| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00332/и |
| Дугаар | 152/ШШ2024/00313 |
| Огноо | 2024-07-22 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 152/ШШ2024/00313
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б.Бгийн,
Г.Оыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бадамсүрэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Г.О бид хоёр 2009 онд гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан. Бид 4 хүүхэдтэй, бидний хүүхдүүд 14, 9, 5, 3 настай. Нөхөр Г.О 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хот явсан. Хот явснаас хойш огт яриагүй, миний дугаарыг блоклож, холбоо хамааралгүй болсон. Одоо хүртэл ямар ч холбоо хамаарал байхгүй, хаана амьдарч байгаа нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжилж, хаягийг тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Би одоо 4 хүүхдийн хамт Увс аймгийн Өлгий суманд амьдарч байгаа. 1 сараас хойш ганцаараа 4 хүүхдээ харж тэжээж амьдарч байна. Г.О нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, зүүн дөрвөн замын Баянцээлийн 23 дугаар байрны 3 дугаар орцын 55 тоотод амьдарч байсан байх магадлалтай. Т.Оын регистрийн дугаар ......., ургийн овог ......................... Нөхөр Г.Оын хаяг байршлыг тогтоож 4 хүүхдэд тэтгэмж тогтоолгож, эцгийн үүрэг хариуцлагыг үүрүүлэхийн тулд эрэн сурвалжлах хүсэлт гаргаж байна” гэжээ.
Хүсэлт гаргагч Б.Б шүүхэд түүний иргэний үнэмлэхийн хуулбар, төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Увс аймгийн Өлгий сумын Хөдөлмөр багийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаартай тодорхойлолт, Увс аймгийн Татварын хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 01/112 дугаартай албан бичиг, Увс аймгийн Өлгий сумын Хөдөлмөр багийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 12 дугаартай тодорхойлолт, О.Ү, О.Д, О.Ү, О.С нарын төрсний гэрчилгээний хуулбар, Г.О, Б.Б нарын гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 18 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Г.Оын оршин суугаа хаягийн лавлагааг нотлох баримтаар бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.Бгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Хүсэлт гаргагч Б.Б нь шүүхэд хандаж нөхөр Г.О ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд түүний хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалт, 155 дугаар зүйлд заасан журмыг баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.
3. Шүүхээс хүсэлт гаргагч Б.Бд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “Миний бие Улаанбаатар хотод эмнэлэгт ээжийгээ асраад шүүх хуралд оролцох боломжгүй байх тул намайг байлцуулахгүйгээр шүүх хурал хийж нөхөр Г.Оыг эрэн сурвалжилж өгнө үү” гэх тайлбар гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ” гэж заасан ба энэ тохиолдолд хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд Б.Бгийн хүсэлттэй иргэний хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
4. Хүсэлт гаргагч Б.Б нь Г.Оыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
4.1. Б.Б нь Г.Отай 2009 онд гэр бүл болж, 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр охин Ү, 2009 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр охин О.С, 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр охин О.Ү, 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүү О.Д нарыг төрүүлсэн.
Хүсэлт гаргагч Б.Б нь нөхөр Г.Отай 2009 оноос 2023 оны 12 дугаар сарыг хүртэл гэр бүлийн хамтын амьдралтай байсан бөгөөд Г.О нь 2023 оны 12 дугаар сард Улаанбаатар хот явсан боловч тухайн цаг хугацаанаас хойш эхнэр болон гэр бүлийн бусад гишүүдтэй зориуд холбогдоогүй, харилцаагүй болсон байна.
Иймд хүсэлт гаргагч Б.Б нь нөхөр Г.Оаас гэрлэлтээ цуцлуулж, насанд хүрээгүй дөрвөн хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй боловч Г.Оын оршин суугаа хаягийг тодорхойлох боломжгүйн улмаас түүнд холбогдуулан шүүхэд гэрлэлт цуцлуулах, насанд хүрээгүй хүүхдүүдээ өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна гэв.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5.1. Б.Б, Г.О нар нь 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болж, 2009 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр охин О.С, 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр охин Ү, , 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр охин О.Ү, 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүү О.Д нарыг төрүүлжээ.
5.2. Хүсэлт гаргагч Б.Б нь нөхөр Г.О болон 4 хүүхдийн хамт Увс аймгийн Өлгий сумын Хөдөлмөр багт оршин сууж байсан бөгөөд нөхөр Г.О нь 2023 оны 12 дугаар сард Улаанбаатар хот явсан боловч эргэж ирээгүй, эхнэр болон хүүхдүүдтэйгээ уулзаагүй, холбогдоогүй байна.
Г.О нь Увс аймгийн Хөдөлмөр багт байнга оршин суух бүртгэлтэй боловч тус хаягт оршин суухгүй байгааг Увс аймгийн Өлгий сумын Хөдөлмөр багийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаартай албан бичиг, 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 12 дугаартай албан бичгээр тус тус тодорхойлсон байна.
Түүнчлэн, шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар гаргуулсан Г.Оын оршин суугаа хаягийн лавлагаагаар Г.О нь Увс аймгийн Өлгий сумын Хөдөлмөр багт оршин суух бүртгэлтэй, хаягийн шилжилт хөдөлгөөн хийлгээгүй болох нь нотлогдож байна.
5.3. Хүсэлт гаргагч Б.Б нь Гэр бүлийн тухай хууль, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд заасан журмын дагуу гэр бүлийн маргааныг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэхээр Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан байна.
Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад уригдагч тал Г.О нь Увс аймгийн Өлгий сумын Хөдөлмөр багт бүртгэлтэй боловч тус хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул өргөдөл гаргагчийн өргөдлийг буцааж, 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгожээ.
6. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа дээрх үйл баримтын хүрээнд Г.Оыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд түүний оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул хүсэлт гаргагч Б.Бгийн хүсэлтийг хангаж, Г.Оыг эрэн сурвалжлахаар шийдвэрлэв.
Тодруулбал, Г.О нь 2023 оны 12 дугаар сараас хойш эхнэр, хүүхдүүдтэйгээ буюу гэр бүлтэйгээ холбогдоогүй, харилцаагүй бөгөөд хүсэлт гаргагч Б.Б нь Г.Оаас гэрлэлтээ цуцлуулах, насанд хүрээгүй дөрвөн хүүхдээ өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай гэр бүлийн маргааныг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу шийдвэрлүүлэхээр тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч уригдагч талын оршин суугаа газар тодорхойгүйн улмаас эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаягийг нэхэмжлэлд тусгаж, нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангасан нэхэмжлэлийг шүүхэд гаргах үүрэгтэй ба нэхэмжлэлд хариуцагчийн хаягийг тодорхой тусгаагүй бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болно.
Ийнхүү Г.О нь Увс аймгийн Өлгий сумын Хөдөлмөр багт байнга оршин суух бүртгэлтэй боловч тус хаягт 2023 оны 12 дугаар сараас хойш оршин суугаагүй болох нь тогтоогдож байх бөгөөд хүсэлт гаргагч Б.Б нь нөхөр Г.Оын оршин суугаа газрыг мэдэхгүйн улмаас түүнд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, насанд хүрээгүй 4 хүүхдээ өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.
Иймд хүсэлт гаргагч Б.Бгийн нөхөр Г.Оыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг үндэслэлтэй гэж дүгнэв.
Хүсэлт гаргагч Б.Бгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан ....... регистрийн дугаартай, эрэгтэй, Г.Оыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Оыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоохыг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч Б.Бгийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
4. Г.Оын оршин суугаа газрыг тогтоож, хүсэлт гаргагч Б.Бд /............/-д мэдэгдэхийг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА