Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 136

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон, 

Улсын яллагчаар орлогч прокурор Н.Эрдэмбилэг,

Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Бд холбогдох эрүүгийн 1730001430103 дугаартай хавтаст хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн харьяат, 1971 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, П.Б. 

 

 Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:

 

           Шүүгдэгч П.Б нь 2017.10.23-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар  сумын 2-р багийн нутаг дэвсгэрт согтуурсан үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан Замын хөдөлгөөнд оролцогч бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2.7 а-д заасан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно ” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас Н.Аын эрүүл мэндэд хэвлийн аарцаг түнх, 2 гуяны хэсгийг хамарсан зулгарсан шарх зүүн аарцагны ясны хугарал, зүүн түнхний төвгөр дайрсан хугарал, зүүн шагайн хавчаар ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

 - Шүүгдэгч П.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Дэлгүүрийн урдаас А намайг дуудаад, манайд нэг юм байгаа ууя гэхээр нь хамт яваад тэрийг нь уучихаад дахиад дэлгүүр ороод нэг архи аваад Бийнд уусан. Би Бийнхөөс гараад машинаа асаагаад хөдөлхөд А ачаан дээр гарах гэж байгаад газар унасан. Би хөдлөөд явсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг мэднэ. Аыг унасныг маргааш өдөр нь мэдсэн. Эмчилгээний зардлыг төлсөн, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн... гэв. 

 

- Яллагдагч П.Бын хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн үед намайг Сүхбаатар сумын эмнэлгийн хойгуур зүүн тийш өөрийн эзэмшлийн Портер маркийн 51-56 сүа улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байтал А намайг дуудахаар нь очтол “ манайд нэг шил архи байгаа, хоёулаа хувааж ууя “ гэхээр нь гэрлүү нь очиж 0.75 литрийн экс архи уучихаад, А бид 2 миний машинтай Б дэлгүүр орж 0.75 литрийн Ерөөл архи аваад улаан байранд байх Б гэх айл руу ороход Б, М хоёр байсан, сүүлд нь Э орж ирээд бид хэд хувааж уусан юм. 20 цаг 40 минутын үед би Бийнхөөс Аыг дагуулж гарсан бөгөөд тэрнээс хойш би болсон асуудлыг сайн санахгүй байгаа юм. Гэхдээ А нэлээн согтчихсон надтай муудаад намайг цохиод байх шиг байсан ба миний машины ард ачаан дээр гарах гээд оролдоод байх шиг байсан юм. Тухайн үед би нилээн согтуу байсан болохоор машинаа хөдөлгөөд явсан ба хөдлөхдөө ачаан дээрээс унаад А нь чирэгдсэн бөгөөд би нэлээн согтуу байсан. Тухайн үед ухаан санаа орж гараад байсан. Тэгээд би шууд гэрлүүгээ явсан бөгөөд гэрт ирэхэд хүн байхгүй болохоор нь машинаа тавьчихаад Ц ахын талхны цех рүү очиж эхнэртэйгээ уулзчихаад буцаж гэрлүүгээ ирээд шууд амарсан. Би Бийнхөөс гараад гадаа нь бие засаад зогсож байтал миний нүүр лүү нэг хүн цохих шиг болсон, би тухайн үед хэн гэдгийн мэдээгүй. Тэгээд А би чамтай цуг явна гээд машинд суух гээд оролдоод байсан санаж байна. Миний машины баруун талын хаалга гаднаасаа нээгддэггүй юм, нээгдэхгүй болохоор нь А ард ачаан дээр гарах гэж оролдож байхад нь би хөдөлсөн бөгөөд А ачаан дээрээс унаж машинд чирэгдсэн. Тухайн үед би нэлээн согтуу байсан юм” гэсэн мэдүүлэг /хх-41/,

 

- Хохирогч Н.Аын хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 16 цагийн үед би Бийн хуучин дэлгүүрийн гадаа зогсож байтал Т ах өөрийн машинтайгаа явж байхаар нь дуудсан бөгөөд ирэхээр нь юм ярьж байгаад Т ахад “манайд очиж ганц юм ууя” гээд дагуулж явсан. 0.5 литрийн экс архи хувааж уучихаад манайхаас гарч Т ах замаараа Б дэлгүүрээс 0.75 литрийн Ерөөл архи аваад шууд сургуулийн хойно Улаан байранд байх Б гэх айл руу орсон. Тэнд 0.75 литрийн Ерөөл архиа Т, М бид 3 хувааж уусан ба Б эмчилгээтэй байгаа гээд амсаагүй бөгөөд тухайн үед Э гаднаас орж ирээд ганц нэг татчихаад гарсан. Би нилээн согтсон, Т ах намайг дагуулаад гарсан ба гадаа гараад би Т ахын машинд нь суух гээд оролдож байснаа санаж байна. Тэрнээс хойш бол миний ухаан санаа орж гараад байгаа юм. Нэг мэдсэн зүүн талын хөл хөндүүр байх шиг байсан, би хөлөө чирээд хойно байсан гэрлүү орсон. Тэгээд унтах гэж байтал гэрт унтаж байсан 2 залуу “та хэн бэ” гэхээр нь “ахынх нь хөл хөндүүр байна танайд жаахан амаръя” гэсэн чинь нөгөө 2 залуу утсаар ярьж байгаад гараад явчихсан юм. Тэгэхээр нь би мөлхөөд хойд талын орон дээр нь гараад хэвтэж байтал нөгөө 2 залуу гаднаас орж ирээд хөнжил нөмөрлөө гээд намайг үүд рүү чирж гаргасан Тэгээд эмнэлэг дуудаад байх шиг байсан ба нэг мэдсэн эмнэлэгт сэрсэн. Би тухайн шөнө Т ахын машинд суух гээд нилээн зууралдсан. Тэгээд чирэгдсэнээ санаж байна. Т ах миний эмчилгээний зардал болон бусад шаардлагатай бүх л зүйлийг гаргасан. Надад одоо гаргах санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-12/,

 

- Гэрч Д.Бын хэрэг бүртгэлтэнд өгсөн: Нэг хүн орж ирээд ах нь жаахан унтчихаад явъя гээд гарахгүй байсан ба цагдаад дуудлага өгчихөөд байж байтал “ ахыгаа босгочих “ гэхээр нь бид хоёр өргөтөл цус алдсан байсан ба өөрөө манай гэр гандангийн хойно байдаг гэхээр нь гэрлүү нь явсан бөгөөд гэрт нь очиж эгч нь болох хүнд хэлсэн чинь цагдаад нь аваачиж өг гээд тоохгүй байсан. Тэгээд Сүхбаатар сумын хэсгийн төлөөлөгчид болсон явдлыг хэлэхэд эхний ээлжинд эмчид үзүүл, би одоо аймгаас гарлаа гэсэн. Сумын эмнэлэгт дуудлага өгсөн ба эмч ирж үзээд насилькан дээр тавиад машинд суулгаж сумын эмнэлэг рүү авч ирсэн. ...гаднаас нь харахад хүнд зодуулсан гэх шинж тэмдэг ажиглагдаагүй, хөлөө чирээд орж ирсэн ” гэх мэдүүлэг /хх-13/, 

 

      - Гэрч Б.Дийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 10 сарын 23-ны өдөр бид 2 ажлаа дуусгачихаад гэртээ унтаж  байтал 22 цаг 30 минутын үед хаалга онгойх шиг болохоор нь “ хэн бэ”  гэж асуутал “ ах нь жоохон унтчихъя”  гэхээр нь гэрлээ асаагаад “ харьж амар “ гэж хэлсэн.Тэгсэн жаахан амарчихаад босоод явчихна гээд байсан. Тэгэхээр нь та одоо явалдаа гэж хэлэхэд ахынх хөл хугарсан юм шиг байна, ахыгаа жоохон өндийлгөөдөх гэхээр нь өргөтөл цус алдсан байдалтай байсан. Манай гэр гандангийн урд талд байдаг юм гэхээр нь бид 2 гэрлүү нь очиж эгчтэй нь уулзаж “ танай дүү чинь хөлөө хугалсан юм шиг байна”  гэж хэлэхэд эгч нь тэгвэл наадхаа цагдаад нь хэлэхгүй юу гээд тоохгүй байхаар  нь  Сүхбаатар сумын төлөөлөгч рүү залгахад “ аймагт байна. Одоо сум руу гарлаа, эхний ээлжинд эмнэлэг рүү очиж биеийнх нь байдлыг үзүүлчих “ гэхээр нь эмч дуудахаар эмнэлэг рүү очсон бөгөөд эмч ирж үзээд нацилакан дээр тавиад машинд суулгаж сумын эмнэлэг рүү авчирсан. Удалгүй Сүхбаатар сумын цагдаа төлөөлөгч 2 ирсэн юм” гэх мэдүүлэг /хх-14/,

 

    - Гэрч Д.Мын хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би Сүхбаатар сумын төвд Б гэдэг хүний барилгыг барьж өгөхөөр 2017 оны 06 дугаар сарын дундуур амаараа тохиролцоод ажиллаж байгаа юм. 2017 оны 10 дугаар сарын 23-ны орой би барилгын ажлаа дуусгаад Б ахыруу хоол идэхээр 19 цагийн орчим орсон. Тэндээ телевизор үзээд сууж байтал 19 цаг 40 минутын орчимд А, Б Т нар “ Эынд хүн байхгүй байна “ гээд 1 шил 0.75 литрийн Ерөөл архи ундаатай авч орж ирсэн. Уг архинаас би 3 татсан. Харин Б ах архи уухгүй байсан. БатТ, А 2 уг архиа уучихаад 20 цаг 30 минутын орчимд Б ахынхаас гарсан. Намайг цуг гаръя гэж А хэлэхээр нь “ би эндээ унтана “ гээд үлдсэн. Удалгүй 21 цагийн орчим Б ахын эхнэр Н эгч ажлаасаа ирээд цай чанаж өгөхөөр нь тэрнээс нь уучихаад амрахаар барьж байгаа барилга руугаа явсан юм. Намайг Б ахынхаас гарахад гадаа ямар нэгэн машин тэрэг болон хүн байгаагүй ” гэх мэдүүлэг /хх-20 /,

 

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10-р сарын 25-ны өдрийн №394 дугаартай дүгнэлтэд: 1.Н.Аын биед хэвлий аарцаг, түнх, 2 гуяны хэсгийг хамарсан зулгарсан шарх, зүүн аарцагны ясны хугарал, зүүн түнхний төвгөр дайрсан хугарал, зүүн шагайн хавчаар ясны хугарал бүхий гэмтэл учиржээ. 2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна... гэжээ. /хх-25/,

 

 - Техникийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 23 дугаартай дүгнэлт: “1.51-56 Сүа улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан П.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. 2. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн 2.7а-д заасан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. 3. Н.А нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. 4. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.9б-д заасан “Явган зорчигчид аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна гэжээ. /хх-29/,

 

- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-1 /

 

  - П.Бын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-46/ 

 

  - Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1-р багийн Засаг даргын 2017.11.08-ны өдрийн 351 тоот тодорхойлолт /хх-44 / 

 

  - Хохирогч Н.А Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт / хх-49 / 

 

  - Шүүгдэгч П.Бын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт 2017.11.10-нд гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт / хх-48 / 

 

  - Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай Сүхбаатар аймгийн прокурорын газрын 2017.11.15-ны өдрийн 5/40 дугаартай тогтоол /хх-53/ зэргийг шинжлэн судлав.

 

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

 

  Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ. 

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд  хангагдсан буюу шүүгдэгч П.Бын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар хэрэгт нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, прокуророос сонсгосон түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй гэж шүүх үзлээ.

 

  Шүүгдэгч П.Б 2017 оны 10 дугаар сарын 23-ны орой 22.00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуурсан үедээ өөрийн эзэмшлийн Портер маркийн 51-56 сүа улсын дугаартай машиныг жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 “ Замын хөдөлгөөнд оролцогч бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино“, 2.7 а “ Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно ” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, осол гарган Н.Аын эрүүл мэндэд “ хэвлийн аарцаг түнх, 2 гуяны хэсгийг хамарсан зулгарсан шарх зүүн аарцагны ясны хугарал, зүүн түнхний төвгөр дайрсан хугарал, зүүн шагайн хавчаар ясны хугарал “ бүхий хүндэвтэр хохирол учруулсан нь шүүгдэгч П.Бын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Н.А, гэрч Д.БатТ, Б.Д, Б.Б, Д.М нарын мэдүүлгүүд, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Гэрэл зургийн үзүүлэлт, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 394 дугаартай дүгнэлт, Техникийн шинжээчийн 23 тоот дүгнэлт, 1451549 дугаартай Тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

П.Бын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулах хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байна.

 

          Хэрэг гарсан шалтгаан, нөхцөлийг тодруулбал, шүүгдэгч П.Б нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон, хамт явсан Н.Аыг машины тэвшин дээр гарч байгааг анзааралгүй машинаа хөдөлгөсний улмаас Н.А машинд чирэгдэн ойчиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдох бөгөөд энэ нь шүүгдэгч П.Бын “ Тухайн үед би нилээн согтуу байсан болохоор машинаа хөдөлгөөд явсан ба хөдлөхдөө ачаан дээрээс унаад А нь чирэгдсэн бөгөөд би нэлээн согтуу байсан. Тухайн үед ухаан санаа орж гараад байсан юм “ гэх, хохирогч Н.Аын “ Тэгээд би нилээн согтсон бөгөөд Т ах намайг дагуулаад гарсан ба гадаа гараад би Т ахын машинд нь суух гээд оролдож байснаа санаж байна. Тэрнээс хойш бол миний ухаан санаа орж гараад байгаа юм. Нэг мэдсэн зүүн талын хөл хөндүүр байх шиг байсан ба би хөлөө чирээд хойно байсан гэрлүү орсон юм “ гэх мэдүүлгүүд, Техникийн шинжээчийн 23 тоот дүгнэлт зэргээр нотлогдоно.

 

  Шүүгдэгч П.Б дээрх гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ. Тэрээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй, үүний улмаас осол гарах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч согтуурсны улмаас мэдэлгүй үйлдсэнээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна. 

 

Хэргийн байдлыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтанд хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч П.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчиж бусдын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх үзлээ. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгч П.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

 

Шүүгдэгч П.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч П.Бын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Н.Аын эмчилгээний болон бусад зардлыг төлсөн, хохирогч түүнтэй эвлэрсэн, хохирлын маргаан байхгүй гэсэн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг үндэслэн прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Мөн шүүгдэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг 6 сарын хугацаагаар хориглох албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ. 

П.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй,  хохирогч Н.А нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурдая.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч П.Быг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчиж бусдын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч П.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, 6 сарын хугацаагаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

 

 3. Ялтан П.Бд шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

 4. Ялтан П.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.А эвлэрсэн, хохирол нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдсугай.

 

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

 6. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН