Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар  2022/ДШМ/503

 

 

 

 

У.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Зориг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Энхжаргал,  

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,  

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 2022/ШЗ/759 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ж.Энхжаргалын бичсэн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 14 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн У.Мд холбогдох 2203000960165 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

...... тоотод оршин суух хаягтай,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 8-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан; 

Шүүгдэгч У.М нь Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улаан-Чулуутын хогийн цэг дээр 2022 оны 02 дугаар сарын 7-ны өдрийн 20 цагийн үед Hyundai HD-120 маркийн 19-21 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а-д заасан “а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн дүрмийн 10.14-т заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас хогийн цэг дээр байсан В.Эыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас:

У.Мөнх-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  

“...Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, шүүх хуралдаанд яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлаад, хэргийг прокурорт буцаан, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нь зүйтэй гэж үзлээ.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5. “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж заажээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн эсэх асуудлыг нэг мөр шийдвэрлээгүй хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь мөн зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг хангагдаагүй гэж үзэх үндэслэл болж байгаа.

Хэргийг хялбаршуулсан журмаар шүүх шийдвэрлэхэд процессын хуулиар тавигдаж буй шаардлагуудын нэг бол гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хэн төлөх, хэнээс хэдэн төгрөг гаргуулах нь тодорхой буюу уг асуудлаар ямар нэгэн маргаангүй байх тухай ойлголт юм.

Тээврийн прокурорын газрын 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 162 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтын 5 дахь заалтад “... төлөгдөөгүй төлбөрийн хэмжээ 4,365,845 төгрөг, яллагдагч нь уг төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн...” гэж бичигдсэн.

Тээврийн прокурорын газарт “...2,000,000 орчим мөнгө авч эмчилгээнд зарцуулсан, энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хохирогчийн хүсэлт (хавтаст хэргийн 151 хуудас)-д түүний нэрийн тайлал бичигдсэн, гарын үсэг зурагдаагүй.

Иргэний хариуцагч Э.Батчимэгийн “...Hyundai HD-120 маркийн 19-21 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай байгууллагын нэр дээр байдаг. Манай байгууллагын зүгээс хохирол мөнгөтэй холбоотой асүүдлыг жолооч Мөнх-Эрдэнэтэй хамт төлнө...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дүгээр тал) зэргээр гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх асуудлаар эргэлзээтэй баримтууд хэрэгт авагдсан.

2. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын гарын үсэгтэй албан бичгээр “эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг буруутай этгээдээс гаргуулахад хуульд заасан чиг үүргийнхээ дагуу оролцож өгнө үү” гэсэн хүсэлтийг Тээврийн прокурорын газарт хандаж гаргасан. 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 146, 146 дугаар тал/-оор иргэний нэхэмжлэгчээр Тээврийн прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор Ч.Энхтуяаг тогтоосон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж хуульчилсан.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга нь Тээврийн прокурорын газарт албан бичгээр хандаж тухайн эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжпэл гаргах хүсэлтээ илэрхийлсэн гэж үзэхээр байх ба уг хүсэлтийн дагуу мөрдөгч, прокурор Эрүүл мэндийн даатгалын өрөнхий газрыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгчээр тогтоож, эрх, үүргийг танилцуулах ажиллагааг явуулах. Харин тус газрыг төлөөлж прокурор иргэний нэхэмжлэгчээр оролцох бол Тээврийн прокурорын газрыг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд болох ерөнхий прокурорын итгэмжлэлээр иргэний нэхэмжлэгчээр прокурорыг оролцуулах, хэрэгт хяналт тавьж буй прокурор хуулиар өөрт олгогдоогүй эрхийг эдэлж Тээврийн прокурорын газрыг төлөөлөн оролцох прокурорыг томилсон, мөн уг томилогдсон прокуророос нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж тайлбар, мэдүүлэг аваагүй буюу Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилж байгаа мөнгөний үнийн дүнг дэмжиж байгаа эсэхийг тодруулаагүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1, 3, 5 дахь хэсгийг зөрчсөн. Дээрх нөхцөл байдал нь Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4. “Прокурор өөрийн санаачилгаар төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах ажиллагааг хэрэгжүүлж байгаа тохиолдолд итгэмжлэлгүйгээр оролцоно” гэж заасантай нийцэхгүй. Уг хэрэгт прокурор нь иргэний нэхэмжпэгчээр ЭМДЕГазрын хүсэлтээр оролцох урьдчилсан нөхцөл байдал тогтоогдсон.

3. Хохирогч В.Э нь 2022 оны 02 дугаар сарын 7-ны өдөр 20 цагийн үед хогийн цэг дээр буруу хараад газар суугаад хог түүгээд сууж байхад миний араас карматай хогийн машин ухарч байгаад намайг мөргөөд би уг машины доогуур орсон. Нэг мэдсэн намайг тэр хавьд байсан 2 хүн татаж автомашин доороос гаргасан. Тэгээд би нэг сэрэхэд машин байхгүй би газар хэвтэж байсан. Маргааш нь босож чадахгүй байсан тул гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд нурууны 3-р үе хугарсан, баруун хөл хавдартай гэсэн онош гарсан. Гэмтлийн эмнэлэгт 2022 оны 02 дугаар сарын 8-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл гэмтлийн эмнэлгийн хүзүү нурууны тасагт хэвтэн эмчлүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 хуудас),

- Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч О.Дулаанжаргалын “... уг машины жолоочийг тогтоож болсон хэргийн талаар асууж тодруулахад тухайн үед мөргөсөн зүйл мэдэгдээгүй гэхдээ ганц нэг хүн, хүн мөргөчихлөө гэх дуу сонсогдож байсан гэх яриа өгүүллэг гаргасан...” гэсэн илтгэх хуудас (хавтаст хэргийн 18 дугаар тал),

- Гэрч Н.Цогтбаатарын “...Бид нар тухайн өдөр хогийн цэг дээр орж ирэхэд цөөхөн хүн харагдсан жолооч ухрах үйлдэл хийж байхад нэг эмэгтэй хүний дуу гарч байсан тэгээд жолооч ухарч байгаад зогсоод буцаж урагшлаад буцаад өөр тийш нь дараад ухарсан тэгээд бид нар хогоо буулгаад байж байтал нэг эмэгтэй ирээд “хүн мөргөчихлөө” гэж хэлсэн тэгээд бид нар харсан чинь ямар нэг хүн харагдаагүй тэгээд хогоо асгаад явцгаасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дугаар хуудас)

- У.Мөнх-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн “... хогоо буулгах газраа буулгаад хөдлөөд явсан тэгээд би доошоо уруудаж байхад хог ачигч Цогтбаатар надад сая нэг эмэгтэй чи хүн мөргөчихлөө гэж хэлж байсан тэгээд гэхдээ зүгээрээ наадуул чинь дандаа худлаа хэлж тоглож байдаг юм гэж хэлэхээр нь би нээх юм хэлээгүй хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн...” гэсэн мэдүүлэг хавтаст хэрэгт тус тус авагдсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан бөгөөд дээрх үйл баримтуудад дүгнэлт хийж, шаардлагатай нэмэлт ажиллагаануудыг явуулж У.Мөнх-Эрдэнийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас өөр гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж тогтоох ажиллагааг нөхөн гүйцэттүүлэх шаардлагатай.

Иймд дээрх үндэслэлүүдээр У.Мд холбогдох хэргийг прокурорт буцаах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2,1.3-т заасан шаардлагад нийцэж байгаа болно. ...” гэж шийдвэрлэжээ.    

Прокурор Ж.Энхжаргал эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж заажээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн эсэх асуудлыг нэг мөр шийдвэрлээгүй хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь мөн зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл болж байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шүүх шийдвэрлэхэд процессын хуулиар тавигдаж буй шаардлагуудын нэг бол гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хэн төлөх, хэнээс хэдэн төгрөг гаргуулах нь тодорхой буюу уг асуудлаар ямар нэгэн маргаангүй байх тухай ойлголт юм гээд зарим баримтуудыг дурджээ.

Шүүгдэгч У.М нь мөрдөн байцаалтын шатанд хохиролд баримтаар 1.523.343 төгрөгийг төлсөн ба баримтгүйгээр 500.000 төгрөгийг хохирогчид зарцуулсан, нийт 2.000.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан гэсэн тайлбар мэдүүлгийг гаргасан бол хохирогч В.Эаас эмчилгээ болон бусад зардлын нэхэмжлэлийн баримт гаргаж өгөөгүй ба нийт 2.000.000 төгрөгийн хохирлыг яллагдагч барагдуулсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлэг өгөхийн зэрэгцээ, хохирлын талаар маргаангүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг хэрэгт хавсаргасан.

Шүүх захирамжид хохирогчийн гараар бичсэн хүсэлтэд нэрийн тайлал бичигдсэн, гарын үсэг зурагдаагүй гэсэн байгаа боловч хохирогч мэдүүлэгтээ хохирлын талаар маргаагүй гэдгээ давхар илэрхийлсэн байгаа нотлох баримтыг шүүх үнэлэхгүй орхигдуулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэхэд хянан үзэх нөхцөл байдлуудад “хохирогч хүсэлт гаргах” талаар заагаагүй бөгөөд хохирогчоос хүсэлтийг нь бичүүлж авах нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх талаарх хууль зүйн ойлголтыг тайлбарлаж ойлгуулсан талаарх баримт юм.

Нөгөөтэйгээр тухайн хэрэгт хохирогчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг буруутай этгээдээр төлүүлэх хуулийн шаардлагын дагуу 4.365.845 төгрөгийг шүүгдэгч У.Мэр төлүүлэх талаар түүнд танилцуулахад төлж барагдуулахаа ойлгон ухамсарласны үндсэн дээр хэргийг хялбаршуулах тухай хүсэлт гаргахдаа дээрх төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, мөн шүүхийн хэлэлцүүлгийн үед ч “төлнө” гэдэг байр сууриа илэрхийсэн.

Мөн иргэний хариуцагчийн төлөөлөгч Э.Батчимэг нь “...Hyundai HD-120 маркийн 19-21 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай байгууллагын нэг дээр байдаг. Манай байгууллагын зүгээс хохирол мөнгөтэй холбоотой асуудлыг жолооч Мөнх-Эрдэнийн хамт төлнө...” гэж мэдүүлсэн зэрэг нотлох баримтуудаас дүгнэвэл хохирол, хор уршгийг нөхөн төлөхгүй гэсэн байр суурь илэрхийлэгдээгүй ба харин ч хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн нэгдмэл сонирхол бүхий хэргийн оролцогчид байгаа нь нэхэмжлэл хангагдах бүрэн боломжийг харуулж байхад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн эсэх асуудлыг нэг мөр шийдвэрлээгүй” гэж дүгнэж хуулийн заалтыг бодит байдлаас зөрүүтэй тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй болжээ.

2. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар “эрүүл мэндийн даатгалын сан" гэж даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгө юм.

Тиймээс ч мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байх бөгөөд “холбогдох хууль хяналтын байгууллага” гэдэгт мөрдөх байгууллага, прокурор, шүүх хамаарна гэж ойлгож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж заасны хүрээнд прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж эрүүлийн мэндийн даатгалын санд учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх зорилгоор иргэний нэхэмжлэгчээр Тээврийн прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор Ч.Энхтуяаг тогтоон түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тухай хуулийн 8.2, 8.5, 25.1 дүгээр зүйлд заасан эрх үүргүүдийг тайлбарлан өгсөн, иргэний нэхэмжлэгч нь хэргийн материалтай танилцаад “нэхэмжлэлийг хангаж өгнө үү, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн хүсэлтийг гаргасан баримт хэрэгт авагдсан байхад “нэхэмжлэгчээс тайлбар мэдүүлэг аваагүй, нэхэмжилж байгаа үнийн дүнг дэмжиж байгаа эсэхийг тодруулаагүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Дээрх байдлаар прокурор нэхэмжлэл гаргаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзэж иргэний нэхэмжлэл гаргаж, гарсан нэхэмжлэлийг шийдвэрлүүлэх ажиллагаа тул “итгэмжлэл” шаардлагагүй юм.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан...” хэрэг нь жолооч зам тээврийн гэмт хэрэг үйлдсэн гэдгээ мэдсэний үндсэн дээр тухайн гэмт хэрэгт хариуцлага хүлээхгүй байх зорилгоор хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг.

Хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, осол гарсан газар, цаг хугацаа, тээврийн хэрэгслийн онцлог байдал, хийж гүйцэтгэж байсан ажил, ажлаа дуусаад явсан зэрэг байдлуудаас дүгнэлт хийхэд: хог буулгах цэг дээр харанхуй байсан, хохирогч цааш харсан, хар бараан өнгийн хувцастай сууж байсан, жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь том оврын тээврийн хэрэгсэл бөгөөд ачааны гол хэсгээр хохирогчийг мөргөсөн, жолооч нь хог буулгах төхөөрөмжийг кабинаас буулгүйгээр удирддаг тул машинаасаа буугаагүй, ачигч нар нь бууж хогоо буулгасан боловч мөргүүлсэн хүн харагдаагүй гэдэг, мөн жолоочийг “хүн мөргөчихлөө гээд юу болоод байна” гэхэд “наадуул чинь дандаа худлаа хэлж тоглож байдаг юм” гэж хэлж төөрөгдүүлсэн, хог буулгах ажлаа хийж дуусаад тухайн газраас явсан зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байх тул шүүгдэгч У.Мөнх-Эрдэнийг хувьд зам тээврийн гэмт хэрэг үйлдсэнээ лавтай сайн мэдээгүй, хэргийн газрыг зориуд орхиж зугтаах санаа зорилго байгаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин “хүн мөргөчихлөө” гэсэн яриа өгүүлэмжийг сонсоод бууж сайтар нягталж шалгаж, улмаар Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлэх шаардлагатай байсан гэсэн үүднээс түүнд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 19 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн зарчмыг баримтлан, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой юм.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2022/ШЗ/759 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь, мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

            Анхан шатны шүүхийн У.Мд холбогдуулан ирүүлсэн “...тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а-д заасан “а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн дүрмийн 10.14-т заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.” гэсэн заалтуудыг зөрчиж,  хогийн цэг дээр байсан В.Эыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан...” гэмт хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаасныг үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүхийн:

гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн эсэх асуудлыг хууль зүйн дагуу шийдвэрлээгүй,

-хууль зүйн дүгнэлтгүйгээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар гэсэн байгууллагын иргэний нэхэмжлэгчээр Тээврийн прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор /Ч.Энхтуяа/-ыг тогтоосон асуудлыг шийдвэрлэх,

- У.Мөнх-Эрдэнийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас өөр гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж тогтоох нэмэлт мөрдөн байцаалт хийх гэсэн шийдвэр үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн эсэх асуудлыг хууль зүйн дагуу шийдвэрлэлгүйгээр прокурор нь дан ганц хохирогчийн “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх” хүсэлтээр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлсэн нь /яллагдагч хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг биш “...хэргийг хөнгөнөөр шийдэж өгнө үү...”/хх 150/ гэсэн хүсэлттэй, мөн эрүүл мэндийн даатгалын хохирлын нэхэмжлэгчтэй байхад иргэний нэхэмжлэгчийн хүсэлт байхгүй/ үндэслэлгүй,

- Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын гарын үсэгтэй албан бичгээр “эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг буруутай этгээдээс гаргуулахад хуульд заасан чиг үүргийнхээ дагуу оролцож өгнө үү” гэсэн хүсэлтийг Тээврийн прокурорын газарт хандаж гаргасан байхад хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 146, 146 дугаар тал/-оор Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар гэсэн байгууллагын өмнөөс иргэний нэхэмжлэгчээр Тээврийн прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор /Ч.Энхтуяа/-ыг тогтоосон асуудлыг шийдвэрлэх,

- мөрдөгчөөс “... жолооч Ууганбаатар овогтой Мөнх-Эрдэнэ нь Замын хөдөлгөөний дүрмийн 36.5-ын б, г-д заасан үүргээ зөрчсөн...” /хх-65/  үндэслэлээр У.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэрэг яллагдагчаар татах санал прокруорт ирүүлсэн байхад /хх 69/ проркурор дүгнэлт хийхгүйгээр У.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдаар татсан /хх 70-72/ татжээ. Мөн В.Эын “миний араас карматай хогийн машин ухарч байгаад намайг мөргөөд би уг машины доогуур орсон. Нэг мэдсэн намайг тэр хавьд байсан 2 хүн татаж автомашин доороос гаргасан. Тэгээд би нэг сэрэхэд машин байхгүй би газар хэвтэж байсан....” (хх 20-21), эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч О.Дулаанжаргалын “...ганц нэг хүн, хүн мөргөчихлөө гэх дуу сонсогдож байсан гэх яриа өгүүллэг гаргасан...” гэсэн илтгэх хуудас (хавтаст хэргийн 18 дугаар тал), гэрч Н.Цогтбаатарын “...нэг эмэгтэй ирээд “хүн мөргөчихлөө” гэж хэлсэн тэгээд бид нар харсан чинь ямар нэг хүн харагдаагүй тэгээд хогоо асгаад явцгаасан...” (хх 27) мэдүүлгүүдэд дүгнэлт хийж, шаардлагатай нэмэлт ажиллагаануудыг явуулж У.Мөнх-Эрдэнийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас өөр гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж тогтоох ажиллагааг нөхөн гүйцэтгэх шаардлагатай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 2022/ШЗ/759 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ж.Энхжаргалын бичсэн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 14 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ПҮРЭВСҮРЭН

              ШҮҮГЧ                                                         Б.ЗОРИГ

              ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ