Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 112

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон                                         ,                                                                               

Улсын яллагч Г.Амарсайхан

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр

Шүүгдэгч Г.А, Э.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.А, Э.С нарт холбогдох эрүүгийн 1730001400087 дугаартай  хавтаст хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

  Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Дарьганга суманд 1986 оны 12-р сарын 13-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Г.А.

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Дарьганга суманд 1995 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 3, Э.С.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч Г.А, Э.С нар нь 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Уулын хүр гэх газраас иргэн А.Аын 11  хонийг хулгайлж 830 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт дараах  нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 - Шүүгдэгч  Г.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Эрдэнэ-Уул гэдэг газар явж байхад Аын 40 хонь сүргээсээ тасраад явж байсан. Тэр хониноос 11 хонийг тууж яваад 2 хонийг нь зарсан. 11 хонийг бүгдийг нь буцааж төлсөн. Хохирогч гомдолгүй гэсэн гэв.

 

- Шүүгдэгч нь Э.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 08 дугаар сарын 18-нд багийн өдөрлөг болсон. Эрдэнэ-Уул гэдэг газар 40 гаруй хонь байсан. Тэр хониноос 11 хонийг хөөж яваад 2 хонийг нь махлаж нар шингэсэн хойно сум руу авч явсан. Миний буруу  хохирлыг төлсөн гэв. 

 

-Хохирогч А.Аын мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр би багийн өдөрлөгт явж байхад 2 дугаар багийн иргэн С надтай таарч танай хонь тасраад Хүзүү гэх газар явж байна гэсэн. Би Дарьганга сумын 3 дугаар багийн нутаг Уулын Хүр гэх газраас хонио олж аваад хониндоо нийлүүлсэн чинь нийт 11  бог мал дутуу байсан. Манай алдсан 11 хонийг Г.А, Э.С нар хулгайлсан байснаа хүлээн зөвшөөрч миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул гаргах санал хүсэлтгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/

 

-Гэрч Б.Зы мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 17-ны өглөө хонио усалж гаргаад, морио солих гээд явж байгаад гэртээ ирэхэд манай хонины хагас хонь байхгүй болохоор нь тухай өдөр эрээд олоогүй. 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр би багийн өдөрлөгт явж байхад 2 дугаар багийн иргэн С надтай таарч танай хонь тасраад Хүзүү гэх газар явж байна гэсэн. Тэгээд би хониндоо явж Дарьганга сумын 3 дугаар багийн нутаг Уулын Хүр гэх газраас хонио олж авахад 36 тооны хонь байсан. Тэгээд хонио орой тоолоход 11 тооны хонь дутуу байсан гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/

 

-Гэрч  С.Дын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 17-ны орой 19 цагийн орчим Дарьганга сумын 3 дугаар багийн нутаг Эрдэнэ-Уул гэх газар Г.Аын гэрт байж байхад Э.С мотоцикльтой ирээд Э бид хоёрыг сум хонь хүргээд өг гэхээр нь Этай хамт миний мотоцикльтой С Г 2-ыг дагаад явахад Эрдэнэ-Уулын хойд талын бургасанд хоёр хонь хөлийг нь уясан байдалтай байсан.Тэгээд Э бид 2 нэг хонийг нь дундаа хийгээд С Г 2 нэг хонийг нь аваад сумын төвийн Өмхий тойром гэх газар очиход С нэг хонио аваад сум руу явсан. Бид хоёрыг нэг хонио борлуулаад бензин ав гэхээр нь тэр хонийг 2017 оны 08 дугаар сарын 18-ны өглөө Н ахад 50000 төгрөгөөр зарж борлуулаад Э бид 2 хуваагаад авсан гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/

 

-Гэрч Т.Гын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 17-ны өглөө 11 цагийн орчим Эрдэнэ-Очир ахынд буухад С намайг орой сум руу хонь хүргээд өг гэж гуйсан... Д, Э, С бид 4 хоёр мотоцикльтой яваад Эрдэнэ-Уулын бургасанд очиход хоёр хонь хөлийг нь уясан байдалтай байсан. . . Тэгээд Э, Д 2 нэг хонь дундаа хийгээд С бид  2 нэг хонь аваад сумын төвийн Өмхий тойромд авчраад С нэг хонийг  алж гэдсийг нь  гаргаж хаяад Н ахад зарсан. Нөгөө хонийг нь Д, Э нар авч үлдсэн болно гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/.

-Сүхбаатар аймгийн Дарьганга сумын малын үнэлгээ  /хх-ийн 43-44-р хуудас/.

 

-Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 3 дугаар багийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 10/198 дугаартай тодорхойлолт /хх-ийн 35-р хуудас/

 

-Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 3 дугаар багийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 10/197 дугаартай тодорхойлолт хх-ийн 38-р хуудас

 

-А.Аын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 49-р хуудас/

 

-Э.Сын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 50-р хуудас/

 

-Г.Аын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-р хуудас/ зэрэг баримтууд болно

 

-Э.Сын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Шүүгдэгч Г.А,   Э.С нар нь  бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Уулын хүр гэх газраас хохирогч  А.Аын 11  хонийг хулгайлж 830 000 төгрөгийн хохирол учруулсан

гэмт хэргийг  үйлдсэн болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хохирогч А.А, гэрч Т.Ц, Б.З, С.Д, Т.Г, Х.Э нарын мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлгүүд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтас хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.А, Э.С нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй  хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон  тул Г.А, Э.С нарыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна..

Шүүгдэгч  Г.А, Э.С нарт ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн  зэрэг нь  Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт  заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдал  болно.

 

Шүүгдэгч Г.А, Э.С нар цагдан хоригдоогүй, бичиг баримт, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч А.Аод хохирол төлсөн,  хохирогч гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.  

 

Шүүгдэгч  Г.А, Э.С нарын үйлдсэн мал хулгайлах гэмт хэрэг нь  Эрүүгийн   хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсэн тул шүүгдэгч нарын  хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг,  хохирлыг төлсөн  зэргийг харгалзан  Прокурорын гаргасан саналын хүрээнд буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.А, Э.С нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь  зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Шүүгдэгч Г. А,  Э.Сыг нарыг  мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн  7.1 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар   хорих ял оногдуулахгүйгээр Амарбаатарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар,  Э.Сыг  1 /нэг / жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй. 

 

 3. Шүүгдэгч Г.А, Э.С нар цагдан хоригдоогүй, бичиг баримт, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч А.Аод хохирол төлсөн,  хохирогч гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 

 

 4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан Г.А, Э.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Х.САНЖИДМАА