Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 0738

 

                                                     Т.Б-гийн нэхэмжлэлтэй

                                               захиргааны хэргийн тухай

 

       Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Г.Билгүүн, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.К нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2017/0625 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Т.Б-гийн нэхэмжлэлтэй, Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2017/0625 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийн 27.2.1, 27.2.4, 39 дүгээр зүйлийн 39.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож, түүнийг тус албанд Сургалт, олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргад даалгаж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Т.Б-гийн ажилгүй байсан хугацааны цалин олговор 3.517.600 төгрөгийг Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас гаргуулж, Т.Б-д олгож, түүний ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь Т.Б-г ажлаас чөлөөлөхөд Багануур дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/04 дүгээр захирамжийн дагуу батлагдсан бүтэц, орон тоонд үндэслэн Т.Б-гийн эрхэлж байсан ажил, албан тушаал, орон тоо хасагдсан тул ажлаас чөлөөлсөн бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-д заасны дагуу нэг удаагийн тэтгэлгийг олгосон юм. Харин шүүхийн шийдвэрийн дүгнэлтээс харахад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан төрийн албан хаагчийн баталгааг дарааллаар хэрэглэх тухай дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болж чадаагүй бөгөөд шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Сургалт, олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтний албан тушаал нэмэгдээгүй бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн бүтцээр шинэ ажлын байр бий болоогүй, өмнөх ажлын байр, орон тоог шинэчлэн баталсан. Шүүхийн шинээр бий болсон гээд байгаа Сургалт, олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтэн гэх орон тоо нь хуучин Архив, бичиг хэргийг сургалт хариуцсан мэргэжилтэн юм. Харин Багануур дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/01 дүгээр захирамжийн дагуу Багануур дүүргийн Худалдан авах албаны бүтцийг шинэчлэн батлахдаа Архив бичиг хэрэг, сургалт хариуцсан мэргэжилтэн гэснийг Сургалт, олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтэн гэж шинэ нэршлээр баталсан юм.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Т.Б-г Сургалт, олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилох шаардлага гаргасан бөгөөд шүүх сургалт олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтнээр А.Э-ийг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр томилсон нь Т.Б-г уг албанд ажиллах боломжоор хангаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. А.Э нь 2016 оноос Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд архив бичиг хэрэг, сургалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаа. Харин 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Засаг даргын А/05 дугаар захирамжаар бүтэц, орон тоо шинэчлэн баталснаар хуучин ажлын байр нь Сургалт олон нийтийн харилцаа, хариуцсан мэргэжилтэн гэж өөрчлөгдсөн тул 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн уг ажлын байранд шинээр тушаал гаргаж үргэлжлүүлэн ажиллаж байгаа. Гэтэл шүүх А.Э-ийг шинээр томилогдсон мэтээр дүгнэж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой судлаагүй, хариуцагчийн төлөөлөгч миний шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг, тайлбарыг буруу дүгнэж шийдвэр гаргасан нь тодорхой харагдаж байна.

Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан Багануур дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/42 дугаар захирамжаас А.Э нь тухайн байгууллагад ажиллаж байсан нь тогтоогдож байгаа бөгөөд шүүх энэ баримтуудаас дээрх үйл баримтуудыг тогтоох бүрэн боломжтой байсан. Дээрх бүхнээс дүгнэж хэлэхэд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой судлалгүй, хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй хэргийг шийдвэрлэсэн нь тодорхой харагдаж байгаа бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2017/0625 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай зарим нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Худалдан авах ажиллагааны албаны даргын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар Т.Б-г тус албаны ахлах мэргэжилтний албан тушаалд томилж, бичиг хэрэг, дотоод ажлыг хавсран гүйцэтгүүлэхээр шийдвэрлэн,  мөн даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар Худалдан авах ажиллагааны албаны ахлах мэргэжилтний орон тоо хасагдаж цаашид ажиллах боломжгүй болсон гэх үндэслэлээр уг албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг албаны дарга баримталж, хэрэгжүүлэх ёстой атал төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, мэргэжил нь тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй хүмүүсийг албаны орон тоонд ажиллуулж байгаа нь Т.Б-гийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх шалтгаан болсон” хэмээн маргаж байгаа бөгөөд захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “нэхэмжлэгчийг шүүхээс томилсон албан тушаалд ажиллаж байгаа А.Э нь өмнө уг албанд ажиллаж байсан бөгөөд түүний чиг үүрэг нь Сургалт олон нийтийн харилцаа, хариуцсан мэргэжилтэн гэх албан тушаалд шилжсэн учир уг албан тушаалд томилсон” хэмээн тайлбарласан.

Анхан шатны шүүх энэ талаарх нотлох баримтыг цуглуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Тиймээс А.Э бүтэц, орон тоо өөрчлөгдөхөөс өмнө Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд ажиллаж байсан эсэх, ажиллаж байсан бол уг албан тушаалын ажлын байрны тодорхойлолт, түүнийг төрийн жинхэнэ албан хаагчаар томилсон эсэх талаарх баримтыг нотлох баримтаар гаргуулах нь ач холбогдолтой байна.

Мөн Багануур дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/434 дүгээр захирамжаар тус дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны бүтцийг баталсан байх бөгөөд дарга, ахлах мэргэжилтэн, инженерийн тооцоолол, зураг төсвийн хяналт, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн, дотоод ажил, нягтлан бодох бүртгэл хариуцсан мэргэжилтэн, тайлан мэдээ, дотоод аудит хариуцсан мэргэжилтэн, архив бичиг хэрэг, сургалт хариуцсан мэргэжилтэн гэсэн 6 орон тоонд хэн хэн ажиллаж байсан, мөн даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/04 дүгээр захирамжаар батлагдсан 4 орон тоонд дээрх ажилтнуудаас хэн хэн нь ажиллаж байгаа, чиг үүрэг нь хэрхэн шилжсэн талаарх баримтуудыг хэрэгт авах нь зүйтэй.

Дээрх ажиллагаа хийгдээгүй байхад давж заалдах шатны шүүх зөрчлийг арилган, дүгнэлт өгч хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2017/0625 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 
  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                               ШҮҮГЧ                                                                  Б.ТУНГАЛАГСАЙХАН

                               ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН

                               ШҮҮГЧ                                                                     Ц.САЙХАНТУЯА