| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2022/00395/И |
| Дугаар | 142/ШШ2022/00366 |
| Огноо | 2022-03-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 142/ШШ2022/00366
2022 03 11 142/ШШ2022/00366
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг дахь Цагдаагийн газрын хүсэлттэй, 1967 оны 5 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, ам бүл 1, ажилгүй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг ******* тоотод оршин суух, ******* /РД:*******/-ийг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч Орхон аймаг дахь Цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Цагдаагийн дэслэгч М.Ундрахбаяр,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Ө
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Орхон аймаг дахь Цагдаагийн газар Л.Ө-ийг албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг тус шүүхэд 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гаргасан.
2. Хүсэлт гаргагч Орхон Цагдаагийн газрын дарга С.Ц шүүхэд гаргасан хүсэлтдээ: Орхон аймаг Баян-Өндөр сумын Согоот багийн ******* тоотод оршин суух Лүдэвдоржийн Өрнөх нь удаа дараа архидан согтуурч эрүүлжүүлэгдэн, нийтийн хэв журмыг байнга зөрчиж, Зөрчлийн тухай хуулиар баривчлагдах арга хэмжээ авагдсан боловч дээрх үйлдэлдээ дүгнэлт хийж, засарч хүмүүжихгүй, эмнэлгийн дүгнэлтээр архинд донтох өвчтэй болох нь тогтоогдсон тул Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг үндэслэн албадан эмчилгээнд эмчлүүлэх шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...би 80 хувийн групт байдаг. Биеэ өвдөхөөр архи уудаг. Би албадан эмчилгээнд явах хүсэлгүй байна... гэжээ.
4. Хүсэлт гаргагч Орхон аймаг дахь Цагдаагийн газраас Л.Ө-ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-3/, Л.Өөөс тайлбар авсан тэмдэглэл /хх-5/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 49 дугаартай албан бичиг /хх-6/, Орхон аймаг дахь Цагдаагийн газар, нийтийн хэв журам хагаалах тасгийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн тодорхойлолт /хх-7/, Л.Ө-ийн захиргааны зөрчлийн арга хэмжээ авагдсан байдлын лавлагаа /хх-8-9/, Албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд хүнийг саатуулах тухай тогтоол /хх-10/, Согтууруулах, мансууруулах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт /хх-11/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Зохигчдын тайлбар хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Орхон аймаг дахь Цагдаагийн газар нь Л.Ө-ийг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд тус цагдаагийн газар Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1., 6 дугаар зүйлийн 6.3.-д зааснаар хүсэлт гаргах эрхтэй байна.
2. Л.Ө байнга архидан согтуурч, эрүүлжүүлэгдэж байсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэж цагдаагийн байгууллагад байнга дуудлага өгч, орчин тойрныхоо хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг, гэртээ байнга бусадтай архидан согтуурч нийгмийн хэв журам зөрчдөг болох нь цагдаагийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Согоот багийн Засаг даргын тодорхойлолт, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Ө нь архинд донтох өвчтэй бөгөөд эрүүл мэндийн хувьд эмчилгээнд хамрагдахад саад болох зүйлгүй талаар Согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлтээр нотлогдож байх тул түүнийг архины албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж дүгнэв.
4. Иймд хүсэлт гаргагч Орхон аймаг дахь Цагдаагийн газрын хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
5. Хүсэлт гаргагч Орхон аймаг дахь Цагдаагийн газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар Лүдэвдоржийн Өрнөх /РД:*******/-г архины албадан эмчилгээнд явуулсугай.
2.Согтуурах, мансуурах, донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Л.Ө-ийг албадан эмчлэх эмнэлэгт хүргэхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.
3. Согтуурах, мансуурах донтой өвчтэй хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх, тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар Цагдаагийн алба хаагч албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар тухайн хүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие хүн бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын таван өдрийн дотор мэдэгдэхийг даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хүсэлт гаргагч Орхон аймаг дахь Цагдаагийн газар нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
5. Согтуурах, мансуурах донтой өвчтэй хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх, тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА