Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 183/шш2024/03144

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 29 өдөр Дугаар 183/ШШ2024/03144 Улаанбаатар хот 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 1А байр, 122 тоотод оршин суух, Тайж овогтой Нямжавын С/РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-85, 5 давхарт байрлах, ЭМГ /РД:00000/-д холбогдох,

Зээлийн барьцаа хөрөнгөөс 324 000 000 төгрөгийн үнэд тохирсон бараагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлийн гэрээний үүрэг биелүүлэхгүй байгаа тул "Уран ган" ХХК-иас "ЭМ ХХК-д түрээсэлдэг №7 дугаарын агуулахад байгаа зээлийн гэрээний барьцаа Хөрөнгөөс 324,000,000 төгрөгийн үнэд тохирсон бараагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай. Н.С би 2023.12.12-ны өдөр "ЭМ ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Уянгаатай 300,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 1 сарын 2%-н хүүтэй зээлүүлэхээр тохиролцож зээлийн гэрээ байгуулж, мөнгийг өгсөн. Уг зээлийн гэрээний барьцаанд хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн жагсаалт бүхий олон тооны тавилга, буйдан зэрэг нэр бүхий барааг барьцаалсан болно. Барьцааны зүйл болох эдгээр бараа нь "Уран ган" ХХК-иас "ЭМ ХХК-д түрээсэлдэг №7 дугаарын агуулахад байгаа болно. "Уран ган" ХХК-ны эзэмшлийн №7 дугаарын агуулахад байгаа гэж тодотгодгийн учир нь ЭМГ нь тавилгын худалдаа олон жил эрхэлсэн бөгөөд олон тооны агуулахад олон тооны бараа байдаг. Би гэрээний үүргийн биелэлт хангагдахгүй байж магадгүй гэж бодоод зөвхөн Уран ган ХХК-ны эзэмшлийн 7 дугаартай агуулахад байгаа 170 нэр төрлийн 1096 ширхэг, 605,344,493 төгрөгийн үнэлгээ бүхий барааг барьцаалсан болно. Гэвч "ЭМ ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээл, зээлийн хүүг өнөөдрийг хүртэл буюу 2024 оны 01 сарын 12-ноос хойш төлөхгүй намайг хохироож байна. Иймд зээлийн гэрээний үүрэг болох 324,000,000 төгрөгт тохирсон "Уран ган" ХХК-иас "ЭМ ХХК-д түрээсэлдэг №7 дугаарын агуулахад байгаа барьцаа хөрөнгө болох тавилга, буйдан зэрэг бараанаас үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. "Уран ган" ХХК-ны эзэмшлийн №7 дугаарын агуулахад ямар эд хөрөнгө байгаа, тэдгээрийн жагсаалт, үнэ тус бүрийг бичсэн үнэлгээний тайланг нотлох баримтаар хүргүүлж байна гэжээ.

Хариуцагч ЭМГ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Э.Сэлэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадаагүйд хүлцэл өчье. Бид Хөрөнгө эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар баталгаажсан дараах 64 нэр төрлийн, 324,174,754 төгрөгийн үнэлгээтэй барааг өгөх хүсэлтэй байна. Барааны жагсаалт хавсаргав. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Н.С нь хариуцагч ЭМГ-д холбогдуулан зээлийн барьцаа хөрөнгөөс 324,000,000 төгрөгийн үнэд тохирсон бараагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч  Н.С нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн барьцаа хөрөнгөөс 324,000,000 төгрөгийн үнэд тохирсон бараагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хариуцагч ЭМГ бүхэлд нь хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.1-т заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэн, мөн хуулийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалттай.

Иймд нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн барьцаа хөрөнгөөс 324,000,000 төгрөгийн үнэд тохирсон бараагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Н.С нэхэмжлэлийн шаардлага зээлийн барьцаа хөрөнгөөс 324,000,000 төгрөгийн үнэд тохирсон бараагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хариуцагч ЭМГ барааг өгөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,777,950 төгрөгийн 888,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЭМГ-аас улсын тэмдэгтийн хураамжинд 888,975 төгрөг, төрийн сангийн 100200100941 данснаас 888,975 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, Н.Сд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ   Б.ГАНЦЭЦЭГ