Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 260

 

 

Б.А, Л.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 128 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 74 дүгээр магадлалтай, Б.А, Л.Б нарт холбогдох 201710010080 дугаартай эрүүгийн хэргийг Улсын Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн хяналтын прокурор М.Буяннэмэхийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1993 онд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Б овогт Б-ын А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах”, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэх” гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1996 онд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Б овогт Л-ын Б нь 2002 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах”, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, мөн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх Б.А-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэх, Л.Б-г давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил хорих ял, 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-д зааснаар 1 жил хорих ялаар, шүүгдэгч Л.Б-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 350 цаг, 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Б.А-ийн ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил хорих ял, Л.Б-гийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтэн 700 цагийн хугацаагаар тогтоож, хорих болон нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр зааж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.  

Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шүүгдэгч Л.Б-гийн 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 2 сар 28 хоногийн хорих ял болгон сольж, түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 2 жил 2 сар 28 хоногоор тогтоосон өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Улсын Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн хяналтын прокурор М.Буяннэмэх бичсэн дүгнэлтдээ “Л.Б нарт холбогдох эрүүгийн 201710010080 дугаартай хэрэгтэй танилцахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан “....шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан дараах нөхцөл байдал илэрсэн байна. Үүнд: Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.А-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчин хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдсэн, шүүгдэгч Л.Б-г давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэмт буруутайд тооцож, Б.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар 1 жил хорих ял, Л.Б-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Л.Б-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг тусад нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсэн.

Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 74 дугаартай магадлалаар шүүгдэгч Л.Б-д 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг нэмж нэгтгэн нийт 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногийн хорих ялд тооцож 2 сар 28 хоногийн хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 2 сар 28 хоногийн хугацаагаар тогтоож, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцийн 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “шүүгдэгчийн ялыг хүндрүүлж өөрчлөлт оруулах тухай” холбогдох заалтуудад өөрчлөлт оруулснаар давж заалдах болон хяналтын шатны шүүх ялыг хүндрүүлж шийдвэрлэх эрх хэмжээгүй болсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан....” шинэ нөхцөл байдал илэрч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх хууль зүйн үндэслэл бий болж байна.

Иймд Л.Б- нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 74 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 2 дахь заалт буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтыг хүчингүй болгосон” шүүгдэгч Л.Б-д холбогдох заалтыг хүчингүй болгуулах өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд ахлах прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Прокурор М.Буяннэмэхийн бичсэн дүгнэлтийг дэмжиж байна. Шүүгдэгч Б.А-д холбогдох хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ илтэд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хүний эрх зөрчигдсөн тохиолдолд хяналтын шатны шүүх прокурорын дүгнэлтээр хязгаарлахгүйгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэхийн  бичсэн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай дүгнэлтийг үндэслэн Б.А, Л.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлд заасны дагуу хянахдаа уг зүйлийн 1 дэх хэсэгт заасан 4 үндэслэл тогтоогдсон тохиолдолд прокурор мөн хуулийн 41.4 дүгээр зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх дүгнэлтээ анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхэд, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэрийг хяналтын шатны шүүхэд гаргахаар зохицуулсан байна.

Дээрх зохицуулалтын дагуу прокурор Б.А, Л.Б нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан” шинэ нөхцөл байдал илэрсэн гэсэн үндэслэлээр дүгнэлт бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил хорих ял, 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-д зааснаар 1 жил хорих ялаар, шүүгдэгч Л.Б-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 350 цаг, 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Б.А-ийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил хорих ял, Л.Б-гийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтэн 700 цагийн хугацаагаар тогтоож, хорих болон нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр зааж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шүүгдэгч Л.Б-гийн 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 2 сар 28 хоногийн хорих ял болгон сольж, түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 2 жил 2 сар 28 хоногоор тогтоосон өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4, 39.9 дүгээр зүйлийн 1.4, 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгүүдэд зааснаар давж заалдах болон хяналтын шатны шүүх хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болохоор хуульчлагдсан байсан болно.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дээрх хуулийн заалтуудын ял хүндрүүлэх хэсэгтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэж, Монгол Улсын Үндсэн хуулийн  Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын Монгол Улсын иргэн “...шүүхийн шийдвэрийг давж заалдах...эрхтэй”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөн гэж дүгнэн, 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн 01 дүгээр дүгнэлт гаргасныг Монгол Улсын Их хурал хүлээн зөвшөөрч 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4, 39.9 дүгээр зүйлийн 1.4, 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгүүдэд заасан “ял хүндрүүлэх” тухай зохицуулалтад өөрчлөлт оруулснаар давж заалдах болон хяналтын шатны шүүх ял хүндрүүлэх эрхгүй болж, 2015 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш давж заалдах болон хяналтын шатны шүүхээс ял хүндрүүлсэн хэргүүдийг дахин шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянах үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.

 

Ийнхүү анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлийг тогтоохдоо шүүгдэгчийн эрх зүйн байдлыг зөвхөн тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээнээс хамааруулан тодорхойлж буй нь учир дутагдалтай байна.

 

Учир нь  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль гэдэгт өмнөх хуулиар гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулж байсан ялын төрлийг Эрүүгийн шинэ хуулиар ялын төрлөөс хассан, хүчингүйд тооцсон, тодорхой төрлийн ял оногдуулах, эдлүүлэх, ял, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, журам, нөхцөлийг шинэ хуулиар гэмт хэрэг үйлдсэн хүнд ашигтай байдлаар хуульчилсан, оногдуулсан ялыг тэнсэх, хойшлуулах, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээг оногдуулах, хэрэглэх үндэслэл журмыг хөнгөрүүлсэн зэрэг нөхцөл байдлыг хамааруулан ойлгох бөгөөд эдгээр бүх нөхцөл нь шүүгдэгчид ашигтайгаар хуульчлагдсан тохиолдолд хууль буцаан хэрэглэнэ.

Хэдийгээр 2015 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялыг хөнгөрүүлсэн атлаа эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх буюу хөөн хэлэлцэх хугацаа, оногдуулсан ялыг тэнсэх, хойшлуулах асуудлыг 2002 оны Эрүүгийн хуульд заасан хэмжээнээс хүндрүүлсэн тохиолдолд хууль буцаан хэрэглэхгүйгээр, гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хуулиар шийдвэрлэн, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, оногдуулсан ялыг тэнсэх, хойшлуулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илүү дээрдүүлсэнд тооцогдоно.

 

Шүүгдэгч Л.Б нь 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах 133 дугаар байрны коридорт хохирогч Б.Очирбатын үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Мөн 2017 оны 03 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах 149 дүгээр байрны гадаа зогсож байсан 95-98 УБУ улсын дугаартай, “УАЗ 31514” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явсан гэмт хэргүүдийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэх үед 2002 оны Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хууль буцаан хэрэглэсэн нь үндэслэлтэй байна.

Харин хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх үед шүүгдэгч Л.Б-гийн үйлдсэн хөнгөн гэмт хэргүүдийн 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан 6 сарын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон байтал давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийлгүйгээр хэргийг ердийн журмаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Б нь 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байх үед мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт заасан хөнгөн ангилалд хамаарах гэмт хэргүүдийг үйлдсэн байх бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулиар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрвөл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт үйлчилж байсан бол 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д уг хугацааг 1 жил болгож нэмэгдүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл 2015 оны Эрүүгийн хуульд дээрх гэмт хэргүүдэд оногдуулах ял нь хөнгөрсөн боловч эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хугацааг сунгаж тогтоосон болно.

Иймээс шүүгдэгч Л.Б-г гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч Б.А-ийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах 139 дүгээр байрны гадаа насанд хүрээгүй хохирогч О.М-ын өмсөж явсан ногоон эрээн өнгийн куртикийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан хэмээн прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтаар үйл баримтыг тогтоосон байна.

 

Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох эрхгүй тул прокурор болон хоёр шатны шүүхийн дүгнэсэн үйл баримтын хүрээнд хэргийг хянан хэлэлцэх хуулийн зохицуулалттай билээ.

 

Шүүгдэгч Б.А нь хохирогч О.М-ын өмсөж явсан куртикийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэх үйл баримтыг шүүх тогтоосон тохиолдолд түүний энэхүү үйлдлийг гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчлэхээр байхад шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж 2015 оны Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хууль буцаан хэрэглэх журмыг зөрчсөн байна.

 

Энэ хэргийг прокурор, шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай анги дахь дээрмийн гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзсэн тохиолдолд хүч эс хэрэглэсэн тухай үйл баримтыг тогтоох учиргүй бөгөөд хоёр шатны шүүхээс нэгэнт шүүгдэгч Б.А-ийг О.М-ын хүрэмийг авахдаа хүч хэрэглээгүй талаар дүгнэснийг хяналтын шатны шүүхээс өөрчлөх боломжгүй тул 2002 оны Эрүүгийн хуульд заасан булаалтын гэмт хэргээр зүйлчлэх нь хууль хэрэглээний зөв техник болно.

 

Иймд прокуророос шүүгдэгч Б.А-ийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр булаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Л.Б-гийн нийт эдлэх ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жил хорих ялаар тогтоож, шүүгдэгч Б.А-ийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг биечлэн эдэлж дууссан байх тул Б.А-ийг нэн даруй суллах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн хүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял заавал хэрэглэхээр хуульчилсан байтал анхан шатны шүүх шүүгдэгч Б.А-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар ял шийтгэхдээ эрх хасах нэмэгдэл ял хэрэглээгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүх зөвтгөж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн боловч энэ нь оногдуулсан ялыг хүндрүүлсэн нөхцөл байдалд тооцогдох тул эрх хасах нэмэгдэл ялыг хүчингүй болгож зөвтгөсөн өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 1. “Прокуророос шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэг болгон өөрчилж, түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр булаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Б.А-ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, энэ зүйлд зааснаар оногдуулсан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй”,

“Прокуророос Л.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэг болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон тус тус өөрчилж, түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр дээрх хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт, өөрчлөлтийг тус тус оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Л.Б-гийн нийт эдлэх хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жил хорих ялаар тогтоож, шүүгдэгч Б.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг биечлэн эдэлсэнд тооцож, Б.А-ийг нэн даруй сулласугай.

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН