| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2022/04943/И |
| Дугаар | 183/ШШ2024/01965 |
| Огноо | 2024-05-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 183/ШШ2024/01965
2024 оны 05 сарын 03 өдөр Дугаар 183/ШШ2024/01965 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 6 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, * дугаар хороо, хаягт үйл ажиллагаа явуулдаг “Э*******” ХХК (РД:*******)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, тоот хаягт оршин суух Х овогт Г*******ын С******* (РД:*******),
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “К*******” ХХК (РД:*********)-нд тус тус холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 199,129,143.35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******,
Хариуцагч бөгөөд хариуцагч “К*******” ХХК-ийн төлөөлөгч Г.С*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Э*******” ХХК нь хариуцагч “К*******” ХХК болон Г.С******* нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 199,127,143.35 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.“Э*******” ХХК-ийг төлөөлж тус компанийн менежер ажилтай Б.М******* нь ******* оны 12 дугаар сараас ******* оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд “К*******” ХХК-ийн захирал Г.С*******той харилцан тохиролцож нийт 352,577,993.35 төгрөгийн үнэ бүхий 1,108.8 кг ноолуурыг худалдсан. Худалдан авагч Г.С******* 153,448,850 төгрөг төлж, үлдэх 199,129,143.35 төгрөгийг төлөөгүй. Төлбөр төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөхөөс зайлсхийсэн учир цагдаагийн байгууллагад хандаж байсан. “К*******” ХХК болон Г.С******* нартай ******* оны 03 дугаар сарын 29-ний өдөр “Э*******” ХХК-ийн зүгээс тооцоо нийлж акт үйлдсэн. Иймд үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.
2.Хариуцагч бөгөөд хариуцагч “К*******” ХХК-ийн төлөөлөгч Г.С******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
2.1.Анх ******* онд ангийн хүүхэд Б.М*******тай ажил төрлийн талаар ярилцах үед намайг ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа талаар ярихад надад самнасан ноолуур байна борлуулмаар байна гэх санал тавьсан. Миний хувьд их хэмжээгээр авах боломжгүй гэхэд 19 дүгээр хороололд шинээр баригдаж байгаа барилгад ноолуурын тасаг нээнэ, эхний ээлжинд чи лангуун дээр тавих барааг үйлдвэрлээд ашигтай байвал хамтарч ажиллах санал тавьсан. Үүний дагуу одоо нэхэмжилж буй 199,129,143.35 төгрөгийн барааг үйлдвэрлэж, зураг, коллекц гээд бүх зүйлийг нь хийж дуусгасан. Гэрч Г.С*******тэй хамт бид гурав Сүхбаатар аймаг руу малчидтай уулзаж түүхий эд худалдаж авахаар явж байсан. Мөн Б.Манлайбаатарыг “бүтээгдэхүүний том үзэсгэлэн болж байгаа, чи үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ аваад явчих, тэнд очиж зараад хоёулаа хоёр тийш болъё” гэхэд нь Г.С******* бид гурав ******* оны 04 дүгээр сард Турк Улс руу явж байсан.
2.2.Б.М******* лангуу ажиллуулахаа больсон гэж ноолуурын үнийг надаас нэхэж эхэлсэн. Улмаар цагдаагийн байгууллагад Б.М******* гомдол гаргасан байсан. “Э*******” ХХК-тай Б.М******* ямар холбоотойг мэдэхгүй, одоо ч Монголбанкинд ажиллаж байгаа. Бидний хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй, ажил гүйцэтгэх гэрээ амаар байгуулагдсан. Би гэрээний үүргээ биелүүлж, захиалсан бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн. 184 нэр төрлийн 200,740,000 төгрөгийн барааг өгөхөд бэлэн байгаа гэж тайлбарлажээ.
3.Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, “Э*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “К*******” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, тооцооны үлдэгдлийн баталгаа, самнасан ноолуурын авлага, Нийслэлийн прокурорын газрын ******* оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Гомдлын хариу өгөх тухай” ***** дугаар хариу мэдэгдэх хуудас, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 20** оны ** дугаар сарын 18-ны өдрийн **** дугаар “Гомдолд хариу өгөх тухай” хариу мэдэгдэх хуудас, гэрч Г.С*******оос ******* оны 06 дугаар сарын 07-ны өдөр авсан “Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл”-ийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хур системээс авсан Г.С*******ын хувийн мэдээллийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Г.С*******ын өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгийн мэдээллийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Хариуцагч талаас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, “M ХХК-ын түүхий эд /самнасан ноолуураар үйлдвэрлэсэн/ К******* ХХК-ын агуулахын үлдэгдэл бараа” гэх жагсаалт, баримтаар тус тус гаргаж өгсөн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өмгөөлөгч Ч.Өын гомдол, гэрч Б.М*******аас мэдүүлэг авсан тэмдэглэл, гэрч Г.С*******оос мэдүүлэг авсан тэмдэглэл зэргийг нотлох баримтаар гаргуулж, хариуцагчийн хүсэлтээр гэрч Г.С*******ээс гэрчийн мэдүүлэг авсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хариуцагч Г.С*******од холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч “К*******” ХХК-нд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Э*******” ХХК-ийг төлөөлж тус компанийн менежер ажилтай Б.М******* нь ******* оны 12 дугаар сараас ******* оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд “К*******” ХХК-ийн захирал Г.С*******той харилцан тохиролцож нийт 352,577,993.35 төгрөгийн үнэ бүхий 1,108.8 кг ноолуурыг худалдсан. Худалдан авагч Г.С******* 153,448,850 төгрөг төлж, үлдэх 199,129,143.35 төгрөгийг төлөөгүй, улмаар “К*******” ХХК болон Г.С******* нартай ******* оны 03 дугаар сарын 29-ний өдөр “Э*******” ХХК-ийн зүгээс тооцоо нийлж акт үйлдсэн гэж тайлбарлаж байна.
3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ******* онд Б.М******* нь намайг ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа талаар ярихад надад самнасан ноолуур байна борлуулмаар байна гэх санал тавьсан, миний хувьд их хэмжээгээр авах боломжгүй гэхэд 19 дүгээр хороололд шинээр баригдаж байгаа барилгад ноолуурын тасаг нээнэ, эхний ээлжинд чи лангуун дээр тавих барааг үйлдвэрлээд ашигтай байвал хамтарч ажиллах санал тавьсан. Үүний дагуу одоо нэхэмжилж буй 199,129,143.35 төгрөгийн барааг үйлдвэрлэж бэлэн болгосон, уг бүтээгдэхүүнүүдийг шилжүүлж өгөхөд татгалзахгүй. “Э*******” ХХК-тай гэрээ байгуулаагүй гэж тайлбарлаж байна.
4.Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Хариуцагч Г.С******* нь Б.М******* гэх хүнээс 1 кг-ыг нь 110 ам.доллараар үнэлж, нийт 352,577,993.35 төгрөгийн үнэ бүхий 1,108.8 кг самнасан ноолуур хүлээж авсан, үүнээс 153,448,850 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар зохигч талууд маргаангүй. (хавтаст хэргийн 10 дахь тал)
4.2.Б.М******* гэх этгээд нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийг төлөөлөн хэлцэл хийх эрх бүхий этгээд биш болох нь өмгөөлөгч Ч.Өын цагдаагийн байгууллагад гаргасан гомдолд “...гүйцэтгэх захирал Д.Баярсайханы хамаарал бүхий Б.М*******ын санал болгосноор...” гэж дурдсан, мөн Б.М*******ын цагдаагийн байгууллагад өгсөн “...Монголбанкинд эдийн засагч ажилтай...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. (хавтаст хэргийн 66, 68 дахь тал)
4.3.Б.М*******, Г.С******* нар ******* оны 12 дугаар сард уулзсан, улмаар Г.С*******ыг ноос, ноолууран бэлэн бүтээгдэхүүн хийдэг гэхэд нь самнасан ноолуур нийлүүлэхийг санал болгож ноолуур нийлүүлэх талаар амаар тохиролцсон болох нь өмгөөлөгч Ч.Өын цагдаагийн байгууллагад гаргасан гомдолд “...гүйцэтгэх захирал Д.Баярсайханы хамаарал бүхий Б.М*******ын санал болгосноор...” гэж дурдсан, Г.М*******ын цагдаагийн байгууллагад өгсөн “...ноос ноолуурын бэлэн бүтээгдэхүүн хийдэг компани гэж хэлсэн. Тэгэхээр нь би манай компанид ямааны самнасан ноолуур байгаа гэсэн чинь амаар гэрээ хийгээд...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. (хавтаст хэргийн 66, 68 дахь тал)
4.4.Нэхэмжлэгч “Э*******” ХХК болон хариуцаг “К*******” ХХК-ийн хооронд ноолуур нийлүүлэхтэй холбоотой гэрээ байгуулагдаагүй болох нь өмгөөлөгч Ч.Өын цагдаагийн байгууллагад гаргасан гомдолд “..Манай байгууллагын зүгээс Б.М*******ын хэлсний дагуу Г.С******* гэх иргэнд самнасан ноолуур өгсөн бөгөөд “К*******” ХХК-тай албан ёсны гэрээ байгуулаагүй...” гэж дурдсан, хариуцагч Г.С*******ын “...Э******* ХХК-тай гэрээ байгуулагдаагүй...” гэх тайлбараар тогтоогдож байна. (хавтаст хэргийн 66 дахь тал)
5.Хариуцагч Г.С*******ын цагдаагийн байгууллагад өгсөн “…Б.М*******тай уулзаад надад самнасан ноолуур их хэмжээгээр байгаа авах хүн байна уу? Гэхээр нь би ноолуурыг чинь үзье гэж хэлээд 75 кг ноолуур аваад үйлдвэрт ноолууран бүтээгдэхүүн хийж туршиж үзсэн юм. Ингээд М*******аас авсан ноолуур нь боломжийн ноолуур байхаар нь 200 кг ноолуур нэмж авахаар болсон. Тухайн үед 1 кг ноолуураа М*******аас 110 доллараар авахаар тохиролцсон юм. Тэгээд М******* нь ноолуурынхаа мөнгийг цувуулаад өгч болно гэж хэлсэн. Тэгэхээр нь би 275 кг дээр нэмээд 200 кг ноолуурыг авсан…” гэх мэдүүлэг, нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн “Самнасан ноолуурын авлага” гэх баримтад ******* оны 12 дугаар сарын 03-ны өдөр 74.8 кг, ******* оны 12 дугаар сарын 08-ны өдөр 199.4 кг, ******* оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 200.2 кг ноолуур тус тус нийлүүлсэн талаар тэмдэглэсэн, “Тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх баримт үйлдэж, “Э*******” ХХК-ийн нягтлан бодогч болон Г.С******* нар гарын үсэг зурж “К*******” ХХК-ийн тамга дарж баталгаажуулсан зэргээс үзэхэд “Э*******” ХХК болон Г.С******* нарын хооронд 475.4 кг ноолуурыг 1 кг ноолуурыг 110 ам.доллараар худалдах, худалдан авах нөхцөл бүхий Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
6.Хэдийгээр нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд болох Б.М******* нь тус компанийн өмчлөлийн зүйлийг захиран зарцуулж, Г.С*******той тус гэрээг байгуулсан байх боловч “Э*******” ХХК-ийн зүгээс Г.С*******той дээр дурдсан худалдах, худалдан авах гэрээний үүргийн талаар тооцоо нийлж “Тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх баримт үйлдсэнийг Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт “Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална” гэж зааснаар зөвшөөрөл олгосон гэж үзнэ. Иймд талуудын хооронд байгуулагдсан дээрх худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байна.
7.Хариуцагч Г.С******* нь худалдан авсан 475.4 кг ноолуурын үнэ болох 148,696,878 төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн “Самнасан ноолуурын авлага” гэх баримтаар тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-т “үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн” гэж зааснаар “Э*******” ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болжээ.
8.Харин үлдэх 633.4 кг ноолуурын хувьд худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн эсхүл ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн гэх үйл баримтын хувьд зохигч талуудын хооронд маргаантай байна.
9.Шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн гэрч Г.С*******ийн “…түүхий эд авч байгаа, бид хоёр хоорондоо тохиролцоо хийчихсэн, чамтай адилхан бид хоёр бүтээгдэхүүн гаргаад зохих хэмжээгээр төлбөр төлж аваад бүтээгдэхүүн гаргаж зарж борлуулах бартер хийж явж байгаа гэдэг зүйлийг хэлж байсан. Тэгээд би ийм асуудлаар хоорондоо хамтарч ажиллаж байгаа юм байна гээд хоёр талаас адилхан санаа зорилготой түүхийн эд, бүтээгдэхүүн гаргаад борлуулаад мөнгөө өсгөж үржүүлэх гэж байгаа юм байна, ашигтай ажиллах бизнесийн санаа гэж хоорондоо санаа нийлж байсан..., ******* оны өвөл цагаан сарын өмнө байна уу дараа нь байна уу эхлээд Г.С******* надад Манлайтай Дорнод аймаг руу малчидтай уулзаж малчдын гар дээрээс түүхий эд авахаар явцгаая гэж санал тавьж байсан. Тэр үед нь би боломжгүй байна гээд цагаан сарын дараа Г.С******* миний бие мөн надтай Америкийн нэгдсэн улсад хамт сурч байсан бизнесийн сургуулийнхаа америк найзыгаа авчраад Б.М******* бид дөрөв ******* оны 02 дугаар сарын дундуур цагаан сар өнгөрөөд 3 хоногоор Сүхбаатар аймгаар малчидтай уулзаж явж байсан. Тэрнээс хойш Турк Улс руу Б.М******* үзэсгэлэнд явъя гээд Г.С*******од хэлсэн... бид гурав Турк Улс руу бүтээгдэхүүнээ танилцуулахаар үзэсгэлэн оролцохоор явж байсан. Бид хоёр бүтээгдэхүүнээ хоёр чемоданд бэлтгээд танилцуулаад зарж борлуулна гэсэн нэгдсэн ойлголттой очсон. Гэвч бид хоёр нэг танилцуулга дээр очиж сууж байхад Б.М******* нь тусдаа хэвлэсэн нэрийн хуудас бүхий зүйлсүүдийг тарааж явсан. Уг үзэсгэлэнгээр түнш олно гэсэн боловч Б.М******* нь нэг үзэсгэлэнд тэгж оролцоод маргааш нь би ажил ажилтай гээд хаяад явсан...” гэх мэдүүлгээс үзэхэд хариуцагчийн “...чи бүтээгдэхүүн үйлдвэрлэчих, би 19 дүгээр хороололд шинээр баригдаж байгаа барилгад ноолуурын тасаг нээнэ, эхний ээлжинд лангуун дээр тавих барааг үйлдвэрлээд цаашид ашигтай байвал хамтарч ажиллах санал тавьсны дагуу... 199,129,143 төгрөгийн барааг үйлдвэрлэж бэлэн болгосон...” гэх хариуцагчийн тайлбарыг шүүх үндэслэлтэй гэж үзлээ.
10.Иймд “Э*******” ХХК болон Г.С******* нарын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох зорилгыг хэрэгжүүлэхийн тулд нэг талаас түүхий эд нийлүүлэх, нөгөө талаас тухайн түүхий эдийг боловсруулж бүтээгдэхүүн гаргах, улмаар худалдан борлуулж ашиг хүртэх нөхцөл бүхий хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж шүүх дүгнэлээ.
11.Гэвч дээрх хамтран ажиллах гэрээг “Э*******” ХХК-ийн нэрийн өмнөөс байгуулсан Б.М******* нь тус компанийг төлөөлөх эрхгүй этгээд байх бөгөөд компанийн зүгээс Г.С*******той байгуулсан хамтран ажиллах гэрээг зөвшөөрсөн гэх байдал тогтоогдохгүй байна.
12.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компанийн зүгээс хариуцагч Г.С*******той тооцоо нийлж “Тооцооны үлдэгдлийн баталгаа” үйлдэж, улмаар шүүхэд 1,108.8 кг ноолуур худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байх тул хамтран ажиллах гэрээг байгуулсныг зөвшөөрөөгүй гэж үзнэ.
13.Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж зааснаар “Э*******” ХХК-ийн эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр уг компанийн нэрийн өмнөөс буюу тухайн компанийн өмчлөлийн зүйлийг нийлүүлэхээр харилцан тохиролцож Г.С*******той байгуулсан хамтран ажиллах гэрээ нь хүчин төгөлдөр бус болно.
14.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч Г.С******* нь нэхэмжлэгч компанийн нийлүүлсэн ноолуурыг буцаан өгөх үүрэгтэй боловч тухайн ноолуураар бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн гэж тайлбарлаж байх тул үнийг төлөх үүрэгтэй. Түүнчлэн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж зааснаар нэхэмжлэгч “Э*******” ХХК нь хариуцагч Г.С*******оос нийлүүлсэн ноолуур эсхүл түүнийг үнийг шаардах эрхтэй.
15.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Г.С*******оос 199,129,143.35 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Э*******” ХХК-д олгож, “К*******” ХХК-нд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
16.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “…Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно…” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,153,596 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.С*******оос 1,153,596 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 476 дугаар зүйлийн 476.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Г.С*******оос 199,129,143.35 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Э*******” ХХК-д олгож, хариуцагч “К*******” ХХК-нд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,153,596 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.С*******оос 1,153,596 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД