Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2022/ДШМ/528     

 

 

 

 

 

Б.Хт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Энхжаргал,

шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн,

хохирогч С.Ж, түүнийн өмгөөлөгч Б.Баярмагнай,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,  

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/187 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн нар хамтран давж заалдах гомдол гаргасныг үндэслэн Б.Хт холбогдох 2203000180091 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

..........18 тоотод оршин суух хаягтай,

Төв аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 30 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,

Төв аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 6 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгг зааснаар нийт 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж байсан; 

Шүүгдэгч Б.Х нь 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 23 цаг 10 минутын үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, “Айцын даваа”-ны ТМ шатахуун түгээх станцын баруун урд талын замд “Тоуоtа Prius-30” маркийн 81-35 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр эорчдог замд гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс “Тоуоtа Prius-11” маркийн 16-31 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч С.Жын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  

Шүүгдэгч Б.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар согтуурсан үедээ Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүугийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа, мөн өмнө тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан шийтгэл дууссан үеэс эхлэн тоолж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний болон жолоодох эрхийн үнэмлэх шүүхэд ирээгүй, иргэний нэхэмжлэгч С.Базаррагчаад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хаас 2.213.057 төгрөгийг гаргуулж хохирогч С.Жд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Ж түрээсийн болон зээлийн төлбөр 1,728,930 төгрөг, гэмт хэргийн улмаас цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

    Шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн нар хамтран гаргасан гомдолдоо: “...анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 01 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, шүүх дараах нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээгүй. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Хын үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд түүний хайхрамжгүй байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдэгдсэн.

2. Хохирогчид олгох нийт 5.713.057 төгрөгийн хохирол төлбөрөөс 3.500.000 төгрөгийг төрж барагдуулсан буюу нийт хохирлын 61.3% төлбөрийг буюу талаас илүүг төлсөн байдал, мөн цаашид үлдэгдэл 2.213.057 төгрөгийн хохирол төлбөрийг төлнө гэдгээ илэрхийлдэг.

3. Яллагдаж буй зүйлчлэл, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, шүүгдэгч Б.Хын хувьд шүүхийн хэлэлцүүлэгт миний буруу, би алдаа гаргасандаа гэмшиж байгаагаа хэлсэн хэдий ч хохирогчоос уучлалт гуйгаагүй гэж буруутгагдсан нь түүний бага боловсролтой, амьдралын ахуй, орчин, соёлтой шууд болон шууд бус байдлаар холбоотой зүйл тул гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа нь уучлалт гуйж буй илэрхийлэл гэж ойлгож болно.

4. Хувийн байдлын хувьд ам бүл 2 буюу настай эхийн хамт Төв аймгийн Зуунмод суманд амьдардаг. Урьд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдап, ашиглалтын журам зөрчих тухай гэмт хэрэг үйлдэж байгаагүй, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчиж, Зөрчлийн тухай хуулиар торгуулж захиргааны арга хэмжээ авагдсан байдлыг урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан ял шийтгэлтэй адилтган үзэж хувийн байдлыг дордуулах үндэслэл болгож болохгүй тул анх удаа энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож буй нөхцөл байдал гэж үзэх үндэслэлтэй. Өмнө нь 2 удаагийн ял шийтэл хүлээж дуусгавар болсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Хын эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм. Мөн хохирогч С.Ж нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан “Миний хувьд энэ хүнииг заавал хорих шаардлагагүй...” гэсэн саналтай байсан.

Тиймээс дээрх нөхцөл байдлыг харгапзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийг хэрэглэх нөхцөл, шаардлагыг хангаж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу шүүгдэгч Б.Хт 01 жилийн хугацаагаар тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү. ...” гэв.  

Хохирогчийн өмгөөлөгч Б.Баярмагнай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Архи ууж тээврийн хэрэгсэл жолоодсондоо харамсаж байна. Хохирогчоос уучлалт гуйж байна. Надад хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Настай эхийг минь надаас өөр асрах хүн байхгүй, би айлын ганц хүүхэд юм. Хоригдоод маш их зүйлийг ухаарлаа. ...” гэв. 

Хохирогч С.Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уучлалт гуйгаагүй учраас хорих ял оногдуулсан мэтээр ойлголт төрүүлэхээр гомдол гаргасан байна. Үүнтэй санал нийлэхгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Энэ хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй буюу шалгагдаж байх хугацаанд Б.Х нь дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан. Миний жолооны үнэмлэхийг хурааж аваад өгөөгүй байхад шүүгдэгч Б.Хын жолооны үнэмлэхийг өөрт нь өгсөн учраас сүүлд зөрчил гаргаад тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан гэж үзэж байна. Хохирлыг энэ шүүх хуралдаан болохоос хоёр хоногийн өмнө өгсөн. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгч буй хохирол төлсөн баримтыг би бичиж өгсөн. Ослоос болж миний эрүүл мэнд, эд хөрөнгөд маш их хохирол учирсан. ...” гэв. 

Прокурор Ж.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Хт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар нийгэмшүүлэх, цээрлүүлэх зорилгыг баримталж хорих ял оногдуулсан байна. Согтуугаар гэмт хэрэг үйлдсэн асуудал шалгагдаж байх хугацаанд дахин тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож хөдөлгөөнд оролцсон зөрчил гаргасан. Иймд хорих ял оногдуулсан нь түүний хувийн байдалд тохирсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Б.Х нь 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 23 цаг 10 минутын үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, “Айцын даваа”-ны ТМ шатахуун түгээх станцын баруун урд талын замд “Тоуоtа Prius-30” маркийн 81-35 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчин жолоодож, мөн дүрмийн 11.3-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр эорчдог замд гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж гүйцэж түрүүлэхдээ эсрэг урсгалд өөдөөс нь ирж явсан “Тоуоtа Prius-11” маркийн 16-31 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, тус “Тоуоtа Prius-11” маркийн 16-31 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Жын эрүүл мэндэд “өвчүү яс, зүүн 4, 5, 6, 7, 8-р хавирганы хугарал, цээж, зүүн шууны цус хуралт” гэсэн  хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

хохирогч С.Жын: “...Төв аймаг Зуунмод сум руу явахаар өөрийн “Тоуоtа Prius-11” маркийн 16-31 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод ...Айцын давааны замаар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй явж байхад эсрэг урсгалаас өөдөөс ирж явсан машин ...сөрөн орж ирээд миний машины зүүн урд хэсэг рүү мөргөсөн. ...Миний өвчүүний их биеийн яс хугарсан, зүүн талын 5 хавирга хугарсан, цээж хэсгээр хамгаалах бүсний ором гарч хөхөрсөн, зүүн гарын шуу хэсэг хөхөрсөн. ...” (хх 18-19),

шүүгдэгч Б.Хын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Замдаа Айцын давааны овоон дээр найз Отгонхуягтай уулзаад юм ярьж 1 цаг гаран сууж байгаад Отгонхуяг Хараа нэртэй 0.5 граммтай нэг шил архи хувааж уусан. ...Би тэндээсээ машинаа бариад Улаанбаатар хот руу явдаг замаар доошоо уруудаад явж байтал тамхи татах гээд асаатал гэрэл гялбаад нэг мэдсэн мөргөлдсөн байсан. ...” (хх 110) гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №441 тоот шинжээчийн дүгнэлт: “...С.Жын биед өвчүү яс, зүүн 4, 5, 6, 7, 8-р хавирганы хугарал, цээж, зүүн шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. ...” (хх 38-39),

“Ашид билгүүн” ХХК-ийн автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний 2021 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 41 дугаартай тайлан, гэрэл зургууд: “...“Тоуоtа Prius-11” маркийн  Эвдрэл хохирлын үнэлгээ шууд зардал 3,585,000 төгрөг, шууд бус зардал 435,000 төгрөг, нийт 4,020,000 төгрөг...” (хх 44-46),

Мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 147 дугаартай магадлагаа: “...1. Тоёота приус 30 маркийн 81-35 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно”: а/ согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 11.3 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

2. Тоёота приус 11 маркийн 16-31 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч С.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. ...” (хх 72),

Тээврийн цагдаагийн албаны 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 00 цаг 20 минутад Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо “Айцын давааны зам “МТ” шатахуун түгээх станцын баруун урд замд” зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх 4-11),

жолооч Б.Хын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 00 цаг 59 минутад драгер багажаар шалгахад 2.34 хувийн тоон үзүүлэлт илэрсэн тухай тэмдэглэл, С.Жыг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 01 цаг 02 минутад драгер багажаар шалгахад 0.00 хувийн тоон үзүүлэлт илэрсэн тухай тэмдэглэл (хх12),

Түргэн тусламжийн дуудлагын хуудсанд 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 23:41:05 цагт “Айцын даваа өгсөөд машин мөргөлдсөн гэсэн дуудлага бүртгэгдсэн тухай лавлагаа (хх 81) зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Хын  2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 23 цаг 10 минутын үед согтуурсан үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодож, мөн дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр эорчдог замд гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчин гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ эсрэг урсгалд явсан “Тоуоtа Prius-11” маркийн 16-31 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч С.Жын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн...” гэсэн шинжийг бүрэн агуулсан байна.

Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримт, гэмт хэргийн талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэсэн ялуудаас анхан шатны шүүх эрх хасах болон хорих ялыг сонгож, шүүгдэгч Б.Хт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, замын хөдөлгөөний дүрмийн хэд хэдэн заалтыг зөрчиж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  хүний эрүүл мэндэд “5 хавирга, өвчүүг хугалсан хүндэвтэр гэмтэл...” учруулан үйлдсэн хохирлын хэр хэмжээнд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцжээ.

Иймд шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн нарын хамтран гаргасан “...хорих ялыг тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв. 

Хохирогч С.Ж нь эмчилгээний зардал, бусад хохирол (хх 117-120, 123-124, 140-146)-д хохирлын баримтаа гарган нэхэмжилсэн байх ба шүүгдэгч Б.Х нь шийтгэх тогтоолоос өмнө 3,500,000 төгрөгийг, шийтгэх тогтоол гарсны дараа шийтгэх тогтоолоор хохирогч С.Жд олгохоор заасан 2,213,057 төгрөгийг төлж барагдуулсан байна.

Хохирогчийн гэм хорын нэхэмжлэлээс түрээсийн болон зээлийн төлбөр 1,728,930 төгрөг, гэмт хэргийн улмаас цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг зааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/187 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын 6 дахь заалтын дагуу 2,213,057 төгрөгийг хохирогч С.Жд шүүгдэгч Б.Хатарбаатар төлсөн болохыг дурдсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               М.ПҮРЭВСҮРЭН

                ШҮҮГЧ                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                ШҮҮГЧ                                                       Д.ОЧМАНДАХ