Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар   2022/ДШМ/504 

 

 

 

 

 

 

   

А.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Зориг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батбаатар,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,  

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/213 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Эын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн А.Бд холбогдох 2203000500083 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

....... тоотод оршин сууж байгаа гэх, ял шийтгэлгүй;

Шүүгдэгч А.Бнь Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Барс захын хойд замд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 20 цаг 30 минутын үед Тоёота акуа маркийн 2257 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Эыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас:

А.Бий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч А.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бийг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, иргэний хариуцагч Ц.Оюунтунгалаг нараас  420.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Эад олгож, хохирогч Д.Э нь хохирол, хор уршгийн талаархи баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.    

Хохирогч Д.Э гомдолдоо: “...Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шинжээчийн 1332 дугаартай дүгнэлтэд дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дахь хэсэгт зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна, Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 43-45/ авагдсан хэмээн шийтгэх тогтоолын үндэслэл болгосон.

Дээрх дүгнэлтээс үзэхэд миний хөлийг нөхөн сэргээгдэх буюу эдгэрэх боломжтой гэж дүгнэсэн байна. Миний хөлний өвдөг буюу тойгны яс бүхэлдээ бяцарч, цаашид нөхөн сэргээгдэх боломжгүй гэж эмч дүгнэсэн ба тодорхой хугацааны турш ажиглах шаардлагатай, ажиглаад нөхөн сэргээлт авахгүй бол хөлийг тайрахаас өөр арга байхгүй гэж хэлсэн ба тайрахгүй байлаач нөхөн сэргээгдэхгүй таны хөл урьд өмнөх шигээ хэзээ ч хэвийн ажиллагаатай болохгүй зөвхөн амьгүй унжсан байдалтай байна гэж хэлсэн боловч сүүлийн үзлэгээр яаралтай хагалгаанд орж тайруулахгүй бол ийм урт хугацаанд идээ бээр гоожсон, төлжихгүй байдалтай байж болохгүй. Ийм байдлаар удвал цаашаагаа ясаа иддэг гэж зөвлөсөн. Иймд бид нарийн мэргэжлийн эмчийн заавар зөвлөгөөний дагуу хөлөө тайруулах нөхцөл байдал үүсээд байна.

Гэвч шинжээч эмч нөхөн сэргээгдэх боломжтой, цаашид хөдөлмөрийн ерөнхий  тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн үндэслэлгүй дүгнэлт гаргасан байхад шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна. Миний бие байнга өвчинтэй тэмцэж байнгын идээ бээр, цус гойжиж, явж чадахгүй шалтгааны улмаас шүүх хуралд орж чадаагүй боловч миний эзгүйд шүүх миний нөхцөл байдлыг бүрэн бодитой анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна.

Хөл тайруулах хагалгаа нь эрүүл мэнд амь насны хувьд ч баталгаагүй, эрсдэлтэй хагалгаа бөгөөд хагалгаа амжилттай боллоо ч насан туршдаа тахир дутуу болж байхад үндэслэлгүй хуурамч дүгнэлтийг шүүх үнэлж хэргийг буруу зүйлчилж шийдвэрлэсэн. Шүүх шинжилгээний тухай хуульд зааснаар шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй ойлгомжгүй тохиолдолд дахин шинжилгээ хийх боловч миний асуудлыг анхаарч хэргийг буцаахгүйгээр шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн шүүгдэгч гэм буруу дээр гэмшиж буруугаа ухамсарлаагүйн дээр хохирол төлбөр төлөөгүй бүхэл бүтэн хүн хөлөө тайруулах нөхцөл байдал үүссэн байхад энэ тал дээр санаачлагатай ажиллаагүй. Иймд хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү. ...” гэжээ.

 

Прокурор Ч.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдаанд А.Бгэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрдөг. Эмчилгээний зардал болон бусад хохирлыг төлөхөө илэрхийлсэн тул анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Б, иргэний хариуцагч Ц.Оюунтунгалаг нараас  420.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Эад олгож, хохирогч Д.Э нь хохирол, хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна. Хохирогч Д.Эын гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлтэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхүйц, алдаатай зүйл байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдааны шатанд хохирогчоос шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан гомдол, санал байгаагүй. Шүүх хуралдаанд хохирогч өөрөө оролцоогүй, гомдолдоо дурдсан хөл нь нөхөн сэргэх боломжгүй талаар өмнө илэрхийлсэн зүйлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх А.Бд холбогдох 2203000500083 дугаартай эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ хохирогч Д.Эын гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээг нотолж чадаагүй, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай байна гэж үзлээ.

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь хэргийн бодит байдлыг зөв тогтоох, тогтоогдсон үйл баримтын хүрээнд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх ач холбогдолтой.

Тээврийн прокуророос шинжээчийн 1332 дуугартай дүгнэлтэд үндэслэн “...явган зорчигч Д.Эын биед зүүн дунд чөмөгний доод 1/3 -ийн зөрүүтэй далд хугарал, зүүн гуя, өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт...” бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэж үзэж, тус гэмтлийг учруулсан А.Бий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчлэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх мөн тус зүйл хэсгээр зйүлчлэн А.Бийг гэм буруутайд тооцжээ.

Хохирогч Д.Э “...Шүүх шинжээчийн 1332 дугаартай дүгнэлтээр миний хөлийг нөхөн сэргээгдэх буюу эдгэрэх боломжтой гэж дүгнэсэн байна. Миний хөлний өвдөг буюу тойгны яс бүхэлдээ бяцарч, цаашид нөхөн сэргээгдэх боломжгүй, тодорхой хугацааны турш ажиглах шаардлагатай, ажиглаад нөхөн сэргээлт авахгүй бол хөлийг тайрахаас өөр арга байхгүй, тайрахгүй байлаа ч нөхөн сэргээгдэхгүй гэж эмч хэлсэн...” гэх гомдол гаргасныг хянахад;

хохирогч Д.Эын биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтэд “... 2021 оны 12 дугаар сарын 31, 2002 оны 1 дүгээр сарын 3, 4-ний эмчийн үзлэгийн тэмдэглэлд “...өвдөгний үеэр хөдөлгөөнтэй холбоотой эмзэглэл хөдөлгөөнтэй...” /хх 44/  гэж бичигдсэн, шинжээчийн дүгнэлтэд “...өвдөгт цус хуралт...” гэсэн /хх 44/ тусдаа гэмтэл гарсан байна. Иймээс хохирогчийн “...хөлний өвдөг буюу тойгны яс бүхэлдээ бяцарсан..” гэсэн гомдлыг шүүх нягтлах шаардлага үүссэн ба хохирогч Д.Эын өвчний түүх хэрэгт байхгүй байгаа нь гомдолд хариу өгөх боломжгүй байдалд хүргэлээ.

Иймд хохирогчийн “...хөлний өвдөг буюу тойгны яс бүхэлдээ бяцарч, цаашид нөхөн сэргээгдэх боломжгүй гэж эмч дүгнэсэн...” гэсэн байдал, шүүгдэгч А.Бий Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Барс захын хойд замд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 20 цаг 30 минутын үед явган зорчигч Д.Эыг мөргөсний улмаас үүссэн гэмтлүүд бүрэн тогтоогдсон эсэх, гэмтлүүд нь А.Бий үйлдлийн улмаас үүссэн үү, эсхүл эмчилгээ оношлогоотой холбоотой юу зэрэг нөхцөл байдлуудад нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Бд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Тээврийн прокурорын газарт буцааж шийдвэрлэлээ.

Хэргийг прокурорт очтолд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/213 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Бд холбогдох 2203000500083 дугаартай эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Тээврийн Прокурорын газарт буцаасугай.    

2. Хэргийг прокурорт очтол А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ПҮРЭВСҮРЭН

              ШҮҮГЧ                                                         Б.ЗОРИГ

              ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ