Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 117

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон                                         ,                                                                               

Улсын яллагч С.Сугар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн

Шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар Г.Мд  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1730000610046 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1968 оны 08-р сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, Г.М.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч Г.М нь Т ХХКомпанийн машин техникүүдийг хариуцан хамгаалж байхдаа 2017 оны 04 дүгээр сард Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар баг, Шар хад гэх газарт байх   Т ХКомпанийн  эзэмшлийн Норд бенз маркийн машины хойд болон дунд бөгс, нум буюу регесор зэргийг бусдад худалдаж, завшснаар 4 100 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                         

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах  нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  - Шүүгдэгч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:  2017 оны 04 дүгээр  сард  Дорнод аймгаас ашинтай хүн ирээд машины эд зүйл гуйгаад байхаар нь Б гэдэг хүнд FAW  маркийн машины дунд бөгсийг зарсан юм. Би одоо яг хэдэн төгрөгөөр зарсан талаараа санахгүй байна. Мөн Дорнод аймгаас явж байгаа гээд цагаан өнгийн машинтай танихгүй хүн ирэхээр нь 2 нум комоор нь зарсан. Т ХХК-ны ажилчид гээд хэдэн хүмүүс ирээд өөрсдөө тэр машинаас диск, кроп, зэргийг авч явсан. Би машины бөгс, регесор хоёрыг хүнд зарсан. Би хохирлыг бүрэн төлсөн. Хохирогч Чад  1.200.000 төгрөгийг бэлнээр өгсөн.  Хоёр үхэр өгнө гэж тохирсон.  Одоо удахгүй авна гэсэн гэв.

 

-Хохирогч У.Чын мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 04 дүгээр сарын 20-нд ирж машин техникүүдээ үзэж харсан чинь эд ангиудыг нь М  бусдад зарсан байсан. Тухайн үед цагдаад хэлэх гэсэн чинь М өөрөө олоод өгье гээд байсан болохоор хэлээгүй.  Манай компани М гэдэг хүнтэй хөдөлмөрийн гэрээ хийгээгүй, гэхдээ сар бүр 200 000 төгрөгний цалин өгдөг байсан. Яг ямар эд зүйл зарсан талаар мэдэхгүй.  М гэдэг хүн ямар учиртай FAW маркийн машины бөгс гэж хэлснийг мэдэхгүй андуурсан байх манай компани Норд маркийн машины бөгс, нум алга болсон.  Ажилчид гэж хэзээ ямар хүмүүс ирж машинаас эд зүйл авсан юм мэдэхгүй. Сүүлд би өөрөө засварчидтайгаа энд ажиллаж байгаад Норд бенз маркийн машины кроп Төв аймаг авч явсан түүнийг андуураад байгаа юмуу мэдэхгүй байна. Одоо надад гомдол санал байхгүй. М надад 1 200 000 төгрөг, 2 үхэр өгч хохирол барагдуулсан ...гэх мэдүүлэг /хх-ийн 05-06, 07-р хуудас/

 

- Гэрч Б.Ший мөрдөн байцаалтанд өгсөн: “... Т гэдэг компани манаач гэр бүлээр нь авна гэсэн тул  Мөнххаан сумаас нүүж ирээд сардаа 300 000 төгрөгийн цалин авч  байхаар манай нөхөр М тохироод 2016 оны 09 дүгээр сарын сүүлээс эхлэн тэр техникүүдийг манаж эхэлсэн. Манай нөхөр Дорнодоос  явж байгаа замын унаанд эхлээд янз бүрийн төмөр машины дугуй, обуд зэргийг 10000-20000 төгрөгөөр зардаг байсан.  Тэгээд боль гэхээр зараад байсан. Дараа нь нэг машины бөгс гээд нэг юм Мөнххаан сумын Б, Ч гэдэг хүмүүст 150 000 төгрөгөөр зарсан. Өөр юм зарсан талаар мэдэхгүй байна  гэх мэдүүлэг /хх-ийн 09-р хуудас/, 

 

-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 20-р хуудас/

 

-Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 21-р хуудас/

 

-Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 22-р хуудас/

 

-Г.Мы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Шүүгдэгч Г.М нь Т ХХКомпанийн машин техникүүдийг хариуцан хамгаалж байхдаа 2017 оны 04 дүгээр сард Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар баг, Шар хад гэх газар байх Т ХКомпанийн  эзэмшлийн Норд бенз маркын машины хойд болон дунд бөгс, нум буюу регесор зэргийг бусдад худалдаж, завшснаар 4 100 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Мы  мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч У.Ч, гэрч Б.Ш нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

           

Шүүгдэгч Г.Мд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон тул Г.Мыг хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Г.Мд ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг  төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно

Шүүгдэгч Г.Мы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсэн тул шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч У.Ч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан түүнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн болно.

 

Шүүгдэгч Г.М нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй,   битүүмжлэгдсэн зүйлгүй,  хохирогч У.Ч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Шүүгдэгч   Г.Мыг хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Мийг  хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мд авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй 

 

4. Ялтан Г.М нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй,   битүүмжлэгдсэн зүйлгүй,  хохирогч У.Ч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА