Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 377

 

З.О нэхэмжлэлтэй,

Төрийн тусгай хамгаалалтын газар,

Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:              Ч.Тунгалаг,

Шүүгчид:                 Г.Банзрагч,

                                  Х.Батсүрэн,

                                  Б.Мөнхтуяа,

Илтгэгч шүүгч:        П.Соёл-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/432 дугаар тушаалын 1 дэх заалтын “Цэргийн байгууллагад 12 жил, 4 сар 12 хоног” гэх хэсгийг хүчингүй болгож, “иргэний байгууллагад 16 жил, цэргийн байгууллагад 12 жил 4 сар, 12 хоног ажилласан хугацааг нэгтгэн тооцвол цэргийн байгууллагад нийт 20 жил 4 сар 12 хоног алба хаасан” гэж өөрчлөлт оруулах, “цэргийн алба хаасныг хувь тэнцүүлэн тэтгэвэр тогтоолгохоор” гэх хэсгийг хүчингүй болгож, “цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр тогтоолгохоор” гэж хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулахыг даалгах, 2 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, “З.О-д 36 сарын цалин хөлстэй тэнцэх  хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгохыг зөвшөөрсүгэй” гэж өөрчлөлт оруулахыг даалгах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0273 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2018/0380 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, хариуцагч Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0273 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйл, 6 дугаар зүйлийн 4, 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 2 дахь хэсгийн 3, 18 дугаар зүйлийн 1, 19 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.О-аас Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга болон Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын “Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2017 оны Б/432 дугаар тушаалын “1 дэх заалтын “...цэргийн байгууллагад 12 жил 4 сар 12 хоног...” гэх хэсгийг хүчингүй болгон “...иргэний байгууллагад 16 жил, цэргийн байгууллагад 12 жил 4 сар 12 хоног ажилласан хугацааг нэгтгэн тооцвол цэргийн байгууллагад нийт 20 жил 4 сар 12 хоног... гэж”, “...цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгохоор...” гэх хэсгийг хүчингүй болгон “...цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр тогтоолгохоор” гэж, 2 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгон “З.О-д 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмж олгохыг зөвшөөрсүгэй” гэж өөрчлөхийг даалгах” хэсгийг хэрэгсэхгүй болгож маргаан бүхий тушаалын 1 дэх заалтад хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулахыг хариуцагч Төрийн тусгай хамгаалалтын газрын даргад даалгаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасны дагуу Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2017 оны Б/432 дугаар тушаалын 1 дэх заалтад “Нийгмийн даатгалын байгууллага нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу З.О-ны иргэний байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан нэг жилийг зургаан сараар бодон цэргийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцож Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу цэргийн алба хаасны тэтгэвэр тогтооход энэхүү заалт саад болохгүй болохыг дурдсугай” гэх өөрчлөлтийг маргаан бүхий тушаалын 1 дэх заалтад нэмэх байдлаар шүүхийн шийдвэр гүйцэтгэхийг дурдаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2018/0380 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0273 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйл, 6 дугаар зүйлийн 4, 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 18 дугаар зүйлийн 1, 19 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.О-ны “Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/432 дугаар тушаалын 1 дэх заалтын “...цэргийн байгууллагад 12 жил 4 сар 12 хоног...” гэх хэсгийг хүчингүй болгон “иргэний байгууллагад 16 жил, цэргийн байгууллагад 12 жил 4 сар 12 хоног ажилласан хугацааг нэгтгэн тооцвол цэргийн байгууллагад нийт 20 жил 4 сар 12 хоног...” гэж, мөн 1 дэх заалтын “...цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгохоор...” гэх хэсгийг хүчингүй болгон “...цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр тогтоолгохоор” гэж хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулахыг даалгах, уг тушаалын 2 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгон “З.О-д 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмжийг олгохыг зөвшөөрсүгэй” гэж өөрчлөлт оруулахыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, 2 дахь заалтыг хүчингүй болгож, 3 дахь заалтын дугаарыг “2” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжлэгч З.О нь Төрийн тусгай хамгаалалтын газарт нягтлан бодогчоор ажиллаж байгаад цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн хэмээн үзэж, цэргийн алба хаасны тэтгэвэр буюу цэргийн бүрэн тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тус байгууллагын удирдлагадаа гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.

4. Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/432 дугаар тушаалын 1 дэх заалтаараа "Цэргийн байгууллагад 12 жил 4 сар 12 хоног алба хаасан”, "... цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгохоор” гэж заасан нь З.О-д цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоосон үр дагаврыг үүсгэсэн. Тодруулбал, Б/432 дугаар тушаалын 1-д "... цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгохоор Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн мэдэлд шилжүүлсүгэй” гэж буюу ямар төрлийн тэтгэвэр тогтоож байгаагаа тодорхой заасан нь түүний авах тэтгэвэр, тэтгэмжийг хуульд зааснаас бага хэмжээгээр тооцох хууль зүйн үр дагаварт хүргэсэн.

5. Хэдийгээр Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс иргэн З.О-ны эрхийг хангаж. түүний тэтгэврийг хуульд нийцүүлэн цэргийн албан хаагчийн бүрэн тэтгэвэр тогтоосон боловч ажил олгогчийн тэтгэвэр тогтоосон эрхийн актад зааснаас өөрөөр тогтоосон нь ирээдүйдээ иргэн З.О-ны цэргийн бүрэн тэтгэвэр авах эрхийг хязгаарлах хууль зүйн үр дагавартай захиргааны акт болсон. Энэ хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгч З.О-ны цэргийн албан хаасны тэтгэврийн хэмжээг багасгах, нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг хуулиар тогтоосон хэмжээнд буюу 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр авах эрхийг зөрчиж байгаа.

6. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д тодорхой заасан. Хариуцагч нарын тайлбараар Төрийн тусгай хамгаалалтын газар нь Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын газартай Цэргийн алба хаагчийн тэтгэврийг тогтоох, олгох ажлыг хариуцах талаар байгуулсан гэрээ байхгүй болох нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад тодорхой болсон. Иймд З.О-ны тэтгэврийг тогтоох эрх бүхий этгээд Төрийн тусгай хамгаалалтын газар бөгөөд тус байгууллага хуульд нийцүүлэн уг ажилтанд цэргийн бүрэн тэтгэвэр тогтоох үүрэгтэй.

7. Нэхэмжлэгч З.О нь иргэний байгууллагад 16 жил гаруй, цэргийн байгууллагад 12 жил, 4 сар, 12 хоног ажилласан болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байгаа ба талууд энэ талаар маргаагүй. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар иргэний байгууллагад ажилласан 1 жилийг 6 сараар хорогдуулан цэргийн алба хаасан хугацаанд оруулан тооцохоор зохицуулсан ба З.О-ны иргэний байгууллагад ажилласан 16 жил нь цэргийн байгууллагад ажилласан 8 жилээр тооцогдоно. Энэ үндэслэлээр түүний цэргийн байгууллагад ажилласан нийт хугацаа 20 жил 4 сар 12 хоног болох бөгөөд Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-ийн 2 дахь хэсэгт зааснаар тэрээр цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр тогтоолгох эрхтэй гэж үзэж байна.

8. Хариуцагч болон анхан, давж заалдах шатны шүүхүүд Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан диспозеци шинжүүдийг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагатай зөв харьцуулан хэрэглэж чадаагүй. Маргаан бүхий захиргааны актаар З.О-ыг ажлаас нь “халаагүй” харин түүнийг “үүрэгт ажлаас нь чөлөөлсөн” байхад хариуцагч болон анхан, давж заалдах шатны шүүхүүд З.О-ыг “цэргийн алба хаах нас хэтэрч ажлаас халагдсан ” гэж үзсэн нь дээрх хуулийн зохицуулалтын агуулгад нийцээгүй гэж үзэж байна.

9. Маргаан бүхий захиргааны актад Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус үндэслэсэн байдаг бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулийн эдгээр хэсэг, заалтад байгаа ”..“цэргийн алба хаах нас хэтэрч” “халагдсан” гэх агуулгыг буруугаар тайлбарлан хэрэглэсэн. Түүнчлэн З.О нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн боловч хуульд заасан үндэслэл журмын дагуу үргэлжлүүлэн ажиллаж байсан болох нь тогтоогдож байна. Иймд тэрээр Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг авах эрхтэй байна.

10. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг "... Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргасан Б/432 дугаар тушаалын 1 дэх заалтын “Цэргийн байгууллагад 12 жил, 4 сар 12 хоног" гэх хэсэг “цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгохоор” гэх хэсэг, тушаалын 2 дахь заалтыг тус тус хүчингүй олгож, хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулахыг Төрийн тусгай хамгаалалтын газрын даргад даалгаж өгнө үү...” гэж өөрчилсөн бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр шүүхээс шаардсаны дагуу “хууль нийцүүлэн өөрчлөлт оруулах”-ыг хариуцагчид даалгах тухай шаардлагыг юу гэж ойлгож байгаагаа тайлбарласан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд энэ тайлбарыг нэхэмжлэлийн шаардлага байсан мэтээр шийдвэр, магадлалдаа бичсэн нь зөвхөн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хүрээнд хэрэг маргааныг хянан шийдвэрлэх зарчмыг зөрчсөн.

11. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд ханган шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон боловч маргааны үйл баримтад хамааралгүй заалтыг хэрэглэсэн байх тул магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

13. Нэхэмжлэгч З.О нь Төрийн тусгай хамгаалалтын газрын санхүүгийн албаны нягтлан бодогчийн албан тушаалд, хошууч цолтойгоор цэргийн байгууллагад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгож, ажлаас чөлөөлөгдсөн байна.

14. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлд цэргийн алба хаагч нэг удаагийн тэтгэмж авах тохиолдлыг нэрлэн заасан буюу цэргийн алба хаагч нас барах, тэтгэвэрт гарах, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр болон цэргийн алба хаах нас хэтэрч халагдах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгохоор зохицуулсан байна. Улмаар хуулийн 19 дүгээр зүйлд нэг удаагийн тэтгэмж олгох урьдчилсан нөхцлийг ялгаатай байдлаар зохицуулсан буюу “тэтгэвэрт гарах”, “цэргийн алба хаах нас хэтэрч халагдах” тохиолдлыг тус тусад нь зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэгчээс “тэтгэвэрт гарсан, энгийн байгууллагад ажилласан хугацааг дүйцүүлэн тооцсноор 20 жил цэргийн албанд ажилласан байх шаардлагыг хангасан тул 36 сарын тэтгэмж авах эрх үүссэн” гэж, хариуцагчаас “цэргийн алба хаах нас хэтэрч халагдсан, цэргийн байгууллагад 20 жил ажиллаагүй тул 18 сарын тэтгэмж олгоно” гэж маргажээ.

15. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “цэргийн алба хаагч ... эмэгтэй 20-иос доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно” гэж зохицуулсан байна. Хуулийн энэхүү заалтад агуулгын болон үгчилсэн тайлбар хийхэд, “цэргийн алба хаагч эмэгтэй 20-иос доошгүй жил алба хаах” урьдчилсан нөхцлийг хууль тогтоогчоос тусгайлан заасан байна. Харин нэхэмжлэгчийн тухайд энэхүү шаардлагыг хангаагүй буюу цэргийн байгууллагад 12 жил 4 сар 12 хоног ажилласан байх тул 36 сарын тэтгэмж авах эрх үүсээгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

16. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн иргэний байгууллагад ажилласан хугацааг нэмж тооцсноор цэргийн байгууллагад 20 жил ажилласан байх шаардлагыг хангаж, 36 сарын тэтгэмж авах эрх үүссэн” гэх гомдлын тухайд: Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн 8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан болзол хангасан цэргийн алба хаагчийн иргэний байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан нэг жилийг зургаан сараар бодон цэргийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцож, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн хуульд заасны дагуу цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоож болно” гэж заажээ.

17. Хуулийн дээрх заалт нь зөвхөн цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоох харилцаанд хамааралтай зохицуулалт байна. Өөрөөр хэлбэл, иргэний байгууллагад ажилласан хугацааг цэргийн байгууллагад ажилласан хугацаанд дүйцүүлэх нь нэг удаагийн тэтгэмж олгох харилцаанд хамааралгүй, тэтгэвэр, тэтгэмжийн харилцаа нь өөр өөр тохиолдолд хэрэглэгдэх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дээрх гомдол үндэслэлгүй байна.

18. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлд цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрхийг нарийвчлан зохицуулсан, тухайлбал хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “20 жил алба хаах” хугацааг хангаагүй боловч 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн алба хаагч дор дурдсан шалтгаанаар халагдсан /орон тоо зохион байгуулалтын өөрчлөлтөөр, биеийн эрүүл мэндээр, цэргийн алба хаах нас хэтэрч/ бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгох авах эрхтэй” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлавал, нэхэмжлэгчийн тухайд 20 жил цэргийн алба хаах хугацааг хангаагүй, харин Цэргийн албаны хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт зааснаар 47 нас хүрч, цэргийн алба хаах нас хэтэрсэн байна. Иймээс Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цэргийн алба хаагчийн цэргийн алба хаах нас хэтэрч халагдсан тул 36 сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмж авах эрх үүсэхгүй юм.

19. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “цэргийн албанаас халагдаагүй, өөрийн хүсэлтээр тэтгэвэр тогтоолгож, ажлаас чөлөөлөгдсөн” гэж маргаж байгаа боловч хуулийн дээрх заалтаар цэргийн албанаас халагдах тохиолдлыг нэрлэн заасан, энэ нь төрийн бусад албан хаагчийг ажлаас халах үндэслэлээс ялгаатай байдлаар, цэргийн албан хаагчийн чиг үүрэг, эрх зүйн байдлын онцлогтой холбогдуулан цэргийн албанаас халагдах ойлголтод цэргийн алба хаах нас хэтэрч чөлөөлөгдсөн тохиолдлыг хамаатуулан хэрэглэдэг байна.

20. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “маргаан бүхий тушаалд хувь тэнцүүлэн тэтгэвэр тогтоолгохоор заасан нь нэхэмжлэгчид сөрөг үр дагавар учруулсан, ирээдүйдээ бүрэн тэтгэвэр авах эрхийг хязгаарласан” гэх гомдлыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт зааснаар хууль бус захиргааны актад холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа зөрчигдсөн эрхийн асуудлаар маргах эрхтэй болохоос ирээдүйд зөрчигдөж болзошгүй эрхийн асуудлаар маргах эрхгүй, нөгөө талаар маргаан бүхий тушаалд “хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох” гэж зааснаар нэхэмжлэгчид сөрөг үр дагавар учруулаагүй, тэтгэвэр тогтоох эрх бүхий байгууллагаас нэхэмжлэгчид бүрэн тэтгэвэр тогтоосон, харин нэг удаагийн тэтгэмжийн асуудалд уг заалт нөлөөлөхгүй буюу тэтгэмж, тэтгэврийн асуудал нь тусдаа харилцаа болох талаар дээр дүгнэсэн болно.

21. Анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн буюу шийдвэрийн “үндэслэх” хэсэг нь “тогтоох” хэсгээс зөрүүтэй, хууль тайлбарласан үндэслэлээс өөр байдлаар хэргийг шийдвэрлэсэн, агуулгын зөрчилтэй, маргааны үйл баримтад хамааралгүй хуулийн заалтыг хэрэглэсэн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулаагүй байна. Тухайлбал, Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан төрийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн харилцааг зохицуулсан заалт, Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасан цэргийн алба хаах хугацааг сунгах зохицуулалт, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйл буюу хуулийн зорилт, 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 буюу тэтгэвэр тогтоолгон авах эрх, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 буюу нийгмийн даатгалын байгууллагын чиг үүрэг, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу нийгмийн даатгалын байгууллагын эрх гэсэн маргааны үйл баримтад хамааралгүй хуулийг хэрэглэсэн буруутай байна.

22. Дээрх үндэслэлүүдээр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2018/0380 дугаар магадлалын “тогтоох” хэсгийн 1 дэх заалтаас “Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1,  Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйл, 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэг” гэснийг хасч, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ч.ТУНГАЛАГ

                                    ШҮҮГЧ                                                              П.СОЁЛ-ЭРДЭНЭ