Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 118

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон, 

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар, 

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар яллагдагч Б.Эд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2017170001670040 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат, 1990 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн Сүхбаатар хөгжил үйлдвэр технологийн паркад жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан төслийн менежер ажилтай, ам бүл 3, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б.Э. 

 

Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:

 

           Шүүгдэгч Б.Э нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2-р цэцэрлэгт нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглан цэцэрлэгийн эрхлэгчийн гарын үсэг, тамгыг компьютер дээр сканердан оруулж төлбөрийн хүсэлтийн баримт дээр тааруулан хэвлэж, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр цалин гэж 463.706 төгрөг, 03 дугаар сарын 07-ны өдөр ажилчдын хуримтлал нэрээр 1.160.000 төгрөг, 03 дугаар сарын 10-ны өдөр цалингийн урьдчилгаа гэж 600.000 төгрөг, 03 дугаар сарын 22-ны өдөр махны мөнгө гэж 2.116.400 төгрөгийг тус тус хуурамч бичиг баримт бүрдүүлж цахим хэрэгсэл ашиглаж төсвөөс 5.024.556 төгрөгийг авч хувьдаа завшсан,

           мөн албан тушаалын байдлаа ашиглан цахим хэрэгсэл ашиглаж, 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр аймгийн Хаан банкинд эхнэр Э.Уыг 2 дугаар цэцэрлэгт ажилладаг гэсэн цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийсэн цалингийн хуурамч тодорхойлолт, нийгмийн даатгалын хуурамч дэвтэр зэргийг бүрдүүлэн өгч 1.600.000 төгрөгийг цалингийн зээл нэрээр авсан залилах гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

  - Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 10 сард би Хаан банкны зээлтэй байсан, 36 сараар зээл олгож байсан. Банкны зээлийн хугацаа 48 сар болохоор нь зээлээ сунгах гээд очиход өмнөх зээлээ хаагаад дахин зээл ав гэсэн. Би зээлээ хаахын тулд хүнээс 10.000.000 төгрөгийг хүүтэй зээлсэн. Тэгээд хүнд өрөнд ороод эхнэрийнхээ бичиг баримтыг хуурамчаар үйлдээд зээл нэмж авсан. Хүнээс мөнгө зээлж явсаар байгаад сүүлдээ зээлэх хүн олдохгүй болохоор нь албан тушаалаа ашиглаад тамга тэмдгийг компьютерээр оруулаад  байгууллагын данснаас мөнгө гаргаж авсан. Би аж ахуй нэгжийн нягтлан бодогчоор 3 жил, төрийн албанд ороод 2 жил болж байсан. Би дахиж ийм хэрэг хийхгүй, хариуцлагатай ажил хийж гэр бүлээ тэжээнэ. Би их гэмшиж байна... гэв.

 

- Хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Агийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 04-р сарын 06-ны өдөр Баруун-Урт сумын 2, 5-р цэцэрлэгийг хариуцсан нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Э гэдэг хүн цалингийн зээл авах гэж өөрийнхөө цалингийн тодорхойлолт болон эхнэр болох Э.Уыгаа 2-р цэцэрлэгт ажилладаг гэж цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэн ирсний дагуу манай зээлийн эдийн засагч Уугантуяа маргааш нь буюу 2017 оны 04-р сарын 07-ний өдөр цалингийн зээлийг нь гаргаж өгсөн байсан. Тэгтэл манай дотоодын шалгалтаар Б.Э нь хуурамч цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр ашиглан зээл авсан болох нь тогтоогдсон юмаа.  Б.Э нь 11.000.000 /арван нэгэн сая/ гаруй төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан уг зээлийн үлдэгдэл дээрээ нэмж 2017 оны 04-р сарын 07-ний өдөр 1.600.000 /нэг сая зургаан зуун мянган/ төгрөгийн зээл хүссний дагуу тухайн 1.600.000 төгрөгийн зээлийг олгосон юм. Иймд манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү ” гэх мэдүүлэг /хх-38/,

 

- Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Сгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Манай 2-р цэцэрлэгт нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Э нь 2017 оны 03 дугаар  сард байгууллагын харилцах данснаас 5 удаагийн гүйлгээгээр данс хооронд шилжүүлэг хийж 5.024.556 төгрөгийг хувьдаа завшсан байсан. Энэ зөрчлийг Баруун-Урт сумын төрийн сангийн мэргэжилтэн Х.Б дээрх гүйлгээ хийсэн баримтуудыг үзэж шалгаж байхдаа анх даргад хэлснээр бид нар мэдсэн юм. Удалгүй дээрх мөнгийг хувьдаа завшсан болох нь тогтоогдож ажлаасаа халагдсан ” гэх мэдүүлэг /хх-42/,

 

- Гэрч Б.Угийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 04-р сарын 06-ны өдөр Баруун-Урт сумын 2, 5-р цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Э нь цалингийн зээл авах гэсэн юм гээд өөрийнхөө цалингийн тодорхойлолт болон эхнэр нь болох Э.Уыгаа 2-р цэцэрлэгт ажилладгаар цалингийн тодорхойлолт болон нийгмийн даатгалын дэвтэрт нь бичилт хийгдчихсэн ирсэн юм. Үүний дагуу маргааш нь буюу 2017 оны 04-р сарын 07-ний өдөр би цалингийн зээлийг нь гаргаж өгсөн юм. Тухайн үед би мэдээгүй. Сүүлд тооцооны төвийн шалгалтаар илэрсэн юм. Тухайн үед нийгмийн даатгалын дэвтэрт нь бичилт хийгдсэн, тэмдэг дарагдаж баталгаажуулагдсан байсан болохоор шалгаагүй юм. Б.Э нь 11.000.000 /арван нэгэн сая/ гаруй төгрөгийн зээлийн үлдэгдэл дээрээ нэмж 2017 оны 04-р сарын 07-ны өдөр 1.600.000 төгрөгийн зээл авсан юм ” гэх мэдүүлэг /хх-45/,

 

 - Гэрч Г.Цгийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 04-р сарын эхээр Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газрын төрийн сангийн хэлтсийн дарга Баярмаа нь намайг дуудахаар нь яваад очсон юм. Тэгээд түүнтэй уулзахад тэрээр танайх дараахь гүйлгээнүүдийг хийсэн юм уу гээд надад 5 гүйлгээний баримт харуулсан юм. Тэр гүйлгээнүүд нь миний хийсэн гүйлгээ биш байсан бөгөөд миний гарын үсэг ч биш байсан. Тэгээд би маргааш нь тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Этай уулзаад болсон асуудлын талаар асуусан чинь тэрээр “надад мөнгөний хэрэг болоод 5 гүйлгээ хийж нийт 5.024.556 /таван сая хорин дөрвөн мянга таван зуун зургаа/ төгрөг хэрэглэсэн нь үнэн. Би энэ мөнгөөр доллар авчихсан байгаа, сарын дараа буцаагаад төсөвтөө хийчихнэ гэж бодсон юм” гэж хэлсэн. Тэгээд би Эд удаа дараа шаардлага тавьж хэзээ хохирол төлж барагдуулах талаар хуваарь гаргуулж авсан. Энэ хугацаанд төлж барагдуулахгүй бол Хуулийн байгууллагад хандана гэдгээ хэлж анхааруулсан. Ингээд би Б.Эг хуурамч бичиг баримт бүрдүүлж төсвийн мөнгө завшиж, нягтлан бодогчийн ёс зүйг зөрчсөн үндэслэлээр 2017 оны 04-р сарын 26-ны өдөр 5/04 тоот тушаал гаргаж ажлаас нь халсан юм" гэх мэдүүлэг /хх-44/,

 

          - Гэрч Э.Уын мөрдөн байцаалтанд өгсөн: Манай нөхөр Э Баруун-Урт сумын 2-р цэцэрлэгт нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 12 сая төгрөгийн зээлийг ХААН банкнаас авсан байсан юм. Тэгээд дахиж гэртээ тавилга авахаар зээл хөөцөлдөж ХААН банкнаас 2017 оны 04 дүгээр  сард 1.600.000 төгрөгийн зээл нэмж авахад нь би хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан юм. Тухайн үед зээл авахдаа би анзаараагүй л гарын үсэг зурчихаад л явсан юмаа. Тэр үедээ намайг 2-р цэцэрлэгт ажиллаж байсан гээд миний нийгмийн даатгалын дэвтэр дээр бичилт хийлгүүлээд даргаасаа цалингийн тодорхойлолт авсан гэж хуурамч тодорхойлолт миний нэр дээр гаргуулж авсан талаар сүүлд Цагдаагийн байгууллагад Эг шалгагдаж байхад нь мэдсэн.” гэх мэдүүлэг /хх-43/,

 

- Гэрч Х.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 04 сарын эхээр санхүүгийн баримтуудаа нягтлан үзэж байхад Баруун-Урт сумын 2-р цэцэрлэгээс хийсэн 5-6 баримт дээрх эрхлэгчийх нь тамга тэмдэг, гарын үсэг нь хуурамчаар үйлдэж сканнердаж хийсэн юм шиг харагдаад байхаар нь 2-р цэцэрлэгийн нягтлан бодогч Б.Эг өөрийг нь утсаар дуудаж энэ ямар учиртай гүйлгээ юм бэ анхан шатны баримтыг нь аваад ирээ гэхэд тэрээр авчраагүй юм. Тэгэхээр нь дараагийн нэг дэхь өдөр нь 2-р цэцэрлэгийн эрхлэгч Цг дуудаж дээрх баримтуудыг үзүүлж таны хийсэн гүйлгээ мөн үү гэж асуухад ийм гүйлгээ хийгээгүй мэдэхгүй гэж байсан юм ” гэх мэдүүлэг /хх-46/,

 

           - Гэрч А.Огийн мөрдөн байцаалтанд өгсөн: Б.Э 2017 оны 03 дугаар сард 2-р цэцэрлэгт нягтлан бодогчоор ажиллаж байхдаа надтай уулзаад чиний данс  руу махны мөнгө шилжүүлээд авчихъя гэхээр нь би түүнийг таньдаг болохоор учрыг нь асуугаагүй за за гээд л хэлсэн. Тэгсэн чинь л Э миний ХААН  банкны 5630512529 дугаартай данс  руу 680.000- аад төгрөг шилжүүлэхээр нь би ХААН банкин дээр очиж АТМ-ээс тэр мөнгийг тоо ёсоор нь авч өөрт нь бэлнээр хүлээлгэж өгсөн юм ” гэх мэдүүлэг /хх-47/,

 

- Төлбөрийн хүсэлт №53. 2017.03.07 /хх-13/

- Төлбөрийн хүсэлт №52. 2017.03.03 /хх-14/

- Төлбөрийн хүсэлт №54. 2017.03.07 /хх-15/

- Төлбөрийн хүсэлт №72. 2017.04.05 /хх-16/

- Төлбөрийн хүсэлт №57. 2017.03.22 /хх-17/

- Төлбөрийн хүсэлт №55. 2017.03.10 /хх-18/

- Баруун-Урт сумын 2-р цэцэрлэгт ажиллаж буй даатгуулагчдын 2017 оны 03 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт /хх-21/

- Баруун-Урт сумын 2-р цэцэрлэгийн нягтлан бодогч Б.Эгаас авсан тайлбар /хх-19/

- №ЗГ201743004691 дугаартай Зээлийн гэрээ. 2017.04.07 /хх-23-26/ 

- Зээл хүсэгчийн анкет /хх-28/

- Хаан банкинд гаргасан 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн цалингийн тодорхойлолт /хх-30/

- Э.Уын № 07222159 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар /хх-32/

- Хаан банкны итгэмжлэлүүд /хх-35-36/

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2-р цэцэрлэгийн эрхлэгчийн 2017.08.25-ны өдрийн Б/13 дугаартай тушаал /хх-39/

- Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 4-р багийн Засаг даргын 2017 оны 06 сарын 06-ны өдрийн 4/197 тоот тодорхойлолт /хх-63/

- Б.Эгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-66/ 

- Яллагдагч Б.Эгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-62 /

- Гэрлэлийн бүртгэлийн лавлагаа. 2017.06.13 /хх-67/

- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ. 2017.09.18 /хх-69/ зэрэг болно. 

 

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

 

          Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Эгийн албан тушаалын байдлаа ашиглан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн төсвөөс 5.024.556 төгрөг завшсан үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, албан тушаалын байдлаа ашиглан, хуурамч материал бүрдүүлэн Хаан банкны Сүхбаатар салбараас 1.600.000 төгрөгийг цалингийн зээл нэрээр залилан авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 

          Шүүгдэгч Б.Эд холбогдох дээрх хэргүүд 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт“ үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ ” гэж зохицуулсаныг үндэслэвэл Б.Эд холбогдох дээрх хэргүүдийг 2002 оны Эрүүгийн хуулиар зүйлчилж шийдвэрлэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байна.

           Тухайлбал, түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан  гэмт хэргүүд хүнд ангиллын, 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар, зөвхөн хорих ялтай гэмт хэргүүд ба харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжүүдийг тус тус агуулах бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т заасан хэрэг нь хүндэвтэр ангиллын, сонгох ялтай, 5 жил хүртэл хугацаагаар хорих ялтай, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан хэрэг нь хүндэвтэр ангиллын хийгээд сонгох ялтай, 2- 5 жил хүртэл хугацаагаар хорих ялтай гэмт хэргүүд байна.

            Иймд хэргүүдийг 2002 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэх нь гэмт хэргийн ангилал, ялын төрөл, хэмжээ зэрэг аливаа хэлбэрээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх бөгөөд энэ хэм хэмжээг хэрэглэх нь Үндсэн хууль болон Эрүүгийн хууль тогтоомжид тусгалаа олсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн, хүнлэг энэрэнгүй үзэл, шударга ёсны зарчимд нийцнэ.

 

            Шүүгдэгч Б.Э нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар  цэцэрлэгт нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглан тус цэцэрлэгийн эрхлэгчийн гарын үсэг, тамгыг компьютер дээр сканердан оруулан, төлбөрийн хүсэлтийн баримт дээр тааруулан хэвлэж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн давтан үйлдлээр буюу 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр цалин гэж 463.706 төгрөг, 03 дугаар сарын 07-ны өдөр ажилчдын хуримтлал нэрээр 1.160.000 төгрөг, 03 дугаар сарын 10-ны өдөр цалингийн урьдчилгаа гэж 600.000 төгрөг, 03 дугаар сарын 22-ны өдөр махны мөнгө гэж 2.116.400 төгрөгийг, нийт 5.024.556 төгрөгийг төсвөөс авч хувьдаа завшсан,

           мөн албан тушаалын байдлаа ашиглан, 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр тус аймгийн Хаан банкны салбарт өөрийн эхнэр Э.Уыг Баруун- Урт сумын 2 дугаар цэцэрлэгт ажилладаг гэсэн цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийсэн цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр зэргийг хуурамчаар хийж бүрдүүлэн өгч 1.600.000 төгрөгийг цалингийн зээл нэрээр залилан авсан болох нь шүүгдэгч Б.Эгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.С, Х.А, гэрч Г.Ц, Э.У, Х.Б, Г.Оюунтуяа нарын мэдүүлгүүд, төлбөрийн хүсэлтүүд/ 2017.03.03, 2017.03.07, 2017.03.10, 2017.03.22, 2017.04.22/, Б.Эгийн Баруун- Урт сумын 2 дугаар цэцэрлэгт хохирол барагдуулах хуваарь, Баруун- Урт сумын 2 дугаар цэцэрлэгт ажиллаж буй даатгуулагчдын 2017 оны 03-р сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, 201713004691 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ, Б.Эгийн Хаан банкинд гаргасан тодорхойлолт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

           Хэрэг гарсан шалтгаан нөхцлийг тодруулбал, шүүгдэгч Б.Э нь  бусдаас зээлсэн зээлээ төлөх зорилгоор нягтлан бодогчийн албан тушаалаа ашиглан өөрийн ажиллах Баруун-Урт сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Г.Цгийн гарын үсэг, байгууллагын тамгыг сканердан, төлбөрийн хүсэлтийн баримт дээр тааруулан хэвлэж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн 5 удаагийн үйлдлээр нийт 5.024.556 төгрөгийг төсвөөс авсан, мөн банкнаас цалингийн зээл нэмж авахын тулд албан тушаалын байдлаа ашиглан өөрийн эхнэр Э.Уыг Баруун- Урт сумын 2 дугаар цэцэрлэгт ажилладаг гэсэн цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэрт шитгэл төлсөн бичилт байдлаар хуурамчаар хийж, баримт бүрдүүлэн Хаан банкны Сүхбаатар салбараас 1.600.000 төгрөгийг цалингийн зээл нэрээр авсан нөхцөл байдал тогтоогдох бөгөөд энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Агийн “ 2017 оны 04-р сарын 06-ны өдөр Баруун-Урт сумын 2, 5-р цэцэрлэгийг хариуцсан нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Э цалингийн зээл авах гэж өөрийн болон эхнэр Э.Уын 2-р цэцэрлэгт ажилладаг гэсэн цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэн ирсний дагуу манай зээлийн эдийн засагч Уугантуяа маргааш нь 1.600.000 төгрөгийн зээлийг олгосон. Манай дотоодын шалгалтаар Б.Э нь хуурамч цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр ашиглан зээл авсан болох нь тогтоогдсон. Б.Э нь 11.000.000 /арван нэгэн сая/ гаруй төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан уг зээлийн үлдэгдэл дээрээ нэмж 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийн зээл хүссэнийг олгосон” гэх мэдүүлэг,

хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Сгийн ” манай 2-р цэцэрлэгт нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Э нь 2017 оны 03 дугаар  сард байгууллагын харилцах данснаас 5 удаагийн гүйлгээгээр данс хооронд шилжүүлэг хийж 5.024.556 төгрөгийг хувьдаа завшсан байсан. Энэ зөрчлийг Баруун-Урт сумын төрийн сангийн мэргэжилтэн Х.Б дээрх гүйлгээ хийсэн баримтуудыг үзэж шалгаж байхдаа анх даргад хэлснээр бид нар мэдсэн. Удалгүй дээрх мөнгийг хувьдаа завшсан болох нь тогтоогдож ажлаасаа халагдсан ” гэх мэдүүлэг /хх-42/,

гэрч Г.Цгийн ”2017 оны 04-р сарын эхээр Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газрын төрийн сангийн хэлтсийн дарга Баярмаа нь намайг дуудаж,  уулзахад тэрээр танайх дараахь гүйлгээнүүдийг хийсэн юм уу гээд надад 5 гүйлгээний баримт харуулсан. Тэр гүйлгээнүүд миний хийсэн гүйлгээ, гарын үсэг ч биш байсан. Би маргааш нь нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Этай уулзаад асуухад тэрээр “надад мөнгөний хэрэг болоод 5 гүйлгээ хийж нийт 5.024.556 /таван сая хорин дөрвөн мянга таван зуун зургаа/ төгрөг хэрэглэсэн нь үнэн. Би энэ мөнгөөр доллар авчихсан байгаа, сарын дараа буцаагаад төсөвтөө хийчихнэ гэж бодсон юм ” гэж хэлсэн. Тэгээд би Эд удаа дараа шаардлага тавьж, хохирол төлж барагдуулах талаар хуваарь гаргуулж авсан. Энэ хугацаанд төлж барагдуулахгүй бол Хуулийн байгууллагад хандана гэдгээ хэлж анхааруулсан. Ингээд би Б.Эг хуурамч бичиг баримт бүрдүүлж төсвийн мөнгө завшиж, нягтлан бодогчийн ёс зүйг зөрчсөн үндэслэлээр 2017 оны 04-р сарын 26-ны өдөр 5/04 тоот тушаалаар ажлаас нь халсан " гэх мэдүүлэг /хх-44/,

гэрч Х.Бгийн” 2017 оны 04 сарын эхээр санхүүгийн баримтуудаа нягтлан үзэж байхад Баруун-Урт сумын 2-р цэцэрлэгээс хийсэн 5-6 баримт дээрх эрхлэгчийх нь тамга тэмдэг, гарын үсэг нь хуурамчаар үйлдэж сканнердаж хийсэн юм шиг харагдаад байхаар нь 2-р цэцэрлэгийн нягтлан бодогч Б.Эг дуудаж энэ ямар учиртай гүйлгээ юм бэ, анхан шатны баримтыг нь аваад ирээ гэхэд тэрээр авчраагүй юм. Тэгэхээр нь 2-р цэцэрлэгийн эрхлэгч Цг дуудаж, дээрх баримтуудыг үзүүлэхэд ийм гүйлгээ хийгээгүй, мэдэхгүй гэж байсан юм ” гэх мэдүүлгүүдээр хэрэгт тогтоогдсон байна.

 

Б.Э нь өр, зээлээ төлөх зорилгоор, гэмт хэргүүдийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр тус тус үйлджээ. 

Тэрээр төрийн албан хаагчийн болон мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээгээр хориглосон үйлдлийг хийж болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа байгууллагын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завших, залилан мэхлэх зэргээр бусдын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулжээ.

 

Өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар нь шүүгдэгч Б.Эгийн Хаан банкны Сүхбаатар салбараас 1.600.000 төгрөгийг цалингийн зээл нэрээр авсан үйлдлийн зүйлчлэлийн талаар “ хаан банкыг залилан мэдлээгүй, зээл авахын тулд албан тушаалын байдлаа ашиглан хуурамч материал бүрдүүлсэн нь 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.1-д заасан хэрэг “ гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байх тул шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь Б.Э байгууллагын санхүүгийн баримттай харилцах өөрт олгогдсон албан тушаалын эрх хэмжээг ашиглан эхнэр Э.Уыг Баруун- Урт сумын 2 дугаар цэцэрлэгт ажилладаг гэсэн цалингийн тодорхойлолтыг хийж захирлын гарын үсэг, тамгыг сканердан оруулсан, мөн эхнэр Э.Уын 0722159 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрт 2017 оны 3 сард бичилт хийж, тус цэцэрлэгт ажиллах даатгуулагчид хамааруулан “ Баруун- Урт сумын 2 дугаар цэцэрлэгт ажиллаж буй даатгуулагчдын 2017 оны 03-р сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт “ гэх баримт үйлдэх зэргээр хуурамч баримт бичиг бүрдүүлэн, өмнө авсан зээлийн гэрээний харилцааг ашиглан, бусдыг төөрөгдүүлэн, итгэл эвдэх аргаар, хууль бусаар зээл гаргуулан бусдыг залилан мэхэлсэн болох нь дээр дурдагдсан хэргийн баримтаар хангалттай нотлогдсон байна.

Өөрөөр хэлбэл, Б.Э нь 2 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байгаагүй бол тус цэцэрлэгийн эрхлэгчийн гарын үсэг, тамга, тэмдгийн олж авах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийх, ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын баримт зэргийг ашиглах боломжгүй байсан байна.

Хэргийн байдлыг нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

  Иймд шүүгдэгч Б.Эг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 буюу давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг завших, 148 дугаар зүйлийн 148.2 буюу албан тушаалын байдлаа ашиглан бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцох үндэстэй гэж шүүх дүгнэлээ. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Б.Эг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2, 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дээрх хуульд зааснаар ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

Б.Эгийн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлуудыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-д заасан шүүхээс ял оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлүүдэд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учирсан боловч нөхөн төлж, гэм хорыг арилгасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт хэрэгт мөн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, харин хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д “ Хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн эрэгтэй ялтны хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэнэ “ гэж заасан боловч уг хуулиар тогтоосон дэглэм, хорих анги өөрчлөгдөж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр зохицуулсан тул энэ хуульд нийцүүлэн хорих ял эдлэх байгууллагын харьяаллыг тогтоолоо. 

 

Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд, нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа үйлдсэнийг үндэслэн тодорхой албан тушаал эрхлэх буюу нягтлан бодогчоор ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нь зүйтэй гэж үзлээ.

 

          Гэмт хэргийн улмаас Баруун-Урт сумын 2 дугаар цэцэрлэгт учирсан 5.024.556 төгрөг, тус аймгийн Хаан банкны салбарт учирсан 1.600.000 төгрөгийн хохирлууд тус тус нөхөн төлөгдсөн тул Б.Эг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

 

         Иргэний нэхэмжлэгч Хаан банкны Сүхбаатар салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Агийн “ Э зээлийн төлбөрөөс 5 сарын 1-нээс хойш 1.600.000 төгрөгийг төлсөн боловч 12.849.551 төгрөгөөр гэрээ байгуулсан тул одоо зээлийн үлдэгдэл болох 12.072.599 төгрөгийн төлбөрийг төлүүлнэ “ гэх хүсэлтийг /хх- 73/ шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ. 

          Учир нь Б.Э нь албан тушаалын байдлаа ашиглан тус банкнаас зээл нэрээр залилан авсан 1.600.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байх ба түүний өмнө авсан зээлийн харилцаа нь энэ эрүүгийн хэрэгт хамааралгүй, зохих журмын дагуу хийгдэж, үргэлжилж байгаа хэлцэл бөгөөд гэрээг цуцлах тухай асуудал нь иргэний журмаар шийдвэрлүүлэх асуудал юм.

 

Б.Э энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримт, бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй бөгөөд тэрээр  бусдад төлөх төлбөргүй буюу иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлууд арилсан болно. 

 

  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Сүхбаатар аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Эд холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар тус тус өөрчилж, зүйлчилсүгэй.

 

  2. Шүүгдэгч Б.Эг давтан үйлдлээр бусдын  эд хөрөнгийг завших, мөн албан тушаалын байдлаа ашиглан бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар шүүгдэгч Б.Эгийн тодорхой албан тушаал эрхлэх буюу нягтлан бодогчоор ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан, тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан ялтан Б.Эд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан,тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар хорих хүнд ялд багтааж, биечлэн эдлэх ялыг 1 жил 5 сараар тогтоосугай.

 

5. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Б.Эд оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

           7. Ялтан Б.Э энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримт, бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй бөгөөд тэрээр  бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.А, Ц.С нарт учирсан хохирлууд нөхөн төлөгдсөн болохыг тус тус  дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН