Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар  2022/ДШМ/599 

 

 

 

 

 

 

Б.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Ууганбаяр,

шүүгдэгч Б.М,

хохирогч Б.Агийн өмгөөлөгч Б.Булгантамир,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,  

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/264 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч Б.Булгантамир давж заалдах гомдол гаргасныг үндэслэн Б.Мд холбогдох 2210000000338 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

5 тоотод оршин сууж байгаа гэх, ял шийтгэл;

Шүүгдэгч Б.М нь 2022 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Шинэ тэрэг плаза төвийн 4 давхарт үйл ажиллагаа явуулах биллъяардны төв дотор найз Б.Атай “биллъяардны дүрмээс болж маргалдан” улмаар түүний эрүү хэсэгт гараараа 2 удаа цохиж эрүү ясны хоёрлосон хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ... хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Б.Мыг оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийх ялаас чөлөөлж, Эрүүгийн 2210000000338 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн камерын бичлэг бүхий СиДи-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Булгантамир гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчиж, шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчиж хэргийг шийдвэрлэжээ.

 2022 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн “Яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдаан товлон зарлах тухай” 2022/ШЗ/716 дугаартай шүүгчийн захирамжийн ЗАХИРАМЖЛАХ хэсгийн 5-д “...шүүх хуралдааны бэлтгэлийг хангаж, шүүх хуралдаанд оролцогч нарт хурлын тов, нөлөөллийн мэдүүлэг танилцуулахыг шүүгчийн туслахад даалгасугай. ...” /хх 77/ гэсэн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.4 “шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох”-д, мөн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ бүлэгт заасан шүүх хуралдаанд шүүгдэгч, прокурор, өмгөөлөгч, шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болно” гэж тус тус зохицуулжээ.

Шүүх хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй, шүүгдэгчийг оногдуулсан ялаас үндэслэлгүй чөлөөлсөн, шүүх хуралдааны товыг хэргийн оролцогч буюу хохирогчид мэдэгдэхийг даалгасан байхад түүний эх гэх Д.Оюунтуяад 2022 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 17:10 цагт мэдэгдсэн “оролцох боломжгүй гэв" гэсэн тэмдэглэл хийж шүүх хуралдаанд оролцвол зохих этгээдийн эрхийг хангаагүй төдийгүй хохирогч Б.А нь 2022 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр 18 насанд хүрсэн байхад өөрт нь хурлын товын мэдэгдэж түүний эрхийг хангаагүй, шүүгдэгчид цохиулахад шүдний аппарат нь эвдэрсэн тул холбогдох хохирол барагдаагүй , түүнийг 1.900.000 төгрөгөөр худалдан авч байсан.

Хохирогчийг шүүх хуралдаанд огт оруулаагүй, товыг мэдэгдээгүй, хохирол төлбөрийг барагдуулаагүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөлийг хэрэглэх боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв. 

Шүүгдэгч Б.М тус шүүх хуралдаанд: “хэлэх тайлбаргүй” гэв.

Прокурор С.Ууганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.М хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан. Уг хүсэлтийг прокурорын зүгээс хүлээн авч, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцуулж, 240 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялаас чөлөөлөх саналыг гаргасан. Шүүгдэгч Б.Мын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх болзол бүрэн хангасан гэж үзсэн. Учир нь баримттай бодит хохирол төлбөр бүрэн төлж барагдуулсан. Шүүх хуралдаан эхлэхээс өмнө үлдэгдэл 4.000.000 төгрөгийг гаргаж өгсөн. Шүүгдэгч нь хохирогчид цаашид гарах эмчилгээний зардал, хохирол төлбөрийг нөхөн төлөхөө бүрэн илэрхийлсэн. Цаашид гарах хохирол, хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Мд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ШЗ/716 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 09 цаг 00 минутад хянан хэлэлцэхээр товлосон байх /хх 77/ ба шүүх хуралдааны товыг хохирогч талд мэдэгдээгүй болох нь “утас холбогдох боломжгүй” /хх 78/ гэж бичсэн шүүх хуралдаан тов мэдэгдсэн баримтаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ” гэж, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална.” гэж тус тус  заасныг анхан шатны шүүх зөрчиж,  хохирогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлажээ.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүх хуралдааны товыг талуудад урьдчилан мэдэгдэхийг шүүхэд үүрэг болгож, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдсэн хохирогч шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хуулийн 34.8 дугаар зүйлд заасан зохицуулалтын дагуу түүний оролцоогүйгээр хэргийг хэлэлцэж болохоор байна.

Шүүх хуралдааны товыг талуудад урьдчилан мэдэгдэхийн ач холбогдол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “... бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ... нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, шүүх ажиллагаанд биеэр оролцох ...” хүний эрхийг баталгаатай эдлүүлэх эрх зүйн үндэслэл болох бөгөөд энэхүү эрхийг дан ганц хэргээ шүүлгэж буй шүүгдэгчид олгогдсон хэмээн тайлбарлаж болохгүй юм.

Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрх хүн бүрт хуулиар тэгш олгогдсон учраас шүүх хуралдаанд оролцох эрхийг хэргийн оролцогчдод бүгдэд нь эдлүүлэх учиртай.

Энэхүү эрхийг хангах үүднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “...шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох...” эрхийг хохирогч эдлэхээр заасан байна.

Иймд хохирогч Б.Ад шүүх хуралдааны тов мэдэгдээгүй нь түүний хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан шинжтэй байх тул “... шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, хохирол нэхэмжлэх боломж олгоогүй ...” гэсэн агуулга бүхий гомдлыг нь хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, шүүгдэгч Б.Мд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/264 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Мд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцтэл шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                 ШҮҮГЧ                                                             Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧ                                                             Д.ОЧМАНДАХ