Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 123

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон                                                                                                                       

Улсын яллагч Н.Эрдэмбилэг

Шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Гт  холбогдох эрүүгийн 1730001480095 дугаартай  хавтаст хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1972 оны 07 дугаар сарын 25-ний өдөр Сүхбаатар аймгийн  Дарьганга суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, боловсролгүй,  мэргэжилгүй,  эрхэлсэн ажилгүй,  ам бүл 3, эцэг эхийн хамт, ял шийтгэлгүй, М.Г. 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч М.Г нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний  өглөө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг хохирогч  И.Ог иргэн Эийн гэрт байхад нь очиж уулзаад түүнтэй маргалдан зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ. 

                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах   нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  - Шүүгдэгч М.Г  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хотоос ирээд Оаатай утсаар ярихад айлд байна хүрээд ир гэхээр нь айлд хоосон очоод яах вэ гэж бодоод сүү, 2 пиво аваад очсон. Тэгээд маргааш нь гаднаас хоёр хүн орж ирэхээр нь энэ хүмүүс юу юм бэ гэхэд чамд хамаагүй гэхээр нь муудаж маргалдсан. Тэгээд цагдаа дуудаад намайг баривчлуулсан гэв. 

 

-Хохирогч И.Огийн мөрдөн байцаалтанд өгсөн:  “...2017 оны 10 дугаар  сарын 23-ны орой    Эийн гэдэг айлд байхад Г над руу утсаар ярихаар нь би хүрээд ир гэсэн. Г 2 шил архи авч ирээд тэнд Б бид 3 архи ууж хоносон. Маргааш өглөө нь тэднийд 2 танихгүй залуу пиво бариад орж ирсэн. Тэгсэн чинь Г “энэ юун залуучууд юм чи уулздаг юмуу” гээд намайг толгой болон эрүү, нүүр, хөл гар руу өшиглөж зодсон. Тухайн үед Б салгасан. Миний хувьд гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ асуудлыг хурдан шийдүүлмээр байна. гэх /хх-ийн 06-р хуудас/

 

-Гэрч Ц.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай найз О 2017 оны 10-р  сарын 23-ны өглөө 10 цагийн үед манай гэрт  ирсэн. Өдөржин манайд  байсан. Орой нөхөр Г нь Улаанбаатар хотоос 21 цагийн үед жаахан архи уучихсан ирсэн.Тэгээд манайд 4-үүлээ 2 том пиво дэлгүүрээс авчирч уусан. Өглөө босоод үргэжлүүлээд уусан. Гаднаас манай 2 ах орж ирсэн. Тэд нартай Оаа архи уусан. Тэгээд нөхөр Г нь эхнэрээ зодсон... гэх мэдүүлэг /хх-ийн 07-р хуудас/

 

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 393 дугаартай  дүгнэлтэнд: 1. И.Огийн биед доод уруулын дотор салстын цус хуралт, доод эрүүний үүдэн 1 шүдний булгаралт, дээд эрүүний үүдэн шүдний сулралт, доод эрүү болон зүүн хөлийн гуя, шилбэний хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрхи гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сариулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 14-р хуудас/

 

-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 21-р хуудас/

 

-М.Гын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 26-р хуудас/

 

-М.Гыг ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч М.Г нь  2017 оны 10 дугаар сарын 24-ний  өглөө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5-р баг Дэнжийн 25-01 тоотод  хохирогч  И.Ог   зодож, түүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь шүүгдэгч М.Гын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч И.О, гэрч Ц.Б нарын мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 393 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч М.Гт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон тул М.Гыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.Гын үйлдсэн хэрэг нотлогдсон,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон тул прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 450.000 төгрөгөөр торгох  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

Шүүгдэгч М.Г нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй,  хохирогч И.О гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус  дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Шүүгдэгч М.Гыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Гыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /Дөрвөн зуун тавин мянган/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  ялтан М.Гт оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

5. Ялтан  М.Г нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч И.О гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан М.Гт  авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА