Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2022/ДШМ/558   

 

 

 

 

 

О.Жт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Эрдэнэчимэг,

шүүгдэгч О.Ж, түүний өмгөөлөгч Ч.Алдар,

хохирогч Ч.Б, түүнийн өмгөөлөгч Ч.Жадамба,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,  

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/497 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч Ч.Жадамба давж заалдах гомдол гаргасныг үндэслэн О.Жт холбогдох 2203000370085 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

............. түр оршин суудаг гэх, ял шийтгэлгүй;

О.Ж нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо “Санан дурсахуй” клабын баруун замд 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 22 цаг 30 минутын үед BMW маркийн 56-41 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” болон 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.Бийг мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас:

О.Жийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  

Хаад Боржигин овогт О.Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2- д зааснаар О.Ж-ийг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Ж нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газар явахыг хориглох, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг тус тус хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ж нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.Жт оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хасах ялыг ял оногдуулсан шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг Си-Ди-ийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид баримтаар төлөх төлбөргүй, жолооны үнэмлэх хэрэгт хавсарган ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, хохирогч Ч.Б нь гэмтлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлоо холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, О.Жийн 1413566 дугаартай жолооны үнэмлэх нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шинээр шивэгдсэн тухай цагдаагийн ерөнхий газраас лавлагааг ирүүлсэн ба хэрэгт жолооны үнэмлэх хавсарган ирүүлээгүй тул энэ мэдээлэлийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

    Хохирогчийн өмгөөлөгч Ч.Жадамба гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...тогтоолд “...хохирогч Ч.Б нь эмчилгээний зардалд гарсан 2.147.352 төгрөгийн хохирлын тооцоог ирүүлсэн байх бөгөөд шүүгдэгч О.Жөөс хохирогчийн эмчилгээний төлбөрт 4.800.000 төгрөг төлжээ. Иймд шүүгдэгч О.Жийг хавтаст хэрэгт нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв” гэсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь, хохирогч Ч.Бийн 2022 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар гарсан эмчилгээний зардалд зарцуулагдсан 2.147.352 төгрөгийг, холбогдох санхүүгийн баримтыг хамт гарган өгсөн. Гэтэл шүүх зөвхөн уг өдрөөр хязгаарлан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тооцоолсонд гомдолтой байна.

Хохирогч Ч.Б 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр эмчилгээ, асаргааны зардалтай холбоотой 35 хуудас баримт (нийт 2.030.919 төгрөгийн)-ыг, түүнчлэн шүүх хуралдаанд шатахуун болон тэргэнцэр, тохирох хэрэглэгдэхүүний түрээсийн зардал (800.000 төгрөг, 810.000 төгрөг, 20.000 төгрөг) 1.630.000 төгрөг буюу нийт 3.660.919 төгрөгийн зардлын баримтуудыг тус тус өгсөн байхад шүүх уг баримтуудыг харгалзан үзэлгүйгээр шүүгдэгч О.Жийг хавтаст хэрэгт нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго, зорилтын хүрээнд хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, сэргээн тогтоох хуульд заасан үүргээ үл биелүүлсний улмаас хохирогчид учирсан бодит хохирол бүрэн барагдах боломжгүй болоод байна.

Хавтаст хэрэгт цугларсан хохирол төлбөрийн баримтаар нийт 5.808.271 төгрөгийн бодит хохирол гэмт хэргийн улмаас учирсан байх атал анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хохирол төлбөрийг буруу тооцоолж шийдвэрлэжээ.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/497 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирогч Ч.Бөд шүүгдэгч О.Жөөс 1.008.271 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв. 

Хохирогч Ч.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ганц гарын таяг, дөрвөн хөлтэй таяг, тэргэнцэр, бие засах тэрэг гэх мэт бүх зүйлийг түрээсэлсэн. Тус тусдаа өөр өөр хүнээс түрээсэлсэн. Төлбөрийг би хийгээгүй. Манай хүү, эхнэр данснаасаа төлбөрийг нь шилжүүлж байсан. Намайг ямар хүнд осолд орсон болохыг бичлэгээс харах боломжтой. Өдий зэрэгтэй байгаадаа би баярлаж байна. Сүүлд шүүхийн шатанд 1.900.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Үүнийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү...” гэв.  

Шүүгдэгч О.Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй...” гэв.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Алдар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтас хэргийн 25-26 дугаар хуудсанд авагдсан баримтуудад 10.000 төгрөгийн баримт гэж гаргаж өгсөн байх боловч 5500 төгрөгийн баримт байдаг. 4500 төгрөгийг хариулаад авсан байдаг. Нийт 2.400.000 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн гэх боловч 1.070.000 төгрөгийн баримт байдаг. Бодит хохирол 2.000.000 төгрөг болсон. Тэргэнцэр, таяг гэх мэт эд зүйлсийг түрээсэлсэн гэх боловч худалдаад аваад өгсөн бол түрээсэлснээс бага мөнгөөр авах боломжтой байсан. Гэхдээ бид үүн дээр маргаагүй. Гэм буруугаа хүлээж, хохирлыг төлөхөө илэрхийлсэн. Эхлээд 2.300.000 төгрөгийг төлөөд, дараа нь 2.500.000 төгрөгийг өгсөн. Нийт 4.800.000 төгрөгийг хохирол төлбөрт өгсөн. Хавтас хэрэгт 350.000 төгрөгийн тамга тэмдэггүй паданууд авагдсан байдаг. Мөн долоо хоногт 400.000 төгрөгийн шатахуун зарцуулсан баримт байдаг. Бид энэ бүхэн дээр маргаагүй. Иймд анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Ж нь хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг төлөх ёстой учраас ажил хөдөлмөр хийх шаардлагатай. Гэтэл Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар шийдвэрлэсэн. Ингэснээр ажлаа хийж хохирогчид хохирлыг төлөх боломжгүй болсон. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хохирогчид хохирол төлөх боломжоор хангаж шүүгдэгч О.Жт 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах албадлагын арга хэмжээ авч өгнө үү...” гэв.  

Прокурор Д.Эрдэнэчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч О.Жийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Хохирол төлбөр дээр маргалддаг. Тэргэнцэр түрээсэлсэн гэх асуудлыг хохирогч анхан шатны шүүх хуралдаан хойшилох үед ярьсан байдаг. Шүүхээс энэ талаарх баримтуудаа бүрдүүлж авчрахыг анхааруулсан. Бодит хохирол 2.147.352 төгрөг гарсан гэж тооцсон. Шүүгдэгч О.Ж хохирол дээр маргахгүй гэдэг байдлаар 4.800.000 төгрөгийг төлсөн. Ингээд хохирол төлөгдсөн гэж үзсэн. Хохирогчоос ажилгүй байсан хугацааны болон асарч байсан хүнийхээ ажилгүй байсан хугацааны төлбөрийг нэхэмжилсэн. Анхан шатны шүүх энэ талаарх баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Хохирогч Ч.Бөөс 1.900.000 төгрөг, өмгөөлөгч нь 1.008.271 төгрөг нэхэмжилж байна гэж яриад байна. Хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь эргэлзээтэй байх тул цаашид гарах хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч О.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэснийг зөрчин 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 22 цаг 30 минутын үед BMW маркийн 56-41 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо “Санан дурсахуй” клабын баруун зам дээр Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч Ч.Бийг мөргөж, түүний эрүүл мэндэд “...зүүн дунд чөмөгт ясны далд хугарал, баруун сарвууны алганы 3-р шивнүүр ясны далд хугарал, духанд шарх, зулгаралт, баруун бугалга, гуя, баруун тавхайд цус хуралт, шарх гэмтэл...” гэсэн хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

хохирогч Ч.Бийн: “...явган хүний гарцаар зүүнээс баруун тийш зам хөндлөн гарах гээд эхлээд урдаас хойш эгнээг гараад хойноосоо урагш явах чиглэлийн зам гарч яваад машинд мөргүүлсэн. Мөргүүлээд газарт унахдаа зарлалын самбарыг мөргөсөн. ...” /хх 22-23/,

гэрч Г.Билгүүний: “...Жавхаа машин унаад ирэхээр нь би хажууд нь суугаад явж байсан. Зүүн 4 зам уруудаад урагшаа чиглэлд 2 дугаар эгнээнд явж байгаад харах үед явган хүний гарц ойртож байсан бөгөөд гарцаар эхлээд хүн гарч байгаа нь харагдаагүй бөгөөд би сандлаа хойш нь бага зэрэг хэвтүүлээд явж байсан. Явган хүний гарцад дөхөөд иртэл зорчих хэсгийн зүүн талаас явган хүний гарцаар эрэгтэй хүн гарч ирэх үед жолооч Жавхаа баруун гар тийш дараад тоормос гишгээд зогсож чадалгүй хүнийг урд талаараа мөргөөд цаашаа яваад зогссон. Нөгөө хүн шидэгдэн газарт унасан. ...” /хх 50/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн 1161 дугаартай: “...Ч.Бийн биед зүүн дунд чөмөгт ясны далд хугарал, баруун сарвууны алганы 3-р шивнүүр ясны далд хугарал, духанд шарх, зулгаралт, баруун бугалга, гуя, баруун тавхайд цус хуралт, шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Нандинцэцэг...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 57-60 дахь тал/,

хэрэг учрал болсон газрын ойролцоох “Монгол паб” рестораны хяналтын камерын бичлэг, камерт үзлэг хийсэн тэмдэглэл, “Royаl” караокений хяналтын камерын бичлэг, камерт үзлэг хийсэн тэмдэглэл, “Санан дурсахуй” клабын хяналтын камерын бичлэг, камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 15-19 дэх тал/, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-10 дахь тал/,

О.Жт 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр жолоодох эрхийн үнэмлэх олгосон Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх 100, 102/,

 “О.Ж- УК:98091435... жолоочийн бүртгэлгүй, /тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгогдоогүй байна/...” гэх Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 21/81 дугаартай албан тоот /хх 99/,

Мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 125 дугаартай магадлагаа: “Жолооч О.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” “16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

Явган зорчигч Ч.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.” /хх 90/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч О.Жийн “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодон, явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа явган зорчигч Ч.Бөд зогсож зам тавьж өгөөгүйгээс явган зорчигч Ч.Бийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “...Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн...” гэсэн шинжийг бүрэн агуулсан байна.

Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримт, гэмт хэргийн талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.   

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн ялаас анхан шатны шүүх О.Жт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 5 сарын хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, замын хөдөлгөөний дүрмийн хэд хэдэн заалтыг зөрчиж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээнд тохирсон байна.

Мөн оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шудрага ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.  

Шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцжээ.

Хохирогч Ч.Б нь эмчилгээний зардал, бусад хохирол (хх 25-38, 161-166)-д нэхэмжилсэн тодорхой зориулалтаар зарцуулсан мөнгөн дүн бүхий бүх баримт нь 4,038,044 төгрөг (2,147,352 төг+1,890,692 төг) болж байх ба шүүгдэгч О.Ж нь 4,800,000 төгрөгийг хохирогч Ч.Бөд төлсөн байна.  

Шүүх хохирогч Ч.Бийн гэмтлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг зааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд хохирогчийн өмгөөлөгч Ч.Жадамбын гаргасан “...хохирол төлбөрийг буруу тооцоолж шийдвэрлэсэн тул хохирогч Ч.Бөд шүүгдэгч О.Жөөс 1.008.271 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/497 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Ч.Жадамбын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               М.ПҮРЭВСҮРЭН

                ШҮҮГЧ                                                       Д.МӨНХӨӨ

                ШҮҮГЧ                                                       Д.ОЧМАНДАХ