Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2024/02562

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ***** хаягт байрлах "Х** х******* "ХХК /Регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ***** хаягт оршин суух Б******* овогт Б*******ын С**** /Регистрийн дугаар *******/-д холбогдох,

Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 77 дугаар байрны баруун урагшаа зөвшөөрөлгүй гаргасан явган шатыг буулгаж газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Х*******,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*******,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Ж*******.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Х** х*******" ХХК нь 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 79 тоот хаягт байрлах нэгж талбарын дугаартай 2099 м.кв газрыг үйлчилгээтэй орон сууц зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшдэг. Хариуцагч этгээд Б.С***гын "Г г** с**ны " салон нь 2022 оны 10 дугаар сард "Х** х*******" ХХК-ийн эзэмшлийн газар луу нэвтэрч 77 дугаар байрны баруун урагшаа гарц бүхий явган шат гаргасан. Хариуцагч Б.С*******той биечлэн уулзаж явган шатаа буулгаж газар чөлөөлөхийг шаардсан. Шаардлага хүлээж авахгүй байсан учир Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд газар чөлөөлүүлэх хүсэлт өгсөн. Тус албанаас газар эзэмшигч иргэн аж ахуйн нэгж байгууллага нь өөрийн эзэмшлийн газраа хамгаалах үүрэгтэй тул шүүхэд хандана уу гэсэн хариу өгсөн. Хавтаст хэрэгт хавсаргасан кадастрын зураг дээр тодорхой харагдаж байгаа. Тухайн эзэмшлийн газрын уг хэсэгт автомашин зорчдог ба автомашин зорчих хэсэгт саад учруулж байгаа учраас энэ нь манай үйл ажиллагаанд ноцтой нөлөөлж байна гэж үзэж байна. Иймд "Х** х*******" ХХК нь өөрийн эзэмшлийн газар дотор зөвшөөрөлгүй гаргасан явган шатыг буулгуулж өөрийн эзэмшлийн газрыг чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэв.

2. Хариуцагч болон шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Манай Г г** с**ны салон нь Баянзүрх дүүргийн *****тоотод 2022 оны 8 дугаар сараас албан ёсны зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Уг үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Б.С**** биш болно. Миний хувьд уг орон сууцны өмчлөгч Э.Хтэй харилцан тохиролцож түрээсийн гэрээ байгуулан салоны үйл ажиллагаа явуулж байна. Х** х******* ХХК-ийн зүгээс явган шатыг буулгах талаар удаа дараа мэдэгдсэн албан ёсны шаардлага бичиг ирүүлж байгаагүй бөгөөд уг шатыг өмчлөгч өөрсдөө гаргасан байдаг учир хариуцагчийн зүгээс хариуцах боломжгүй юм. Манай с***ны зүгээс Х** х******* ХХК-ийн эзэмшлийн газарт нэвтрээгүй бөгөөд тус компанийн үйл ажиллагаа явуулах боломж нөхцөл, эрхийг хязгаарласан зүйл байхгүй. Х** х******* ХХК нь орон сууцны бүх цонхыг хааж газар эзэмших эрх авсан нь хууль бус гэж үзэж байна. Цаашид энэ талаар зохих газарт нь гомдол гаргах болно. Учир нь уг газарт барилга барихаар байрны бүх цонхыг таглаж оршин суугчдын өмчлөх эрхэд халдсан үйлдэл мөн болно. Иймд Хур х******* ХХК-ийн гаргасан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Учир нь Б.С****гын зүгээс Х** х******* ХХК-ийн ямар эрхийг хэрхэн хөндөж зөрчиж байгаа нь тодорхойгүй байна. Түрээсийн үйл ажиллагаа явуулахад түрээслүүлэгч үйл ажиллагааны шаардлагыг хангаж өгөх ёстой байдаг. Тийм учраас түрээслүүлэгч нь шат гаргаж өгсөн. Хариуцах хүн нь Б.С*** биш нэхэмжлэгч тал хариуцагчаа буруу сонгосон байна гэв.

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2-4/, дугаартай Аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээ /5/, Х** х******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-6/, газрын кадастрын зураг /хх-7/, фото зураг /хх-9/, Х** х******* ХХК-ийн 2023.01.11-ний өдрийн Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд гаргасан өргөдөл /хх-10/, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023.01.13-гы өдрийн 01-08/221 дугаартай албан бичиг /хх-11/,

3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: Б.С***гын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-18/, 2023.11.30-ны өдрийн итгэмжлэл /хх-22/, дугаартай Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-23/, 2024.04.09-ний өдрийн хариу тайлбар /хх-30/, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх-31/, 2024.05.08-ны өдрийн хариу тайлбар /хх-57/, 2024.05.07-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө түрээсийн гэрээ /хх-58/.

Хэрэгт авагдсан  шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Х** х******* ХХК нь хариуцагч Б.С*******д холбогдуулан Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 77 дугаар байрны баруун урагшаа зөвшөөрөлгүй гаргасан явган шатыг буулгаж газар чөлөөлүүлэх шаардлагыг гаргасан.

3. Хариуцагч нь ****** тоот орон сууцыг түрээслэн гоо сайхны салоны үйл ажиллагаа явуулдаг, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш тул түүнийг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй гэх тайлбарыг гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

4. Иргэн, хуулийн этгээд нь хуульд зааснаар хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах эрхтэй ба Иргэний хуулийн 90 дүгээр зүйлд зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ. Мөн хуулийн 92 дугаар зүйлд зааснаар шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн адил шаардах эрхтэй ба тухайн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсны дагуу шударгаар эзэмшигч мөн гэдгийг баталж, нотолсон байх шаардлагатай.

 5. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Х** х******* ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/975 дугаар захирамжаар Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 79 хаягт байрлах, нэгж талбарын дугаартай 2099 м.кв газрыг үйлчилгээтэй орон сууц зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж, эрхийн улсын бүртгэлийн Э-2204028124 дугаарт бүртгүүлэн дугаартай Аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсоны дагуу тус газрыг эзэмшдэг болох нь тогтоогдож байна. /хх-ийн 5/

Нийслэлийн дүүргүүдийн хороодын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр Баянзүрх дүүргийн 6, 25 дугаар хороод 43 дугаар хороо болон өөрчлөгдсөн бөгөөд нэхэмжлэгчийн эзэмшлийн газар нь шинэчилсэн зохион байгуулалтаар 43 дугаар хорооны нутагт хамаарах болсон байх ба энэ талаар талууд маргаагүй.

6. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тус компанийн эзэмшлийн газарт Натур худалдааны төв худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, ****** тоотод гоо сайхны салоны үйл ажиллагаа явуулж буй Б.С**** нь тус компанийн эзэмшлийн газарт буюу 77 дугаар байрны баруун урагшаа гарц бүхий явган шат гаргаж, эзэмшлийн газрын автомашин зорчих хэсэгт саад учруулж, үйл ажиллагаанд ноцтой нөлөөлж байгаа гэж тайлбарлаж байна.

7. Эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн ****** тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Г.Ж, Б.Э, Э.А, Э.Х, Э.Е нар бүртгэгдэж, 2005 оны 7 дугаар сарын 08-ны өдөр дугаартай Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 23/

8. Хариуцагч Б.С**** нь ** тоот орон сууцны өмчлөгч Э.Хтэй түрээсийн гэрээ байгуулан гоо сайхны салоны зориулалтаар үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба хариуцагч нь түрээслүүлэгч болох орон сууцны өмчлөгч нь түрээслэгчид үйл ажиллагаа явуулах боломжийг нь хангахаар явган шатыг гаргаж өгсөн гэх тайлбарыг гаргасан. /хх-ийн 58/

9. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн эзэмшлийн газар луу явган шат гаргасан гэх ****** тоот орон сууцны өмчлөгч нь Э.Х нарын нэр бүхий 5 иргэн болох нь тогтоогдож байх ба эдгээр иргэдийн өмчлөлийн орон сууцнаас гадагш гаргасан явган шаттай холбогдох шаардлагыг уг орон сууцны түрээслэгч этгээд болох Б.С****д холбогдуулан гаргасан нь учир дутагдалтай буюу үндэслэлгүй байна.

Тодруулбал, хариуцагч Б.С**** нь ***** тоот орон сууцыг түрээслэн үйл ажиллагаа явуулж буй үйл баримт тогтоогдож байх боловч маргаан бүхий явган шатыг нэхэмжлэгчийн эзэмшлийн газар луу гаргасан асуудал нь өмчлөгчтэй холбоотой асуудал гэж үзэхээр байх ба явган шат гаргасан асуудалд хариуцагч хамааралтай болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд нь Б.С**** биш гэж үзэх үндэслэлтэй байна.

10. Хариуцагч нь Х** х******* ХХК нь орон сууцны бүх цонхыг хааж газар эзэмших эрх авсан нь хууль бус, цонхыг таглаж оршин суугчдын өмчлөх эрхэд халдаж байна гэх тайлбарыг гарган маргаж байх боловч уг тайлбар, татгалзалаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар нотлох баримтаар нотлоогүй ба нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хууль бус болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Мөн нэхэмжлэгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө буюу хүсэлтийн шатанд ямар нэгэн хүсэлт гаргаагүй бөгөөд шүүх хуралдаан завсарлахаас өмнө гаргасан нэмэлт тайлбартаа өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасан хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хүсэлтийг хүлээн аваагүй болохыг дурдах нь зүйтэй

11. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэхэд хариуцагч Б.С****д холбогдох Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 77 дугаар байрны баруун урагшаа зөвшөөрөлгүй гаргасан явган шатыг буулгаж газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Хур х******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

12. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасан эд хөрөнгийн бус нэхэмжлэл гэж үзэн улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг төлүүлэх нь хуульд нийцнэ.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 08 минутад 70,200 төгрөг, 10 цаг 09 минутад 70,200 төгрөг, 10 цаг 11 минутад 70,200 төгрөг тус тус төлсөн байх ба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 140,400 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасныг баримтлан хариуцагч Б.С****д холбогдох Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 77 дугаар байрны баруун урагшаа зөвшөөрөлгүй гаргасан явган шатыг буулгаж газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Х** х******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 140,400 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Х** х******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР