Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 183/шш2024/03089

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2024/03089

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ганцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 22 дугаар хороо, Могул таун, 94 дүгээр байр 301б тоотод оршин суух Ногоон Суунаг овогт Доржсүрэнгийн Ц /РД:00000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 22 дугаар хороо, 94 дүгээр байр 301б тоотод оршин суух Цэрэнжавын Н /РД:000000/-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад,

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ц, хариуцагч Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Ц нь Ц.Нт холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Ц миний бие Ц.Нтай 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гэр бүл болж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Ц.Нтай гэр бүл болж, хамт амьдарснаас хойш хүүхэд гараагүй бөгөөд үүссэн эд хөрөнгийн хувьд Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Могул таун 94 дүгээр байр 301 тоотод байрлах 104.66 м.кв орон сууцыг худалдан авсан. Тухайн орон сууцыг худалдаж авахдаа Ё.Хуягбаатар гэх иргэнээс хувь зээлийн гэрээ хийж, тогтмол зээлийн төлбөрийг төлж байсан. Бид хоёр гэр бүл болж амьдарсан 7 жилийн хугацаанд үл ойлголцох, маргалдах асуудал олон гарч байсан хэдий ч тухай асуудалд Ц.Нын зүгээс асуудлаа ойлгох, ухамсарлах шийдвэрлэх үйлдэл хийж байгаагүй гэх мэт зүйлээс шалтгаалан сүүлийн 1 жилийн хугацаанд байнга таарамжгүй харилцаатай байсан. Мөн бид тухайн асуудлуудаас шалтгаалан 2023 оны 11 дүгээр сараас хойш тусдаа амьдарсан. Ц.Нтай 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж гэр бүл болсон шийдвэрийг шүүхийн шийдвэрээр цуцлуулах, Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Могул таун 94 дүгээр байр 301 тоот орон сууцын өөрт ногдох хувийг шүүхийн шийдвэрээр авах. Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гэр бүл цуцлуулах, үүссэн хөрөнгийн өөрт ногдох хувийг авах асуудлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тус Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Могул таун 94 дүгээр байр 301а, б тоот хаягт байрлах хөрөнгөтэй холбоотой асуудлаар тусдаа шийдвэрлүүлнэ, энэ удаагийн шүүх хуралдаанд гэрлэлтийг цуцалж өгнө үү ... гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна, Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Могул таун 94 дүгээр байр 301а, б тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчид шүүхээс гадуур шилжүүлж өгнө, эд хөрөнгийн маргаан байхгүй, гэрлэлтээ цуцлуулах асуудлаа шийдвэрлүүлье гэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д.Цын иргэний үнэмлэхийн лавлагаа, Ц.Нын иргэний үнэмлэхийн лавлагаа, Ц.Н, Д.Ц нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 255 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, Д.Цын байнга оршин суугаа хаягийн лавлагаа, Ү-2206046836 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, Ү2206046833 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

  Нэхэмжлэгч Д.Ц нь гэрлэлтээ цуцлуулах хүссэн өргөдлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид гаргасан бөгөөд тус шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 6 сарын 11-ний өдрийн 00255 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй дуусгавар болгожээ. Талууд Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад 2023 оны 11 сараас хойш тусдаа амьдарч буйгаа, эвлэрлэх боломжгүй гэх тайлбарыг Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тэмдэглэлд тусгуулжээ.

 

Мөн шүүх хуралдаанд гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй гэж хэн аль нь тайлбарлаж, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан дэмжиж, сүүлийн 7 жил гаруй хугацаанд таарамжгүй харилцаатай байгаа бөгөөд 2023 оны 11 сараас хойш тусдаа амьдарснаа тайлбарлаж байх бөгөөд гэрлэлт үргэлжлэх бодит нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14.1-т заасны дагуу шүүхээс тэдний гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбоотой асуудлыг гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлтэйгээ хамтруулан шийдвэрлүүлэхгүй байхаар тайлбар гаргаж байгаа тул шүүхээс уг тайлбарыг харгалзан зөвхөн гэрлэлт цуцлах асуудлыг шийдвэрлэсэн болно. Зохигчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбоотой асуудлаар маргаан гарвал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг, шүүхээс гадуур зохигчид тохиролцоход уг шийдвэр саад болохгүй болохыг дурдав.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.1, 132.4 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.   Гэр бүлийн тухай хуулийн 14.1 дэхь заалтыг баримтлан Эрэнхүү овогт Цэрэнжавын Н /РД:000000/, Ногоон Суунаг овогт Доржсүрэнгийн Ц /РД:00000/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.Цаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Наас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.   Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтээ сэргээж болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд түүнийг зохигч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.ГАНЦЭЦЭГ