| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/04611/И |
| Дугаар | 183/шш2024/03026 |
| Огноо | 2024-07-09 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 183/шш2024/03026
| 2024 оны 07 сарын 09 өдөр | Дугаар 183/ШШ2024/03026 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ганцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 01 дүгээр хороо, Залуу монгол оффис, 9 давхар, 903 тоот хаягт байрлах, Шийдэл финанс ББСБ ХХК /РД00000/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ныг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Шийдэл финанс ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ныг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Шийдэл финанс ББСБ ХХК нь иргэн Н /РД: 00000/-той 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 072213 тоот зээлийн гэрээ байгуулсан. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас зээлийн гэрээний үүрэгт 2,920,145.49 /Хоёр сая есөн зуун хорин мянга нэг зуун дөчин таван төгрөг дөчин есөн мөнгө / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 101/11132024/16203 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд хариуцагч иргэн Ныг оршин суугаа хаяг, утасны дугаар тодорхойгүй байх тул Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэн У.Мягмардорж, Д.Энхтуул нарт олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2021.07.22-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШЗ2024/16203 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч Шийдэл финанс ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ныг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан байх бөгөөд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар өөрийн оршин байгаа газрын шүүхээр хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй, шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
3. Хавтаст хэрэгт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШЗ2024/16203 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2021 оны 07 сарын 22-ны өдрийн 072213 дугаар зээлийн гэрээнээс үзвэл Н нь Шийдэл финанс ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй.
Улмаар хариуцагч Н нь нэхэмжлэгчийн тодорхойлсон, Баянзүрх дүүрэг, 37 дугаар хороо, 6 дугаар хэсэг, Жанжин 24 дүгээр гудамж, 534А тоот хаягт оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШЗ2024/16203 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж болон хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж заасныг баримтлан Шийдэл финанс ББСБ ХХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ныг эрэн сурвалжлан оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.
5. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Ны оршин байгаа хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг дурдвал, Баянзүрх дүүрэг, 37 дугаар хороо, 6 дугаар хэсэг, Жанжин 24 дүгээр гудамж, 534А тоот хаягт оршин сууж байсан байх бөгөөд Цагдаагийн байгууллага нь нэхэмжлэгчээс холбогдох мэдээллийг авахыг хүсвэл 80960088, 99104508 гэсэн дугаарын утсаар холбогдож болно.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Чулуунбаатарын Н /РД:00000/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагч Ныг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ