| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/03274/И |
| Дугаар | 183/шш2024/02449 |
| Огноо | 2024-06-04 |
| Маргааны төрөл | Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоох, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 183/шш2024/02449
| 2024 оны 06 сарын 04 өдөр | Дугаар 183/ШШ2024/02449 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ганцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 15-р хороо, Ривер вилла, 8/2-103 тоотод оршин суух, Тамч овогт Рагчаагийн О /РД:00000/-ны нэхэмжлэлтэй,
Баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.О, гэрч Р.Ариунаа, Р.Гантөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхамбаасан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Улаанбаатар төмөр замын төв эмнэлэгт 1989 оны 7 сарын 07-нд хүлээн авахын сувилагчаар ажилд орсон юм. 1991 оны 8 сар хүртэл сувилагчаар ажиллаж АУИС-д эмчийн мэргэжлээр сурахаар ажлаасаа гарсан. Одоо миний бие 55 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэж нийгмийн даатгалын хэлтэст баримтаа бүрдүүлж өгтөл. УБТЗ-ын төв эмнэлгийн даргын 1984-7-7-ны Б153 тоот тушаал дээр Раднаагийн О гэж эцгийн нэр зөрүүтэй болж ажилласан жилд хамруулах боломжгүй гэдэг хариу өгсөн. Миний бие 2011 онд хөдөлмөрийн дэвтрээ гээсэн тул авчрах боломжгүй. Нийгмийн даатгалын байцаагч шүүхээр бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болгохоо тогтоолгох шаардлагатай гэсний дагуу танай шүүхийн мэдээллийн ажилтнаас зөвлөгөө авч, хамт ажиллаж байгаа. Сүхбаатарын Сувдаа сувилагч, Дашийн Хорлоо сувилагчаар баримтыг бүрдүүлж өгч нэхэмжлэл гаргаж байна. Иймд 1989 оны 7 сарын 07-ны УБТЗ-ны нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасгийн сувилагчаар ажиллаж байсан Раднаагийн О нэрээр даргын тушаалаар бичигдсэнийг жинхэнэ эзэмшигчээр Раднаагийн О болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэн Д.Хорлоогийн өргөдөл, 1989.07.07-ны өдрийн Б-53 тоот Улаанбаатар төмөр замын төв эмнэлгийн даргын тушаалын хуулбар, 1991.08.27-ны өдрийн Б-/563 тоот Улаанбаатар төмөр замын төв эмнэлгийн даргын тушаалыг хуулбар, иргэн Д.Хорлоогийн иргэний үнэмлэх, 381092 тоот хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэн С.Сувдаагийн өргөдөл, иргэний үнэмлэх, 331099 дугаар хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 6164 дүгээр Оы төрсний бүртгэлийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт лавлагаа, 566656 дугаар бүрэн дунд боловсролын үнэмлэхийн лавлагаа, 11071 дугаар дипломын хавсралтын хуулбар, иргэн Р.Гантөмөрийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар, Р.Гантөмөрийн өргөдөл, Р.Ариунаагийн иргэний үнэмлэх, төрөл садангийн лавлагаа, өргөдлийн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс Р.Ариунаа, Р.Гантөмөр нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авах ажиллагааг хийсэн.
Шүүх нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Р.О нь баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
2. Шүүхээс хүсэлтийг хангаж, баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоох нь зүйтэй гэж үзэв.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ мөн хуулийн 135.2-д эрх зүйн ач холбогдол баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоох байдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж заасан байна.
4. Хүсэлт гаргагч нь баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгож тэтгэврээ тогтоолгох боломжтой гэх байдлаар тодорхойлж байна.
5. Нэхэмжлэгч Р.О нь 1989 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Б-/53 дугаар Улаанбаатар төмөр замын Төв эмнэлгийн даргын ажилд томилох тухай Раднаагийн Оыг хүлээн авахын сувилагчаар 1991.08.27-ны өдрийн Б-563 дугаар Улаанбаатар төмөр замын даргын ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Амбулаторын сувилагч Р.Оыг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар 1989 оны 07 дугаарм 07-ний өдрийн Б/53 дугаартай тушаалд Раднаагийн О нэрээр бичигдсэн нь буруу бичигдсэн, тухайн тушаалын хамаарах хэсгийн эзэмшигч нь Рагчаа овогтой О мөн болох нь Рагчаа овогтой Оы төрсний гэрчилгээнд Рагчаа овгоор бүртгэгдэж, 1969 оны 06 сарын 17-ны өдөр гэж тэмдэглэгдсэнээр, 5666656 дугаартай Бүрэн дунд үнэмлэхт Рагчаа гэж бичигдсэнээр, 11071 дугаартай Дипломын хавсралтад Рагчаагийн О гэж бичигдсэнээр тогтоогдож байна.
6. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр дуудагдсан Р.Ариунаа /ИБД:111920370811/-ийн Манай аавыг н.Рагчаа гэдэг, Дүү бүрэн дунд сургуулиа 31-р сургууль төгсөөд Анагаахад суралцаад сувилагчаар төгсөөд, дараа нь анагаахын дээд төгссөн, сувилагчаар төгсөөд Төмөр замын эмнэлэгт сувилагчаар орж байсан. Тэгээд анагаахын дээд сургуульд сурч төгсөөд дахиад Төмөр замын эмнэлэгт ажилласан гэх мэдүүлэг, гэрч Р.Гантөмөр /РД:0000000/-ийн Тамч овогтой Рагчаагийн Гантөмөр гэдэг. Манай дүүг Рагчаа овогтой О гэдэг. Анагаах ухааны дээд сургууль төгссөн, Төмөр замын эмнэлэгт ажилд орж байсан гэх мэдүүлгээр 1989.07.07-ны өдрийн Б/53 дугаар тушаалд бичигдсэн нэр нь Раднаагийн О нэрээр бичигдсэн нь буруу бичигдсэн, тухайн тушаалын хамаарах хэсгийн эзэмшигч нь Рагчаа овогтой О мөн болох нь тогтоогдож байна.
7. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан 1989 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн огноотой Б-/53 дугаартай тушаалд Раднаагийн О нэрээр бичигдсэн нь буруу бичигдсэн, тухайн тушаалын 6 дугаартай хэсгийн эзэмшигч нь Рагчаа овогтой О мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.
8. Шүүхээс нэхэмжлэлийг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан 1989 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн огноотой Б-/53 дугаартай тушаалын 6 дугаарт Раднаагийн О нэрээр бичигдсэн нь буруу бичигдсэн, тушаалын 6 дугаартай хэсгийн эзэмшигч нь Тамч овогт Рагчаагийн О /РД:00000/ мөн болохыг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ