалтын төлбөрийн тооцооны хуудас, Б.С Б.Ннарын 18 нас хүртэлх тэтгэлэг, алданги, Санхүү эдийн засгийн их сургуулийн тодорхойлолт, харилцагийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, Б.С, Г.л нарын дансны дэлгэрэнгүй хуулга, Б.Н, Ш.С нарын дансны дэлгэрэнгүй хуулга, Ш.С-ийн зээлийн мэдээллийн лавлагаа, Ш.С-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Н-ийн тэтгэлэг, алдангийн тооцоолол, С-гийн тэтгэлэг, алдангийн тооцоолол, сургалтын төлбөр, байрны түрээсийн тооцоолол, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн тодорхойлолт, тус сургуулийн харилцагчийн дэлгэрэнгүй гүйлгээ, овог нэр, өөрийн нэр өөрчилсний лавлагаа, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн тодорхойлолт, овог нэр, өөрийн нэр өөрчилсний лавлагаа, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сургалтын төлбөрийн тооцооны хүснэгт, анги удирдсан багшийн дэвтэр, Нийлэлийн ерөнхий боловсролын Хүрээ тулга сургуулийн тодорхойлолт зэрэг баримтыг гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд гаргасан хүсэлт, 2013.06.24-ны өдрийн Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны0000дугаар албан бичиг, 2023.06.24-ний өдрийн Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 000 дүгээр албан бичиг, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг баримтыг гаргаж өгсөн.

 

Шүүхийн журмаар: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн дугаар 00шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолыг, Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд гаргасан хүсэлт, 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2/1422 дугаар Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны албан тоот, 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 000 дугаар Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны албан тоот, 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2013 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн шүүхийн шийдвэр бүхий гүйцэтгэх хуудас материалыг дуусгавар болгосон тухай ахлах гүйцэтгэгч ахлах дэслэгч Г.М-рын гүйцэтгэх хуудас, Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд гаргасан хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.С, Б.Н, Б.Снар хариуцагч Б.-од холбогдуулан 69.400.550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Ш.С миний бие Б.А-той 1999 онд гэр бүл болж, дундаасаа 2000 онд охин Б.Н-аг, 2003 онд охин Б.С-г төрүүлсэн. Хувийн таарамжгүй харилцааны улмаас Завхан аймгийн шүүхийн 2007 оны 11 сарын 30-ны өдөр 662 дугаар шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, охин Б.Н, Б.С нарыг өөрийн асрамжинд авч, Б.А-оос хуулийн дагуу тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэсэн хэдий ч хариуцагч Б.А нь тэтгэлэгийг төлөөгүй төдийгүй хүүхдүүддээ ямар нэг мөнгөн тусламж үзүүлж байгаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үед цаашид хүүхдүүдийг их дээд сургуульд суралцахад бүхий л төлбөр, орон байрны зардлыг төлөх үүргийг хүлээнэ гээд гуйгаад байсан учир гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлтээ өгсөн. Гэтэл энэ үүргээ хариуцагч биелүүлээгүй тул охин Б.Н-гийн хуримтлагдсан тэтгэлэг 2007 оны 3 дугаар сарын 27-ноос 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 16.424.342 төгрөг, охин Б.Сайнзаяагийн хуримтлагдсан тэтгэлэг 2007 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл 24.096.225 төгрөг, Б.Н-агийн их сургуулийн төлбөр 22.610.000 төгрөг, охин Б.С Хүмүүнлэгийн Ухааны их сургуульд суралцаж байгаа төлбөр 6.270.000 төгрөг, нийт 69.400.550 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тодорхойлсон.

 

Хариуцагч М.А  нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх үндэслэлээ ... эцгийн хувьд 2 хүүхдээ асран тэтгэх үүргээсээ зугтаагүй. 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 662 тоот Сум дундын шүүхийн шийдвэрээр гэрлэлтийг цуцалж, хоёр хүүхдийн асрамж, тэтгэмжийг тогтоож шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 00 тоот Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Хоёр хүүхэд 18 насанд хүрээд цааш суралцах сургалтын төлбөрийг 2007 оны шүүхийн шийдвэрээр эцгээс нь гаргуулах, тогтоосон хувь байхгүй учир сургалтын төлбөр болон хуримтлагдсан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй. Би хүүхдүүддээ гар утас авч өгч, сургалтын төлбөр зэргийн төлж байсан гэж тайлбарлаж байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн зүйлийн 49 дүгээр зүйлийн 49.1-д Тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгч, бусад иргэн, холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болно гэж заасан ба Завхан аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2007.11.30-ны өдрийн 662 дугаар шийдвэрээр Ш.С, М.А нарын гэрлэлтийг цуцалж, 2000.06.20-ны өдөр төрсөн охин А.Н, 2003.12.30-ны өдөр төрсөн охин А.Снарыг эхийн асрамжид үлдээж, эцэг М.А-ос тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн, 2013.06.24-ний өдрийн 96 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолоор төлбөр төлөгч болон төлбөр авагч нар хоорондоо тохиролцсоноор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ.

 

Нэхэмжлэгч Ш.С Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд ...миний бие Б.А-той хувиараа тохиролцож 2 хүүхдийн тэтгэлэгийн асуудлыг шийдвэрлэсэн тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгаж өгнө үү гэх хүсэлт гаргасны дагуу 2013.06.24-ний өдрийн 96 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүлийн 29.1.4-т төлбөр төлөгч төлбөр авагчтай эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан бол иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохоор заасан байна.

 

Өөрөөр хэлбэл Ш.С, Б.А-той тохиролцож, хуулийн дагуу явагдаж байсан Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг өөрийн хүсэлтээр дуусгавар болгосон тул хариуцагч Б.А-г Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнээд Б.Номинзаяагийн хуримтлагдсан тэтгэлэг 2007 оны 3 дугаар сарын 27-ноос 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 16.424.342 төгрөг, охин Б.С-гийн хуримтлагдсан тэтгэлэг 2007 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл 24.096.225 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 48 дугаар зүйлд заасан 48.1-д тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж тус тус заасан байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Б.С нар 18 насанд хүрсэн тул тэжээн тэтгэх үүрэггүй, сургалтын төлбөрийг төлөхгүй, мөн овогоо өөрчилсөн гэж маргаж байх боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.3-т хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхээр хуульчилсан.

 

Өөрөөр хэлбэл гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эх хүүхдүүдийнхээ өмнө тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээх бөгөөд охин Б.Н Б.С нарын амьдралын наад захын хэрэгцээ болох мэргэжил боловсролтой болох асуудалд Ш.С, Б.А нар тэнцүү хэмжээтэй оролцох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар их сургуульд суралцаж, амьдралын анхны дадлага олох асуудал нь хүүхдийн амьдралд өөрчлөлт оруулж байгаа онцгой үйл явдал юм.

 

Б.Н 2018-2022 онд Санхүү эдийн засгийн их сургуульд суралцах хугацаандаа нийт 22.610.000 төгрөгийг төлсөн олох нь тус сургуулийн 2023.01.18-ны өдрийн 000 албан тоот, Санхүү эдийн засгийн их сургуулийн 2018-2023 оны харилцагчийн авлагын дэлгэрэнгүй хуулгаар, Б.С Хүмүүнлэгийн ухааны их сургуульд сэтгэл судлал хөтөлбөрөөр 2 дугаар түвшинд суралцаж байгаа түүний сургалтын төлбөрт 6.268.317 төгрөг төлсөн нь тус сургуулийн 2023.04.10-ны өдрийн 0000 албан тоот, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сургалтын төлбөрийн тооцооны хуудас зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд Б.Н-гийн сургалтын төлбөр 22.610.000 төгрөгийн 50 хувь болох 11.305.000 төгрөг, Б.Сайнзаяагийн сургалтын төлбөр 6.268.317 төгрөгийн 50 болох болох 3.134.158 төгрөг нийт 14.439.158 төгрөгийг хариуцагч Б.А-оос гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 504.953 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А-доос 230.146 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар хариуцагч Б.А-доос 14.439.158 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.С, Б.Н, Б.Снарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 54.960.742 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 504.953 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А-оос 230.146 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО