Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2024/02626

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, ******* оршин байх А** к ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай, Баянзүрх дүүргийн ***** оршин суух Х******* овогт Нгийн Бд холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 39,301,578 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У*******, Г.Е*******, хариуцагч Н.Б, хариуцагчийн өмгөөлөгч О.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.П нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Н овогтой Б нь 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр манай банк бус с байгууллагатай тоот зээлийн гэрээ байгуулан 28,500,000 (Хорин найман сая таван зуун мянга) төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, 30 хоногт 2.2 хувийн хүүтэй авсан. Зээлдэгч нь 2022 оны 09-р сарын 30 нд 2,679,730 төгрөг төлж, 2022 оны 10-р сараас эхлэн зээлийн гэрээний эргэн төлөлтийг төлөлгүй 8 сарын хугацаанд 220 хоног хугацаа хэтрүүлсэн байна. "А** к" ******* нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс утсаар мэдэгдэж шаардаж байсан ч зээлдэгч нь шаардлагыг биелүүлээгүй байна. 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар тоот зээлийн гэрээний дагуу төлбөл зохих зээлийн төлбөрүүдийг тус тусад нь харуулбал: Үндсэн зээл 28,500,000 төгрөг Зээлийн хүү 4,844,219 төгрөг Нийт 33,344,219 төгрөг байна. Нэхэмжлэлийн шаардлага: 1. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 заалт болон тоот зээлийн гэрээний 7.2.1, 7.2.11 дүгээр зүйлд тус тус заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, зээлийн үндсэн төлбөр 28,500,000 төгрөг, зээлийн хүү 4,844,219 төгрөг, төгрөг нийт 33,344,219 төгрөгийг Н.Бат Уулаас гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч нь зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.4.2,5.4.3, 6 дугаар зүйлийн 6.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар зээлийг төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нээмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээсэн бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш огт төлөлт хийсэнгүй. 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар нийт 39,301,578 төгрөгийн төлбөр үүссэн үндсэн зээл 28,500,000 төгрөг, хүү 10,801,578 төгрөг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг 5,957,359 төгрөгөөр ихэсгэж нийт 39,301,578 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

А** к ******* ХК-ийн нэхэмжлэлтэй Н.Б надад холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Миний бие Н.Б нь 2021 оноос өөрийн үүсгэн байгуулсан С*** а ХХК-аар мэдээллийн технологийн салбарт дэлгүүр, худалдаа эрхлэгчдэд үйлдвэрлэгч, нийлүүлэгчдийг холбох, тэдгээрийн бараа, бүтээгдэхүүнүүдийг захиалах, нийлүүлэх, зээлээр хурдан хугацаанд төлбөрийг дэлгүүр, худалдаа эрхлэгчдийн өмнөөс үйлдвэрлэгч, нийлүүлэгчдэд шууд олгох саплай платформыг хөгжүүлж, энэхүү төслийн хүрээнд А** с н ХК, А** к *******-тай хамтран ажиллаж, дээрх төслийг удирдаж байсан. Энэхүү төслийн хүрээнд А** с н ХК-ийн Г ХХК-аас бондын төлбөрт аваад худалдан борлуулж, ашиглаж чадахгүй байсан рапсыг Д ф ХХК-нд нийлүүлж, өр төлбөрийг барагдуулах ажлыг амжилттай гүйцэтгэж 14 орчим тэрбум төгрөгийн өр төлбөрийг барагдуулж, А** с н ХК болон А** к *******-д энэхүү үр өгөөж нь очсон байдаг.

2. Дээрх хамтын ажиллагааны хүрээнд А** с н ХК, А** к *******- ын зүгээс барагдуулсан өр төлбөр болон борлуулалтаас хамаарсан урамшуулал нь үнийн дүнгийн 2 хувь байх, 1 хувийг нь ард койн-оор, 1 хувийг бэлэн мөнгөөр надад олгохоор талууд харилцан тохиролцсон байсан.

3. Мөн хамтарч ажиллаж байхад нэхэмжлэгч А** к *******-аас надад зээл авбал аваарай, зээлээ хамтын ажиллагааны урамшууллаар төлөх боломжтой гэдэг саналыг удаа дараа тавьж байсан бөгөөд 2022 оны 05 сард манай хүүхдүүдийн ЕБС-ийн сургалтын төлбөр нь нэхэгдээд байсан тул нэхэмжлэгчийн саналыг хүлээн авч 28,500,000 төгрөгийг А** к *******-аас авсан.

4. Хариу тайлбарын 2-т дурдсан миний амжилттай ажилласны урамшуулал нь 14 тэрбум төгрөгөөс тооцоход 280 сая орчим төгрөг болж байгаа бөгөөд үүнээс бэлэн мөнгөөр авах 140 сая төгрөгөөс нэхэмжлэгчээс авсан зээлийг хаах саналыг гаргасан боловч хүлээж авахгүй байсаар өнөөдрийг хүрээд байна.

5. Хэрвээ нэхэмжлэгч болон түүний толгой компани болох А** с н ХК нь анх надтай тохирсон урамшууллаа өгөхгүй, хэлсэн ярьснаасаа ийнхүү буцахыг мэдсэн бол дээрх 28,500,000 төгрөгийн зээлийг сарын 2,2 хувиар буюу өндөр хүүтэйгээр авахгүй байсан бөгөөд байгуулсан Зээлийн гэрээний хувьд ноцтой төөрөгдсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс А** к ******* ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ/ дугаартай зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга, харилцагчийн дансны хуулга, А** с н ХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн А/32/22 дугаартай Зээлийн эргэн төлөлтийн дүнгээс урамшуулал тооцон олгох тухай гүйцэтгэх захирлын тушаал, тушаалын хавсралт, С** А ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит бус хурлын ТУЗ-02/2022 дугаартай тогтоолыг,

Шүүхийн журмаар  мэйл хоорондын 2022.06.06, 2022.06.07, 2023.06.09, 2023.06.26, 2023.06.27-ны өдрүүдийн цахим захидалд үзлэг хийсэн тэмдэглэл, М ХХК-ийн зээлийн дансны хуулгыг тус тус бүрдүүлсэн нь хэрэгт авагдсан

Шүүх хуралдаанаар зохигч талуудын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч А** к ******* ХК нь хариуцагч Н.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 39,301,578 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

2. Шүүх зохигч талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ/ дугаартай зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээл 28,500,000 төгрөг, зээлийн хүүд 10,801,578 төгрөг нийт 39,301,578 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... зээлийн гэрээ байгуулж, 28,500,000 төгрөгийг авсныг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч уг зээлийн төлбөрийг А** с н ХК-ийн Г ХХК-аас бондын төлбөрт аваад худалдан борлуулж, ашиглаж чадахгүй байсан рапсыг Д ф ХХК-нд нийлүүлж, өр төлбөрийг барагдуулах ажлыг амжилттай гүйцэтгэж 14 орчим тэрбум төгрөгийн өр төлбөрийг барагдуулсны урамшууллаар төлөхөөр тохиролцсон бөгөөд уг урамшууллаас тооцохгүй гэж анхнаасаа тохиролцсон бол өндөр хүүтэй зээл авч төөрөгдөхгүй байсан тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

4. Нэхэмжлэгч А** к ******* ХК нь хариуцагч Н.Бтай 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ЗГ/ дугаартай зээлийн гэрээ байгуулж, 28,500,000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, 30 хоногт 2.2 хувийн хүүтэй, бизнесийн зориулалтаар зээлдүүлсэн болох нь тус гэрээний хуулбар, зээлийн дансны хуулга зэргээр тогтоогдож байна. /х.х-ийн 10-13,15 дахь талд/

5. Гэрээ, хэлцэл талуудын ашиг сонирхлыг хангахын тулд хүчин төгөлдөр байх шаардлагатай бөгөөд хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субьектив талын шинжүүд байна.

Дээрх гэрээнүүд агуулгын хувьд хууль зөрчөөгүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй, субъектийн хувьд эрх зүйн зохих чадамжтай этгээдүүдийн хооронд хийгдсэн, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдаж, тэмдэг дарагдсан энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн хэлбэрийн шаардлагыг хангасан байна.

Хариуцагч нь дээрх хэлцлүүдийг байгуулах үеийн дотоод хүсэл зорилго, гадагш илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хоёр нийцээгүй, хэлцлийг байгуулахдаа зээлийн эргэн төлөлтийг ажлын урамшууллаас төлөхөөр төөрөгдсөн гэж маргаж байх тул хэлцэл субъектив шинжийн хувьд хүчин төгөлдөр бус эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй.

Хэлцэл субъектив шинжийн хувьд хүчин төгөлдөр бус байх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д дүр үзүүлэн хийсэн 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл, 56.1.4-д үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн гэж, харин субъектив шинжийн хувьд хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцлийн хувьд Иргэний хуулийн 58, 59, 60 дугаар зүйлд тус тус зохицуулжээ.

Хэрэгт авагдсан А** с н ХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн А/32/22 дугаартай Зээлийн эргэн төлөлтийн дүнгээс урамшуулал тооцон олгох тухай гүйцэтгэх захирлын тушаалын 1-д Нийлүүлэлтийн Гинжин Хэлхээний Санхүүжилтийн СКОПА төслийн хүрээнд С** А ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Б нь М ХХК-ийн зээлийн эргэн төлөлтөд идэвх, зүтгэл хүчин чармайлт гаргасан ажилласнаар, М ХХК-иас үндсэн зээлийн эргэн төлөлтийг хуваарьт хугацаанд төлүүлсэн бол 0.5 хувь, хуваарьт төлөлтөөс өндөр дүнгээр төлүүлсэн бол илүү төлөлт хийсэн дүнгээс 1 хувийн урамшууллыг тооцон Н.Бд олгохыг зөвшөөрсүгэй гэжээ. /х.х-ийн 98 дахь талд/

Уг тушаалын дагуу М ХХК-иас үндсэн зээлийн эргэн төлөлтийг хуваарьт хугацаанд 1,150,000,000 төгрөгийг төлүүлсэн гэж тооцож урамшуулалд 5,750,000 төгрөгийг тооцож үүнээс 2,679,730 төгрөгийг зээлийн төлөлтөөс хасаж тооцсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 99 дэх талд/

Дээрх үйл баримтуудаас зээлийн гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулсан 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ЗГ/ дугаартай зээлийн гэрээний эргэн төлөлтийг хариуцагч Н.Бын хариуцан ажиллаж байсан С*** А ХХК-ийн төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлын хөлс, урамшууллаас тооцохоор тохиролцсон байна гэж шууд дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасантай нийцсэн хүчин төгөлдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

6. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш гүйцэтгээгүй гэрээнд заасан үүргийг зөрчсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан зээл төлөлтийн дансны хуулгаар тогтоогдож байна. /х.х-ийн 15 дахь талд/

7. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж зохицуулсан.

Талууд хооронд байгуулсан гэрээний 7.2.1-т зээлдүүлэгч нь зээлдэгч нь энэ гэрээний үүргээ биелүүлээгүй, 7.2.11-д зээлдэгч зээлийн төлбөр хэсэгчилэн төлөх хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн бол зээлийн гэрээг цуцлана гэж тохиролцсон байна.

Нэхэмжлэгч нь ийнхүү хариуцагчийг гэрээнд заасан үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, зээл төлөлтийн хуваарийг зөрсөн үндэслэлээр гэрээг цуцалж, гэрээнд заасан үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

8. Нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээл 28,500,000 төгрөг, зээлийн хүүд 10,801,578 төгрөг нийт 39,301,578 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь зээл тооцоолын эргэн төлөлтийн хүснэгтээр үндэслэлтэй байна. /х.х-ийн 102 дахь талд/

Хариуцагч Н.Быг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Скоп А ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд тэрээр ийнхүү ажлаас чөлөөлөгдсөнтэй холбоотой урамшуулал, цалин хөлсний тооцоо хийсэн эсэхээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул Ард с н ХК-тай байгуулсан гэрээний дагуу хөлс, урамшуулал тооцож олгоогүй нь хариуцагчийг А** к ******* ХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэлгүй байна. /х.х-ийн 143 дахь талд/

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Н.Баас 39,301,578 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А** к ******* ХК-нд олгож шийдвэрлэв.

9. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу зээлийн гэрээний үүргийн дагуу маргааныг хянан шийдвэрлэсэн нь хариуцагчийн А** с н ХК-тай байгуулсан гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлс, урамшууллын талаарх нэхэмжлэлээ гаргахад саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

10. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч хариуцагч Н.Баас 39,301,578 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А** к ******* ХК-нд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 434,940 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Баас 354,457 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А** к ******* ХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ