| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2024/00502/И |
| Дугаар | 142/шш2024/01040 |
| Огноо | 2024-07-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 142/шш2024/01040
2024 07 22 142/ШШ2024/01040
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум 16 дугаар багт /малчин/ оршин суух, ******* овгийн ******* ******* /регистрийн дугаар: *******, утас: *******/-ыг хүсэлттэй,
Хүсэлтийн агуулга: 1991 оноос 2014 он хүртэл малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 02 дугаар сарын 28-ний өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Х.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбажаргал
Гэрч Х.*******, Д.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Х.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Миний бие ******* ******* нь 1991-1995 онд Булган аймгийн Бугат суманд малчин, 1996 оноос 2002 онд Булган аймгийн Баян-Агт суманд малчин малчин бйсан бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 16-нд өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч байсан боловч 2023 оны 10 сараас малчнаар ажилласан жил дутуу хэмээн тэтгэвэр өгөхгүй болсон. Иймд миний бие 1991-2014 он хүртэл мал маллаж байсан нь үнэн болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна... гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Х.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, итгэмжлэл /хх-5/, Архивын ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 03-05/952 дугаартай лавлагаа /хх-6/, Булган аймгийн архивын тасгийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 45 дугаартай лавлагаа /хх-7-19/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг хугацааг тодорхойлох зөвлөлийн хурлын тэмдэглэл, хурлын тогтоол /хх-20-23/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Х.******* хүсэлтийн үндэслэлээ: ...Би 1991-1995 онд Булган аймгийн Бугат суманд малчин, 1996 оноос 2002 онд Булган аймгийн Баян-Агт суманд малчин, 2003-2014 онд Орхон аймгийн Баян-Өндөр суманд малчин байсан бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 16-нд өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч байсан боловч 2023 оны 10 сараас малчнаар ажилласан жил дутуу хэмээн тэтгэвэр өгөхгүй болсон. Иймд миний бие 1991-2014 он хүртэл мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэж тодорхойлжээ.
2. Шүүхээс нотлох баримт бүрдүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулж, Х.*******ийн Булган аймагт ажиллаж байсныг тодруулахаар Булган аймгийн архивын тасгаас нотлох баримт шаардахад 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 33 дугаартай албан бичигт /хх48/: Булган аймгийн Баян-Агт сумын малчдын 1996-2002 оны баримт тус архивт шилжиж ирээгүй, Бугат сумын Партизан нэгдэл, Бая-Агт ХХК-ийн 1991-1995 оны цалингийн баримт байгаа боловч Хорлоо овогтой *******тэй холбоотой цалингийн баримт байхгүй байна. Мөн Бугат сум, Баян-Агт сумдын мал тооллогын А дансны баримт архивт шилжиж ирээгүй гэжээ.
Архивын баримтаар Бугат сумын Партизан нэгдэл, Бая-Агт ХХК-ийн 1991-1995 онуудын баримт байгаа боловч Х.*******тэй холбоотой баримт байхгүй гэсэн байна.
3. Хэрэгт авагдсан баримтаар, Булган аймгийн архивын тасгийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 45 дугаартай лавлагаанд: А.*******ийг Орхон суманд 1991 онд малчнаар ажиллаж байсан талаарх малын А данс /хх7-8/, мөн Орхон аймгийн Архивын тасгийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 140 дугаартай лавлагаанд 2003, 2004 онд тухайн онуудын жилийн эцсийн мал тооллогоор мал тоолуулсан малын А данс /хх14/, Булган аймгийн Баян-Агт сумын архивын тасгийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн лавлагаанд 1998-1999 онд Булган аймгийн Баян-Агт сумын Баянзүрх багт мал маллаж байсан малын А данс /хх16/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багт 2006 оны 12 дугаар сарын жилийн эцсийн мал тооллогоор мал тоолуулсан тухай малын А данс /хх17/ ирсэн байх тул энэ хугацаанд малчнаар ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.
4. Гэрч Д.*******: Х.******* нь 2003 онд Полигоны тэнд мал маллаж байсан, 2003 оноос 2006 он хүртэл Х.*******тэй ажил төрлийн холбоотой байсан. Би цэргийн ангийн буудлагын төвийн дарга хийж байхдаа буудлага хийх үед малаа ав гэж зааварчилгаа өгч гарын үсэг зуруулдаг байсан...,
Гэрч Х.*******: Би Х.*******ийг 2003 оноос 2013 оны хооронд малчин байсныг мэднэ. 2007 оноос хуучин Шанд багт хэсгийн ахлагчаар арван долоон жил ажиллаж байгаа, мал оруулж ирж зах зээл дээр худалдаж явдаг байсан. Баг дээр малчин өрх нь бүртгэл хийгдэж малын А данс гар карт бичиж өгдөг... гэсэн мэдүүлэг өгсөн бөгөөд гэрчүүдийн мэдүүлэг нь бусад тоо бүртгэлийн баримтуудаар нотлогдохгүй байна.
5. Дээрх ажилласан жилийг тогтоосон хугацаанаас бусад нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хугацаанд малчнаар ажиллаж байсан нь нотлогдохгүй, өмнө нь Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2024/00149 дугаар шүүхийн шийдвэрээр Х.*******ийн 2010-2015 онуудад малчнаар ажиллаж байснаа тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан бөгөөд дээрх шүүхийн шийдвэрт заагдсан хугацааны талаар шүүх дахин дүгнэлт хийхгүй.
6. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, иргэний үнэмлэхэд малчин гэсэн, малын А дансанд бүртгэгдсэн жилүүдийн өмнө болон дараа жилийг малчнаар ажилласанд тооцдог... гэж тайлбар гаргаж байгаа ч, энэ нь ямар дүрэм, журмаар зохицуулагдаж байгаагаа нотлоогүй, багийн засаг даргын малчин байсан гэсэн тодорхойлолтоор малчнаар ажиллаж байсан гэж үзэхгүй бөгөөд энэ нь давхар малын А дансаар нотлогдох учиртай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан бөгөөд хүсэлт гаргагч Х.******* хүсэлтийн шаардлагаа бүрэн нотлоогүй болно.
8. Иймд Х.*******ийн малчнаар ажиллаж байснаа тогтоолгох шаардлагын баримтаар нотлогдож байгаа хэсэг буюу 1991, 2003-2004 он, 1998-1999 он, 2006 онуудыг тогтоож, бусад онуудад малчнаар ажиллаж байсан нь нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
9. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овгийн ******* ******* /*******/-ийг 1991 онд Булган аймгийн Орхон суманд, 2003, 2004 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Малчин багт, 2006 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багт, 1998-1999 онд Булган аймгийн Баян-Агт сумын Баянзүрх багт тус тус малчнаар ажиллаж байсныг тогтоож, 1992-1997 он, 2000-2002 он, 2005 он, 2007-2014 онуудад малчнаар ажиллаж байсан нь нотлогдохгүй тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА