Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 122

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон

Улсын яллагч  Н.Эрдэмбилэг

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр 

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.А

Өсвөр насны шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч А.Бд холбогдох 1730001170088  дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр  сарын 07-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн, 17 нас 11 сар 9 хоногтой, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй,  эрхэлсэн ажилгүй,  ам бүл 6, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт, ял шийтгэлгүй,  А.Б. 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

           Өсвөр насны шүүгдэгч А.Б  нь 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 13 цагийн орчим Сүхбаатар аймгийн Онгон сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Ухаа-Овоо гэх газарт оршин суух иргэн М.Эын гэрт иргэн Г.Эыг оруулж өгөөд гарах үедээ М.Эын мөнгөн аягыг хулгайлан авч бусдад 700 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Өсвөр насны шүүгдэгч А.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би сумаас Хураал гэдэг газар байдаг найзтайгаа уулзах гээд мотоцикльтой гарч яваад 3 км газар явж байхад Э ахтай таараад базынд хүргээд өг гэхээр нь хүргэж өгсөн. Тэгээд базынд нь очоод сууж байгаад мөнгөн аягыг нь авч явсан гэв. 

 

 Хохирогч М.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би хонио усалчихаад 13 цагийн үед гэррүүгээ  ирсэн юм. Манай гэрийн үүднээс Б гэдэг залуу надтай уулзалгүй мотоцикльтой хөдлөөд явсан. Би нэг их анзааралгүй  гэррүүгээ ороход манай баз Э согтуу хэвтэж байсан. Тэгээд орой хоол цайгаа идэж уух гээд аягаа эрээд олоогүй. Манай аав надад гэр бүл болоход өгсөн дээр үеийн хуучны мөнгөн аяга байсан. Хүрэн модыг мөнгөлж хийсэн цулгуй, хээгүй, мөнгө нь их хүнд аяга юм. Би хөдөө гэрээсээ алдсан мөнгөн аягаа А.Бгээс буцааж авсан. Одоо надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг / хх-н 5-6-р хуудас /, 

         Гэрч Г.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би гэртээ очоод базынд орж авдарнаас нь 1.5 литрийн пивоны савтай монгол архи гаргаж ирээд уусан. Тэр үед Б надтай цуг байсан бөгөөд манай баз Эын хойт орон дээр суучихаад хойт авдар дээр нь байсан мөнгөн аягыг үзээд дээр үеийн мөнгөн аяга байна гэж хэлж байсан. Би тэгэхээр нь хуучны аяга гэж хэлээд наад аягаа тавь гэж хэлсэн. Тэгээд Б удалгүй яваад өгсөн. Орой нь манай баз ирээд цайгаа уух гээд мөнгөн аягаа эрээд олоогүй. Тэгэхээр нь би Б ирээд явсан талаар баздаа хэлсэн... гэх мэдүүлэг, / хх-н 08-р хуудас/

 

            Гэрч Д.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...А.Б нь эцэг эхээс 4-үүлээ бөгөөд айлын 3 дахь хүүхэд юм. Багаасаа над дээр өссөн эмээгийн хүүхэд юм. Төлөв даруу зантай уян зөөлөн хүн. Хүний үгнээс гардаггүй гэр орны ажилд туслаад явдаг хүүхэд. Өмнө нь янз бүрийн асуудал гаргаж байгаагүй. Яагаад ийм асуудал гаргасныг гайхаж байна. Сургуулиас 2015 онд гарсан. Хичээл номондоо гайгүй сурдаг байсан  ” гэх мэдүүлэг, / хх-н 12-р хуудас  / 

 

-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2017 оны 10-р сарын 16-ны өдрийн

эд зүйлийн үнэлгээ / хх 03-р хуудас /

 

          - Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-н  22-р хуудас /

 

-А.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа / хх-н 06-р хуудас/ 

 

-Сүхбаатар аймгийн Онгон сумын  5 дугаар  багийн Засаг даргын 2017оны 10-р сарын 17-ны  өдрийн 195 дугаартай тодорхойлолт  / хх-н  27-р хуудас /

 

-А.Бгийн нас тоолсон тухай тэмдэглэл /хх 41-р хуудас/

 

-А.Бгийн сурагчийн хувийн хэрэг /хх 29-39-р хуудас / зэргийг шинжлэн судалсан болно.

                     

  Өсвөр насны шүүгдэгч А.Б  нь 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 13 цагийн орчим Сүхбаатар аймгийн Онгон сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Ухаа-Овоо гэх газарт оршин суух хохирогч  М.Эын гэрээс   мөнгөн аяга  хулгайлан  700 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь өсвөр насны шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч М.Э, гэрч  Г.Э, Д.Д нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн  судлагдсан болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

          

Өсвөр насны шүүгдэгч А.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон  тул өсвөр насны шүүгдэгч А.Бг    хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2-т “ өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах  хүмүүжүүлэхэд чиглэсэн байна”,    мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3-т “өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан  ял оногдуулж, оногдуулсан ял дээр нэмж хүмүүжлийн  чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж хуульд заасан байх тул өсвөр насны шүүгдэгч А.Бд Эрүүгийн хуулийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 120 цагийн  нийтэд тустай ажил хийлгэх, Эрүүгийн хуулийн 8.3 дугаар зүйлийн 3  дахь хэсэгт  зааснаар  зан үйлээ засах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

        Өсвөр насны шүүгдэгч А.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг  төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

 

        Өсвөр насны шүүгдэгч А.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт хураагдан ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч М.Э гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус  дурдах нь зүйтэй байна.

 

         Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Өсвөр насны шүүгдэгч А.Бг  хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч  А.Бг 120 /нэг зуун хорин/ цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны ялтан А.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 3-аас дээшгүй цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны ялтан А.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Бд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг 1 /нэг/ жилийн хугацаанд хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Бг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд 1 /нэг/ жилийн хугацаанд хамруулах үүргийг хэрэгжүүлэхийг Сүхбаатар аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт  даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Бг  хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний хууль ёсны  төлөөлөгч  төрсөн эцэг Б.Ат даалгасугай.

 

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч А.Бд авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Өсвөр насны шүүгдэгч А.Б нь цагдан хоригдоогүй,  бичиг баримт,  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч  М.Э  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.САНЖИДМАА