| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2110009730526 |
| Дугаар | 2022/ДШМ/600 |
| Огноо | 2022-06-08 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Ц.Отгонсүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 2022/ДШМ/600
Ц.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Отгонсүрэн,
шүүгдэгч Ц.Бгийн өмгөөлөгч О.Анхбаяр,
нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЗ/583 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал давж заалдах гомдол гаргасныг үндэслэн Ц.Б холбогдох 2110009730526 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй;
Шүүгдэгч Ц.Б нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Пирамид Апартмент” төслийн захирал Т.Ттай 100 тонн арматур, 1275 м3 бетон зуурмагийг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний төлбөрийн дүнд 237,925,000 төгрөгийн үнэ бүхий 153.5 м2 4 өрөө орон сууц, 100,000,000 төгрөгийн үнэ бүхий “ВМW X1” загварын тээврийн хэрэгсэл, 55,000,000 төгрөгийн үнэ бүхий “Бенз А180” загварын тээврийн хэрэгсэл, нийт 392,925,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг авч, залилан, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас:
Ц.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
“...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т заасны дагуу хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна. Үүнд:
...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор Т.Т, “Пирамид Индастри” ХХК нарыг тогтоож, компанийн төлөөлөгчөөр О.Батбаатарыг оролцуулан хохирогч, хохирогчийн төлөөлөгчөөр мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг авсан байгаагаас дүгнэхэд, яллах дүгнэлтийн тэмдэглэх, тогтоох хэсэгт “Пирамид Апартмент” төслийн захирал Т.Ттай гэрээ байгуулж, гэрээний төлбөрийн дүнд 392,925,000 төгийн үнэ бүхий эд зүйлсийг авч, Т.Т, Т.Т, эсхүл “Пирамид Индастри” ХХК-ийн хэнийг яаж залилсан талаар бичээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн Т.Т, “Пирамид Индастри” ХХК-ийг ямар үндэслэлээр хохирогчоор тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.
Шүүгдэгч Ц.Бд холбогдох эрүүгийн 2110009730526 дугаартай хэргийн хохирогч иргэн Т.Т, “Пирамид Индастри” ХХК нар бол яллах дүгнэлтэд хохирогчоор эдгээр хүмүүсийг огт бичээгүй, “Пирамид Апартмент” төслийн захирал Т.Т гэсэн нь гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч хэн болох нь тодорхойгүй, шүүхээс тухайн хэргийг шийдвэрлэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хэнд, ямар байдлаар шийдвэрлэхэд эргэлзээ бүхий болжээ.
Энэ талаар шүүхээс өмнө хэргийг буцаасан захирамжид заасан байхад мөрдөн шалгах шаардлагатай энэ ажиллагаа засагдаагүй, яг өмнөх шиг яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Т.Тын “...Н.Ууганцэцэгийг би танихгүй, 2018 оны хавраас барилгын ажил эхэлж байхад Н.Ууганцэцэг манай компанитай гэрээ байгуулж ажиллая гэж ярилцаж байсан, яг ажиллуулаагүй, Н.Ууганцэцэг нь компанийн өмнөөс хувь хүн, хуулийн этгээдтэй ямар нэгэн байдлаар орон сууц худалдах, худалдан авах талаар гэрээ хийх эрхгүй, ийм эрх Т.Т болон миний зүгээс олгоогүй байхад гэрээ хийдэг байсан, энэ талаар би сүүлд мэдсэн, орон сууц захиалгын гэрээг Н.Ууганцэцэг өөрөө зуруулдаггүй, Анхбаяраар оруулж ирээд зуруулдаг байсан, Н.Ууганцэцэгт итгэсэн миний итгэлийг ашигласан. Арматур төмөр нийлүүлэхээр гэрээ хийгдсэнийг мэднэ, хувьцаа эзэмшигч нарын хурлаар оруулаад би захиран зарцуулах эрхийг өөртөө авсан байсан. Машины 155,000,000 төгрөгийн төлбөрөөс 24,000,000 төгрөгийг авсан, үлдэх төлбөрийг Ц.Бгээс нэхэмжилж байна...” гэсэн, хохирогч “Пирамид Индастри” ХХК-ийн төлөөлөгч О.Батбаатарын: “...бартерт авсан байрыг Т.Тт байр шилжүүлж өгөхөөр шийдвэрлэсэн компанийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр хэрэгт байгаа, тухайн шийдвэрт үндэслээд бартераар авсан байрыг арматурын төлбөр тооцоонд шилжүүлж манай компанид өгсөн. Манай компани хохиролд 107 сая төгрөгөөр 2 өрөө байрыг буцааж авсан. 2 өрөө байрыг зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэтэй байхад өндөр үнээр үнэлж авсан, гомдолтой байна. Н.Ууганцэцэгийн хувьд “Пирамид индастри” ХХК-ийг төлөөлөөд явах баримт болон Ц.Бгийн ярьж байгаа шиг зүйл байхгүй, үлдэгдэл 130,165,000 төгрөгийг хохирлыг Ц.Бгээс нэхэмжилж байна...”, гэрч Н.Ууганцэцэгийн: “...Би “Пирамид индастри ХХК-ийн үйл ажиллагаанд оролцдоггүй, “Пирамид апартмент” төслийн бүхий л үйл ажиллагаанд бүрэн оролцдог байсан, бараа материал шалгаруулах, гүйцэтгэгч нартай уулзах, үнийн санал цуглуулах, төсөв төлөвлөгөө гаргах, хугацаа төлөвлөх, төрийн байгууллагатай бичиг цаасны ажил хөөцөлдөх зэрэг ажил хариуцдаг байсан. “Охин-Эрдэнэ” ХХК-ийн захирал Т.Т, төслийг хэрэгжүүлж байгаа компанийн захирал, түүний тушаалаар тухайн төслийн ажилд оролцдог байсан. Төсөлд арматур төмөр авах шаардлага байсан үед Төвбаатартай өрөөнд нь уулзаж байхад Бямбасүрэн утсаар залгаад арматур төмөр нийлүүлэх талаар ярилцахад Төвбаатартай холбож өгч байсан. Гэрээ хийхэд байгаагүй, оролцоогүй, гэрээний дагуу орон сууц, тээврийн хэрэгслээс орон сууцыг Ц.Б Эрдэнэбат гэх хүнийг дагуулж ирээд тэр дор нь шилжүүлж авч байсан, гэрээний дагуу биш зүйлийг би шилжүүлж өгөхгүй, хоёр машиныг мөн шилжүүлсэн, ВМW X1 маркийн машиныг хэнд өгснийг мэдэхгүй байна. Би Ц.Бд гэрээний хэрэгжилтийн талаар байнга шаардлага тавьж байсан. “Пирамид индастри” ХХК-иас надад хандаж Ц.Бгээс төлбөр авмаар байна гэж хэлж байсан. Би “Пирамид индастри” ХХК-тай хамтран ажиллах гэрээтэй, 2017 оны 10 дугаар сараас эхлэн аман хэлцлээр тохирч хамтран ажилласан....”, шүүгдэгч Ц.Бгийн: “...Н.Ууганцэцэг компанийг төлөөлөх эрхтэй гэж хэлсэн учраас Т.Ттай арматур, бетон зуурмаг нийлүүлэх гэрээ хийсэн, тухайн компанийн байр, машиныг авах байсан. Компанийн зүгээс нэхэмжилж байгаа байр, машиныг би хувьдаа аваагүй. Н.Ууганцэцэг машиныг бусдад шилжүүлсэн. Гэрээний хэрэгжилтийн талаар уулзаж, ярилцах гэхээр Н.Ууганцэцэг уулзах шаардлага байхгүй, цаашид гарах асуудлыг би зохицуулна гэдэг байсан, автомашин, байрыг арматур болгох хэрэгтэй байна гээд Н.Ууганцэцэг бусдад шилжүүлж өгсөн...” гэсэн.
Дээрх мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад эрүүгийн 2110009730526 дугаартай хэргийг хохирогч “Пирамид апартмент” төсөл, “Пирамид Индастри” ХХК, эсхүл тухайн компанийн захирал Т.Т алин болох нь тодорхойгүй, эдгээр хохирогч нарын хэнд, хэдэн төгрөгийн хохирлыг хэн ямар байдлаар учруулсан нь тодорхойгүй, шүүх хуралдаанд оролцсон хохирогч Т.Т тээврийн хэрэгслийн үлдэх төлбөрийг нэхэмжилнэ, хохирогч “Пирамид Индастри” ХХК-ийн төлөөлөгч О.Батбаатар шилжүүлсэн орон сууцнаас заримыг нь орон сууц хэлбэрээр төлсөн, үлдэх төлбөрийг нэхэмжилнэ гэсэн нь гэмт хэргийн улмаас хэнд ямар хохирол учирсныг нарийвчлан шалгах шаардлагатай гэж үзлээ.
Гэрч Н.Ууганцэцэг нь “Пирамид Апартмент” төслийг хэрэгжүүлэхэд, эсхүл “Пирамид Индастри” ХХК-ийн үйл ажиллагаанд хэрхэн яаж оролцдог байсан, хэний ямар шийдвэрээр тухайн төсөл, компаниудын өдөр тутмын ажилд оролцдог байсныг шалгах нь хэрэгт ач холбогдолтой, шүүх хуралдаанд оролцсон хохирогч Т.Т “...Н.Ууганцэцэгийг танихгүй, манай компанийн үйл ажиллагаанд оролцох талаар ярилцаж байсан ч ажиллаж байгаагүй, миний итгэлийг ашиглаж ийм байдалд орсон...” гэх боловч Н.Ууганцэцэг шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...“Пирамид Апартмент” төслийн захирал Т.Ттай уулзахдаа Ц.Бтэй холбож, арматур төмөр, бетон зуурмаг нийлүүлэх талаар ярилцсан...” гэж, шүүгдэгч Ц.Б нь “...Бетон зуурмаг, арматур төмөр нийлүүлэх гэрээ хийхэд Н.Ууганцэцэгээр дамжуулж анх Т.Ттай уулзаж байсан, улмаар гэрээ хийгдсэн, тухайн бетон зуурмаг, арматур төмөр нийлүүлэх гэрээ хийсэн нь надад ямар ч ашиггүй байсан...” гэсэн мэдүүлгээс Н.Ууганцэцэг тухайн төсөл, эсхүл компанийн үйл ажиллагаанд хэрхэн, ямар байдлаар оролцдог байсан, энэ хэрэгт Н.Ууганцэцэг оролцоотой эсэх, ямар учраас Д.Энхцэцэгээс орон сууц худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлсэн байсан гурван ширхэг тээврийн хэрэгслийн нэгийг Н.Ууганцэцэг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан, энэ нөхцөл байдал Ц.Бд холбогдох хэрэгт хамааралтай эсэх, улмаар энэ цаг хугацаатай давхардуулаад Ц.Бгээр бараа, материал нийлүүлэх гэрээ хийлгэж, төлбөрт нь Д.Энхцэцэгээс шилжүүлсэн байсан 2 ширхэг тээврийн хэрэгслийг Ц.Бд шилжүүлсэн, гэрээнд заасан бараа материал нийлүүлэх хугацаа өнгөрснөөс хойш бараа материалаа шаардахад Н.Ууганцэцэг оролцоод байгаа зэргийг шалгах шаардлагатай гэж шүүх дүгнэв.
Иймд мөрдөн шалгах дээрх ажиллагаануудыг хийсний дараа хэргийг шүүхэд шилжүүлэх нь ач холбогдолтой байх тул шүүгдэгч Ц.Бд холбогдох эрүүгийн 2110009730526 дугаартай хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэх нь зүйтэй. ...” гэж шийдвэрлэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал гомдолдоо: “...1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэгийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 сарын 26-ны өдрийн 1585 дугаартай шүүгчийн захирамжид заасан заалтуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хийж гүйцэтгэсэн гэж үзэж байна. Тодруулбал, “Тэнгэрийн саран хүслэн ХХК”-д огт байгаагүй арматур худалдан авах зорилгоор эд хөрөнгөө шилжүүлэн өгч хохирол хүлээсэн этгээдүүд нь өөрийн өмчлөх эрхээ нотолж хохирогчоор тогтоолгох хүсэлтээ гаргасны дагуу иргэн Т.Т, “Пирамид Индастри ХХК”-ийг тус тусад нь хохирогчоор тоггоосон нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид...гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч нь хэн болох нь тодорхойгүй, шүүхээс тухайн хэргийг шийдвэрлэхэд гэмт хэргийн улмаас хохирсон хор уршгийг хэнд ямар байдлаар шийдвэрлэхэд эргэлзээ бүхий болжээ...гэсэн дүгнэлттэй санал нийлэхгүй байна.
Хохирогч талаас “Пирамид Индастри” ХХК болон Пирамид Апартмент төсөл нь тус тусдаа үйл ажиллагаа, санхүү төлбөр тооцоотой болохыг нотолж хавтаст хэрэгт хангалттай баримтуудыг гаргаж өгсөн. Мөн Т.Тын төрсөн дүү Т.Т нь Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2021 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр БНСУ-ын нотариатаар гэрчлүүлж, БНСУ-д байх Монгол Улсын элчин сайдын яамаар давхар гэрчлүүлж Монгол Улсын гадаад харилцааны яамны консулын газраар баталгаажуулсан тодорхойлолтод 4 өрөө орон сууц, 2 ширхэг суудлын автомашиныг нэхэмжлэх, өмчлөх эрх нь хэнд хамаарахыг эргэлзээгүйгээр дурдаж өгсөн байгаа.
Хэрэгт авагдсан “Пирамид Индастри” ХХК, “Талст ширээт” ХХК-ны хооронд байгуулагдсан бараа материал нийлүүлэх гэрээ, хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, протокол, Т.Тт олгогдсон итгэмжлэлүүд, архитектур төлөвлөлтийн даалгавар, техникийн нөхцөлүүд, улсын комиссын акт, арматур бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ, зөвшилцлийн гэрээ зэрэг баримтуудаар нэхэмжлэх эрх, хохирол хүлээсэн хүн хуулийн этгээдийг тоггоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан мөрдөгч, прокурорын шийдвэр хууль ёсны үндэслэлтэй. Шүүгчийн захирамжид дурдсан дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэн гомдол гаргаж байна.
2. Шүүхийн хэлэлцүүлэгг хохирогч Т.Тын өгсөн мэдүүлгийг гуйвуулсан хэлбэрээр тусгасан байна. Хохирогч Т.Т нь “Пирамид Индастри” ХХК болон Пирамид Апартмент төсөл хоёр нь тус тусдаа үйл ажиллагаатай талаар хэлж Н.Ууганцэцэг нь манай компанитай ямарч хамааралгүй, компанийн үйл ажиллагаанд оролцож байгаагүй талаар мэдүүлсээр байхад компанитай гэрээ байгуулж ажиллая гэж ярилцаж байсан, яг ажлуулаагүй гэх мэтээр хэлж яриагүй зүйлийг захирамжид тусгаж түүнийгээ “Пирамид Индастри” ХХК-ний үйл ажиллагааг шалгах байдлаар дүгнэж бичсэн нь ойлгомжгүй, хууль бус гэж үзэж байна.
Гэрч Н.Ууганцэцэг нь ...Би “Пирамид Индастри” ХХК-ийн үйл ажиллагаанд оролцдоггүй.. .гэж мэдүүлснийг шүүгчийн захирамжид тусгасан атлаа “Пирамид Индастри” ХХК болон Пирамид Апартмент төсөл хоёрын үйл ажиллагааг хольж хутгах байдлаар хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааг удаашруулсан, нотлох баримтад тулгуурлаагүй дүгнэлтээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. ...” гэжээ.
Шүүгдэгч Ц.Бгийн өмгөөлөгч О.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн хэрэг “Н.Ууганцэцэг гэх хүнийг энэ хэрэгт холбогдолтой эсэхийг шалгах” гэх үндэслэлээр 2 удаа анхан шатны шүүхээс прокурорт буцаж байсан. Мөрдөгч, прокурорын зүгээс Н.Ууганцэцэгээс дахин 1 гэрчийн мэдүүлэг аваад л болчихсон. Яагаад “Пирамид Индастри” ХХК-ийн нэрийг барьж гэрээ хийсэн, “Пирамид Индастри” ХХК-д ирэх ёстой хөрөнгийг замаас нь яагаад өөртөө авч, бусдад итгэмжлэлээ шилжүүлсэн зэргийг асууж, тодруулаагүй. Ж.Тэгшмандал өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын талаар болон “Хохирогч Т.Тын өгсөн мэдүүлгийг гуйвуулсан” гэх өгүүлбэрт нь тайлбар хэлэхэд захирамж гардаж аваад, шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж, засвар оруулах хүсэлтийг гаргаж болох байсан. Гэтэл давж заалдах гомдол дээрээ дурдаж байгаа нь үндэслэлгүй санагдаж байна. Иймд анхан шатны шүүхийн прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Прокурор Ц.Отгонсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандалын гаргасан гомдлыг дэмжиж оролцож байгаа. Шүүгдэгч Ц.Б нь арматур төмөр нийлүүлэх гэрээ байгуулсан боловч тухайн арматур төмөр нь Монгол Улсад огт орж ирээгүй. Гэрээний төлбөрт 1 орон сууц, 2 авто машин шилжүүлэн авсан байдаг. Шүүгдэгч Ц.Б орон сууцыг н.Энхтөр гэх хүнд шилжүүлсэн бөгөөд н.Энхтөр анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд “Ц.Б гэх хүнээс авсан. Үүний төлбөрийг Ц.Б төлж барагдуулна” гэж хэлдэг. Тухайн үед Ц.Б гэдэг хүн н.Эрдэнэбат гэдэг хүнийг дагуулан ирж, энэ 2 авто машиныг шилжүүлэн авсан. Гэрээний төлбөрт авах ёстой байсан зүйлсийг шилжүүлэн авсан учраас гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгч Ц.Б бусдын эд хөрөнгийг арматур төмөр Монгол Улсын хилээр оруулж ирээгүй байхдаа бусдыг залилсан гэж үзэх үндэслэлтэй байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ц.Бд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Ц.Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан “Залилах” гэмт хэргээр зүйлчлэн шүүхэд ирүүлсэн 2110009730526 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцээд, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарчээ.
Хэрэгт хохирогчоор иргэн Т.Т, “Пирамид Индастри” ХХК нарыг тогтоосон байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийн шинжийг “...Хуурч, ...бусдыг төөрөгдөлд орулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан...” гэж заасан ба хэрэгт хохирогчоор тогтоосон иргэн Т.Т, “Пирамид Индастри” ХХК нарыг энэхүү залилах гэмт хэргийн аль шинжээр нь залилсан талаар яллах дүгнэлтэд тодорхойлолгүйгээр “Пирамид Апартмент” төслийн захирал Т.Т гэсэн хүнийг залилан гэж бичжээ.
Иймд хохирогч нь хэн болохыг тодорхойлох нь зүйтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Мөн шүүгдэгч Ц.Бгийн мэдүүлэг, хэрэгт бэхжүүлэгдсэн тээврийн хэрэгслийн итгэмжлэлүүд, 153.5 м2 орон сууцыг бусдад шилжүүлсэн талаар мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлэг зэргээс дүгнэхэд, Б.Ууганцэцэгийн үйлдэл оролцоог шалгах талаар хийсэн анхан шатны шүүхийн “...Н.Ууганцэцэг тухайн төсөл, эсхүл компанийн үйл ажиллагаанд хэрхэн, ямар байдлаар оролцдог байсан, энэ хэрэгт Н.Ууганцэцэг оролцоотой эсэх, ямар учраас Д.Энхцэцэгээс орон сууц худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлсэн байсан гурван ширхэг тээврийн хэрэгслийн нэгийг Н.Ууганцэцэг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан, энэ нөхцөл байдал Ц.Бд холбогдох хэрэгт хамааралтай эсэх, улмаар энэ цаг хугацаатай давхардуулаад Ц.Бгээр бараа, материал нийлүүлэх гэрээ хийлгэж, төлбөрт нь Д.Энхцэцэгээс шилжүүлсэн байсан 2 ширхэг тээврийн хэрэгслийг Ц.Бд шилжүүлсэн, гэрээнд заасан бараа материал нийлүүлэх хугацаа өнгөрснөөс хойш бараа материалаа шаардахад Н.Ууганцэцэг оролцоод байгаа зэргийг шалгах шаардлагатай...” гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЗ/583 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандалын гаргасан давж заалах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ