Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 183/шш2024/02300

 

 

 

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2024/02300

Улаанбаатар хот

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ганцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, Маршал таун, 00 байр, 0 тоот хаягт байрлах, ЭК/РД:00000/-ийн хүсэлттэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Л ХХК-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ЭКнь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Л ХХК-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч ЭКболон хариуцагчаар оролцвол зохих этгээд А.Л ХХК нар нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №5/2020010701 дугаартай "Худалдах, худалдан авах арилжааны гэрээ"-г байгуулж, гэрээний 2.1-т заасны дагуу хариуцагч тал нь гэрээний хавсралтад заасан боржин чулууг хавсралтад заасан нэгж үнэ, хэмжээний дагуу нийт 889,500,000 төгрөгөөр нийлүүлэх нэхэмжлэгч Эко контсракшн ХХК нь гэрээний 3.1-д зааснаар бартерын байраар тус үнийг төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-т заасны дагуу нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 17-р хороо, Маршал Таун хотхон, Кинг тауэр 122 байр 250 тоот орон сууцыг 478,500,000 төгрөгөөр, мэн хотхоны 129 байрны 215 тоот орон сууцыг 411,000,000 төгрөгт, нийт 889,500,000 төгрөгт тооцож бартераар төлөхөөр тохиролцсон. Хүсэлт гаргагч компани нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан боловч хариуцагчаар оролцвол зохих этгээд нь гэрээнд заасан үүргээ гүйцэтгэлгүй гэрээнээс татгалзаж 411,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг буцаан нэхэмжлэгчид шилжүүлсэн байдаг. Гэвч 478,500,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг буцаан шилжүүлээгүй бөгөөд орон сууцыг өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан банкны барьцаанд тавьсан байдаг. Иймд зөрчигдсөн эрх, хохирлоо нөхөн төлүүлэхээр 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж талуудын хооронд байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №5/2020010701 дугаартай Худалдах, худалдан авах арилжааны гэрээ-ний дагуу буцаан шилжүүлээгүй орон сууцны үнэ болох 411,813,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Гэвч хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Л ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон нэхэмжлэл дээрх хаяг болох Хан-Уул дүүрэг, 17-р хороо, Маршал таун хотхон, Кинг тауэр, 122 байр, 128 тоотод байрладаггүй болох нь тогтоогдсон үндэслэлээр 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШЗ2023/23732 дугаартай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэн Э.Отгондаваад олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШЗ2023/23732 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, 2022.06.08-ны өдрийн тус шүүхийн 183/ШШ2022/01851 дүгээр шүүхийн шийдвэрийн хуулбар, 2020.01.07-ны өдрийн №05/2020010701 дүгээр худалдах худалдан авах гэрээний хуулбар, А.Л ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, иргэн С.Агийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2020.01.07-ны өдрийн 15-0001124 дугаар орон сууц захиралгаар бариулах гэрээний хуулбар, өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлангийн хуулбар, 2021.07.29, 2021.09-01-ний өдрийн 08/2021-38, 168 дугаар ЭК-ийн албан бичгийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч ЭКнь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Л ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан байх бөгөөд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар өөрийн оршин байгаа газрын шүүхээр хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй, шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

3. Хавтаст хэрэгт 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШЗ2023/23732 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаас баримтаас үзвэл ЭКнь А.Л ХХК-тай Худалдах худалдан авах арилжааны гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлд А.Л ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй.

Улмаар хариуцагч А.Л ХХК нь нэхэмжлэгчийн тодорхойлсон Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, 122 байр, 128 тоот хаягт оршин суудаггүй болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШЗ2023/23732 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж болон хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж заасныг баримтлан ЭК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд А.Л ХХК-ийг эрэн сурвалжлан оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

5. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

А.Л ХХК-ийн оршин байгаа хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг дурдвал Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, 122 байр, 128 тоот хаягт оршин сууж байсан байх бөгөөд компанийн захирлаар С.А РД:00000 ажиллаж байсан, Цагдаагийн байгууллага нь нэхэмжлэгчээс холбогдох мэдээллийг авахыг хүсвэл 88881426, 88038964 гэсэн дугаарын утсаар холбогдож болно.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Л ХХК /РД:6297544/-ийг эрэн сурвалжилсугай.

2. А.Л ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох компанийн гүйцэтгэх захирлаар С.А РД:00000 улсын бүртгэлд бүртгэлтэй байсан болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагч А.Л ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ