Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2022/ДШМ/471

 

 

 

 

 

 

Ю.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч Ю.Эгийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,  

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/304 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор О.Алтангэрэл 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 18 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэнийг үндэслэн Ю.Эд холбогдох 2010022120165 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

.....тоотод оршин суух бүртгэлтэй,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 657 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 301 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар тэнссэн,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1704 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 301 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар тэнсэх ял шийтгүүлснийг хүчингүй болгож, 640 цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлж байсан;

Шүүгдэгч Ю.Э нь 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Г.Г-эд “арматур зээлээр олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар Г.Г-ийг төөрөгдөлд оруулсны улмаас хохирогч Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Модны 2-ын Хаан банкны салбараас 5006360777 дугаарын данс уруу 6.700.000 төгрөг шилжүүлснийг авч, Г.Г-эд 6.700.000 төгрөгийн хохирол учруулж залилсан, Хөвсгөл аймагт “Оюу толгойн далд уурхайд ажилд оруулж өгнө” гэж хуурч, Л.Б-гаас 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 1.500.000 төгрөг, Б.Цгаас 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг, О.Чоос 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 1.500.000 төгрөг, Х.Зоос 2020 оны 4 дүгээр сард 1.000.000 төгрөг, Х.Маас 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 1.500.000 төгрөгийг тус тус “Хаан” банкны 5006360777 дугаарын дансаар шилжүүлэн авч бусдад 7.500.000 төгрөгийн хохирол учруулж залилсан, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 27 дугаар байрны 302 тоотод Т.Агийн хүү Б.Аийг Дотоод хэргийн их сургуульд оруулж өгнө гэж хуурч 2.450.000 төгрөг шилжүүлэн авч Т.Ад 2.450.000 төгрөгийн хохирол учруулж залилсан, Ө.Баясгаланг Хууль сахиулахын Их сургуульд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдүүлж Г.Өсөхбаярын Хаан банкан дахь 5990002195, 5990016801 тоот данснуудаар дамжуулан Д.Энхтуяагаас 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 830.000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 150.000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 50.000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 450.000 төгрөгийг Хаан банкан дахь өөрийн эзэмшлийн 5006360777 дугаарын дансаар тус тус шилжүүлэн авч, Д.Энхтуяад 2.480.000 төгрөгийн хохирол учруулж залилсан, 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулах П.Н.Шастины нэрэмжит Улсын 3 дугаар төв эмнэлгийн хажууд байхдаа “Дотоод хэргийн их сургуульд оруулж өгнө, бүртгэл нь дуусах гэж байгаа учраас яаралтай мөнгөө өг” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар А.Гыг төөрөгдөлд оруулсны улмаас А.Г нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр 1.500.000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 1.200.000 төгрөг Хаан банкны 5006360777 дугаарын дансаар шилжүүлэн авч, бусдад 2.700.000 төгрөгийн хохирол учруулж залилсан, 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр П.Цыг “миний том машин Хөшөөт суманд байгаа би жолооч олчихлоо урьдчилгаа мөнгө шилжүүлчих, манай жолооч яваад очно” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2.000.000 төгрөгийг өөрийн 5006360777 дугаарын данс уруу шилжүүлэн авч, П.Цад 2.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан, 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Дд “...ачаа ачиж өгнө гэж...” хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, өөрийн эзэмшлийн 5006360777 дугаарын дансаар 300.000 төгрөг шилжүүлэн авч, Б.Дд 300.000 төгрөгийн хохирол учруулж залилсан, 2021 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 51 дүгээр байрны 913 тоотод оршин суух Л.Бг “Оюутолгойд ажилд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.500.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч, Л.Бд 2.500.000 төгрөгийн хохирол учруулж залилсан, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 50а байрны 22 тоотод Р.Сыг “тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээнэ” гэж хуурч, нийт 6 удаагийн гүйлгээгээр 882.500 төгрөгийг Хаан банкны 5006360777 дугаарын дансаар шилжүүлэн авч, Р.Сод 882.500 төгрөгийн хохирол учруулж залилсан, 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд Д.Зг “Өмнөговь аймагт том машины зөвшөөрөл гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, итгүүлсний улмаас хохирогчоос 7.559.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа Хаан банкны 5006360777 дугаарын дансаар шилжүүлэн авч, Д.Зд 7.599.000 төгрөгийн хохирол учруулж залилсан, 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Ю.Оыг “Дархан-Уул аймгийн төмөрлөгийн үйлдвэрээс арматур төмөр авч байгаа, 3 шланз арматурын төмөр ачуулаад өгнө, 1 тонныг нь 1.600.000 төгрөгөөр тооцож, 1.920.000.000 төгрөг болж байна. Урьдчилгаа 25.000.000 төгрөг, үлдсэн мөнгөнд бартераар үл хөдлөх хөрөнгө шилжүүлж авъя. Арматур төмөр найдвартай ачуулаад ирнэ, гэрээгээ арматур төмрөө ирсний дараа байгуулъя, эхний ээлжинд урьдчилгаагаа шилжүүлчих гэж” хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож 25.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5006360777 дугаарын данс руу шилжүүлэн авч, Ю.Оад 25.000.000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдэж, бусдад их хэмжээний буюу нийт 60.071.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ю.Эы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

шүүгдэгч ...... үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 30 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр дүйцүүлэн тооцож буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийг түүнд оногдуулсан 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөс хасч, түүнд нийт 9500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ю.Э нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар сольж болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ю.Эгээс 44.621.500 төгрөгийг гаргуулж нэр бүхий хохирогч нарт олгож, хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ю.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн.

 Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 2022/ШЗ/1008 дугаартай “Шүүхийн шийдвэрийг залруулах тухай” шүүгчийн захирамжаар: - 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/304 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад “...Ю.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй...” гэснийг хасаж, мөн 3 дахь заалтад “...нийт 9500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.500.000 төгрөгөөр...” гэснийг “...нийт 9550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.550.000 төгрөгөөр...” гэж залруулжээ.

    Прокурор О.Алтангэрэл эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцээгүй байна.

1. Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар гэмт этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ю.Эд оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тодорхойлохдоо “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгчдэгчийн хувийн байдал, бусад орлого олох боломж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан...” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан 10.000 нэгжтэй тэнцэх буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэрт тохироогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”’-д нийцээгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн...”-ийг шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэхээр заасан.

Шүүгдэгч Ю.Э нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 657 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 301 дүгээр шийтгэх тогтоолоор мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1704 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял шийтгүүлсэн байхад хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзээгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлого олох боломж тодорхой бус байхад үндэслэлгүй дүгнэлт хийж 10.000 нэгжтэй тэнцэх буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, эрүүгийн хариуцлагын зорилгыг алдагдуулсан байна.

  1. Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Шийтгэх тогтоолд шүүгдэгч Ю.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, бусад орлого олох боломж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр...” гэж дүгнэсэн байна.

Шийтгэх тогтоолоос үзэхэд шүүгдэгчийн хувийн байдал, бусад орлого олох боломж буюу гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөх бодит боломж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд тодорхой, ойлгомжтой дүгнэлт хийж чадаагүй байна.

  1. Шийтгэх тогтоолын “ТОДОРХОЙЛОХ нь” хэсэгт ...Шүүгдэгч Ю.Эгийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс яллагдагчаар 30 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор тогтов” гэсэн атлаа “ТОГТООХ нь” хэсгийн 7 дахь хэсэгт “...цагдан хоригдсон хоноггүй” гэж дурдсан, шүүгдэгч Ю.Эгийн цагдан хоригдсон 30 хоногийг торгох ялын 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийг түүнд оногдуулсан 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөс хасахдаа буруу тооцож, түүнд 9500 нэгжтэй тэнцэх буюу 9.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан зэргээр алдаатай шийдвэр гаргасныг дурдах нь зүйтэй.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/304 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаас торгуулийн ял оногдуулах санал гаргасан. Шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа байх. Миний үйлчлүүлэгч эрхэлсэн ажилтай хүн. Өөр компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажлаа хийж дуусгасан ч тэрхүү компаниас ажлын хөлсөө өгөөгүй байгаа. Энэ талаарх баримтуудыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн. Анхан шатны шүүх хуралдаанд прокуророос торгуулийн ял оногдуулах саналтай оролцчихоод, дараа нь дээд шатны прокуророос ингээд эсэргүүцэл бичиж байгаа нь надад үнэхээр ойлгомжгүй байна. Мөн миний үйлчлүүлэгч өмнө гэмт хэрэгт холбогдож байсан ч ял шийтгэлээ хүлээсэн. Шүүгдэгч Ю.Э хохирогч Т.А, О.Ч, Х.З, Х.М нарт учруулсан хохирлоо тодорхой хэмжээнд төлж барагдуулсан бөгөөд дээр дурдсан ажлынхаа хөлсийг авчихвал хохирлыг бүрэн төлөх боломжтой гэдгээ шүүх хуралдаанд маш ойлгомжтойгоор тайлбарлаж, хийсэн ажлаа хүлээлгэж өгсөн акт, тооцоо хийсэн акт зэрэг бүх нотлох баримтаа гаргаж өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Урьд 3 удаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, эрүүгийн хариуцлага хүлээсэн хувийн байдалтай шүүгдэгч Ю.Эд анхан шатны шүүх түүний “...үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 15 иргэнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, их хэмжээний буюу 60,071,500 төгрөгийн хохирол учруулсан...” гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан “...арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорил ялаар шийтгэх...”-ээс торгох ялын төрлийг сонгож, тус зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр буюу хамгийн хөнгөн ялыг оногдуулсан нь түүний гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлөөгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлого олох боломж тодорхой бус, хувийн байдал болон 15 иргэнийг залилж эд хөрөнгийг нь авсан хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэхээр заасан байхад тус зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн...”-ийг шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзээгүй ба энэ талаар хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр “...Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй...” /шийтгэх тогтоолын 22 тал/ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын ялллагчийн санал, шүүгдэгч, түний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачлагаар залруулж болно. ...” гэж заасан.

Ю.Эд холбогдох хэргийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/304 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 18 дугаартай прокурорын эсэргүүцэлдээ “...Шийтгэх тогтоолын “ТОДОРХОЙЛОХ нь” хэсэгт ...Шүүгдэгч Ю.Эгийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс яллагдагчаар 30 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор тогтов” гэсэн атлаа “ТОГТООХ нь” хэсгийн 7 дахь хэсэгт “...цагдан хоригдсон хоноггүй” гэж дурдсан, шүүгдэгч Ю.Эгийн цагдан хоригдсон 30 хоногийг торгох ялын 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийг түүнд оногдуулсан 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөс хасахдаа буруу тооцож, түүнд 9500 нэгжтэй тэнцэх буюу 9.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан...” гэсэн эсэргүүцлийг гаргасныг 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр анхан шатны шүүх хүлээн авсныхаа дараа 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр “Шүүхийн шийдвэрийг залруулах тухай” шүүгчийн захирамжийг гаргаж залруулж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь, шүүхийн шийдвэрийг залруулах тухай шүүгдэгчийн өмгөөлөгч /өмгөөлөгч Ц.Дэлгэрням/-ын 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан хүсэлтийг хүлээн авахаас өмнө 2022 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн прокурорын эсэргүүцлийг 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Давж заалдах журмаар гаргасан гомдол эсэргүүцлийг хүлээн авсан шүүх дараагийн ажлын өдөрт багтаан гомдол, эсэргүүцлийн хуулбарыг прокурор, оролцогчдод хүргүүлнэ. ...” гэсэн ажиллагааг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хийгээгүй байна.

Иймд дээд шатны прокурорын “...шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэрт шүүхээс оногдуулсан ял тохироогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”’-д нийцээгүй, тооцооны алдаатай шийдвэр гаргасан...” гэсэн агуулга бүхий үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүх хуралдаанаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/304 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ю.Эд холбогдох 2010022120165 дугаартай эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.   

2. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хүртэл шүүгдэгч Ю.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БАТСАЙХАН

              ШҮҮГЧ                                                         Ш.БАТ-ЭРДЭНЭ

              ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ