Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 116

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны  “А”  танхимд  нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Цолмон 

Улсын яллагч Г.Амарсайхан                 

Шүүгдэгчийн  өмгөөлөгч Ж.Цээсүрэн 

Шүүгдэгч Ц.Б, Ш.Д нарыг оролцуулан тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б, Ш.Д нарт холбогдох 2017170000940045 дугаартай хэргийг 2017 оны  10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

                                   Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн  ажилгүй, ам бүл 4, ял шийтгэлгүй Ш.Д.

 

Монгол Улсын иргэн, 1972 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд  төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  жолооч мэргэжилтэй, эрхэлсэн  ажилгүй, ам бүл 3, ял шийтгэлгүй Ц.Б. 

 

Холбогдох хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

 

Яллагдагч Ш.Д нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр Дээж худалдааны төвийн зүүн талын автомашины зогсоол дээр 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр машин мөргөсөн гэж шалтаглан Ц.Бийн  эрүүл мэндэд баруун богтос ясанд цууралт, баруун тохойд зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, хүзүү, зүүн сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан,  

 

 

Яллагдагч Ц.Б нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр Дээж худалдааны төвийн зүүн талын автомашины зогсоол дээр 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хэл амаар доромжиллоо гэж шалтаглан Ш.Дгийн эрүүл мэндэд зүүн нүдэнд алимны цус хуралт, зүүн хацар хамарт зөөлөн эдийн няцрал, хамар, дээд уруул, зүүн шанаанд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   -Шүүгдэгч, хохирогч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Дээж худалдааны төвийн зогсоол дээр таксинд явах гээд зогсож байхад намайг хүн утсаар дуудахаар нь хөдлөх гэхэд Дгийн машин  ард зогссон байсан. Би машинтайгаа гарах гээд ухрахад Д  жаахан зай  гаргасан юм. Би ухараад урагшилахдаа Дгийн машиныг мөргөчихсөн. Тэгсэн чинь Д машин мөргөчихлөө гээд намайг заамдаж аваад цохисон. Үүнээс болж маргалдсан. Би Дгээс уучлалт гуйж байна. Бид хоёр шүүх дээр эвлэрсэн. Надад Дгээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй  гэв.

  

-Шүүгдэгч, хохирогч  Ш.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид эвлэрсэн, нэхэмжлэх зүйл байхгүй. Би гомдолгүй. Шүүхийн өмнө Б ахаас уучлалт гуйж эвлэрч байна. Цагдаа, прокурор дээр иргэн Б уучлалт гуйгаагүй. Энэ хүн өөрөө ухарч байгаад миний машиныг мөргөсөн. Би хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан хүн. Хүнтэй муудаад байх шалтгаан байхгүй. Би энэ хүнээс ганцхан уучлалт гуйхыг л хүлээж байсан. Надаас уучлалт гуйхгүй явсаар байгаад шүүх дээр ирсэн. Би хохирсон ч гэсэн энэ хүнээс мөнгө төгрөг нэхээгүй. Би Б ахад “Та цагаан цаасан дээр ял шийтгэлтэй гэж бичүүлэх гээд байгаа юм уу та надаас уучлаарай гээд хэлчих ” гэж л хэлсэн. Шүүх дээр ирээд өмгөөлөгчийн туслалцаа аваад эвлэрсэн. Б ах надаас уучлалт гуйсан гэв. 

 

-Шүүгдэгч Ш.Д, Ц.Б нарын  2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан: Бид 2 ялимгүй зүйлээс шалтаглан хоорондоо маргалдан муудалцаж, харилцан бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Бид 2 хоорондоо хэл амаа ололцож, харилцан бие биедээ гомдолгүй болж сайн дураараа эвлэрсэн. Бид 2-ын хувьд хэн хэнээсээ нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, хоорондоо сайн дураараа эвлэрч байна. Иймд бид хоёрт холбогдох хэргийг сайн дураараа эвлэрсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх эвлэрлийн гэрээ,

 

- Гэрч Н.Дгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Б нь зогсоол дээрээс гарах гээд ухарч байтал Д сууж байсан машинаасаа буугаад Бтэй маргалдаж, улмаар хоорондоо зодолдож эхэлсэн. Бид ямар учраас  хоорондоо маргалдаж, зодолдсон талаар мэдэхгүй байна. Хараад байхад Д нь нилээд бухимдуу Б рүү дайраад байсан. Тэнд зогсож байсан таксины жолооч тэр хоёрыг салгасан. Д нь Б рүү дайраад байсан. Би Бийг отверикаар цохисон талаар хараагүй” гэх мэдүүлэг / хх-ийн 10-р хуудас/, 

 

- Гэрч Б.Дын мөрдөн байцаалтанд өгсөн “...Би Сүхбаатар аймгийн Номин агуулах худалдааны төвд борлуулагч ажилтай юм. Би уг өдөр Дээж худалдааны төвийн ойролцоо явж байтал манай аав Бийг танихгүй хүн машин руу шахаад заамдаад зогсож байхаар нь гүйж очоод болиулаад юу болсон талаар нь асуутал чамд хамаагүй гээд намайг хоёр гараараа заамдаж түлхсэн юм. Тэгээд би ааваас юу болсон талаар асууж байтал замын цагдаа нар ирсэн юм. Би Дтэй ямар нэг байдлаар маргаагүй. Тухайн үед манай аав Бтэй маргалдаж байхаар нь боль гээд болиулсан. Ямар нэг байдлаар Дд гар хүрээгүй. Тухайн үед олон хүн байсан. ...Тэнд байсан хүмүүс Ш.Дг манай аав руу дайраад байхаар нь хорьж болиулсан. Дгийн хамрын доод талаас бага зэрэг цус гарч байсан. Өөр учирсан гэмтлийн талаар би мэдэхгүй. Харин манай аав Бийн  биед зүүн нүдний доод талаар бага зэрэг хавдсан юм шиг харагдаж байсан” гэх  мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/, 

 

-Гэрч М.Эы мөрдөн байцаалтанд өгсөн “...өдөр 12 цагийн орчим зогсоол дээр хоёр хүн маргалдахаар нь харсан чинь Б, Д хоёр маргалдаад зодолдож байсан. Би машиндаа сууж байсан бөгөөд кабин дотроосоо харж байсан. Юунаас болсныг мэдээгүй. Тэнд байсан 2-3 жолооч нар боль гээд болиулсан. Би Бийн  хүүг бол сайн танина. Ямар ч байсан Б, Д нарын зодоонд өөр хүн оролцоогүй. Сүүлд нь олон хүн ирээд салгаж байсан. Тэр дунд хүүхэд нь байсан эсэхийг хараагүй. Ер нь бол Д гэдэг нь хүн хүнтэй маргалдаад явдаг юм. ...Тухайн үед Бийг отверик барьж байсныг хараагүй. Би бол нилээн зайтай зогсож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 41-р хуудас/,

 

-Гэрч Э.Эын мөрдөн байцаалтанд өгсөн “...би таксинд явах санаатай Дээж худалдааны төвийн зогсоол дээр ирэхэд Б, Д нарын машин тулаад эвгүй зогссон байсан. Би яаж зогсчихоод байгаа юм болдоо гэж бодоод хажуугаар нь гартал Б, Д нар зууралдаад зогсож байсан. Би эхлээд барилдаж байгаа юм болов уу гэж бодтол үнэнээсээ муудалцаад зууралдаад байхаар нь би очоод “та нар  болиоч, олон хүний нүдэн дээр” гэж хэлсэн. Энэ үед Д гэдэг таксинд явдаг хүн яг дэргэд нь тэр хоёрыг хорьж байсан. Тэгээд байж байтал намайг хүн дуудаад хөдлөөд явсан. Бийн гарт отверик байгаагүй. Би яг харсан. Тэр хоёр 2 гараараа бие биенээ заамдалцаад байсан. Намайг харахад лав Бийн хүү байгаагүй. Б, Д хоёр л хоорондоо маргалдаад зууралдаад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас/,, 

 

- Гэрч Н.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн “...12 цаг өнгөрөөгөөд Дээж худалдааны төвийн зогсоол дээр явж байтал дэргэд 2 хүн маргалдсан. Харсан чинь Б, Д нар байсан. Зууралдаад хэрэлдээд байсан. Би бодохдоо зогсоол дээрээсээ маргалдсан юм уу гэж бодсон. Би “дүү нар болиоч” гэж хэлсэн. Энэ үед тэнд байсан таксины жолооч бололтой 2-3 хүн ирээд Дг хориод цааш нь аваад явсан. Би тэр хоёрын нүүр ам нь ямар байсаныг хараагүй. Бийн гарт отверик байхыг хараагүй.  Тэр хоёрыг зууралдаж байхад 2-3 хүн ирж салгасан. Аль нь хүү нь болохыг мэдэхгүй. Нэг залуу нь аав та хүнтэй муудалцлаа гэж хэлж байсан. Гэхдээ би тэр залууг Дг цохиж байхыг хараагүй.  Б, Д нарыг зууралдаж байхад нь нэг залуу Дгийн араас татаж байсан. Ямар хүн татаж байсныг би мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/,, 

 

- Гэрч Г.Чын мөрдөн байцаалтанд өгсөн “...өдөр 12  цагийн орчим зогсоол дээр 2 хүн маргалдахаар нь харсан чинь Б, Д нар маргалдаад зодолдож байсан. Юунаас болсныг  мэдээгүй. Би машиныхаа гадаа байсан. Тэгээд тэнд байсан би болон бусад 2-3 жолооч нар боль гээд болиулсан. Ер нь Д   хэрүүл хийгээд дайрч давшлаад байсан. Би Бийн хүүг танихгүй. Ямар ч байсан Б, Д нарын зодоонд өөр хүн оролцоогүй. Олон л хүн хорьж салгасан. Би хэн нь хүүхэд нь болохыг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 48-р хуудас/,

 

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 122 дугаартай “1.Ш.Дгийн биед зүүн нүдний алимны цус хуралт, зүүн хацар, хамарт зөөлөн эдийн няцрал, хамар, дээд уруул, зүүн шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 14-р хуудас/, 

 

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 123 дугаартай “1.Ц.Бийн биед баруун богтос ясанд цууралт, баруун тохойд зөөлөн эдийн няцрал, зүүн хацар хүзүү, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 16-р хуудас/, 

     

-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 26/

-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 29/

-Ц.Бийн  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24 хуудас/ 

 

- Ш.Дгийн  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг судалсан болно.

 

Шүүгдэгч  Ц.Б нь 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 12 цагийн орчимд  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр Дээж худалдааны төвийн зүүн талын автомашины зогсоол дээр хэл амаар доромжиллоо гэдгээр  шалтаглан хохирогч  Ш.Дгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Б, хохирогч Ш.Д нарын  мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг,  гэрч Н.Д, Б.Д, М.Э, Э.Э, Н.Б, Г.Ч нарын мэдүүлэг, шинжээчийн 123 дугаартай дүгнэлт болон хавтас хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч  Ш.Д нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр Дээж худалдааны төвийн зүүн талын автомашины зогсоол дээр 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 12 цагийн орчимд  машин мөргөсөн гэж шалтаглан Ц.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ш.Д хохирогч Ц.Б нарын  мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг,  гэрч Н.Д, Б.Д, М.Э, Э.Э, Н.Б, Г.Ч нарын мэдүүлэг, шинжээчийн 122 дугаартай дүгнэлт болон хавтас хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч Ш.Д, Ц.Б нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй  хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон  тул Ш.Д, Ц.Б нарыг бусдын  бие махбодид  хөнгөн гэмтэл санаатай   учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Шүүгдэгч Ш.Д, Ц.Б  нар нь  2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр  гэмт хэрэг үйлдсэн боловч   2015 оны шинэчлэн  найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан тул  шүүгдэгч Ш.Д, Ц.Б нарт холбогдох хэргийг Аймгийн Прокурорын газраас   Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  зүйлчлэн ирүүлснийг  2002 оны Эрүүгийн   хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх зааснаар өөрчлөн зүйлчлэх нь  зүйтэй байна. 

 

Шүүгдэгч  Ц.Б, Ш.Д нар нь хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн,  хохирогч нар сайн дураараа эвлэрсэн бөгөөд  гэм хороо арилгасан болох нь хохирогч  Ц.Б, Ш.Д нарын шүүх хуралдаанд хохирогч, шүүгдэгчээр гаргасан  мэдүүлэг,  хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд 2002 оны  Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч нь хохирогчтой сайн дураараа эвлэрсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болох тул шүүгдэгч  Ц.Б, Ш.Д нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй  гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч  Ц.Б, Ш.Д нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүй,  битүүмжлэгдсэн зүйлгүй, тэднээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй,  хохирогч Ш.Д, Ц.Б нар харилцан гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй,  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СD-ийг хэрэгт хавсарган үлдээж,  рентген зургийг хохирогч Ц.Бд  буцаан олгохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Б, Ш.Д нарт  холбогдох  хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн  99.1 болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч  Ц.Б, Ш.Д нарыг  бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

3.2002 оны  Эрүүгийн хуулийн  71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ц.Б нь хохирогч Ш.Дтэй, шүүгдэгч Ш.Д нь хохирогч Ц.Бтэй сайн дураар эвлэрсэн тул шүүгдэгч  Ц.Б, Ш.Д нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

 4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д  зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СD-ийг хэрэгт хавсарган үлдээж, рентгэн зургийг хохирогч  Ц.Бд буцаан олгосугай.

 

5. Ялтан Ц.Б, Ш.Д  нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, тэднээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй,  хохирогч Ш.Д, Ц.Б нар харилцан гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар  шүүгдэгч Ц.Б, Ш.Д нарт шүүхийн шатанд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.САНЖИДМАА