Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 131

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон                                         ,                                                                               

Улсын яллагч Н.Эрдэмбилэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар

Шүүгдэгч О.А  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Ад холбогдох эрүүгийн 1730001350096 дугаартай хавтаст хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл 8, ял шийтгэлгүй, О.А.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч О.А нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны  өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг дэвсгэрт  иргэн Э.Оыг согтуу унтаж байх үед нь түүний гутлын түрийнд байсан 480 000 төгрөг, түрийвч,  иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэргийг хулгайлж 517 500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч О.А  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 08 дугаар сарын 28-нд О манайд халамцуу ирж хоносон.  Би Оыг унтаж байхад  гутлыг  тайлах гэтэл түрүүнээс нь  түрийвч унасан. Түрийвчийг үзэхэд дотор нь 480,000 төгрөг байхаар  авч  нуусан. Маргааш өглөө нь О сэрээд түрийвчээ хаана байгааг мэдэхгүй явсан учраас би түрийвчинд байсан мөнгийг хэрэглэсэн. Энэ мөнгийг буцаан төлнө гэв.

 

-Хохирогч Э.О мөрдөн байцаалтанд өгсөн:  “...Би 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Мөнххаан суманд өөрийн танил найз А гэдэг айлд хоноод өглөө босоход миний түрүүвчтэй 480 000 төгрөг,  иргэний болон жолооны үнэмлэх алга болсон байсан. Тэгээд би Аг сэжиглээд цагдаад өгсөн чинь тэр хэргээ хүлээж  миний иргэний болон жолооны үнэмлэхийг өгсөн боловч 480 000 төгрөгийг одоо болтол төлж барагдуулаагүй байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/

 

-Гэрч Л.У мөрдөн байцаалтанд өгсөн: Манай нөхөр 2017 оны 08 дугаар сарын 28-нд Мөнххаан суманд А гэх айлд хоноод маргааш өглөө нь гарахад хүрэн өнгийн хэтэвчтэй 480 000 төгрөг, иргэний болон жолооны үнэмлэх зэрэг зүйлс алга болсон байсан гэсэн. Тэрийг манай нөхөр ярихдаа А гэх хүнийг авчихсан гэж яриад байгаа юм. Тэгсэн А болохоор аваагүй гээд байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 03-р  хуудас/

 

-Шүүгдэгч О.А 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Э.Оыг согтуу унтаж байхад нь түүний түрийвч болон иргэний үнэмлэх, жолооний үнэмлэхийг 480 000 төгрөгийн хамт авсан. Э.Оын түрүүвч болон иргэний үнэмлэх, жолооний үнэмлэхийг буцааж өгсөн. Харин 480 000 төгрөгийг түүнд нөхөж төлөхөө илэрхийлж байна гэжээ.

 

-Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 19-р хуудас/

 

-Сүхбаатар аймгийн Мөнхаан сумын 3 дугаар багийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 95 дугаар тодорхойлолт /хх-ийн 22-р хуудас/

 

-О.А хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 27-р хуудас/

 

-О.Агийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

 Шүүгдэгч О.А нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны  өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг дэвсгэрт  хохирогч  Э.Оыг согтуу унтаж байх үед нь түүний гутлын түрийнд байсан 480 000 төгрөг, түрийвч,  иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэргийг хулгайлж 517 500 төгрөгийн  хохирол учруулсан  гэмт хэргийг  үйлдсэн болох нь шүүгдэгч О.Агийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Э.О, гэрч Л.У нарын мэдүүлэг   шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн  судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч О.Ад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон тул О.Аг хууль бусаар  хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч О.Агийн үйлдсэн хэрэг нотлогдсон,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүхийн хэлэлцүүлэгт  прокурор, өмгөөлөгч нарын гаргасан   саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

Шүүгдэгч О.А  нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй,  хохирогчид 480 000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн тул хохирогч Э.От хохирлыг гаргуулан олгох  зэргийг тус тус  дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Шүүгдэгч О.Аг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Ад  хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй. 

 

3. Шүүгдэгч  О.А  нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Э.От 480 000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн зэргийг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ад авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан шүүгдэгч  О.Агаас 480 000 төгрөгийг гаргуулан хохирогч Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3-р баг 5-р байрны 5 тоотод оршин суух Боржигон овогт Энхбаатарын Оюунбаатарт  олгосугай. 

 

6 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА