Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар   2022/ДШМ/559  

 

 

 

 

 

 

М.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.У, түүнийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан, 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/557 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат давж заалдах гомдол гаргасныг үндэслэн М.Мд холбогдох 2103004160072 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

суух хаягтай, ял шийтгэлгүй;

Шүүгдэгч М.М нь 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 19 цаг 45 минутын үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь-Эхийн зам, “Мягмаргарав" хүнсний дэлгүүрийн зүүн талын замд “Тоуоta Pruis” маркийн 84-82 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, мөн дүрмийн 13.4.ж-д заасан “Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: ж/ ...үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт” гэсэн заалтыг тус тус зөрчиж, гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, замын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдэлгүй, үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт гүйцэж түрүүлэх үйлдэл хийсний улмаас явган зорчигч С.Аийг мөргөж, энэ гэмт хэргийн улмаас С.Аийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас:

М.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 

Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч М.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, шүүгдэгч М.Мд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Улаанбаатар хотоос гарч явахыг хориглох, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Мд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, шүүгдэгчийн 457247 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.М болон иргэний хариуцагч Д.Отгонбаатар нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч хохирол, төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Анхан шатны шүүх шүүгдэгч М.Мд 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнд 3 жилийн цагдан хорих ял оногдуулж өгнө үү гэж энэхүү гомдлыг гаргаж байна. Үндэслэл нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч маш их гомдолтой байгаа. Шүүгдэгч М.М талийгаачийн ар гэрийнхэн рүү нэг ч удаа уучлалт гуйж утсаар яриагүй, оршуулгын зардалд нэг ч төгрөг төлөөгүй, талийгаачийн ээж өндөр настай хүн байдаг, сэтгэл санааны гутралд орсон, хүүгээ яриад сууж байдаг. Шүүгдэгч М.М “талийгаачийн толгойг түшиж байгаад үхүүлсэн гэж худал ярьж байна, видео бичлэгийг сүүлд шүүх хуралдаан дээр үзсэн, Мөнхзул тийм үйлдэл энэрэл үзүүлээгүй, шууд урсгал сөрж их хурдтай орж ирээд дайраад газар дээр нь алсан байсан. М.М хохиролд ердөө 2,200,000 төгрөг төлсөн, даатгалын байгууллагаас 5,000,000 төгрөг, тээврийн хэрэгслийн эзэмшигч Отгонбаатар 2,500,000 төгрөг бүгд 9,700,000 төгрөг болсон. М.Мд ямарч даатгал байгаагүй, тээврийн хэрэгслийн эзэмшигчийн даатгал төлсөн байсан. Ердөө 2,200,000 төгрөг шүүхийн шатанд төлчихөөд ийм хөнгөн ял аваад бүхэл бүтэн Улаанбаатар хотоор сэлгүүцээд яваад байх боломжийг шүүх хангаж байна. Анхан шатны шүүх “хохирол төлбөрийг өөрийн амьдралын бололцооны хүрээнд нөхөн төлсөн” гэсэн ямарч хууль тогтоомжинд байхгүй “аймшигтай” дүгнэлтийг хийсэн. Ийм хууль байхгүй. Бололцооны хэмжээгээр төлсөн бол хорих ял өгөхгүй гэсэн ямарч хууль байхгүй. Мөн шүүх “хохирлын талаарх нэхэмжлэлийг нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэж ташаа дүгнэлт хийсэн. Тийм илэрхийлсэн баримт хэрэгт байхгүй. Одоо шүүгдэгчээс сэтгэл санааны хохирол гаргуулах, эсхүл 10,0 сая төгрөг нөхөн төлнө гэсэн гэрээ хийлгэж авахыг хүсч байна.

Анхан шатны шүүх “Улаанбаатар хотоос гарч явахыг хориглох” гэж тогтоосон байна. Улаанбаатар хот том хот, 9 дүүрэгтэй гэх мэт. Энэ том хотоос энэ насаараа гарч явахгүй амьдраад байж болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д “өөрийн оршин суух газраас явахыг хориглох”-ийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ гэж зааж өгсөн байна. Шүүх энэ хуулийг буруу хэрэглэсэн.

Анхан шатны шүүх “бусдад төлөх төлбөргүй” гэж тогтоосон байна. 20,0 сая төгрөг хохирогчийн тал нэхэмжлээд байхад ийм дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Ялтан М.Мын унаж яваад хүн дайрч алсан тээврийн хэрэгслийг хэрхэн шийдвэрлэснийг тогтоолд огт дурдаагүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “түргэн тусламж 50 минутын дараа ирсэн, анхны тусламж дэмжлэг үзүүлэх гэж оролдсон байгаа” гэсэн худал дүгнэлтийг хүлээн зөвшөөрхгүй байна.

Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, М.Мд 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас хохирсон бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”, 499.4-т “тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасныг анхан шатны шүүх хэрэглэсэнгүй.

Уг хэрэг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гарсан байхад Сонгинохайрхан дүүргийн Замын Цагдаагийн хэлтсийн 101 тоот өрөөнд /мөрдөгчийн лавлагаа/ мөрдөгч Б.Ариунболд шалгасан, хэргийн харьяалал зөрчигдсөн. ...” гэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зүгээр явж байсан хүнийг дайрч алсан байхад хорих ял оногдуулахгүй байгаад гомдолтой байна. Хорих ял оногдуулж өгнө үү...” гэв. 

Шүүгдэгч М.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй...” гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хүний амь насыг юугаар ч нөхөж чадахгүй. Анхан шатны шүүх хуралдаан хүртэл шүүгдэгчээс боломжийнхоо хэрээр хохирогчид хохирлыг төлсөн. Сэтгэл санааны хохирлыг хуулийн дагуу шийдвэрлэх боломжгүй ч гэсэн бид эвлэрлийн гэрээ байгуулаад бага багаар төлж барагдуулах талаар саналаа хэлэхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчөөс нь “тэгэх боломжгүй, давж заалдах хүртэл хоригдоод байж бай. Тэгж  байж учраа ольё” гэсэн. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад эвлэрлийн гэрээ байгуулах талаар саналаа дахин хэлэхэд “нохойн баас шиг цувуулж авахгүй, бөөнд нь авна” гэж хэлсэн. Шүүх хоёр талын мэтгэлцээний үндсэн дээр дүгнэлтээ хийж шийдвэрээ гаргасан. Сэтгэл санааны хохирлыг шүүгдэгч бөөнд нь өгөх боломжгүй. Ар гэрээ тэжээн тэтгэдэг нөхцөл байдлыг харгалзаад шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Түргэн дуудаагүй, тусламж үзүүлээгүй гэдэг нь үндэслэлгүй байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв. 

Прокурор Б.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийг эхнээс нь хянасан. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямар нэгэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил байхгүй. Оролцогчдын эрх ашгийг хохироосон асуудал гараагүй. Хэргийн газрын үзлэгийн үеэр камерын бичлэг хэрэгт хураагдсан. Энэ нь хууль журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримт байгаа. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт прокуророос тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан. Шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хор уршиг зэргийг харгалзаад эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан санкцын хүрээнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Прокурор шийтгэх тогтоолтой танилцаад хууль зөрчсөн гэж эсэргүүцэл бичээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв. 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Тайхар овогт Мөнхжаргалын Мөнхзулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, уг зүйл, хэсэгт заасан “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял...” гэсэн ялын төрлүүдээс М.Мд зорчих эрхийг хязгаарлах сонгон ял оногдуулжээ.

Ингэхдээ М.Мын зорчих эрх хязгаарлах ялыг эдлэх хүрээ хязгаарыг “...өөрийн оршин суугаа газраас явахыг хориглох буюу Улаанбаатар хотоос гарч явахыг хориглох...” гэж зорчих эрхийг хязгаарлах ял биелүүлэх нутаг дэвсгэрийн хэмжээг хэт өргөн хүрээнд тогтоожээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн тавин долдугаар зүйлийн 1-д зааснаар “Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана” гэжээ. 

Аймаг, сум, нийслэл дүүрэг нь Улсын Их Хурал баталсан, баг, хороо нь аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал баталсан хилийн цэстэй ба энэ засаг захиргааны нэгжийн дагуу иргэд оршин суудаг.

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Иргэн иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй хаягаас өөр хаягт шилжин 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухаар бүртгүүлэхийг байнга, 180 хоног ба түүнээс доош хугацаагаар оршин суухаар бүртгүүлэхийг түр оршин суух гэнэ”, 18.3-д “Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан дахь хаягийн бүртгэлд аймаг, нийслэл, сум, дүүргийн нэр, баг, хорооны нэр, дугаар, хороолол, гудамжны нэр, байр, хаалганы дугаар, газар зүйн нэр /газар, усны/-ийг бүртгэнэ” гэж тус тус заажээ.  

Шүүгдэгч М.Мын оршин суугаа газар нь иргэний үнэмлэх /1хх 141/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /1хх 142/ зэргээр Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Сэлбэ 7 дугаар гудамж 173 тоот хаяг гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох...” гэж тодорхой заасан байхад шүүгдэгч М.Мын зорчих чиглэлийн хүрээг Улаанбаатар хотоос гарч явахыг хориглох гэж хэт өргөн хүрээгээр тогтоосон нь шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Энэ талаар гаргасан хохирогчийн өмгөөлөгчийн “...Улаанбаатар хот том хот, 9 дүүрэгтэй. Энэ том хотоос энэ насаараа гарч явахгүй амьдраад байж болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д өөрийн оршин суух газраас явахыг хориглохийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ гэж зааж өгсөн байхад шүүх энэ хуулийг буруу хэрэглэсэн. ...” гэсэн давж заалдах гомдлыг үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Мөн анхан шатны шүүхийн  “...шүүгдэгч М.Мд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг өөрийн оршин суух газраас явахыг хориглох ...” гэж оршин суух газар гэдгийг тодорхой бусаар тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна. ...” гэж заасанд нийцэхгүй байна.

Шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Мд оногдуулсан 3 жилийн хугацаагаар Улаанбаатар хотоос гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялын эдлэх нутаг дэвсгэр, зорчих чиглэлийн хүрээг давж заалдах шатны шүүхээс багасгаж тогтоох нь түүний эрх зүйн байдлын дордуулах бөгөөд давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хүндрүүлж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах эрхийг хуулиар олгоогүй.

 Иймд хохирогчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбатын давж заалдах гомдлын “...шүүгдэгч М.Мд 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Улаанбаатар хотоос гарч явахыг хориглох гэж тогтоосныг шүүх энэ хуулийг буруу хэрэглэсэн...” гэсэн хэсгийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцаахаар шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхээр тус хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн хохирлын асуудлыг буруу шийдвэрлэсэн талаархи давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүх дүгнээгүй болохыг дурдаж байна.

Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/557 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.Мд холбогдох 2103004160072 дугаартай эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.   

   2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч М.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              М.ПҮРЭВСҮРЭН

                       ШҮҮГЧ                                                      Д.МӨНХӨӨ

      ШҮҮГЧ                                                     Д.ОЧМАНДАХ