Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар   2022/ДШМ/529   

 

 

 

 

М.Эад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Билгүүн, 

шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Д.Алтангэрэл,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,  

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/344 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Алтангэрэл давж заалдах гомдол гаргасныг үндэслэн М.Эад холбогдох 2209000000149 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

....... тоотод оршин суух хаягтай,

2017 оны шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн,   

2018 оны шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялаар,

2021 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 6 сарын хугацаагаар тэнсэж байсан;

Шүүгдэгч М.Э нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны орой 23 цаг 48 минутын үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Зу” нэртэй баарны дотор өлгүүрийн хэсэгт иргэн З.Жийг “хажуу талаас шахлаа, миний өмнөөс хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, мөн толгойгоороо түүний толгойн тус газарт нь мөргөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хоёр нүдний дээд зовхи, зүүн доод зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: М.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч М.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор 01 жил 06 сарын хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.21 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.21 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 сарын зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 01 жил 08 сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгч М.Эыг зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарч явах эрхийг хязгаарлаж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчин явах үүргийг хүлээлгэж түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э нь шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эаас 280.000 төгрөгийг гаргуулж, хохирогч З. Жавхлантөгсөд олгож, хохирогч М.Э нь өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох М.Эаас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч М.Э нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Алтангэрэл гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/344 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3-т зааснаар шуүгдэгч М.Эад Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор 01 жил, 6 сарын хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар оролцогчдын гаргасан давж заалдах гомдол эсхүл прокурорын эсэргүүцлээр хэргийг дээд шатны шүүх хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах, хэвээр үлдээх, хүчингүй болгох хуулийн зохицуулалтай. Өөрөөр хэлбэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хүчин төгөлдөр болсон Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өөр хэргийг хянан хэлэлцэхдээ хүчингүй болгох, оногдуулсан ялыг өөрчлөх хуулийн зохицуулалт байхгүй бөгөөд тийм эрх хэмжээ байхгүй.

Гэтэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож оногдуулсан ялыг өөрчлөн шийдвэрлэж байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчиж байна.

Мөн М.Эад Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан 01 жил 06 сарын хугацаанд тэнсэж, хяналт тогтоосон шийдвэрийг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгосон. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 7-д зааснаар “Энэ хуулийн 5.2, 5.3-т заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс шийдвэр гарахгүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоно” гэж заасан.

Гэтэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нь “хэргийн материалд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ял шийтгэл нь хүчингүй болсон эсэх талаар шүүхийн шийдвэр байхгүй тул ялыг нэмж нэгтгэн оногдуулж байна гэх” тайлбар нь үндэслэлгүй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/344 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3,4 дэх хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

Шүүгдэгч М.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох болон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах гэсэн сонгох санкцтай.

Шүүгдэгч М.Э нь эрхэлсэн тодорхой ажилтай, ажлын газрын хаяг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрладаг, сард тогтмол орлоготой болох нь хэрэгт авагдсан ажлын газрын цалингийн тодорхойлолт болон Хаан банкны дансны хуулга зэргээр нотлогдон тогтоогддог. Мөн өөрийн гэм бурууг сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан бодитой хохирлыг сайн дураар бүрэн төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах бүрэн боломжтой.

Гэтэл шүүгдэгчийг Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарч явах эрхийг хязгаарлаж шийдвэрлэсэн түүний ажил хөдөлмөр хийж орлого олох эрхийг нь мөн хязгаарлаж буй хэлбэр мөн.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/344 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсгийг хүчингүй болгож шүүгдэгч М.Эад торгох ялыг оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй...” гэв. 

Прокурор Э.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн. Харин 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор 01 жил 06 сарын хугацаагаар тэнссэн шийдвэр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж, шүүхий шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан талаарх баримтыг гаргаж өгсөн байна. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг М.Эад холбогдох 2209000000149 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч М.Эын хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.

М.Э нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны орой 23 цаг 48 минутын үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Зу” нэртэй баарны дотор өлгүүрийн хэсэгт иргэн З.Жтэй “хажуу талаас шахлаа, миний өмнөөс хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар харилцан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, мөн толгойгоороо түүний толгойн тус газарт нь мөргөж зодсоны улмаас биед нь “...хамар ясны хугарал, хоёр нүдний дээд зовхи, зүүн доод зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” гэсэн хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч З.Жийн: “...гарах гээд өлгүүрээс хувцсаа авахаар зогсож байтал миний араас хоёр залуу ирээд надтай маргалдсан. Энэ үед цаад талаас нэг залуу гарч ирээд шууд миний нүүр хэсэг рүү цохисон. Тухайн үйл явдлаас үүдэлтэйгээр миний хамар хугарсан, хоёр нүд хөхөрсөн, толгойн зүүн тал хавдсан бөгөөд цаашид хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Гомдолтой байна, хохирлоо нөхөн төлүүлж авмаар байна...” /хх 12/,

гэрч А.Болормаагийн: “...Орой баар хааж байхад хоёр залуу хоорондоо маргалдаад зодолдоод байхаар нь би хамгаалагч дуудаач ээ гэж орилсон...” /хх 18/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дигаар сарын 30-ны өдрийн 921 дугаартай “... З.Жийн биед хамар ясны хугарал хоёр нүдний дээд зовхи, зүүн доод зовхи, хамар цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 20-21/,

2021 оны 12 дугаар сарын 25-ны орой 23 цаг 48 минутын үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Зу” нэртэй баарны дотор өлгүүрийн хэсэгт иргэн З.Ж, М.Э нарын хооронд юу болсон байдлыг бэхжүүлсэн “...маргалдагч хоёр хүмүүс нь бие биенийхээ хувцаснаас татаж түлхэлцэн камерийн цагаар 23:47:47 цагт барьцалдаж авч байна. ...23:48:16 цагт хоёр хүн бие биенийгээ цохиж байгаа нь харагдах ба саарал өнгийн гадуур хувцастай хүн нь хар өнгийн гадуур хувцастай хүнийг баруун гараараа эрүүн тус газар нэг удаа тохойлдож, дараа нь толгойгоороо толгойд нь мөргөсөн ба хар өнгийн гадуур хувццастай хүн нь саарал өнгийн гадуур хувцастай хүнийг нэг удаа мөргөж, дараа нь толгой хэсэгт нь нэг удаа цохиж байх ба 23:48:43 цагт саарал өнгийн куртиктэй хүн нь хар өнгийн куртиктэй хүнийг зүүн гараараа үснээс нь татаж арагшлуулан баруун гараараа эрүүн тус газар нь нэг удаа цохиж байлаа...” гэсэн хяналтын камерийн бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7-8/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Шүүгдэгч М.Эын хохирогч З.Жийн нүүрэн тус газарт гараараа цохиж, мөн толгойгоороо түүний толгойн тус газарт нь мөргөж зодон З.Жийн эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хоёр нүдний дээд зовхи, зүүн доод зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжтэй байна.

Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах гэсэн ялуудаас шүүх зорчих эрхийг хязгаарлах ял сонгож, 02 сарын хугацаатай шийтгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт эрүүийн хариуцлага 3 удаа хүлээж байсан хувийн байдалд нь тохирсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.    

Түүнчлэн, шүүгдэгчид шүүхээс сонгон оногдуулж буй эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн өөрийх нь хүсэл сонирхолд нийцсэн байх талаар Эрүүгийн хуульд заагаагүй бөгөөд шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон байх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцдэг.

Иймд М.Эын өмгөөлөгч Д.Алтангэрэлийн гаргасан “...шүүгдэгчийг Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарч явах эрхийг хязгаарлаж шийдвэрлэсэн түүний ажил хөдөлмөр хийж орлого олох эрхийг нь мөн хязгаарлаж буй хэлбэр тул шүүгдэгч М.Эад торгох ялыг оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Харин анхан шатны шүүх Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэснийг хүчингүй болгож, тус шийтгэх тогтоолоор М.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ялыг оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Учир нь, шүүгдэгч М.Эын Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор шийтгэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь 2019 оны 8  дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө үйлдэгдсэн байх тул 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан “...2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 01 минутаас өмнө 2015 оны Эрүүгийн хуульд заасан гэм хэрэг үйлдсэн хүн хамаарна. ...” гэсэн хуулийн үйлчлэлд хамаарч байна.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд  шүүгдэгч М.Эын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг, уг гэмт хэрэгт оногдуулсан тэнсэх эрүүгийн хариуцлага ороогүй.

Иймд  2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь  хэсэгт “...Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно...” гэж зааснаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.21 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 6 сарын хугацаагаар тэнссэн хугацаа өршөөлд хамрагдаж, хэрэгсэхгүй болох хуулийн зохицуулалтай байна.  

Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 7-д зааснаар “Энэ хуулийн 5.2, 5.3-т заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс шийдвэр гарахгүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоно” гэж заасан тул хэрэгт энэ талаар нотлох баримт байхгүй үндэслэлээр анхан шатны шүүхийн 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглээгүйг үндэслэлгүй гэж үзнэ.

Иймд өмгөөлөгч Д.Алтангэрэлийн давж заалдах гомдлын “...2021 оны Өршөөл үзүүэлх тухай хуулийг буруу хэрэглэсэн...” талаарх хэсгийг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

Түүнчлэн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтласан болон тогтоох хэсгийн 7 дугаар заалтад хохирогчийн нэрийг М.Э гэж буруу бичсэнийг хохирогч З.Ж гэж зөвтгөж,

зорчих эрх хязгаарлах ялыг тогтоохдоо Эрүүгийн хуулийн зохих заалт болох  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлаагүйг нэмж зөвтгөсөн өөрчлөлтийг тус тус шийтгэх тогтоолд оруулж байна.  

Анхан шатны шүүх хохирогч З.Жийн гэм хорын хохирлын нэхэмжлэлийг үндэслэлтэй зөв дүгнэж шийдвэрлэсэн байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/344 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтыг хүчингүй болгож,

тогтоох хэсгийн 5 дахь заалтад “шүүгдэгч М.Эыг зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарч явах эрхийг хязгаарлаж, эрх бүхий байгууллагын байгууллага, албан тушаалтны зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчин явах үүргийг хүлээлгэж түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эыг зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарч явах эрхийг хязгаарлаж, эрх бүхий байгууллагын байгууллага, албан тушаалтны зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчин явах үүргийг хүлээлгэж түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж, тогтоох хэсгийн 7 дахь заалтад “...хохирогч М.Э...” гэснийг “...хохирогч З.Ж...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.  

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Алтангэрэлийн давж заалдах гомдлын “...шүүгдэгч М.Эад торгох ялыг оногдуулж өгнө үү...” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               М.ПҮРЭВСҮРЭН

                ШҮҮГЧ                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                ШҮҮГЧ                                                       Д.ОЧМАНДАХ