Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2023/0396

 

2023          04           26                                   128/ШШ2023/0396

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Б

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөөгч: Д.Н

Хариуцагч: Хотын стандарт, хяналтын газар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Т

Нэхэмжлэлийн шаардлага: Улаанбаатар хотын Б дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн газар дээрээ зоорьтой 12 давхар 1 блок, 83 айлын орон сууцыг ашиглалтад оруулах улсын комиссыг ажиллуулахгүй байгаа Хотын стандарт, хяналтын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус барилгад улсын комисс ажиллуулах акт гаргахыг Хотын стандарт хяналтын газарт даалгах шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Байгалмаа нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь “Улаанбаатар хотын Б дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн газар дээрээ зоорьтой 12 давхар 1 блок, 83 айлын орон сууцыг ашиглалтад оруулах улсын комиссыг ажиллуулахгүй байгаа Хотын стандарт, хяналтын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус барилгад улсын комисс ажиллуулах акт гаргахыг Хотын стандарт хяналтын газарт даалгахаар маргаж байна.

2. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:

2.1.Иргэн Б.Бд Нийслэлийн хотын ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт хөгжлийн газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ГБМЗХ дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг Б дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт, Ойн 1 дүгээр гудамжид Монгол Улсын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г- гэрчилгээтэй, 18 нэгж талбарын дугаартай, Г- гэрчилгээтэй 18******* нэгж талбарын дугаартай Г- дугаар гэрчилгээтэй, 18 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон нийт 1134.00 м.кв газрыг үндэслэсэн олгосон байна.

2.2. Иргэн Б.Б нь Улаанбаатар хот, Б дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газар 12 давхар, 1 блок 83 айлын орон сууцны барилгыг ажлыг ерөнхий төлөвлөгөөний дагуу Их ******* ХХК-ыг гүйцэтгэгчээр ажиллуулж 2021 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулахаар 2020 оны оны 09 дүгээр сард барилгын ажлыг эхлүүлэн 20 онд барьж дуусгасан байна.

2.3.  Нэхэмжлэгч 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хотын стандарт, хяналтын газарт “...тус барилга баригдаж дуусан тул улсын комисс ажиллуулах хүсэлттэй байна” гэх хүсэлтийг гаргажээ.

2.4. Хотын стандарт, хяналтын газраас 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 01/141 дүгээр албан бичгээр “Б дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт таны захиалгаар баригдсан зоорьтой, 12 давхар, 1 блок, 83 айлын орон сууцны барилга байгууламжийн В99-2302-******* дугаартай 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хүсэлтийг судлахад уг барилга нь  Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь /Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно/ заалтыг зөрчсөн байна. Иймд Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолын 10.3 дахь заалтын дагуу шүүхийн шийдвэрийг гаргуулна уу” гэх хариуг өгчээ.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

 

3.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зоорьтой, 12 давхар, 1 блок, 83 айлын орон сууцыг ашиглалтад оруулах улсын комиссыг ажиллуулахгүй байгаа Хотын стандарт, хяналтын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, мөн тус барилгын комисс ажиллуулах акт гаргахыг Хотын стандарт, хяналтын газарт даалгаж өгөх нэхэмжлэл шүүхэд гаргасан. Учир нь Б.Б өөрийн өмчлөлийн газар дээрээ 12 давхар, зоорьтой, 83 айлын орон сууцыг ерөнхий төлөвлөгөөний дагуу “Их ******* *******” ХХК-аар гүйцэтгүүлж барьж дуусгасан. Барилгын ажлыг анх 2020 онд эхлүүлж, ковид цар тахлын үетэй давхацсан учраас энэ нь ажилчдыг ажиллуулахгүй байх шалтгаан болсон. Мөн үнийн өсөлт буюу бараа материалын хомсдол нөлөөлсөн зэргээс шалтгаалан барилгыг 2021 онд ашиглалтад оруулах байтал энэ хугацаа хойшилж, 2021 онд дахин зөвшөөрлийг сунгуулж 20 оны 12 дугаар сард барилгын ажлыг бүрэн дуусгасан. Тэгээд 2023 оны 02 дугаар сард Хотын стандарт, хяналтын газарт хүсэлт гаргасан буюу манайд улсын комисс ажиллуулж өгнө үү. Ашиглалтад оруулах шаардлагатай байна гэдэг байдлаар хүсэлт гаргасан. Тэгээд хариу нь 2023 оны 03 дугаар сард Хотын стандарт, хяналтын газраас хариу ирсэн. Тус хариуд Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийг зөрчсөн байна. Ашиглалтад ороогүй барилгыг ашиглуулсан учраас улсын комисс ажиллуулах боломжгүй тул шүүхээр шийдвэр гаргуулсны дараа шийдвэрлэнэ гэдэг хариу өгсөн. Тэгээд 02 дугаар сар цагаан сарын баяртай давхацсан буюу орон нутгаас ирсэн хүмүүсийн шахалтад орж бүтэн 1 жил хүлээгдсэн барилгад зарим иргэд зөвшөөрөлгүй орсон зөрчил байсан. Үүнтэй ямар нэгэн маргах зүйл байхгүй. Мөн зөрчлөө шүүхэд хандсан хугацаандаа бүх айлуудыг гаргасан тул одоо ямар нэгэн зөрчил байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

             4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчээс 20 оны 03 дугаар сарын -ны өдөр хариуцагчид барилга байгууламж ашиглалтад оруулах комисс оруулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан. Хариуцагч Барилгын тухай хуульд заасны дагуу 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 212 дугаартай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын 1 дүгээр хавсралтын 13 дугаар хүснэгтийн 13.1-д зааснаар ашиглалтад орсон барилга байгууламжид комисс оруулахыг даалгахыг хориглосон бөгөөд шүүхээр шийдвэрлүүлсний дараа ашиглалтад орох комисс оруулна гэдэг хариу өгсөн. Үүний дагуу нэхэмжлэл гаргасан” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Б дүүргийн дугаар хороонд баригдсан иргэн Б.Бын захиалгат 83 айлын орон сууцыг ашиглалтад оруулах захиалагчийн хүсэлтийг үндэслэн манай газраас барилга байгууламж ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн н.Б******* томилогдон газар дээр нь 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр үзлэг хийж, тухайн барилгад захиалагч айл оруулж ашигласан нь тогтоогдсон тул Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 212 дугаар тогтоолын 10.3 дахь хэсэгт заасан заалт зөрчигдсөн буюу барилга байгууламжид комисс ажиллуулахад айл оруулсан нь тогтоогдсон шүүхийн шийдвэрийг үндэслэн комиссын үйл ажиллагааг зохицуулна. Түүнээс шүүхийн шийдвгээр комисс ажиллагаа зохион байгуулахыг хориглоно гэдэг заалт зөрчигдөж байгаа учраас тус захиалагчид 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 01/141 дугаар албан бичгээр дээрх заалтуудыг хангуулах талаар хариу мэдэгдсэн” гэв.

      ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Иргэн Б.Б нь Улаанбаатар хот, Б дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газар 12 давхар, 1 блок 83 айлын орон сууцны барилгыг ажлыг ерөнхий төлөвлөгөөний дагуу Их ******* ХХК-ыг гүйцэтгэгчээр ажиллуулж 2021 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулахаар 2020 оны 09 дүгээр сард барилгын ажлыг эхлүүлж, 20 онд барилгын ажлыг хийж гүйцэтгэжээ.

3. Дээрх барилгын зураг төслийг 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр баталсан байна.

4. Нэхэмжлэгч 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хотын стандарт, хяналтын газарт барилгыг хүлээн авах улсын комисс ажиллуулж өгөхийг хүссэн хүсэлт гаргажээ.

5. Хотын стандарт, хяналтын газраас  нэхэмжлэгчийн гаргасан дээрх хүсэлтэд 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 01/141 дугаартай албан бичгээр маргаан бүхий барилгад улсын комисс ажиллуулахаас татгалзсан хариуг өгсөн байна.   

            6. Дээрх албан бичигт “Б дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт таны захиалгаар баригдсан зоорьтой, 12 давхар, 1 блок, 83 айлын орон сууцны барилга байгууламжийн В99-2302-******* дугаартай 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хүсэлтийг судлахад уг барилга нь  Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь /Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно/ заалтыг зөрчсөн байна. Иймд Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолын 10.3 дахь заалтын дагуу шүүхийн шийдвэрийг гаргуулна уу” гэжээ.

7. Нэхэмжлэгчээс 20 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн хүсэлтийг үндэслэн хариуцагчаас маргаан бүхий барилгад улсын комиссыг ажиллуулсан байх бөгөөд тус газрын Стандартын хэрэгжилт, хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Б******* 20 оны 03 дугаар сарын 24-ний өдөр газар дээр нь очиж барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцахад орон сууцны барилгыг ашигласан байгаа "Барилгын тухай хуулийн 37.6 дахь /Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно/ заалт, Монгол улсын Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолын 10.3 дах заалтыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон. Иймд хүсэлт ирүүлсэн иргэн Н.Н*******тай 99******* дугаараар холбогдож хууль, журмын талаар мэдээлэл өгч, тайлбар, фото зургийг хавсарган хүсэлтийг буцаасан болно гэжээ.

8. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн “Захиалагчийн чиг үүрэг”, 37.6 дахь хэсэгт “Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно”, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Дүрэм шинэчлэн батлах тухай” 212 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Барилга байгууламж ашиглалтад оруулах дүрэм”-ын 10.3 дахь хэсэгт “Ашигласан нь тогтоогдсон барилга байгууламжид комисс ажиллуулахын хориглох бөгөөд энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр ашиглалтад оруулах комисс ажиллуулна” гэж тус тус заажээ.

9. Хууль болон дүрмийн дээрх заалтуудаас үзвэл, дуусаагүй болон дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглосон байх бөгөөд ашигласан тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр ашиглалтад оруулах комисс ажиллуулахаар зохицуулсан байна.

10. Нэхэмжлэгч компанийн зүгээс үйлчилгээтэй 83 айлын орон сууцыг ашиглалтад оруулаагүй байхдаа ашигласан болохоо хүлээн зөвшөөрдөг бөгөөд ашиглах болсон үндэслэлээ “Захиалагч иргэдтэй 2021 онд ашиглалтад оруулахаар барилгын ажлыг эхлүүлсэн боловч дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” буюу цар тахлын энэ үед манай улс нь ихэнхдээ хатуу хөл хорионы дэглэмтэй байсан тул барилгын ажил удааширсан. Иргэд гэрээний дагуу орон сууцандаа орох аргагүй байдлыг тайлбарлан хэлж хүсэлт шаардлагыг тавьсан тул бүх захиалагч нарын энэхүү хүнд байдлыг харгалзан 2021 онд байр сууцанд нь оруулсан.

11. Ингээд хуулийн дагуу Хот байгуулалт стандарт хяналтын газарт уг барилгыг ашиглалтад оруулах комисс ажиллуулах хүсэлтийг гаргасан” гэж тайлбарласан байна.

12. Дээрх нөхцөл байдлаас үзвэл, нэхэмжлэгчийн барилгын ашиглалтад оруулаагүй удаасан, барилга байгууламжийг ашигласан гэх үйлдэл хүндэтгэж үзэх шалтгаантай байсан гэх тайлбарыг буруутгахгүй.

13. Учир нь манай улс нь 2020, 2021 онд “Ковид-19” буюу цар тахлын улмаас хатуу хөл хорионы болон хэсэгчилсэн хөл хорионы дэглэмтэй байсан тул цар тахлын улмаас улсын комисс ажиллуулж чадаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна. Мөн өөрөөс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас буюу захиалагчийн хүсэл зоригоос шалтгаалан орон сууцуудыг ашигласан гэх тайлбарыг ч мөн үгүйсгэх боломжгүй юм.

Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулан энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулна”, 48.6-д “48.6.Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт, энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг хянаж, ажлын 10 өдрийн дотор ашиглалтад оруулах комисс ажиллуулна” гэжээ.

14. Хэргийн оролцогч нараас тухайн барилгыг улсын комисс хүлээн аваагүй байхад ашигласан /оршин суугч нарыг оруулсан/ талаар маргаагүй бөгөөд уг үйл баримттай талууд маргаагүй.

15. Шүүхээс 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хийсэн үзлэгээр тус барилгад орсон байсан гэх оршин суугчийг буцаан гаргаж, гаргасан зөрчлөө арилгасан гэх тайлбарыг гаргах бөгөөд энэ нөхцөл байдал нь үзлэгээр тогтоогдсон.

16. Хэдийгээр Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно” гэж заасан хэдий ч энэ нь дээр дурдсанчлан хүндэтгэх үзэх шалтгаантай нөхцөл байдал үүссэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, 48 дугаар зүйлийн 48.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улаанбаатар хотын Б дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн газар дээрээ зоорьтой 12 давхар 1 блок, 83 айлын орон сууцыг ашиглалтад оруулах улсын комиссыг ажиллуулахгүй байгаа Хотын стандарт, хяналтын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус барилгад улсын комисс ажиллуулах акт гаргахыг Хотын стандарт хяналтын газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70,200 төгрөгийг хариуцагч Хотын стандарт, хяналтын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ОДМАА