| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 183/2023/05904/И |
| Дугаар | 183/шш2024/02297 |
| Огноо | 2024-05-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 183/шш2024/02297
2024 оны 05 сарын 24 өдөр Дугаар 183/ШШ2024/02297 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 15-р хороо, 3-р хороолол, Энэбишийн гудамж, 25-р байр, 5 тоотод оршин суух, Боржигин овогт Зын Б/РД:00000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 20-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Хоннрайн оффис 259/1 тоотод байрлах, ХМ ХХК/РД:5421721/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 166 773 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: З.Б,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ч.Түвшинжаргал,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Нарантуяа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Лхамбаасан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч З.Б нь хариуцагч ХМ ХХК-д холбогдуулан Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээний үүрэгт 166 773 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: З.Б нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ХМ компаниас Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, хоршооллын хотхон 32/1, Сүлд хотхоны Д блок 2 давхрын 48,34 м.кв худалдаа үйлчилгээний талбайг 100 хувийн төлөлтөөр буюу Голомт банкны өөрийн 1805116411 гэсэн данснаас нийт 111 182 000 төгрөгийг 2 хуваагаад 106 700 000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр, үлдэгдэл 4 482 000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тус тус ХМ ХХК-ийн Голомт банкны 3215102888 тоот дансанд шилжүүлсэн. Шилжүүлснээрээ гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлж байгаа. Уг үйлчилгээний талбайг 2022 оны 4 дүгээр улиралд ашиглалтад орно гэсэн. 2022 оны 4 дүгээр улирал буюу 2022 оны 12 дугаар сард ашиглалтад орно гэж гэрээндээ заасан боловч тухайн компани хэлсэн хугацаандаа үүргээ биелүүлж ашиглалтад оруулаагүй. ХМ ХХК-ийн төлөөлөгч н.Хонгорзултай удаа дараа уулзахаар хохирлыг чинь барагдуулна, манайх бартераар авсан, бартерын байр лифтээ нийлүүлээгүй гээд ашиглалтад ороогүй гэдгийг хэлдэг. 2023 оны 05 дугаар сараас хойш очиж байсан. Тус компанийн захирал н.Хонгорзул нь өргөдлөө бичиж ир, би чиний хохирлыг барагдуулчихна гээд байдаг боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байрныхаа лифтийг одоо хүртэл нийлүүлээгүй гэсэн. Утсаа салгаад алга болчихдог. Тиймээс шүүхэд нэхэмжлэл гаргасан. ХМ компанийн орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээний үүрэгт 118 182 000 төгрөг төлсөн бөгөөд худалдаа, үйлчилгээний зориулалттай талбайг хугацаанд хүлээлгэж өгөөгүй учир гэрээнээс татгалзаж 118,182,000 төгрөг, алданги 55 591 000 төгрөг нэхэмжилж байна. Алдангиа 2023 оны 05 дугаар сар буюу гэрээ хэрэгжих хүртэлх алдангийг нэхэмжилж байгаа. 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд бодсон.
Нэхэмжлэгч нь 2024 оны 01 сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Орон сууцыг ашиглалтад хугацаанд нь оруулаагүйгээр үүдэлтэйгээр олох ёстой байсан орлогод 15,836,730 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн. Хугацаатай хадгаламжаа цуцлаад мөнгө шилжүүлсэн, хэрвээ хадгаламжид хадгалуулж байсан бол гэдэг байдлаар олох ёстой байсан орлогоо нэхэмжилсэн. Худалдаа үйлчилгээний зориулалттай объект байсан. Хэрвээ ашиглалтад оруулчихсан бол бид нар ч гэсэн өнөөдөр ашгаа олоод явж байх байсан. Хариуцагч хүний мөнгийг авчхаад ямар ч үл хөдлөх байхгүй, өнөөдрийг хүртэл хохироож байгаад маш их гомдолтой байгаа тул гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах, алданги, хохирлын хамт нийт 182,609,730 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...гэжээ.
Хариуцагч талаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тухайн орон сууц, объект ашиглалтад орохгүй байгаа нь ХМ компаниас хамааралгүй байсан. Таун констракшн компани тухайн газрын маргаантай байсан. Яг үнэндээ тухайн орон сууцыг ашиглалтад орох хугацааг бид нар хүртэл хүлээж байсан. Учир нь олон захиалагч нар Таун констракшн компани барилгаа хугацаанд нь ашиглалтад оруулаагүйгээс шалтгаалан манай компани болон манай компаниас эрх шилжүүлэн авсан олон хүмүүс хохирсон. Хохирогчийн нэг нь манай компанид байдаг. Манайхтай байгуулсан гэрээнийхээ дагуу лифтийг хүлээн авах боломжгүй байсан. Гэтэл одоо Таун констракшн компани ХМ компани лифтийг нийлүүлээгүй учраас та нар гэрээнүүдээ цуцлаад, мөнгөө олж ав гэж хэлж байгаа. Гэрээг нь цуцлуулангуутаа өөрсдөө объектоо зах зээлийн үнээс өндрөөр зараад дундаас нь завшиж байгаа. Дундаас нь эрх шилжүүлэн авсан захиалагч нар хамгийн их хохирч байгаа. ХМ ХХК хохироогүй. Таун констракшн компани хохироогүй. З.Бтай байгуулсан гэрээний хувьд төлбөрийг авсан, авснаа зөвшөөрдөг. Нотлох баримт нь ч байгаа. Тухайн байр ашиглалтад орж байхад манай компаниас хохирлоо нэхэж байна. Тухайн байрыг Таун констракшн компанийн объект дээр очоод ашиглаад эзэмшээд байж байх нь өөрт нь ач холбогдолтой байхад яагаад гэрээнээс татгалзаж байгааг нь ойлгохгүй байна. Алдангийг мөн хүлээн зөвшөөрөхгүй. Нэмэгдүүлсэн шаардлагаар хадгаламжид байсан бол олох ёстой орлогоо нэхэмжилсэн. Түүнийг бид гэрээгээр тохироогүй. Тухайн хохирлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд гэрээнээс татгалзсан нь үндэслэлгүй учраас бүхэлд нь зөвшөөрөхгүй. Шүүхэд худал тайлбар өгөхгүй. Хуулийн дагуу үнэн зөв тайлбар мэдүүлэг өгөх үүрэгтэй. Өнөөдөр нэхэмжлэл гаргачхаад цаанаа Таун констракшн компанитай ямар нэгэн байдлаар хуйвалдаад ашиглаж, эзэмшиж байгаа байдлаар өөрсдийн хамаарал бүхий хүн байгаад, манайхтай гэрээгээ хууль бусаар цуцлаад мөнгө нэхэмжилж байгаа бол цаашаагаа гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байгаа. Манай зүгээс татгалзаж байгаа асуудал үндэслэлгүй байна гэж үзэж байгаа учраас шүүхэд гаргасан хүсэлтийг хүлээж аваагүй. Нэхэмжлэгчийн зүгээс гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэж үзэж байна...гэв.
Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Голомт банкны төлбөрийн баримт, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 0049 дугаартай өмгөөлөл, хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, Баянгол дүүргийн 15-р хорооны 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн шилжин ирсэн тухай тодорхойлолтын хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 10 цаг 48 минутын орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээний хуулбар, 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн бартераар орон сууц захиалах гэрээний хуулбар, ТК -ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ХМ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Зын Бгийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны Голомт банкны дансны хуулгын хуулбар, Таун констракшны 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 130 дугаартай албан бичгийн хуулбар, 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Монгол банкны албан бичиг, хавсралтын хамт, Зын Бгийн Голомт банкны хадгаламжийн дэвтрийн хуулбар зэрэг баримтыг гаргаж өгөв.
Хариуцагч талаас хариу тайлбар, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, итгэмжлэл зэрэг баримтыг гаргаж өгөв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу худалдаа үйлчилгээний зориулалттай талбайн захиалгын төлбөрт шилжүүлсэн 111,182,000 төгрөгийг гаргуулж, алданги 55,591,000 төгрөг, хохиролд 15,836,730 төгрөг, нийт 182,609,730 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргажээ.
2. Хариуцагч нь худалдаа, үйлчилгээний зориулалттай талбайг ТК -аас нэхэмжлэгч шаардах ёстой, манай компани хариуцагч биш гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргав.
3. Шүүхэс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 173,715,170 төгрөгийг хангаж, үлдсэн 8,894,560 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Нэхэмжлэгч З.Б нь хариуцагч ХМ ХХК-тай 2022 оны 10 сарын 07-ны өдөр Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх тухай гэрээ байгуулж, талууд гарын үсэг зуран, хариуцагч талаас тамга дарсан байна. Уг гэрээний 1.1, 2.1, 3.1, 4.1-т заасны дагуу нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 2-р хороо, Хоршооллын хотхон, 32/1 Сүлд хотхон D блок, 2 давхрын 48,34 м2 худалдаа үйлчилгээний зориулалттай талбайг 111,182,000 төгрөгөөр худалдан авахаар, хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлд тухайн талбайг шилжүүлэхээр тохиролцжээ (хэргийн 7 дахь тал, зохигчдын тайлбар). Хариуцагч худалдаа, үйлчилгээний талбайг 2022 оны 04 улиралд багтаан нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, түүний өмчлөлд шилжүүлэхээр нэхэмжлэгч уг саналыг зөвшөөрсний үндсэн талууд худалдаа үйлчилгээний талбайг хүлээлгэн өгөх хугацаан дээр амаар тохирлцсон байна (зохигчдын тайлбар). Талууд худалдаа, үйлчилгээний талбайг хүлээлцэх хугацаан дээр маргадаггүй.
5. Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх тухай гэрээний дээрх агуулгаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээнээс илүүтэй тус хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний шинжид нийцэж байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Худалдах, худалдан авах гэрээгээр бараа бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлж болдог. Ажил гүйцэтгэх гэрээ нь тодорхой эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээс гадна тухайн хөрөнгийг бий болгох үйл явц буюу ажилд хяналт тавих, ажил гүйцэтгэгчид зохих дэмжлэг үзүүлэх зэрэг дагалдах эрх, үүргүүдийг захиалагчид үүсгэдэг. Харин худалдах, худалдан авах гэрээнд гэрээний зүйл болох хөрөнгийг бий болгох, өөрчлөх зэрэг үйл явц хамааралгүй, талуудын харилцан дэмжлэг үзүүлэх, хяналт тавих үүрэг хэрэгждэггүй онцлогтой.
6. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243.1-т заасан худалдах, худалдах авах гэрээ байгуулагджээ. Талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх тухай гэрээ хүчин төгөлдөр байна.
7. Хариуцагч нь ТК -тай 2022 оны 09 сарын 05-ны өдөр Бартераар орон сууц захиалах гэрээ байгуулсан байх ба уг гэрээний 1.2, 2.1, 3.2-т зааснаар эдгээр талуудын хооронд 2022 оны 08 сарын 05-ны өдөр байгуулагдсан Цахилгаан шат нийлүүлэх гэрээний дагуу бараа бүтээгдэхүүнийг хариуцагч тал нь ТК -д нийлүүлэх, үүний оронд ТК нь Баянзүрх дүүргийн 2-р хороо, Хоршооллын хотхон, 32/1 Сүлд хотхон D блок, 2 давхрын 48,34 м2 худалдаа үйлчилгээний талбайг олгохоор тохиролцсон байна (хэргийн 8, 10 дахь тал). Хариуцагч нь ТК -аас лифт нийлүүлсний төлбөрт тооцож авах Баянзүрх дүүргийн 2-р хороо, Хоршооллын хотхон, 32/1 Сүлд хотхон D блок, 2 давхрын 48,34 м2 худалдаа үйлчилгээний талбайг нэхэмжлэгч талд худалдан борлуулахаар Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх тухай гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар болон ТК -ийн 2022 оны 09 сарын 23-ны өдрийн 130 дугаартай Тодорхойлолт гаргах тухай албан бичгээр тогтоогдож байна (хэргийн 15 дахь тал).
8. Хариуцагч нь ТК -д лифтээ нийлүүлээгүй байна (шүүх хуралдааны тэмдэглэлийн 6 болон 8 дахь тал).
9. Нэхэмжлэгч нь Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээний дагуу хариуцагчид худалдаа, үйлчилгээний зориулалттай талбайн төлбөрт 2022 оны 10 сарын 07-ны өдөр 106,700,000 төгрөг, 2022 оны 10 сарын 10-ны өдөр 4,482,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Голомт банкны дансны хуулгаар нотлогдож байна (хэргийн 4, 14 дэхь тал). Хариуцагч уг төлбөрийг хүлээн авсан эсэх дээр маргадаггүй.
10. Харин хариуцагч нь ТК -аас худалдаа, үйлчилгээний талбайг нэхэмжлэгч шаардах ёстой гэж маргаж байх боловч хариуцагч нь ТК -д лифтээ нийлүүлээгүй, худалдаа үйлчилгээний талбайн төлбөрийг нэхэмжлэгчээс хүлээн авсан тул нэхэмжлэгчийн өмнө Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээний үүргээ биелүүлэх ёстой гэж шүүхээс үзлээ. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчтэй Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээг байгуулсан атлаа гэрээний оролцогч бус ТК -аас төлбөрийг шаардах ёстой гэж маргаж байгаа нь үндэслэлгүй, хоёр талын гэрээнд үүрэг харьцангуй байх зарчим үйлчилдэг.
11. Түүнчлэн, Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх тухай гэрээний 2.1-т гэрээний нэр огноо хэсэгт Бартераар орон сууц захиалах гэрээ №OSD/486348 2022-09-05, Захиалагчийн эрхээ бусдад шилжүүлэхэд ажил гүйцэтгэгч /худалдагч/ талын зөвшөөрөл хэсэгт 2022 оны 09 сарын 23-ны өдрийн №130 тоот албан бичгээр зөвшөөрсөн гэж дурдсан нь Иргэний хуулийн 123.1-т заасны дагуу нэхэмжлэгчид ТК -аас худалдаа үйлчилгээний талбайг шаардах эрх шилжсэн гэж үзэхээргүй байна. Иргэний хуулийн 123.1-т шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ гэж, мөн хуулийн 123.4-т үүрэг гүйцэтгэгч нь шаардах эрх шилжих тухай мэдэгдэл хүлээн авах үеийн бүх татгалзал, хариу шаардлагыг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид гаргах эрхтэй гэж заасан. Хариуцагч нь ТК -ийн 2022 оны 09 сарын 23-ны өдрийн №130 тоот албан бичиг, Бартераар орон сууц захиалах гэрээний үндсэн дээр худалдаа, үйлчилгээний талбайг нэхэмжлэгчид худалдсан боловч уг албан бичиг, гэрээг үйлдсэнээр ТК нь нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээх үндэслэл бүрдэхгүй.
Учир нь шаардах эрх шилжих зохицуулалтын үндсэн шинж нь шаардах эрхээ шилжүүлэгч нь (ХМ ХХК буюу хариуцагч) үүрэг гүйцэтгэгчид (ТК ) мэдэгдсэн байхаас гадна үүрэг гүйцэтгэгч нь хариу шаардлагыг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид (З.Б буюу нэхэмжлэгч) гаргах эрхтэй байдгаараа онцлогтой. Гэтэл ТК болон хариуцагчийн байгуулсан 2022 оны 09 сарын 05-ны өдрийн Бартераар орон сууц захиалах гэрээний үүргийг биелүүлэх, лифтийг нийлүүлэх гэх мэт шаардлагыг нэхэмжлэгч биелүүлэх боломжгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна (шүүх хуралдааны тэмдэглэлийн 8, 9 дэхь тал)
12. Иймд Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх тухай гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнө үүрэг гүйцэтгэх ёстой бөгөөд ТК -аас худалдаа, үйлчилгээний талбайг шаардах ёстой гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
13. Хариуцагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 болон талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу худалдаа, үйлчилгээний талбайг 2022 оны 04 дүгаар улиралд багтаан нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, түүний өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Нэхэмжлэгч нь худалдаа үйлчилгээний талбайг хүлээлгэн өгөх хугацаа хэдийнээ хэтэрсэн, хариуцагч нь бодитойгоор тухайн талбайг хүлээлгэн өгөх боломжгүй нөхцөл байдалтай байснаас шилжүүлсэн мөнгөө, хохирлын хамт гаргуулахаар хариуцагчаас 2023 оны 5 сард шаардаж байжээ (шүүх хуралдааны тэмдэглэлийн 7, 8 дахь тал, зохигчдын тайлбар).
14. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзах эрх нь гэрээний аль нэг тал хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тохиолдолд нөгөө талдаа мэдэгдсэний үндсэн дээр хэрэгжих учиртай.
Гэрээнээс татгалзах нь нэг талын, субъектив шинжтэй эрх бөгөөд гэрээний харилцаа нэг талын хүсэл зоригоор хэдийд ч буцаагдаж болдог, татгалзах тухай нөгөө талдаа мэдэгдэхэд хэлбэрийн шаардлага тавигддаггүй онцлогтой бөгөөд 2023 оны 5 сард нэхэмжлэгч нь гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээнээс татгалзаж, өгсөн мөнгө, хохирлоо барагдуулахаар хандсан, хариуцагч уг үйл баримтыг эс зөвшөөрсөн тайлбар гаргаагүй байна. Иймд нэхэмжлэгч Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх тухай гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулан гэрээнээс татгалзах эрхтэй байна.
15. Иргэний хуулийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, худалдаа үйлчилгээний талбайд төлсөн 111,182,000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй, хариуцагч нь уг төлбөрийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй.
16. Иргэний хуулийн 232.1-т хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, мөн хуулийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.
Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээний 3.4-т гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж талууд тохиролцжээ (хэргийн 7 дахь тал). Хэдийгээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж байгаа боловч алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангах нэг арга тул гэрээний үүрэг биелэгдэх ёстой байсан хугацаа хүртэлх үүргийн гүйцэтгэлийг баталгаатай байлгах зорилгын үүднээс нэхэмжлэгч алдангийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж шүүхээс дүгнэлээ. Өөрөөр хэлбэл, хожим нэг тал гэрээнээс нөгөө талын үүргийн зөрчилтэй холбогдуулан татгалзсан ч гэрээний үүрэг биелэгдэх боломжтой байсан тэрхүү хугацаанд үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэвээр хадгалагдана гэж шүүхээс үзсэн болно.
Алдангийг худалдаа, үйлчилгээний талбайн төлбөр бүрэн төлөгдсөн өдөр болох 2022 оны 10 сарын 10-ны өдрөөс эхлэн гэрээний үүргийг хүлээлгэн өгөх ёстой байсан 2022 оны 04 улирал буюу 2022 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх нийт 84 хоногт гүйцэтгээгүй үүрэг 111,182,000 төгрөгөөс хоногт 0,5 хувиар тооцож (111,182,000*0.5/100*84)=46,696,440 төгрөгийг Иргэний хуулийн 232.6-д заасны дагуу хариуцагчаас гаргуулж, 46,696,440 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
17. Харин нэхэмжлэгч алдангийг 2023 оны 5 сар хүртэл тооцож, 55,591,000 төгрөг нэхэмжилснээс алданги тооцох хугацааг шүүхээс 2022 оны 12 сарын 31-ний өдрөөр тасалбар болгосон тул уг алдангийн шаардлагаас 8,894,560 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
18. Нэхэмжлэгч нь Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээний дагуу худалдаа үйлчилгээний талбайн төлбөрийг шилжүүлэхийн тулд Голомт банкинд нээлгэсэн хугацаатай хадгаламжаа цуцалсан, хэрвээ банкинд хадгалуулсан бол хүүгийн орлого олох ёстой байсан гэж үзэн хохиролд 15,836,730 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Иргэний хуулийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заажээ. Нэхэмжлэгч нь Голомт банкны хугацаатай хадгаламжийн данснаас 2022 оны 10 сарын 07-ны өдөр буюу хариуцагчид төлбөр гүйцэтгэсэн өдөр 86,471,581 төгрөгийн зарлага гаргасан нь хэрэгт авагдсан Голомт банкны 986315 дугаартай дэвтрийн хуулбараар нотлогдож байна. Монгол банкны 2023 оны 11 сарын 23-ны өдрийн Б-11/853 дугаартай тодорхойлолтоор 2022 оны 10 дугаар сараас 2023 оны 09 хүртэлх хугацааны төгрөгийн хугацаатай хадгаламжийн дундаж хүүг шүүхээс тооцоолж үзэхэд 11.27 хувь гарах бөгөөд нэхэмжлэгчийн шаардлагадаа тодорхойлсноор 2022 оны 10 сараас 2023 оны 09 сар хүртэл нийт 12 сараар дунджаар хугацаатай хадгаламжийн хүүг 11,27 хувиар хариуцагчид шилжүүлсэн 111,182,000 төгрөгөөс хүүг тооцоход 15,836,730 төгрөг гарна (111,182,000*11.27/12*455=15,836,730). Хэрэв нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн 111,182,000 төгрөгийг арилжааны банкинд хугацаатайгаар хадгалуулсан бол 15,836,730 төгрөгийн орлого олох ёстой байсан нь Голомт банкны 986315 дугаартай хадгаламжийн дэвтэр, Монгол банкны 2023 оны 11 сарын 23-ны өдрийн Б-11/853 дугаартай тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
19. Нэхэмжлэгч нь гэрээний үүрэг зөрчсөнөөс үүдэлтэйгээр гэрээнээс татгалзсан байх бөгөөд үүрэг зөрчсөн явдалд хариуцагч тал буруутай учраас гэрээнээс татгалзсантай холбоотой олох ёстой байсан орлогыг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 227.1-т зааснаар гэрээнээс татгалзсантай холбоотой хохиролд 15,836,730 төгрөгий шаардах эрхтэй байна.
20. Нэгтгэвэл, шүүхээс нийт 182,609,730 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 173,715,170 төгрөг (111,182,000+46,696,440+15,836,730=173,715,170)-ийг хангаж, алдангид шаардсан үлдсэн 8,894,560 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
21. Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,228,949 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,026,526 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243.1, 205.1, 232.6, 227.1-т заасны дагуу хариуцагч ХМ ХХК (РД:5421721)-аас 173,715,170 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.Б (РД:00000)-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,894,560 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,228,949 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,026,526 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Даргалагч шүүгч Б.Ганцэцэг