Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 152/ШШ2024/00314

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Д.Г,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: Д.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бадамсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь Хяргас сумын 1 дүгээр багт төрсөн. Хяргас суманд 8 дугаар анги төгсөөд Барилгын ТМС төгсөөд 1990 оны 10 дугаар сарын 25-ны өдөр цэргийн албанд татагдаж, 1992 оны 6 дугаар сарын 6-ны өдөр цэргээс халагдаж ирсэн. Намайг төрсний дараа анх надад гэрчилгээ олгоход эцгийн нэрийг гэрт дууддаг Жав гэх нэрээр буруу бичсэнээс маш их хохирч байна. Миний бие тэтгэвэр тогтоолгох насанд хүрч тэтгэвэр тогтоолгохоор аймгийн архиваас малын А дансны хуулга гаргуулахад миний эцгийн нэр 1992, 1997, 1998, 1999, 2000, 2001, 2002, 2003, 2004 онуудын малын А дансанд Жав гэх мэтээр буруу бичигдсэн байна. Мөн 1990 оны 10 дугаар сарын 25-ны өдөр цэрэгт татагдаж, 1992 оны 6 дугаар сарын 06-ны өдөр цэргээс халагдсан бөгөөд цэргийн батлах дээр бичигдсэн овог маань Жав гэж буруу бичигдсэн байгаа. Мөн би эхнэртэйгээ 1997 онд гэр бүл болж 1997 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Тэгтэл миний гэрлэлтийн баталгаа маань бас Жав нэх буруу овогтой бичигдсэн маань тэтгэвэрт гарах бичиг баримттай зөрөөд байгаа тул шүүхэд хандаж байна. Тухайн үеийн ажилдаа хариуцлагагүй хүмүүсийн буруугаас болж миний эрх ашиг зөрчигдсөн тул намайг Жав овогтой Гын малын А дансны, цэргийн батлахын, гэрлэсний гэрчилгээний жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү. Гэрчээр П.Дыг асууж тодруулж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, Ж.Гын 679410 дугаартай цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Булгадар овогт Ж.Г, Цагаагчууд овогт П.Г нарын гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ж.Гын УВ!1498421 дугаартай БНМАУ-ын иргэний паспортын хуулбар, Ж.Гын төрсний гэрчилгээний хуулбар, ДавааЖ.Гын төрсний бүртгэлийн лавлагаа, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн малчинд олгох малын тооны лавлагаа, хавсралтын хамт, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн малчинд олгох малын тооны лавлагаа, хавсралтын хамт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 1 дүгээр маягтын лавлагаа, Булгадар овогт Д.Дын иргэний үнэмлэхийн хуулбар, Д.Дын БНМАУ-ын иргэний паспортын хуулбар, П.Дын иргэний үнэмлэхийн хуулбар,

Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.Гын төрөгсдийг бүртгэх анкет буюу ХААТР-11 маягтыг нотлох баримтаар бүрдүүлэв.

Д.Гын хүсэлтээр П.Дыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс Д.Гын хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгов. 

2. Д.Г нь шүүхэд хандаж Д.Дын 1992 оны, Ж.Гын 1997, 1998, 1999, 2000, 2001, 2002, 2003, 2004 малын тооны лавлагааны жинхэнэ эзэмшигч, Ж.Гын 679410 дугаартай цэргийн батлахын болон Ж.Гын гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. Иймд хүсэлт гаргагч Д.Гын хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135.2.4 дэх заалтад заасныг тус тус баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.

3. Хүсэлт гаргагч Д.Г нь Д.Дын 1992 оны, Ж.Гын 1997, 1998, 1999, 2000, 2001, 2002, 2003, 2004 малын тооны лавлагааны жинхэнэ эзэмшигч, Ж.Гын 679410 дугаартай цэргийн батлахын болон Ж.Гын гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1. Д.Г нь 1971 онд Д.Д, Н.Ж нарын гэр бүлд төрсөн бөгөөд тухайн үеийн иргэний төрсний бүртгэлийн асуудал хариуцсан ажилтан Д.Гын төрсний бүртгэлийг хөтлөхдөө эцгийн нэрийг Д гэх бүртгэлтэй нэрээр нь бус Жав гэх гэрийн нэрээр бүртгэжээ. Ийнхүү ДавааЖ.Г нь Бүгд найрамдах Монгол Ард Улсын иргэний төрсний бүртгэлд Ж.Г гэх нэрээр бүртгэгджээ. Улмаар 18 насанд хүрч паспорт авахдаа мөн Ж.Г гэх төрсний бүртгэлд үндэслэн Ж.Г нэрээр паспорт авсан байна. Улмаар түүний цэргийн батлах, гэрлэсний бүртгэлийн гэрчилгээ нь мөн Ж.Г нэрээр бүртгэгджээ.

3.2. Д.Г нь 1992 оны 6 дугаар сард цэргийн алба хааж ирээд Увс аймгийн Хяргас суманд эцэг, эхийн хамт мал маллан амьдарсан. Тухайн үед манай гэр бүлийн мал эцэг Д.Дын нэр дээр тоологдож байсан тул Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгаас эцэг Д.Дын 1992 оны малын тооны лавлагааг гаргуулахад Дамдин овогтой Жав нэрээр гарсан.  Мөн өөрийн 1997, 1998, 1999, 2000, 2001, 2002, 2003, 2004 оны малын тооны лавлагааг тус архиваас гаргуулахад эцгийн нэрийг Жав гэж бүртгэсэн лавлагаа гарсан.

3.3.  2010 онд Монгол Улсын иргэний цахим үнэмлэхийг шинэчлэн олгох үеэр Увс аймгийн Хяргас сумын иргэний бүртгэлийн ажилтан Гын эцгийн нэр нь Д учраас цаашид Жав гэх зөрчилтэй нэрээр иргэний үнэмлэх авах боломжгүй гэх үндэслэлээр түүний эцгийн нэрийг Д, өөрийн нэр Г гэж бүртгэж, иргэний цахим үнэмлэх олгожээ. Ийнхүү Г нь 2010 оноос ДавааЖ.Г нэрээр иргэний бүртгэлд бүртгэгдсэнээр түүний цэргийн батлах, гэрлэсний бүртгэлийн гэрчилгээ болон малын тооны лавлагаан дээрх эцгийн нэр зөрчилтэйн улмаас дээрх бичиг баримтуудад үндэслэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй нөхцөл байдал үүссэн тул шүүхийн журмаар баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох хүсэлтэй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Д.Гын төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбарт төрүүлсэн эцгийн овог Дамдин, нэр Жав, эхийн овог Нянгар, нэр Ж гэж бүртгэжээ.

Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар гаргуулсан Д.Гын төрөгсдийг бүртгэх анкетад хүүхдийн овог Жав, нэр Г, хүүхдийн эцгийн овог Дамдин, нэр Жав, хүүхдийн эхийн овог Нянгар, нэр Ж гэж тус тус тэмдэглэжээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн төрсний бүртгэлийн лавлагаанд Овог Булгадар, эцгийн нэр Д, нэр Г гэж тэмдэглэсэн байх боловч тус лавлагааны хүүхдийн эцгийн эцгийн нэр хэсэгт Дамдин, нэр Жав, эхийн эцгийн нэр хэсэгт Нянгар, нэр Ж гэж тэмдэглэжээ.

Иймд хэрэгт авагдсан Д.Дын иргэний үнэмлэхийн хуулбар болон дээрх бичмэл нотлох баримтуудыг тал бүрээс харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр Д.Гын эцэг нь Д.Д гэх нэртэй боловч Д.Гын төрсний бүртгэлийн гэрчилгээ болон иргэний үнэмлэх дээр Дамдингийн Жав гэж зөрчилтэй бүртгэсэн гэж дүгнэх үндэслэлтэй байх тул 679410 дугаартай, Ж.Гын цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр ДавааЖ.Гыг тогтоож шийдвэрлэв.

4.2. Хүсэлт гаргагч Д.Г нь Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгаас 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр түүвэрлэн олгосон Дамдингийн Жавын 1992 оны малын тооны лавлагаа, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр түүвэрлэн олгосон Ж.Гын 1997, 1998, 1999, 2000, 2001, 2002, 2003, 2004 оны малын тооны лавлагааны жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба түүний дээрх хүсэлтийг хангах боломжгүй байна.

Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт “эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэх”-ийг шүүх онцгой ажиллагааны журмаар тогтооно гэж заажээ.

Энэ тохиолдолд Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгаас малчинд түүвэрлэн олгосон малын тооны лавлагааг эрх олгосон баримт бичиг гэж үзэхгүй бөгөөд тухайн малын тооны лавлагаа нь малчин этгээд тодорхой цаг хугацаанд хэдэн тооны мал маллаж байсан талаарх мэдээллийг агуулсан мэдээллийн шинжтэй баримт бичиг юм.

Дээрх үндэслэлээр хүсэлт гаргагч Д.Гыг малын тооны лавлагааны жинхэнэ эзэмшигчээр тогтоох боломжгүй боловч тус лавлагаанд үндэслэн хүсэлт гаргагч Д.Гын 1997, 1998, 1999, 2000, 2001, 2002, 2003, 2004 онуудад мал маллаж байсан байдлыг тогтоох боломжтой юм.

Өөрөөр хэлбэл, дээрх лавлагаанд ДавааЖ.Гын эцгийн нэр нь мөн Жав гэж зөрчилтэй бүртгэгдсэн байх ба хүсэлт гаргагч Гын эцгийн нэр Жав бус Д гэдэг нь тогтоогдсон тул Ж.Гын 1997, 1998, 1999, 2000, 2001, 2002, 2003, 2004 оны малын тооны лавлагааг Д.Гын малын тооны лавлагаа гэж үзэх үндэслэлтэй ба энэ нь хүсэлт гаргагч Д.Г тухайн цаг хугацаанд өөрийн хувийн малаа маллаж байсан болохыг нотолж байна.

Мөн хүсэлт гаргагч Д.Г нь 1992 оны 6 дугаар сард цэргийн албанаас халагдаж ирээд эцэг, эхийн хамт Увс аймгийн Хяргас суманд мал маллаж байсан болох нь гэрч П.Дын мэдүүлгээр тогтоогдож байх тул Дамдингийн Жавын 1992 оны малын тооны лавлагаанд үндэслэн ДавааЖ.Гыг 1992 оны 6-12 дугаар сарын хооронд мал маллаж байсан гэж үзэх үндэслэлтэй.

4.3. Д.Г нь эхнэр П.Гэрэлмаатай 1996 оны 7 дугаар сарын 26-ны өдөр гэр бүл болж, 1997 оны 5 дугаар сарын 02-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд гэрлэлтээ бүртгүүлжээ.

Д.Г нь тухайн үед буюу 1997 онд Ж.Г гэх нэрээр иргэний бүртгэлд бүртгүүлсэн байсан тул гэрлэлтээ бүртгүүлэхдээ мөн Ж.Г нэрээр бүртгүүлсэн байна.

Улмаар 2010 онд өөрийн эцгийн нэрийг залруулж, ДавааЖ.Г нэрээр бүртгүүлсэн тул түүний гэрлэлтийн гэрчилгээнд бичигдсэн эцгийн нэр, иргэний үнэмлэх дээр бичигдсэн эцгийн нэрийн зөрүүтэй байдал үүссэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт “эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэх”-ийг шүүх онцгой ажиллагааны журмаар тогтооно гэж заажээ. 

Мөн иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн асуудлыг нарийвчлан зохицуулсан Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Улсын бүртгэгч шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн энэ хуулийн дагуу иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулж болно”, 21.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 21.3-т заасны дагуу хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргах боломжгүй бол иргэн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлнэ” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан баримтын хүрээнд хүсэлт гаргагч Д.Г нь иргэний гэрлэсний бүртгэлд өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг Улсын бүртгэлийн байгууллагад гаргасан, Улсын бүртгэлийн байгууллага түүний хүсэлтийг хангахаас татгалзсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан, тус хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь заалтад заасан үндэслэлээр хүсэлт гаргагч Д.Гын Ж.Гын гэрлэлтийн гэрчилгээний жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгов.

Хүсэлт гаргагч Д.Г нь Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу өөрийн гэрлэсний бүртгэлд холбогдох өөрчлөлт оруулах тухай хүсэлтээ Улсын бүртгэлийн байгууллагад гаргаж, шийдвэрлүүлэх нь зүйтэй ба Улсын бүртгэлийн байгууллага түүний хүсэлтийг хангахаас татгалзсан тохиолдолд шүүхэд хандах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.  

6. Шүүхээс хүсэлт гаргагч Д.Гийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан хүсэлт гаргагч Д.Гын 1992 оны 6 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал хугацаанд, 1997, 1998, 1999, 2000, 2001, 2002, 2003, 2004 онуудад мал маллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх заалтыг тус тус баримтлан ДавааЖ.Гыг Жав овогтой Гын 679410 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Гыг Жав овогтой Гын гэрлэлтийн гэрчилгээний жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Д.Гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Я.УРНАА