Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар  2022/ДШМ/527  

 

 

 

 

 

 

    2022            5             18                                         2022/ДШМ/527            

          

Т.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Энхжаргал,  

шүүгдэгч Т.Мгийн өмгөөлөгч Б.Мянган,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,  

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЗ/1072 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мянган давж заалдах гомдол, прокурор Ж.Энхжаргалын 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 16 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн Т.Мд холбогдох 2203000000148 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

.....Сөнхөл гэх газарт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй;

Шүүгдэгч Т.М нь Баянзүрх дүургийн 5 дугаар хороо, Улаан хуарангийн автобусны буудлын дэргэдэх явган хүний замд 2022 оны 02 дугаар сарын 10-ны 21 цаг 02 минутын үед Nissan Advan маркийн 51-61 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ согтууруулах ундаа, мансууруулах ... хэрэглэсэн... үөдээ тээврийн хэрэгсэл жолоодох, з/ тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол, үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Улаан хуарангийн автобусны буудлын дэргэдэх явган хүний зам дээр сууж байсан явган зорчигч Г.Быг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, дээрх авто тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Т.Мн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

“...Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Т.М нь гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэртэй 2 гэмт хэрэг буюу хэд хэдэн гэмт хэрэгт холбогдсон байна.

Улсын яллагчаас болгоомжгүй гэмт хэрэгт нь эрх хасах ял оногдуулж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх, санаатай гэмт хэрэгт нь торгох ял оногдуулах, тус тусад нь эдлүүлэх талаар гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж шүүх үзэв.

Шүүх хэд хэдэн гэмт хэрэгт үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг хэрэглэхээр зохицуулсан ба хэд хэдэн гэмт хэрэгт тус тусад нь ял оногдуулах, зөвхөн ялыг ялд нэмж нэгтгэх, зөвхөн ялыг тус тусад нь эдлүүлэх агуулгаар хуульчилжээ.

Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ, хорих ял оногдуулахгүй тэнсэх нь албадлагын арга хэмжээтэй хамт салшгүй хэрэглэх зохицуулалт болохоос ял биш юм. Хуульд ял болон тэнсэх, албадлагын арга хэмжээг тус тусад нь эдлүүлэх талаар зохицуулаагүй, улсын яллагчийн саналын дагуу хэргийг шийдвэрлэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд ойлгомжгүй, хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж болзошгүй.

Иймд эрүүгийн хариуцлагын санал үндэслэлгүй, үндэслэлгүй саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалт хангагдаагүй гэж үзэж хэргийг прокурорт буцааж...”   шийдвэрлэсэн байна.    

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мянган гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокуророос Т.Мгийн үйлдсэн Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, дээрхи гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Т.Мгийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргасан бөгөөд прокуророос хүсэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хасаж, 1 жил 3 сарын хугацаагаар тэнсэх албадлагын арга хэмжээ хэрэглэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт таван зуун нэгжээр торгох ял санал болгосныг яллагдагч, түүний өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрч, улмаар хэргийг шүүхэд шилжүүлсэн билээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хэлэлцээд “...эрүүгийн хариуцлагын санал үндэслэлгүй, үндэслэлгүй саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалт хангагдаагүй гэж үзэж хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийм 4 дэх хэсгийн 4.3-д “прокурорын сонгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсэн байх бөгөөд яллагдагч Т.М болон түүний өмгөөлөгчийн зүгээс прокуророос санал болгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, Эрүүгийи хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу гарын үсэг зурж баталгаажуулсан болно. Прокурор өөр хэргийн оролцогчоос зөвшөөрөл авах зохицуулалт хуульд байхгүй.

Хэдий яллагдагч Т.Мгийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэртэй 2 гэмт хэрэг буюу хэд хэдэн гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг хориглосон зохицуулалт байхгүй бөгөөд ял, албадлагын арга хэмжээг тусад нь оногдуулж, шүүхийн шийдвэр биелүүлэх газар тус бүрт нь хянапт тавих бүрэн боломжтой юм.

Хууль хэрэглээ ойлгомжгүй, шүүхийн шийдвэрийг биөлүүлэхэд ойлгомжгүй, хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулж, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэхээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй юм.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЗ/1072 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

Жич: Хохирогч Г.Б шүүх хуралдааны өмнө өөрийн гараар хүсэлт бичиж, хохирол, гомдлын талаар болон шүүх хуралдаанд оролцох эсэх талаар байр сууриа илэрхийлсэн болно. ...” гэв.      

Прокурор Ж.Энхжаргал эсэрүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн “НЭГДҮГЭЭР БҮЛЭГ буюу НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ”-д:

1-2 дугаар зүйл. Хууль ёсны зарчим: 1.Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно.

1.3 дугаар зүйл. Шударга ёсны зарчим 1.Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

1.4 дүгээр зүйл. Гэм буруугийн зарчим 1.Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэж гэмт хэрэг үйлдсэн хүнд хариуцлага хүлээлгэх суурь зарчмуудыг хуульчилсан ба эрүүгийн хариуцлагын зорилгыг мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэсэн байдлаар тодорхойлсноос үзвэл гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон хүнд “эрүүгийн хариуцлага” хүлээлгэх нь гарцаагүй байна.

Яллагдагч Т.Мгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь дээрх бүлэгт заасан “тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх”-ийг хориглосон заалтад, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” явуулж болохгүй үндэслэлд хамаарахгүй тул прокуророос яллагдагч Т.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 3 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 3 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг яллагдагч, түүний өмгөөлөгч танилцуулахад зөвшөөрсөн учир саналыг шүүхэд хүргүүлсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэсэн нь шүүх шүүгдэгчийн үйлдсэн хэд хэдэн гэмт хэрэгт мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4-т заасан ялуудыг оногдуулан, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэх эсхүл тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно... гэж заасан зөвшөөрсөн хэм хэмжээний ойлголт байхад шүүх уг зүйл хэсгийг “гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэртэй 2 гэмт хэрэгт буюу хэд хэдэн гэмт хэрэгт холбогдсон” хүний нэг гэмт хэрэгт “албадлагын арга хэмжээ хэрэглэх” эрүүгийн хариуцлага хүлээлгэж болохгүй, заавал ял оногдуулсан байх шаардлагатай гэсэн байдлаар ойлгож байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Шүүгчийн захирамжид заасан байдлаар хуулийг хэрэглэвэл Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүний эрх зүйн байдлуудыг дээрдүүлэхээр заасан тусгай журмуудыг хэрэглэх боломжгүй юм.

Мөн албадлагын арга хэмжээ хэрэглэх, торгох ял эдлүүлэх хоёр эрүүгийн хариуцлагыг оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд ямар ойлгомжгүй хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх талаарх хууль зүйн үндэслэлийг захирамжид заагаагүй байх бөгөөд Эрүүгийн хуулийн Зургаа, Долдугаар бүлгүүдэд заасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэх, чөлөөлөх үндэслэл журам”, “Тэнсэх, албадлагын арга хэмжээ, хэрэглэх” заалт болоод Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан торгох, эрх хасах ял оногдуулсан болон албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх журмууд нь нэгэн зэрэг хэрэглэж болохгүй өөр хоорондоо зөрчилтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгуй байна.

Хэрэв шүүх Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийг хэрэглэхэд эргэлзээтэй байна гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүугийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмыг баримтлан хэргийг шийдвэрлэх боломжтой юм.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЗ/1072 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Т.Мд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг хэрэглэхээр зохицуулсан хэд хэдэн гэмт хэрэгт ял оногдуулах заалтыг прокурор буруу хэрэглэсэн...” гэсэн үндэслэл нь буруу байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх талаар заасан ба тус зүйлийн 2 дахь хэсэг тусгайлан “...Эрүүгийн хуулийн тусгай анид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн бол...” тэнсэж болохгүй талаар заасан. Гэтэл шүүгдэгч Т.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэсэн нэг болгоомжгүй  гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд заасан “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэсэн нэг санаатай гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” зохицуулалтыг хэрэглэж болохоор байна.

Харин шүүгдэгч Т.Мд холбогдуулан ирүүлсэн “...согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож автобусны буудлын дэргэдэх явган хүний зам дээр сууж байсан явган зорчигч Г.Быг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, дээрх авто тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан...” гэмт хэргийн явган хүний зам дээр, замын хөдөлгөөнд оролцоогүй, тухайн зам дээр сууж байсан хүнийг мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэр хэмжээ, нийгмийн хор аюулд тохироогүй “Тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” эрүүгийн хариуцлагыг прокурор хэрэглэхээр шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...яллагдагч Т.Мгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь дээрх бүлэгт заасан “тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх”-ийг хориглосон заалтад, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 3 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 3 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх...” гэсэн прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргадаг.

 Гэтэл прокурорын санал болгож буй Т.Мд оногдуулах эрүүгийн хариуцлагын санал нь “...согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, явган хүний зам дээр, замын хөдөлгөөнд оролцоогүй, явган хүний зам дээр сууж байсан хүнийг мөргөж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан...” гэмт үйлдлийн хэр хэмжээ, нийгмийн хор аюулд тохироогүй,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж чадахгүй төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхгүй.  

Өөрөөр хэлбэл: Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, эрүүгийн хариуцлагын санал гаргахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийг харгалзан үзээгүй байна.  

Түүнчлэн, Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуульд заасан “...амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах...” үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэх ёстой. Гэтэл замын хөдөлгөөнд оролцоогүй, явган хүний зам дээр байсан иргэдийн энэ үндсэн эрх, аюулгүй байдалд Т.Мн үйлдэл шууд халдсан байхад прокурор зөвхөн шүүгдэгч Т.Мн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн...” гэсэн үндэслэлд анхаарсан нь ойлгомжгүй байна.

Иймд шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй дээрхи ажиллагааг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнээд, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр бичсэн прокурорын эсэргүүцлийг, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЗ/1072 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай”  шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мянганы гаргасан давж заалдах гомдлыг, прокурор Ж.Энхжаргалын бичсэн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 16 дугаартай прокурорын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очтол Т.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ПҮРЭВСҮРЭН

              ШҮҮГЧ                                                         О.ЧУЛУУНЦЭЦЭГ

              ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ