Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
Хэргийн индекс | 142/2023/01373/И |
Дугаар | 142/шш2024/01060 |
Огноо | 2024-07-24 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 142/шш2024/01060
2024 07 24 142/ШШ2024/01060
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, туулын ******* тоотод оршин суух Боржигон овогт Бат-******* /РД:*******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:ФБ85061977/,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, баг тоотод оршин суух овогт /РД:, утас: / нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 5 000 000 төгрөгөөр үнэлж шилжүүлсэн хуурч, дүр эсгэн шилжүүлсэн гэрээ болох Хувийн сууц худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум, 17 дугаар баг ******* туул 20 дугаар гудамж 26а хаягт байршилтай 124,4 мкв талбайтай хувийн орон сууц болон 610 574 3755 нэгж талбарын дугаартай 839 мкв газрын шударга өмчлөгчөөр тогтоох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.Бат-*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр
Хариуцагч П.
Хариуцагч П.ийн өмгөөлөгч С.Дорждулам, өмгөөлөгч Ц.Энхтуяа /цахим/
Хариуцагч Л.******* /цахим/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Бат-******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Дорж овогтой Бат-******* нь иргэн Л.*******ад өөрийн өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, ******* тоот хашаа байшин, газрыг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн өгсөн ба тухайн үед банкны барьцаанд тавьж би зээл авах хүсэлтэй байсан юм. Гэтэл би ажил хийдэггүй, өмнө бас өндөр зээлтэй гэх шалтгаанаар зээл олгохоос банк татгалзсан. Энэ үед Л.*******тай таартал би зээл аваад өгье, чи өмчлөх эрхээ над руу шилжүүлчих гэсэн. Хэлсний дагуу худалдах, худалдан авах гэрээгээр өөрийн өмчлөлийн хашаа газар нийт 200 000 000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийн өмчлөх эрхээ шилжүүлсэн. Гэтэл Л.******* алга болсон. Түүнийг хайтал Солонгос улс гараад явсан гэх мэдээ авсан. Хүнээр дамжуулан сураглаж байгаад утсаар холбогдоход очоод нэр дээр чинь шилжүүлнэ, зээл би авсан, мөнгийг нь өгөх гээд байж байтал өртэй болоод асуудал үүссэн. Аргагүй Солонгост ирээд байна. Энд ажиллаад өрөө дармагц, гэрчилгээг шилжүүлж өгнө, чамайг хохироохгүй гэсэн. Ингээд Солонгосоос ирснийг мэдмэгц дахин хайж олтол, одоо шилжүүлнэ маргааш шилжүүлнэ дараа сар гэхэд яг шилжүүлнэ гэсэн. Яагаад худал хэлээд байгаа юм, гэрчилгээ хаана байна гэхээр сүүлдээ хэлэхээ байсан ба дахин түүнийг олохоо байсан. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас хашаа байшингаа чөлөөлөх бичиг 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ирсэн. Үүнийг мэдээд Цагдаагийн байгууллагад хандтал Л.******* залилангийн хэргээр ял эдэлж байгаа, миний хашаа байшин, газрыг 35 000 000 төгрөгийн барьцаанд бусдын өмчлөлд буюу П.ийн өмчлөлд шилжүүлсэн гэж цагдаагаас мэдэгдсэн ба уг гэмт хэргийг шалгах гэхээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэсэн. 200 000 000 орчим төгрөгний үнэ бүхий хашаа байшин газар бүхий хөрөнгийг маань хуурч мэхлэн, өөртөө шилжүүлэн авч, бусдад барьцаалсан гэх нэрээр бусдын өмчлөлд хөрөнгийг маань шилжүүлсэн байх тул дараах хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах хүсэлтэй байна. Иймд 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 5 000 000 төгрөгөөр үнэлж шилжүүлсэн хуурч, дүр эсгэн шилжүүлсэн гэрээ болох Хувийн сууц худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна... гэжээ.
Нэхэмжлэгч Д.Бат-*******, хариуцагч П.ийн сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт: Нэхэмжлэгч Д.Бат-******* би П.ийн тус шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
1. Л.******* нь миний хашаа байшинг залилан мэхэлж, дүр үзүүлэн хийсэн гэрээний дагуу шилжүүлэн авч банкны барьцаанд тавьж улмаар барьцаанаас чөлөөлж буцааж шилжүүлэхийг шаардсаар байхад дахин П.т хууль бусаар шилжүүлэн өгсөн бөгөөд Л.*******, П. нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. П. хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авсан ба үл хөдлөх эд хөрөнгийг хэзээ ч эзэмшиж байгаагүй, нэг ч удаа уг хашаа байшинд орж үзээгүй тул эзэмшигч гэж тодорхойлох ямар ч үндэслэл байхгүй.
3. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг уг үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авснаар байгуулагдсан тооцдог ба Л.*******, П. нарын хооронд байгуулагдсан гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгийг бодитоор хүлээлцээгүй тул гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй.
4. Л.******* нь П.ийг залилан мэхэлж миний өмчлөлийн хашаа байшинг өөрийн өмч мэтээр ойлгуулж, түүнээс мөнгө авсан тохиолдолд залилуулсан мөнгөө Л.*******аас нэхэмжлэх, залилах гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргах эрх нь П.т нээлттэй бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа нь ч дуусаагүй байгаа тул Л.*******ад өгсөн мөнгөө Л.*******аас нэхэмжилж авсан нь хуульд нийцнэ гэж үзэж байна.
Иймд П.Ганзорийн тус шүүхэд гаргасан шударга эзэмшигчээр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
3. Хариуцагч П. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие П. нь Д. нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би ******* гэх хүнээс түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан ба Бат-******* гэх хүнийг танихгүй, тухайн хүнээс хашаа байшин худалдан аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч П. шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ: Д. нэхэмжлэлтэй хэргийн хариуцагч П. миний бие Орхон аймаг Баян-Өндөр сум, 17 дугаар баг ******* туул 20 дугаар гудамж 26а хаягт байршилтай 124,4 мкв талбайтай хувийн орон сууц болон 610 574 3755 нэгж талбарын дугаартай 839 мкв газрын эзэмших эрхийн хамт *******аас зохих журмаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авч, өөрийн нэр дээр хуулийн дагуу бүртгүүлсэн. Иймд дээрх хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгүүдийн хувьд П. намайг шударга өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
4. Хариуцагч Л.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* надад Бат-******* нь 2023.08.08-ны өдөр Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг би 2023.09.27-ны өдөр уншиж танилцлаа. Д.Бат-******* нь надад гаргасан нэхэмжлэлдээ хашаа байшин газар бүхий хөрөнгийг маань хуурч мэхлэн өөртөө шилжүүлэн авсан гэх утга агуулга нь үндэслэлгүй юм. Д.Бат-******* нь мөн илт ор үндэслэлгүй зүйлийг тусгасан байна. Үүнд:
1. Банкны барьцаанд тавьж би зээл авах хүсэлтэй байсан юм. Гэтэл би ажил хийдэггүй өмнө нь бас өндөр зээлтэй гэх шалтгаанаар зээл олгохоос банк татгалзсан. Энэ үед Л.*******тай таартал би зээл аваад өгье өмчлөх эрхээ над руу шилжүүлчих гэсэн хэлсний дагуу хадалах, худалдан авах гэрээрээр өөрийн өмчлөлийн хөрөнгийн өмчлөх эрхээ шилжүүлсэн гэжээ. Энэ нь үндэслэлгүй юм. Хүн өөрийн хөрөнгийг нэг хүнтэй таараад л шилжүүлээд өгдөг тийм зүйл огт байдаггүй гэж би бодож байна.
2. Л.******* нь алга болсон гэсэн байна. Д.Бат-*******эс зугтах ямар ч шалтгаан байхгүй 2016 оны орон нутгийн сонгуулиар 4 дүгээр хорооллоос иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдож 2020 он хүртэл ажилласан. 2017-2019 он хүртэл Орхон-АЗЗА ТӨХК-д ажиллаж байсан. 2019-2022 оны 11 дүгээр сар хүртэл *******т үйлдвэр ТӨҮГ-т ажиллаж байсан. Үнэхээр надтай уулзах шаардлага байсан бол ажил дээр ирж уулзах боложтой байсан. Л.******* нь алга болсон гэх нь үндэслэлгүй юм.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хашаа байшингаа чөлөөлөх бичиг 2023.04.25-ны өдөр ирсэн. Үүнийг мэдээд Цагдаагийн байгууллагад хандсан гэжээ. 2023.04.25-ны өдөр л мэдээд хуулийн байгууллагад хандсан мэтээр бичсэн байна. Энэ нь огт худал зүйл юм. 2018-2020 оны хооронд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас удаа дараа лацдан битүүмжилж байсан. Үүнийг Д.Бат-******* мэдэж байсан. Үнэхээр хууль хяналтын байгууллагаар шалгуулах шаардлага байсан бол аль 2016 оноос эхлээд шалгуулах боломж байсан. Намайг хэрэгт холбогдоод ирэхээр шалгуулах хүсэлт гаргасан нь сэжигтэй санагдаж байна.
Л.******* миний бие 16 жил хөдөлмөр эрхлэн явж байсан. Тэр дундаа удирдах шатны хариуцлагатай алба хашиж байсан. 2016 онд би Некст электроникс ХХК-ийн *******т салбарт захирлаар ажиллаж байсан. Тухайн үед Д.Бат-******* мөнгө, төгрөгний асуудал ихтэй байсан. Д.Бат-*******тэй олон ажил дээр туслаж хамтран ажилладаг байсан. Д.Бат-******* надад мөнгөний өглөгийн асуудал үүссэн. Ингээд бид хоёр харилцан тохиролцоод уг үл хөдлөх эд хөрөнгийг хуулийн дагуу миний нэр дээр худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн. 2016.07.21-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ ямар ч хуулийг зөрчөөгүй хүчин төгөлдөр гэрээ мөн юм. Мөн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр ба уг үл хөдлөх эд хөрөнгийг П.т шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй гэж би үзэж байна... гэжээ.
5. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1хх-3/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-4/, ******* багийн Засаг даргын тодорхойлолт /1хх-5/, 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /1хх-6-7/, Орхон аймгийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 451 дугаартай тогтоол /1хх-8-11/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17 дугаар баг, ******* туул 20 дугаар гудамжны 26а тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000417172 дугаартай гэрчилгээний хуулбар, 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 000614025 дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний хуулбар, /1хх-12-17/, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 0029 дугаартай Орхон аймгийн тойргийн нотариатч Ж.Цэрэндуламын баталсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /1хх-18-20/, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлан /1хх-22-42/, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 130300326830 дугаартай Төрийн банк, Л.******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, барьцаа хөрөнгийг чөлөөлөх тухай Төрийн банкны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаартай албан тоот, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Баян-Өндөр сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/50 дугаартай захрамж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17 дугаар баг, ******* туул 20 дугаар гудамжны 26а тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000417172 дугаартай гэрчилгээний хуулбар, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/07 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх, хүчингүй болгуулах тухай Баян-Өндөр сумын Засаг даргын захирамж /1хх-75-90/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
6. Хариуцагчаас: 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 10 дугаартай Орхон-Авто замын засвар арчлалт ТӨХК-ийн Л.*******ыг ажиллуулж байсан талаарх тодорхойлолт /1хх-128-130/, *******т үйлдвэр ТӨҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 117/71 дугаартай Л.*******ын хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, ажилд томилсон болон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаал /1хх-131-142/, Төрийн банкны 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 29/429 дугаартай албан тоотоор ирүүлсэн Л.*******ын 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх энгийн харилцах дансны хуулга /1хх-188-198/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Бат-*******ийн хариуцагч Л.*******, П. нарт холбогдуулан гаргасан 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн, мөн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Хувийн сууц, газар худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: би иргэн Л.*******ад өөрийн өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, 20-26-А тоот хаягт байрлах 124,4 м.кв талбай бүхий хувийн сууц, газрыг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн. Тухайн үед би, банкны барьцаанд тавьж зээл авах хүсэлтэй байсан ч, ажил хийдэггүй, өмнө бас өндөр зээлтэй гэх шалтгаанаар зээл олгохоос банк татгалзсан. Энэ үед Л.*******тай таартал би зээл аваад өгье, чи өмчлөх эрхээ над руу шилжүүлчих гэсэн. Хэлсний дагуу худалдах, худалдан авах гэрээгээр өөрийн өмчлөлийн хашаа байшин газраа шилжүүлсэн. Гэтэл Л.******* алга болсон, түүнийг хайтал Солонгос явсан сураг гарсан, хүнээр дамжуулаад сураглаж байгаад утсаар холбогдоход очоод нэр дээр чинь шилжүүлнэ, зээл авсан, мөнгийг чинь өгөх гээд байж байтал өртэй болоод асуудал үүссэн. Аргагүй Солонгост ирээд байна. Энд ажиллаад өрөө дармагц, гэрчилгээг шилжүүлж өгнө, чамайг хохироохгүй гэсэн. Ингээд Солонгосоос ирснийг мэдмэгц дахин хайж олтол, одоо шилжүүлнэ, маргааш шилжүүлнэ, дараа сар гэхэд яг шилжүүлнэ гэсэн. Яагаад худал хэлээд байгаа юм, гэрчилгээ хаана байна гэхээр сүүлдээ хэлэхээ байсан ба дахин түүнийг олохоо байсан. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас хашаа байшингаа чөлөөлөх бичиг 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ирсэн. Үүнийг мэдээд Цагдаагийн байгууллагад хандтал Л.******* залилангийн хэргээр ял эдэлж байгаа, миний хашаа байшин, газрыг 35 000 000 төгрөгийн барьцаанд бусдын өмчлөлд буюу П.ийн өмчлөлд шилжүүлсэн гэж цагдаагаас мэдэгдсэн ба уг гэмт хэргийг шалгах гэхээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэсэн. 200 000 000 орчим төгрөгний үнэ бүхий хашаа байшин газар бүхий хөрөнгийг маань хуурч мэхлэн, өөртөө шилжүүлэн авч, бусдад барьцаалсан гэх нэрээр бусдын өмчлөлд хөрөнгийг маань шилжүүлсэн... гэж тодорхойлсон.
2. Хариуцагч нар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.
3. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч Д.Бат-******* болон хариуцагч Л.******* нар 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум 17-р баг ******* 20-26-А тоот хаягт байрлах 124,4 м.кв талбай бүхий хувийн сууц, мөн хаягт бүртгэлтэй газрыг 5 000 000 төгрөгөөр Худалдах, худалдан авахаар гэрээ байгуулсан болох нь тус гэрээнүүд, кадастрын зураг, улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна. /хх12-20/
5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
6. Худалдах, худалдан авах гэрээний онцлог нь нэг этгээдээс нөгөө этгээдэд өмчлөх эрх шилжиж, мөн нөгөө этгээд хариу төлбөрийг шилжүүлэх, өөрөөр хэлбэл талууд хэлэлцэн тохирсон үнийг худалдагчид төлж, худалдан авсан хөрөнгөө худалдан авагч хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
7. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзаж буй тайлбараа, Д.Бат-******* бид хоёрын дунд өглөг, авлагын асуудал үүссэн, намайг Нэкст элекроникс-ийн салбарын захирлаар ажиллаж байхад Royal bluud ХХК-д шилжүүлсэн цахилгаан барааны үнэ 10 гаран сая төгрөгийн, мөн ******* үйлдвэр-т ажиллаж байхад 12,0 сая төгрөгийг буцалтгүй тусламж үзүүлэхэд орж байсан, сонгуульд ороход болон 30-40 сая төгрөгийг өр авлага байсан. Б.Бат-******* нь хашаа байшингаа 50,0 сая гэж байсан. Татвар бага төлөхийн тулд 5 000 000 төгрөгөөр гэрээг хийсэн гэж тайлбарладаг.
8. Нэхэмжлэгч Д.Бат-*******, хариуцагч Л.******* нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ч, гэрээний дагуу хариуцагч нь 5 000 000 төгрөгийг шилжүүлээгүй, мөн өмнө нь ямар өглөг авлагыг тооцон хашаа, байшинг худалдан авсан нь нотлогдохгүй байна.
8а. Тодруулбал, нэхэмжлэгч тайлбарлахдаа: Royal bluud ХХК нь миний компани мөн, тухайн үед Их мандал төв-ийн хажууд 6 давхар барилга одоо болтол царцсан байгаа, баригдах юм бол 2 байрыг цахилгаан бараагаар тохижуулна гэж байсан, бид хоёрын хооронд өр авлага байхгүй гэдэг, харин хариуцагч Л.******* 10 гаран сая төгрөгийн цахилгаан бараа шилжүүлсэн гэдэг бөгөөд хэзээ, хэдэн төгрөгийн үнэтэй, ямар бараа бүтээгдэхүүнийг хэнээс хэнд хүлээлгэн өгсөн, хариу төлбөрийг яаж тооцсон талаарх баримтгүй, хариуцагчийн татгалзал нотлогдоогүй.
Хэргийн /1-р хавтас/ 161-р талд авагдсан хариуцагч Л.*******ын хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Бараа байршуулах худалдаж авах тухай нэртэй баримтад: Next electronics-г төлөөлж Л.*******, Royal bluud ХХК-г төлөөлж Д.Бат-******* нар 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Royal bluud ХХК-ийн 2016 оны 4-р улиралд шинээр ашиглалтанд орох шинэ монгол хороололд 31 мкв 1 өрөө байр, 42,6 мкв 2 өрөө байрыг Next electronics ХХК-ийн *******т салбартай хамтран бараа байршуулж дор дурдсан зарим барааг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 3-5% хөнгөлөлттэй худалдаж авна... гэж гэрээ байгуулсан ч гэрээний дагуу бараа шилжүүлсэн баримтгүй байна. Энэ нь мөн нэхэмжлэгчийн тайлбартай зөрүүгүй байна.
8б. Мөн хариуцагч Л.******* маргаан бүхий хувийн сууц, газрыг өөрийн өмчлөлд шилжүүлж авсны дараа буюу 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Төрийн банкинд 15,0 сая төгрөгийн зээлийн барьцаанд тавихад талуудын харилцан тохиролцсон үнэ буюу банк үнийг 25,0 саяар үнэлж зээл олгосон.
Цагдаагийн байгууллагаас хашаа, байшинд тухайн үеийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ хийлгэхэд 165 028 463 төгрөгийн үнэ, ханштай байсныг Ашид билгүүн ХХК тогтоосон. /1-р хавтас хх 24-42/
8в. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд Д.Бат-*******, Л.******* нарын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний зүйл болох маргаан бүхий хашаа, байшин нь тухайн үед 5,0 сая төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө биш болох нь нотлогдож байна.
9. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна, 56.1.2.-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж заасан бөгөөд Д.Бат-*******, Л.******* нарын хооронд 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан Орхон аймаг Баян-Өндөр сум 17-р баг ******* 20-26-А тоот хаягт байрлах 124,4 м.кв талбай бүхий хувийн сууц, газрыг худалдсан худалдах, худалдан авах гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхээр байна.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, 25.2.2.-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүйг дурдах нь зүйтэй.
11. Хариуцагч Л.*******, хариуцагч П. нарын худалдах, худалдан авах гэрээний талаар. Маргаан бүхий хувийн сууц, газрыг Л.******* нь хариуцагч П.т 35 000 000 төгрөгөөр 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр худалдаж, гэрчилгээг П.ийн нэр дээр шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй. /хх18, 84-90/
Хариуцагч Л.******* нь Орхон аймаг Баян-Өндөр сум 17-р баг ******* 20-26-А тоот хаягт байрлах 124,4 м.кв талбай бүхий хувийн сууц, мөн хаягт бүртгэлтэй газрыг П.т 35 000 000 төгрөгөөр худалдсан гэдэг бөгөөд П. Л.*******ын банкны арав гаран сая төгрөгийн зээлийн өрийг, мөн Шүүхийн шийдвэр дээр Л.*******ын төлөх тав орчим сая төгрөгийн өрийг төлсөн, ингээд ямарч байсан хориод сая төгрөгийн өрийг нь төлсөн. Мөн бид хоёрын дунд өмнө нь өр авлагын асуудал байсан. Нийт 35 000 000 төгрөгт тохирч худалдаж авсан гэж тайлбарладагч, П. аль банкны ямар дансаар, хэдэн төгрөгийн төлбөрийг хэзээ шилжүүлснээ нотлогдоогүй. Харин Л.*******, банкны зээлийг хаасан, шүүхийн шийдвэр дээр өр төлбөрийг төлсөн, өмнө бас өглөг авлага байсан учир 35 000 000 төгрөгөөр худалдсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргадаг.
Хариуцагч П. уг хашаа байшинг худалдан авахдаа нэг ч удаа орж үзэж хараагүй, зөвхөн гаднаас нь харсан гэдгээ хэлдэг бөгөөд 2-3 жил гадуур нь очиход хүн байгаа нь мэдэгдэхгүй байсан, өвөл цасан дээр гарсан мөр ч байдаггүй байсан гэсэн нь эргэлзээтэй.
Түүнчлэн Тус шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 142/ШШ2022/00122 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч П.ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.******* хүлээн зөвшөөрч, Орхон аймаг Баян-Өндөр сум 17 дугаар баг ******* туул 20 дугаар гудамж 26а хаягт байршилтай, нэгж талбарын 6105743755 дугаартай /хашаа/ газар болон Y-2101019811 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гэхэд чөлөөлж өгнө гэсэн хариуцагчийн зөвшөөрөл мөн эргэлзээтэй байна.
12. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10.-д дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан бөгөөд Д.Бат-*******, Л.******* нарын хооронд байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус тул уг гэрээний үндсэн дээр Л.*******, П. нарын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээ мөн хүчин төгөлдөр бус байна.
13. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан тул хариуцагч П.оос 35 000 000 төгрөг гаргуулан Л.*******ад олгож, Орхон аймаг Баян-Өндөр сум 17-р баг ******* 20-26-А тоот хаягт байрлах 124,4 м.кв талбай бүхий хувийн сууц, мөн хаягт бүртгэлтэй газрыг Д.Бат-******* шилжүүлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
14. Хөөн хэлэлцэх хугацааны талаар. Хариуцагч нар шүүхэд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж мэтгэлцсэн.
14а. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлд 74.1.-д Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна, 75.1.-д Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна, 75.2.1.-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, 75.2.2.-д үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байна гэж заасан.
14б. Талуудын хооронд үүссэн Үл хөдлөх хөрөнгийн өмчлөлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэлэлцэж байгаа тул Иргэний хуулийн 75.2.2.-д заасан хугацаагаар тоолох үндэслэлтэй, мөн хуулийн 75.1.-д заасан ерөнхий хугацааны дотор байх тул хөөн хэлэлцэх хугацааг өнгөрсөн гэж үзэхгүй. Учир нь хашаа байшингаа шилжүүлснийхээ дараа Д.Бат-******* буцааж авахын тулд Л.*******ын араас байнга сураг тавьж, өөртэй нь уулзаж гэр орноор орж байсан байдал нь гэрч Б.Ариунтунгалагийн Л.*******ын гэрт нь очихоор гэр орондоо байдаггүй байсан. Манай нөхөр Д.Бат-******* өдөр шөнөгүй очиж байсан, Л.******* руу залгаад ярихаар одоо ингээд болох гэж байна, өнөө маргаашгүй шийдэж өгнө, одоо гаргаж өгнө гэж ярьдаг байсан, гэрч Ч.Сансармаа Д.Бат-******* нь манайд Л.*******ыг хайж ирдэг байсан. 4-5 удаа ирж байсан, одоогоос 3 жилийн өмнө ирж байсан зэргээс дүгнэхэд хашаа байшингаа авахын тулд нэхэмжлэгч нь Л.*******ын араас хөөцөлдөж, гэр орноор нь орж гарч асууж, сураглан, өөртэй нь ярьж, болгож бүтээж өгнө гэж хэлж байсан байдал гэрчүүдийн мэдүүлгүүдээр нотлогдож байна. Иймд хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон гэж үзэж, түр зогссон хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг дахин тоолох тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж шүүх дүгнэсэн болно.
15. Хариуцагч П.ийн Орхон аймаг Баян-Өндөр сум, 17 дугаар баг ******* туул 20 дугаар гудамж 26а хаягт байршилтай 124,4 мкв талбайтай хувийн орон сууц, мөн хаягт бүртгэлтэй 803 м.кв газрын шударга өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
15а. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн болон 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн худалдах, худалдах авах гэрээ нь хүчин төгөлдөр болохыг дээр дүгнэсэн.
Иймд П.ийг сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
16. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.*******, П. нараас тус бүр 178 975 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63.1.2.-т эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр гаргуулна гэж заасны дагуу 35 000 000 төгрөгөөс тооцож 262 750 төгрөгийг П.оос гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10., 56.5-д заасныг тус тус баримтлан 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч Д.Бат-*******, хариуцагч Л.******* нарын хооронд байгуулагдсан, 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч Л.*******, хариуцагч П. нарын хооронд байгуулагдсан Орхон аймаг Баян-Өндөр сум, 17 дугаар баг ******* туул 20 дугаар гудамж 26а хаягт байршилтай 124,4 мкв талбайтай хувийн орон сууц, мөн хаягт бүртгэлтэй 803 м.кв газрын худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Л.*******аас 35 000 000 төгрөг гаргуулан П.т олгож, хариуцагч П.ийн шударга өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.*******, П. нараас тус бүр 178 975 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, П.оос 262 750 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА